ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Төмөрхүлэг: Үгийн дарх гэдэг бол хөгжмийн аялгуутай адил урлагийн нэг төрөл юм шүү дээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-05

Дипломатч, түүхч, орчуулагч, эрдэмтэн... гээд энэ эрхмийг тодорхойлох зүйл олон. Бүгд найрамдах Франц улсад олон жил дипломат албыг нэр төртэйгээр хашихын зэрэгцээ Вольтер, Дидро, Монтень, Камю зэрэг сэтгэгч зохиолчдын бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан. Тэрбээр энэ онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнуулсан нь эрдэмтэн мэргэд, урлаг соёлын зүтгэлтнүүдэд гол төлөв олгодог шагналыг хүртэж эх орондоо эрхэм хүндэтгэлийг авчирсан бахархмаар явдал байв. Т.Төмөрхүлэг гуай харин энэ тухайд даруухан хариулж, ном соёл хийгээд эх хэлнийхээ тухай ярианд илүүтэй анхаарал хандуулж байв. Бидний яриа Франц орон, уран зохиол, улс орны хөгжил, унших ном, хэлний хэрэглээ гээд өргөн сэдвийг хамарсан ч ярилцагчийн маань цэгцтэй, товч яриа уншигч таныг уйдаахгүй гэж найдна. 

-Өнгөрсөн хавар та БНФУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүндэт легионы одонгоор шагнуулсан. Энэхүү шагналыг эрдэмтэн мэргэд, урлаг соёлын зүтгэлтнүүдэд их өндөр шалгуураар олгодог юм билээ. Өөрийн эх орондоо ийм том хүндэтгэлийг авч ирнэ гэдэг туйлын бахархмаар хэрэг юм.Баяртай мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Үгүй яахав, одоогоос бараг зуугаад жилийн өмнө ертөнц дахины боловсролоос асар хол хаягдсан монголчуудаа өөд татна гэж Европ дахины, тухайлбал Францын утга зохиолоос эх монгол хэлнээ хөрвүүлж байсан нэр бүхий цөөхөн эрдэмтэн сэхээтэн, бас орчуулагч болох гэж зүтгэх замд минь ном бүтээлээрээ ач буянаа хайрласан эрт урьдын болоод орчин цагийн зохиолч, орчуулагч нар л сэтгэлд орж ирж байна лээ.

-Өрнөдийн урлаг, соёлын төв болж ирсэн энэ гайхамшигтай оронд сурах, ажиллах завшаан тэр бүр хүнд олдохгүй байх. Тухайлбал та Парисын алдарт Сорбонны их сургуулийн дэргэдэх Францын хамтын ажиллагааны утга зохиолын дээд курсийг төгссөн юм билээ. Сорбонны их сургууль бол олон ч алдартай эрдэмтэн, Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн газар. Парист өнгөрүүлсэн өдрүүд, Сорбонны их сургуультай холбоотой дурсамжуудаа сөхвөл сонин болов уу?

-Тал нутагт төрж, бага насандаа хээр хөдөө хонь хариулж явсан би франц хэлний дөртэй болоод сургуульд нь Вольтер, Дидро, Руссогийн зохиолыг франц багшаар тайлбарлуулж, бас Албер Камю, Сартр, Сэнт Экзепюри зэрэг зохиолч сэтгэгчдийн номтой танилцаж  байсан минь  аз завшаан байж дээ гэж одоо боддог. Би хорин наснаасаа МУИС-д, улмаар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд франц хэл сурч эхэлсэн цагаасаа франц уран зохиолын амт шимтэнд орсон гэх үү дээ. Франц орныг үзэж утга зохиол, урлаг, түүхтэй нь биечлэн танилцахад юмыг өөрөөр үзэх нүд нээгдэж монгол хэл соёлынхоо үнэ цэнийг улам мэдрэх болсон шиг санагддаг юм.

Улмаар сурлага хичээл нэмэгдэхийн хирээр монгол хэл маань франц хэлний нэгэн адил асар баялаг юм байна, ямар ч санааг нэвтрүүлэх чадалтай юм байна гэдгийг ухаарч мэдсэн болов уу. Франц хүн юманд чин сэтгэлээсээ ханддаг, хэлэх гэснээ ил хэлдэг зантай, худал ярьдаггүй,  амласандаа хүрдэг, дотуур тамиргүй нь надад их аятайхан санагдаж байсан. Парист Алиансе Франсээз сургуульд бидэнд ном зааж байсан багш нар юутай онцгой хүмүүс байж вэ. Мэргэжилдээ эзэн болсон, асар өргөн мэдлэгтэй хир нь ихэрхэж нэрэлхэхийн өвчингүй, “би тийм ч юмаар  гавьяатай, тийм ч ухааны доктор” гэх зэргээр өөрсдийгөө рекламддаггүй, бүтээл, чадвар хоёроороо л мэргэжилтэн гэдгээ харуулахыг хичээдэг хамгийн эгэл даруу хүмүүс байж билээ. Жинхэнэ сэхээтэн хүмүүс ийм  л байдаг байх даа гэж санагдаж байсан. Тэр үед олон франц хүнтэй танилцсан.

Сорбонны Их сургуулийн нэг оюутантай азаар тааралдаж нөхөрлөсөн минь санаанаас гардаггүй. Тэр оюутны урилгаар би нэг удаа гэрт нь очсон юм. Тэгтэл тэр айл Парис хотын нэртэй баяны нэг байсан юмсанж. Цочирдох шиг болсон. Энэ насандаа би ийм “капиталист” айлд дайлуулах юм гэж бодож явсангүй гэж тэр хөвүүнд үнэнээ хэлбэл хөрөнгө мөнгө яахав дээ, цагийн аясаар урсаад л алга болно гэж надад хариу хэлж байсан юм. Миний тэр найз оюутан хөвүүн жирийн айлын хүүхэд шиг гудамжнаас мөхөөлдөс авч иддэг, сургуульдаа метрогоор явдаг, тэр үеийн оюутнуудын адил хуучирсан жийнсэн өмд цамц өмсдөг байж билээ. Дорно дахины гүн ухааны ангид сурдаг тэр хөвүүнийг би алсдаа мундаг хүн болно доо гэж хавархаж байсан юм. Парист байх үеийн сонин содон явдлыг яриад байвал барагдахгүй.

-Ярилцлагуудыг тань уншиж байхад та багаасаа унших дуртай, анх эзэмшсэн санхүүгийн мэргэжлээсээ илүү уран зохиолд татагддаг байснаа дурдсан байсан. Тэгэхээр та амьдралынхаа туршид өөрт тань ихээр нөлөөлсөн ном зохиол, зохиолчдыг нэрлээч?

-Би Б.Ринчен гуайн “Үүрийн туяа” романы 1, 2 дугаар дэвтрийг хүүхэд ахуйдаа уншаад түүх, уран зохиолын мэдрэмжтэй, эх хэлээ хайрлах, түүгээрээ бахдах сэтгэлтэй болсон болов уу. Орост суралцахаар очоод хичээлийн зав чөлөөгөөр Илья Эренбургийн  “Люди, годы, жизнь” хэмээх зургаан дэвтэр дуртгалыг уншаад утга зохиол, урлагийн тухайд юутай гэнэн төсөөлөлтэйгөө ойлгох шиг болж билээ. Улмаар орос, франц олон зохиолчийн туурвил бүтээл амьдралын баримжаа олоход, бас бүтээлч сэтгэхүй эзэмших гэсэн зүтгэлд  минь их дэм болсон нь гарцаагүй. Ойрын жишээ татахад Антуан Де Сэнт-Экзепюригийн роман, тууж ертөнцийг шинээр харахад надад гэрэл гэгээ болсон гэж бодож явдаг даа. Энэ хүний хоёр ч номыг эх монгол хэлнээ хөрвүүлсэн минь уншигч түмэнтэйгээ сэтгэлээр ойр байх гэсэн хэрэг.

-Таны хувьд унших номоо хэрхэн сонгодог вэ. Ном тэр тусмаа уран зохиолын ном уншихын үр нөлөөг та юу гэж ойлгодог вэ?

-Жишээлбэл аль нэг гүн ухаантны бүтээлийг ч юм уу, нэр цуутай уран зохиолыг хүүхэд насандаа гүйлгэн уншаад өнгөрөх нэг хэрэг. Тэгвэл хорин жилийн дараа дахиад уншихад уул ном үнэн үгтэй дотны найз чинь шиг санагдаж байж ч мэднэ. Загас усанд, шувуу агаарт, хүн нийгэмд заяагдсан юм. Хэдэн жилийн өмнөх нэг явдал санаанд орж байна. Даацтай уран зохиол юмыг арай өргөн хүрээнд харах, санаа сэтгэлээ ариусгах, үнэн худлыг ялгаж сурах, хүнийг таньж мэдэх, нэг үгээр, нийгэмд хөлөө олоход нь хүмүүст дам нөлөөтэй гэж намайг хэлэхээр хотын нэг томоохон хариуцлагатан сонсоогүй юм шиг царайлж байсан. Гэвч залуучууд өөр болж буй гэдэг үгий тань сонсоход аятайхан л санагдаж байна. Чухамдаа эл дол болсон санаа бодлоосоо ангижирсан, юмыг шинээр харж буй  залуу үеийнхэн л энэ улс орноо цааш авч явна шүү дээ. 

-Даяаршил, техник технологийн хөгжлийн эринд манайх шиг хөгжиж буй оронд дэлхийтэй цуг урагшлахын зэрэгцээ хэл, түүх, соёлоо авч үлдэх эрмэлзэл чухагт тавигдсан сонирхолтой, адармаатай цаг үед бид амьдарч байна. Үүнд салбар салбарын, хүн бүрийн л оролцоо чухал биз. Энэ талаар та юуг бодож бясалгаж явдаг бол?

-Төрөл бүрийн шинжлэх ухааны бүтээлийг ялангуяа сүүлийн үеийн ном зохиолыг уншигч түмэндээ монгол хэлээр хүргэх нь улс үндэстэн оюун сэтгэлгийн хувьд баттай оршихын нэг үндэс гэж хувьдаа бодож явдаг. Юу вэ гэвэл  хоцрогдол гэдэг нэг хүнийг байтугай нийт үндэстнийг боол болгодог гашуухан үнэнг бодууштай. Залуучууд ном унших дургүй болсон гэдэг үнэний хувьтай  байх. Гэвч амьдралд нь үнэхээр хэрэг болох ном л тэдэнд хэрэгтэй биз дээ. Зохиолчид нь шинэ үеийнхний оюуны хэрэгцээг  хангахуйц чансаатай ном зохиол туурвиж байна уу, үгүй юу. Орчуулгын хэл нь ямар байна вэ. Уншихад явж өгөхгүй оронцоглосон, мохоо, уйтгар төрүүлэм хэлээр хөрвүүлсэн ном зохиолыг хогийн тантан руу шидчихмээр санагдлаа гэж олон хүн надад ярьж байсан юм даг. Чингэхээр юуны түрүүнд хэвлэлийн газрууд олох ашгаа бодсон ч орчуулгын чанар чансаанд онцгой анхаарч дорвитой ажил өрнүүлэхгүй бол болохоо больжээ. Үүнийг шинэ цаг үе ч шаардаж байна. Хэвлэлийн газрууд энэ үйлсэд жинхэнэ эх оронч сэтгэлээр хандах цаг болжээ. 

-Тухайлбал, монгол хэлний хэрэглээ, хэлний дархлаа, мөн чанарын асуудлаар эрдэмтэд, хэл утга зохиолын салбарынхан ярьж байна. Орчуулга хийнэ гэдэг хоёр хэлний гүн рүү орж байгаа хэрэг. Энэ туршлагынхаа хүрээнд танд хэлэх ярих зүйл их л байдаг байх. Жишээ нь бичих, орчуулахдаа баримталдаг зарчим тань сонирхолтой байж мэдэх юм?

-Хэлний хэрэглээ гэж та их оновчтой сэдэв хөндлөө. Энэ тухай яриад байвал их юм бий. Парист суралцаж байхад багш маань ганцхан өгүүлбэрийг утга санааг нь гажуудуулахгүйгээр хамгийн цөөхнөөр гэхэд долоо найм, цаашилбал арван хэдэн хувилбараар ч харуулж заадаг байлаа. Манай хэл ч франц хэлнээс дутахааргүй баялаг. Жишээлбэл “туслах” гэдэг үгийн утгаар тусламж үзүүлэх, тус хүргэх, ач тусаа харуулах, ачлал хүргэх,  нэмэр болох, дэм болох, буянтай үйл бүтээх гэх мэтчилэн хэлж болно. Энэ ч бас бүрэн биш. Хэлний эрдэмтэн судлаачид, толь бичиг зохиогчид зүй нь эх хэлнийхээ эрдэнэсийн санг аль болохоор дүүрэн ашиглахад санаа тавьмаар. Саяхан хэвлэлээс гарсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тамсаг гэдэг үгийн утгыг тансаг гэдэг үгэнд нялзаажээ. Тиймээс ч тамсаг гэдэг үгийг хэрэглэх шаардлагагүй гэж үзээд уул тольдоо багтаагаагүй бололтой. Гэтэл манай ард түмэн тамсаг гэдэг үгийг идээ умдааны амт шимтийг заахдаа одоо хир нь  хэрэглэсээр байгаа юм шүү дээ. Жишээ нь Тамсагбулаг гэж газар усны бэлээхэн нэр байна. Учиртай гурван толгой дуулалт жүжигт “тамсаг идээ тавгаар дүүрэн” гэж  дуулдаг санагдах юм. Үүнээс үзвэл  эх хэлээ баяжуулах биш харин ч явцууруулж байна уу гэлтэй.

Энд би”одоо хир нь” гэхдээ хэр нь гэлгүй яагаад хир нь гэж бичив гэж асуувал  нэгэнт ард олны хэлээд бичээд заншчихсан  үгийг зориуд хар муйхраар өөрчлөх гэх хэрэг байна уу, үгүй юу гэж асуумаар байна. Худам монгол бичигт хир нь гэдэг энэ үгийг хир буртгийн хирээс ондоогоор хири гэж бичдэг, нэгэнт монгол үгийн санд батажсан үг юм. Дотоод Монголд хэвлэгдсэн олон толь бичгээс ч үүнийг бэлээхэн харж болно.  Адил дуудлагатай боловч ондоо утгатай үгс аль ч хэлэнд байдаг үзэгдэл. Толь бичиг зохиогчид хири  гэх ёсгүй, энэ үг хэм хэмжээ гэдгээс үүдэлтэй гэж үзсэн бололтой. Саях толь бичигт кирилл монгол бичгээр билчээр биш бэлчээр, нилээд биш нэлээд гэх зэргээр бичих ёстой гэжээ. Энэ нь ч зүй ёсных байх. Гэтэл хэ- язгууртай хэшиг гэдэг үгийг хишиг гэчихсэн байх жишээтэй. Ингэхээр үгийн язгуур үндсийг авч үзэхдээ толь бичиг зохиогчид ямар зарчим баримталсан нь ерөөс ойлгомжгүй. Хэл бол нийгмийн үзэгдэл, хэлийг хэлний эрдэмтэд биш ард түмэн зохиодог, харин зүй тогтоолыг нь эрдэмтэд илрүүлэх учиртай гэдэг. Цааш ярьвал 1990-ээд оноос орж ирсэн лав  мянга гаруй гадаад нэр томьёонд монгол үгийг оноох тухай эдүгээ бодохоо ч больсон мэт. Ганцхан жишээ хэлье. Манайд одоо “брэнд” гэдэг үг амны уншлага болжээ. Гэтэл онцгой, гарамгай гэсэн утга бүхий тонж хэмээх ончтой үг бийг мартсан нь гайхалтай. Зүй нь жинхэнэ эх оронч хэлний эрдэмтэд, зохиолчид монгол хэлнийхээ төлөө санаа тавьж  зурагтын хийгээд сонин хэвлэлийнхний чихэнд байнга хонх уяж байх ёстой юм л даа.  

Сая дурдсан тольд тонж биш тонжоо гэж бичсэн нь “Азаргаар адуун дундаас агсам хул минь тонж оо. Айлын багачууд дундаас амраг тэр минь тонж оо” гэж  дуулдаг ардын дууны бадгийн эцсийн өргөлт “оо” аялгыг үндсэн үгэнд нь дагуулчихсан бололтой.  Аман зохиолд “тонж мэргэн аавтай билээ” гэх зэргээр гардгийг бодоход тонжоо биш тонж гэх нь зөв байлтай.  Тонж бараа гэхэд юу нь эвгүй байна вэ дээ.  Энэ үг тон ч гэдэг  хүч оруулах үгээс үүдэлтэй байж магадгүй. Тэгвэл бичгийн хэлэнд тун биш тон гэж авах нь зүйтэй мэт. Кирилл үсгийн дүрмийн нөлөөнд автаагүй төв халхын өвгөд хөгшид тун биш тон гэж дууддаг бололтой юм билээ.   Хэл шинжээч ч биш, цаг уурын  инженер Бүрэнжаргал гэдэг хүн гуч гаруй жилийн өмнө дижитал гэдгийг цахим гэдэг үгээр оноосон. Одоо цахим гэдэг үг манайд төдийгүй хилийн чанадах монголчуудад ч тархчихсан байх жишээтэй. Айлаас эрэхээр авдраа уудла гэдэг биз дээ. Гадаад нэр томъёо бүрийг эх хэлний үгээр онооно гэхэд зохих хэмжээний зовлон бий нь мэдээж. Гадаад нэр томъёог авах нь авалгүй яахав. Чингэхдээ асар их баялаг эх хэлнийхээ үлэмж ундаргыг хайхрахгүй,  англи саксоны гаралтай үг бүрийг шүтэж буй одоо цагийн үзэгдлийг харийн соёлын өмнө  бялдуучилж байна гэж үзэхийн сацуу бид бүхний боловсролын хоцрогдол, оюун сэтгэлгийн ядууралтай учир холбогдолтой гэж миний нэг танил судлаач ярьж байсан юм даг.

-Та олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээл, нийгэм улс төрийн сэдвээр ном бүтээл туурвисан. “Манай монголчууд”, “Орос, Монгол, Хятад: Улс төр дипломатын харилцаа” зэрэг номууд бичиж, хамгийн сүүлд гэхэд “Бага орны дотоод зовлон: Монголчуудын жишгээр” ном бичин хэвлүүлжээ. Энэ цаг үед, энэ номыг бичих шалтгаан юу байсан бол? 

-Хүн гэгч амьтанд эрхэм сайхан чанар байдаг бол сул тал гэж бас бий. Улс үндэстэнд ч ялгаагүй. Гагцхүү тэрийгээ анзаардаггүйн нэг гэм байдаг ажээ. “Бага орны дотоод зовлон” номыг бичихдээ би элэг нэгт түмнээ өнгөтэй өөдтэй яваасай гэсэндээ бид бүхний сэтгэх аргад /mentality/ их согог байна шүү, бидний бодол санаанд хэвшил болсон олон юм орчин цагт тохирохоо больж шүү, тэрийгээ засаж өөрчлөхгүй бол хоцрогдлоос салахад хэцүү шүү гэдгийг л сануулах гэсэн юм. Ингэхдээ би бусдыг дууриаж савсагнаагүй. Иймэрхүү  номыг амьд жишээ баримтад тулгуурлаж хөндий хүйтэн албаны маягийн хэлээр биш чин үнэн үгээр бичих ёстой гэж анхнаасаа бодсон. Уншсан хүмүүс надад тал өгч байна билээ. Ингэхээр дотроо би урамшилгүй яахав.

-Улс орны хөгжлийг ярихын түрүүнд хүний хөгжлийн асуудал хөндөгдөнө. Өнөөгийн нөхцөлд залуус өөрийгөө хөгжүүлэхэд юу чухал гэж та хардаг вэ?

-Мөнгөний нийгэмд хүний араатан шинж илүүтэй тодордгийг олон нийт бэлээхэн харж л байна шүү дээ. Хөрөнгө зөөрийн төлөө яахаас ч буцахгүйн сувдаг шинж, өрөөл бусдыг үл хайхрах үтэл бэртэгчний амьдрал, нэр алдрын хэнээрхэл, баярхаж ханхалзахын өвчин, луйврын сэтгэхүй, явган заль, тулга тойрсон бодол, ил далдын атаа жөтөө, авьяас чадваргүй байж ахиж дэвшихийн шунал, үүрэг хариуцлагаас мултрах гэсэн арчаагаа алдсан арга гээд л тоочвол олон юм бий бололтой. Манай улстөрчид энэ бүхнийг хууль цаазаар номхотгоно гэж боддог байх.  Олон үеийн философичид бол гэгээрлээр засна гэж үзсээр ирсэн юм. Гэхдээ хуурмаг дууриамал биш жинхэнэ сэхээрэл гэгээрэл. Юмны мөн чанарыг таниулсан жинхэнэ хүмүүжил боловсрол. Шинэ үеийнхнийг өнгөц хөнгөн, юмыг аргалах, хичээж зүтгэхгүйгээр хялбар аргаар амь зуух хуучин үеийн сэтгэхүйгээс ангижраасай, хэрэв энэ бүхэнтэйгээ зууралдсаар байвал ХХI зуундаа бид гологдоно, цаашилбал улс үндэстнээ өөдлүүлэх их үйл хэрэг мухардана  гэж боддог болоосой л гэж захимаар байна даа.

-Та их өргөн хүрээнд ажиллаж, бүтээн туурвидаг хүн юм. Энэ олон нарийн зааг ялгаатай, тус тусдаа ур чадвар, авьяас мэдрэмж шаардсан ажлуудаа ямар дэгээр зохицуулж ажиллаж ирсэн тань сонин байна? 

-Би бол бусдад үлгэр жишээ болохоор тийм төгс төгөлдөр болчихсон хүн биш. Гагцхүү аль нэг юмыг оролдвол гүйцэт хийх гэж мэрийдэг зантай байж магадгүй. Залуу байхад манай нэг багш хэрэв чи түүхч юм уу орчуулагч болох хүсэлтэй бол хэл сур гэж байсан юм. Хэл гэдэг нь гагц гадаад хэл гэсэн үг биш эх монгол хэлээ сур гэсэн үг гэж би ойлгож байлаа. Үнэхээр түүхийг үхширсэн модон хэлээр бичиж болохгүй, уран зохиол орчуулахад хэлний мэдлэгээс гадна урлагийн боловсрол хэрэгтэй гэдгийг азаар эрт ухаарсан гэх үү дээ. Ингэхэд, үгийн дарх гэдэг бол хөгжмийн аялгуутай адил урлагийн нэг төрөл юм шүү дээ.