ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Нэг төрийн албан хаагчийн хандлагаас нийт төрийг дүгнэх үндэс болдог”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-22

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагын ажилчдын дунд энэ сарын 17-ны өдөр илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.  Энэхүү уралдаан нь  төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх,  сургаж хөгжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн шинэ санал, санаачилгыг дэмжиж түгээн дэлгэрүүлэх зорилготой байсан юм.  Уралдаанд төрийн байгууллагын албан хаагчид идэвхитэй оролцож, Монголын мэтгэлцээний тэнхимийн сургагч багш Ч.Сайханаа, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга Д.Сувдаа нар шүүн явууллаа.  Илтгэлийн уралдаанд оролцогчид “Төрийн албаны шинэчлэлд албан хаагчийн үүрэг оролцоо”, “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ажлын гүйцэтгэл иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлөх нь” сэдэв, агуулгын хүрээнд сонирхолтой, олон шинэ санал, санаачилга гаргасан илтгэлүүдийг тавьсан.  Илтгэлийн уралдааны өмнө Монголын мэтгэлцээний тэнхимийн сургагч багш Ч.Сайханаа сургалт хийж, төрийн албан хаагчдад илтгэл тавихдаа, мэтгэлцэхдээ  юуг анхаарах талаар хичээл заасан юм. Тэрбээр үг, сэдэв сонголтоо оновчтой хийхийг юуны өмнө анхааруулсан. Түүнээс гадна, биеийн хэлний алдаа хийхгүй байхыг санууллаа. Бид уулзалт, ярилцлагын үеэр өөрсдөө автоматаар хаалттай байдлыг бий болгож, үйлдлээрээ хаалт тавьдаг. Тиймээс биеийн хэлэндээ анхаарахыг сануулсан юм. Мөн илтгэх урлагт биеийн хэл харилцааны 50 хувийг илэрхийлдэг гэдгийг ч сануулж байлаа. Ерөөс илтгэл тавихдаа чухам юуг анхаарч, ямар үг сонгож, яаж илэрхийлэх вэ гэдгийг ч нарийн зааж өгсөн юм.  

Түүний дараа уралдаанд оролцохоор илтгэлээ ирүүлсэн төрийн байгууллагуудын төлөөлөл уран илтгэж уралдсан юм. Уралдаанд нийтдээ 12 хүн илтгэл ирүүлсэн. Илтгэгчдийн салхийг хагалж Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн амьдрах ухааны багш А.Оюунгэрэл өөрийн сэдвээр илтгэлээ тавьсан. Түүний дараа Цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа Д.Нэргүй, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Г.Даваадорж өөр өөрийн сонгосон сэдвээр илтгэв.  Тэгвэл “Боржигин өв” музейн бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр маш сонирхолтой илтгэлийг тавьж, оролцогчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэрбээр “Би удирдлага, ажилтан хоёрыг тариланч болон тариалангийн талбайтай зүйрлэж байгаа юм. Тариаланч тариалангийн талбайгаасаа үргэлж л үржил шимийг хүсч байдаг. Гэтэл тариалангийн талбай үргэлж байгалийн жамаараа арвин их ургацыг өгдөггүй. Тийм болохоор удирдлагын зүгээс тариалангийн талбай болсон ажилчдаа үргэлж арчилж, тордож байх ёстой. Жишээлбэл, усалгаа. Төрийн албан хаагчдад хэрэгтэй усалгаа янз бүр байж болно. Урмын үг байж болж байна. Зарим тохиолдолд хэрэгтэй зэмлэл ч байж болох юм. Цэвэрлэгээ. Төрийн албан хаагч дунд хэнэггүй хүмүүс гэж бий. Бусдад ажлаа даатгаж үлдээдэг. Өөрийнхөө хийх ёстой ажлыг цалгардуулдаг. Тийм хүмүүсийг хүмүүжүүлж, зааж сургаж, өөрийнх нь хийж чадах ажилд томилж болно. Ажиглалт гэж бий. Тухайн дарга өөрийн ажилтан, албан хаагчдаа байнга ажиглаж, хяналт тавьдаг байх ёстой. Өөрийнх нь даалгасан ажил цаг тухайдаа биелж байна уу. Хэрвээ биелэхгүй бол ямар хүчин зүйлээс болов гэдгийг нь ажиглах хэрэгтэй. Харин удирдлагууд ажлыг ердөө л цаасаар дүгнэдэг.

Энэ долоо хоногт дуусгах ёстой ажил байсан бол дуусга гэдэг. Хэрвээ тэр ажлаа хийж чадаагүй бол чиний буруу гэж үздэг. Гэтэл тэр ажил ганцхан хүнээс биш хамт олноос нь хамааралтай байвал яах вэ. Хамт олныхоо тусламж, дэмжлэгийг авч чадахгүй бол тэр ажлаа хийж чадахгүй нь ойлгомжтой.  Тиймээс ажилчдыг чөлөөтэй сэтгэх, ажиллах, хамт олонтойгоо хамтрах үндэс суурийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.  Тариалангийн талбай буюу албан хаагчдын талаар ярья. Одоогийн нөхцөл байдалд төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл бүрэн хангагдсан гэж би үзэж байна. Шаардлагатай техник хэрэгсэл нь байна. Ая тухтай байдлыг хангасан ажлын байр нь бий.  Удирдлагын зүгээс өгөх ёстой бүх зүйлийг өгчихсөн үед албан хаагчид цагаа барь. Цаг барь гэхээр монголчууд хэзээ ч цаг барьдаггүй гэдэг ойлголт руу наадаг. Монголчууд хэрвээ хүсвэл юуг ч хийж чадна. Өглөө 08:00 цагт ирэх ёстой л бол ирж чадна. Санаачилгатай хөгж. Зөвхөн даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлснээрээ сайн ажилтан болно гэсэн үг биш. Үргэлж өөртөө цаг гаргаж, сонирхсон зүйлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүл. Бусдыг хүндэл. Хүндлэл гэдэг сайн байна уу гэдэг үг төдий биш. Нэг нөхрийгөө өвчтэй байгаа үед нь ажлыг нь орлож хийж болно. Чөлөө авах зайлшгүй шаардлага гарсан байхад нь “Чамайг байхгүй үед би энэ ажлыг яаж хийх юм бэ” гэж ялархдаг. Цэвэрлэгч нь өвчтэй байх үед өрөөгөө санаачилгаараа цэвэрлэдэг байх нь хүндлэл юм шүү дээ.

Системтэй ажил. Ихэнх албан хаагчид ажлыг системчилдэггүй. Хамгийн эхлээд хийж болох амархан ажлыг хийх хэрэгтэй. Төлөвлө, хэнтэй уулзахаа нарийн товло. Системчилсэн тохиолдолд ямар ч том ажлын ард гарч чадна. Өөдрөг ажил. Залуухан төрийн албан хаагчдыг хүмүүс “Өглөөнөөс орой болтол ажилладаг. Тэгсэн мөртлөө цалин хөлс нь бага, хүрэлцдэггүй. Түүний оронд хот хүрээ бараад” гэж хэлдэг. Энэ бол зүгээр л өнгөцхөн дүгнэлт. Хувь хүнээс ирж байгаа буруу үзэл санаа, ажил, албан байгууллагыг чинь буруутгасан бүхнийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй ажилла. Өөрөө хүсч байгаа ажлаа сэтгэл хангалуун хийх хэрэгтэй. Сэтгэл зүрхнээсээ ажилла. Цаганд, төлөвлөгөөнд баригдаж ажиллахгүйгээр сэтгэлээсээ хийхийг хүс. 1-10 хүртэл бүгдийг нь тоолоод гаргачихъя гэж бодож ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй ямар ч байсан 1-10 хүртэл хийгээд, оноогоо авчихъя гэж бодож ажиллавал бүтэхгүй. Буруугаа хүлээ. Төрийн албаны нэг ажилтан буруу үйлдэл гаргахад өөр 99 ажилтны нэр хүнд унадаг. Тэгсэн мөртлөө буруугаа хүлээдэггүй. Хэн нэг жирийн иргэнтэй буруу харьцсан байя гэж бодъё. Тэрнийхээ төлөө буруугаа хүлээдэггүй байдлаа засах ёстой. Нэг төрийн албан хаагчийн  хандлагаас нийт төрийг дүгнэх үндэс болдог.

Тухайн үеийн төр засгийнхныг нийтэд нь дүгнэж болох нь. Төр засаг нь ийм болчихсон гэж дүгнэж болох учраас ямар ч албан хаагчид өөрийнх нь нэрийн өмнө төрийн гэдэг үг заавал байдаг гэдгийг санах хэрэгтэй” хэмээн илтгэлдээ дурьдсан юм. Мөн энэхүү илтгэлийн уралдаанд “Боржигин өв” музейн бүртгэл мэдээллийн санч Б.Лхавгамаа, Шивээговь сумын III сургуулийн багш А.Шинэбаяр, Шивээговь сумын Цагдаагийн хэсгийн жижүүрийн цагдаа Г.Ууганбаатар, Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн Э.Баянжаргал, Говьсүмбэр аймгийн нийтийн номын сангийн ажилтан М.Аюушжав, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Энххишиг нар оролцож, өөр өөрийн сэдвээр уран илтгэсэн. Тэдний зарим нь “Төрийн албан хаагчдаас шалгалт авахдаа зөвхөн тест бөглүүлэх биш харилцаа, хандлагыг нь харах шалгуурыг ч оруулж өгөх хэрэгтэй” гэх мэт үнэтэй санааг гаргаж байлаа. Уралдааны дүн гарахад,   өөрийн илтгэх ур чадвар болон дэвшүүлсэн санаа, агуулгад нийцсэн байдал зэрэг илтгэлд тавих шалгуурыг хангаж бусдыгаа манлайлсан 

“Боржигин өв” музейн бүртгэл мэдээллийн санч Д.Өлзийбаяр нэгдүгээр байрт шалгарсан юм. Харин   Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн багш П.Баярхүү хоёрдугаар байрт орсон бол  

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарлаа.   Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном илтгэлийн уралдаанд оролцогчдод шагнал гардуулан бар хүргэж хэлсэн үгэндээ “Илтгэлийн уралдаанд оролцогчдын илтгэлийг эмхэтгэл болгон төрийн байгууллагуудад хүргүүлэн гаргасан санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлнэ” хэмээн онцоллоо.