Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгын Ерөнхий захирал, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэнджавтай ярилцлаа.
-Дуу, бүжгийн чуулгуудын хооронд болсон шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдаанд танай чуулгын уран бүтээлчид амжилттай оролцсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Шилдгүүдээ тодруулна, шинэ дүр төрхөө тодорхойлно уриатайгаар “Дуу, бүжгийн чуулга-2018” шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын уралдаан энэ оны есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мөнгөн хараа” чуулгад боллоо. Энэ зөвхөн уралдаан төдий байсангүй. Бид бие биеээсээ маш олон зүйлийг сурч, суралцаж чадлаа. Хэдийгээр уралдаанд уралдаж байгаа боловч олон ололтыг бие биеэсээ олж харлаа. Өмнөх уралдаан бараг таван жилийн өмнө болж байсан. Тэр уралдааныг бодоход чуулгууд ахиж дэвшиж, илүү чадварлаг болжээ гэдгийг би олж харсан. Өглөө 09:00 цагаас эхлээд чуулгын удирдлага, менежментийн баг сургалтад суусан. Зорилго, зорилтоо тодорхой болгож чадсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотын “Мөнгөн хараа” чуулгынхан биднийг маш халуун дотноор хүлээж авч, 200 гаруй хүнийг хоол, байраар хангасан. Төсвийн байгууллагад ийм хэмжээний төсөв, мөнгө гаргана гэдэг хүндрэлтэй. Харин Зүүнхараа хотын Засаг даргын тамгын газар дэмжиж, шийдэж өгсөн байсан. Энэ дамшрамд, Мандал сумын Засаг дарга, “Мөнгөн хараа” чуулгын даргад баярласан талархсанаа илэрхийлье. Уралдааныг зохион байгуулагчдад мөн баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Уралдаан бүрэн хэмжээний концерт болон хөгжимт жүжгийн гэсэн хоёр төрлөөр болсон. Манай чуулга “Домог амилсан Боржигин” гэдэг концерт, “Боржигин сэцэн” гэсэн дуулалт жүжгээр оролцсон. Бид эхлээд цахимаар сугалаагаа сугалсан. Концертоо тоглосноос хоёр хоногийн дараа жүжгээ тоглох гээд хугацаатай байсан. Бэлтгэлээ хийх, бие биеийнхээ тоглолтыг үзэх цагтай байхаар сугалаагаа сугалсан гэсэн үг.
-“Боржигин” чуулгын уран бүтээлчид ямар амжилт үзүүлж, хэчнээн төрөлд шагнал хүртэв?
-Манай чуулгын уран бүтээлчид “Боржигин сэцэн” дуулалт жүжгээрээ шилдэг уран бүтээлийн шагнал, цом хүртсэн. Энэ бол манай чуулгын уран бүтээлийн сор болсон дуулалт жүжиг. Боржигин түмний уламжлалыг харуулсан энэхүү дуулалт жүжгээ бид сэргээн тавьж оролцсон юм. Өмнө нь энэхүү жүжгээрээ уралдаанд оролцож байгаагүй. Орон нутагтаа бол тоглож байсан. Хамгийн гол нь бид үндэсний хөгжмийн чуулгатайгаа хамт очиж оролцсон. Хөгжмийн бичлэг тавихгүйгээр үндэсний хөгжмийн оркестр шууд найрал хөгжмөө тоглосон юм. Мөн шилдэг хөгжмийн удирдаачаар МУСТА М.Амгаланжаргал, шилдэг бүжгийн багшаар МУСТА Э.Алтанзул, шилдэг нүүр хувиргагчаар бүжигчин Э.Багахүү нар тодорсон. Гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байрт Бүжигчин С.Нарантуяа, гоцлол хөгжмийн төрөлд дэд байрт хөгжимчин Б.Шижир-эрдэнэ, хамтлаг бүжгийн төрөлд тэргүүн байрт чуулгын маань бүжигчид орлоо. Язгуур урлагийн төрөлд "Хөх толботон" хамтлаг, найрал хөгжмийн төрөлд үндэсний найрал хөгжимчид тэргүүн байрт шалгарлаа. Хөгжимт жүжгийн төрөлд МУСГЗ С.Дашням шилдэг хөгжмийн зохиолчоор шалгарсан бол МУСТА Э.Мягмарсүрэн шилдэг эрэгтэй гол дүрийн тэргүүн байрт орлоо. Дуучин Э.Дашдэмбэрэл, С.Эрдэнэбаяр, Ш.Энхбаяр Ч.Батболд зэрэг уран бүтээлчид дэд байрт шалгарсан. Мөн “Бидний түүхэн замнал” үзэсгэлэнгээр” Тэргүүн байр” эзэллээ. “Боржигин” чуулга хоёр төрөлд нийтдээ 16 шагнал авсан.
-Уралдаанд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцов. Зардал мөнгөө яаж зохицуулсан бэ?
-Хэдэн төгрөгийн өртгөөр нэг ураан бүтээл бүтэх билээ. Тайзан дээр тоглох хугацаа нь ямар богино байдаг билээ гээд асуудал их. Өөрсдийнхөө хүч хөрөнгөөр уран бүтээл туурвиж, бүрэн хэмжээний концерт тоглоод, бүх зүйлийг нь цогцоор шийдээд ажиллахад хүндрэлтэй. Тийм болохоор аймгийн удирдлагууд энэ уралдаанд оролцоход маш их тусалж, дэмжсэн. Тиймээс аймгийнхаа удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлье. Бид 64 хүний бүрэлдэхүүнтэй Зүүнхараа хот руу явсан. Энэ олон хүний явах зардал, шатахуунд маш их мөнгө хөрөнгө шаардлагатай болсон. Харин “Шивээ-Овоо”-гийн уурхайн хамт олон тусалсан. Энэ дашмрад баярласнаа илэрхийлье.
-Говьсүмбэр аймгийнхаа ард иргэдэд ямар уран бүтээлээр бэлэг барихаар бэлтгэж байна. Уралдаанд оролцсон бүтээлүүдээ нутгийнхаа ард иргэдэд үзүүлэх үү?
-Өөрсдийнхөө язгуур өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай сүлж, баяжуулж явах ёстой гэж боддог. Дээрээс нь мэргэжлийн урлагийн байгууллагад урын сангийн бодлого гэж байдаг. Сайхан гэсэн болгоныг тоглоод байж болохгүй. Бид нэг уран бүтээл тоглох гэж маш их хөдөлмөр, зүтгэл гаргадаг. Боржигины голомт гэж хэлчихээд огт өөр уран бүтээл хийгээд байж болохгүй. Тиймээс бодлого барьж, маш олуулаа ярилцаж байж ямар уран бүтээл хийхээ шийддэг. Өнгөрсөн онд гэхэд “Хувьтай нутаг” гэдэг уран бүтээл хийсэн. Сая уралдаанд оролцоод ирсэн бүтээлүүдээрээ өвөл цагийн нээлтээ хийх гээд бэлтгэж байна. Аравдугаар сарын 30-ны өдөр өвөл цагийн нээлтээ хийнэ. Одоохондоо уран бүтээлчид маань түр амарсан. Орж ирээд шагнал авсан хоёр бүтээлээ орон нутгийнхаа ард иргэдэд толилуулна. Цаашлаад Баянтал, Шивээговь сумынхаа ард иргэдэд ч уран бүтээлээ толилуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Улирлын төлөвлөгөө гэж гаргадаг байх. Өвөл цагийн нээлтээ хийгээд, ирэх хавар хүртэл хэчнээн уран бүтээл тоглох вэ?
- Нэг улиралдаа тэдэн тоглолт хийж, жүжиг тавьж, концерт тоглоно гэж нарийн төлөвлөдөггүй. Том уран бүтээл хийхэд багагүй цаг хугацаа шаардлагатай байдаг. 2018 онд гэхэд бид цөөхөн тоглолт хийсэн. Яагаад гэвэл том уран бүтээлүүддээ цаг зав гаргасан. Тэгвэл 2017 онд бид сар тутамд нэг тоглолт хийж, үзэгчдэд толилуулж байлаа. Гэх мэтээр он оны төлөвлөгөө өөр байдаг. 2019 онд бид нэлээд шахуу хөтөлбөртэй ажиллахаар төлөвлөж байна. Тэр дундаа гадагшаа явж тоглохоор төлөвлөөд, хүмүүстэй яриа хэлэлцээр хийж байгаа. Хөх хот, Буриад руу явж тоглоно. Жил жилийн онцлог гэж бий. 2017 онд орон нутагтаа тоглож байлаа. 2018 онд боржигин сумдаар аялаж тоглосон. Тэгвэл 2019 онд гадагшаа явж, гадаад харилцаагаа сайжруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ дашрамд, танай сониноор дамжуулж, амралтгүй ажиллаж, хөлс хүчээ урсгаж байж амжилт гаргасан чуулгынхаа уран бүтээлчдэд баярласнаа илэрхийлье.