ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 17-нд болж, өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин үнэмлэхүй өндөр буюу 87.5 хувийн саналаар улиран сонгогдлоо.
В.Путин сонгуулийн дүн нэгэнт тодорхой болсны дараа ялалтаа зарлаж, “Дэмжиж, итгэсэн бүх ард иргэддээ баярлалаа” хэмээсэн байна. Харин Оросын Коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов 4.28 хувийн санал авч, хоёрдугаарт бичигдэж байгаа бол гуравдугаарт “Шинэ ард түмэн” намын нэр дэвшигч Владислав Даванков орж байна. Тэрбээр 3.85 хувийн санал авчээ. Харин Оросын Либерал ардчилсан намаас нэр дэвшсэн Леонид Слуцкий 3.15 хувийн саналаар дөрөвдүгээрт орж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 15-17-ны хооронд гурван өдрийн турш явагдлаа. Сонгуулийн ирц 74.22 хувьтай байв. Олон улсын ажиглагчид ОХУ-ын энэ удаагийн сонгуулийг “өрсөлдөгчгүй сонгууль” гэж тэмдэглэжээ. Учир нь В.Путин өөрийнх нь Засгийн газар болон Украины эсрэг явуулж буй түрэмгийллийг нь шүүмжилсэн улс төрийн гол өрсөлдөгчдөө нухчин дарж байв. Гурав хоног үргэлжилсэн санал хураалтын үеэр Украины талаас санал авах байрыг шатаах, саналын хайрцагт будаг асгах, хэд хэдэн цэгт цохилт өгөх зэргээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулжээ.
Үүний зэрэгцээ Москва дахь сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн булшны өмнө түүний нэрийг бичсэн олон саналын хуудас байрлуулсан байна.