ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жоомоо алах гээд байшингаа түймэрдчих вий дээ

O.Admin
2018-11-05

Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Чихийг нь огтлохоос наагуур ажилладаг өр барагдуулах алба байгуулах цаг болжээ” хэмээн хэлжээ. Сүүлийн өдрүүдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас улстөрчид нэг ижил хэмжээтэй зээл авсан нь илэрч, олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ хүрээд байна. Ярьж тохирсон юм шиг бүгдээрээ 950 сая төгрөгийн зээл авсан нь яаж ч зөвтгөсөн зохион байгуулалттай гэмт хэрэг шиг харагдаж байгаа учраас хэвлэлийнхэн шилэн дансыг нэг бүрчлэн шүүрдэж, хүмүүс цахим орчинд партизаны дайн аль хэдийнэ эхлүүлчихээд байгаа. Бүгд л төрд шургалсан авлигач, ёс зүйгүй  “жоомнууд”-ыг хатуу цээрлүүлэхийг эрх баригчдаас шаардаж, Засгийн газар танхимынхаа нэг сайдаар туг тахиж, УИХ-ын цөөнгүй гишүүнийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэллээ. Улстөрчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж бие биеийнхээ булхай луйврыг сайн дураараа уудалж, цахим орчинд өрнөж буй партизаны дайны галыг өдөөх болов. Яг нарийндаа ярьвал хувийн хэвшлийг хөл дээр нь босгочихоод улс төрд орсон улстөрч, төсвийн цалингаар амьдарсан гэх хэрнээ төрөөс төрсөн тэрбумтан хоёрын хооронд асар их ялгаа бий.

Төрөөс хумсалсан, хулгайлсан цагаан захтнуудад хуулийн цээрлэл хүлээлгэх нь зүй ёсны шаардлага. Насаараа төрд ажиллаж төсвийн цалингаар амьдарсан гэх зарим хүн яагаад тэрбумтан болчихсон явдгийн учиг эндээс эхтэй. Харамсалтай нь чоно борооноор гэдэг шиг энэ дүйвээнээр монголчуудыг хооронд нь улам талцуулж, улсын хөгжилд нэн шаардлагатай бүтээн байгуулалт хийх, бизнесийн зээл авах, концессийн гэрээгээр ажил гүйцэтгэх зэрэг зах зээлийн нийгмийн энгийн хэрнээ амин чухал харилцаануудыг бүхэлд нь үгүйсгэх, харлуулах, татаж унагах атгаг санаархал ханхлах болов. Хэн хаанаас энэ галыг өрдөх болов. Цахим орчинд бүтээн байгуулалтад манлайлан явдаг үндэсний хэдэн компаниудыг нэр цохон буруутгаж, бараг л хээрийн шүүхээр оруулж цаазын ял өгцгөөж байна. Монгол хүнийг ажлын байраар хангадаг, нийгмийн хариуцлагаа чанд хэрэгжүүлдэг үндэсний компаниудыг бүгд луйварчин мэтээр цоллож, олсон ашгаа халааслаад буцдаг гадаадын компаниудыг дөвийлгөх, монголчуудаас илүү гэж итгүүлэх гэсэн зальжин нүүдэл хийж байгааг анзаарах сөхөөгүй байх шиг.

Улстөрчийн хувийн компанидаа авсан зээл, улсад ажлыг чинь хийж өгнө гэж өөрөө мөнгө гаргаж ажил хийх хоёрын дунд алд дэлмийн ялгаа бий. Төр-хувийн хэвшлийн түшлэлээр бүтээн байгуулалт хийдэг энэ жишиг эртний Грек, Ромын үеэс улбаатай болохыг судлаачид хэлдэг. Хөрөнгө оруулалтын энэ жишиг одоо ч дэлхийн ихэнх оронд түгээмэл хэрэглэж буй. Манай улс 2012 онд Концессийн тухай хуультай болоход хувийн хэвшлийнхэн магнайгаа хагартал баярлаж байв. Тэрнээс хойш эх орны бүтээн байгуулалтад үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувь нэмэр илт нэмэгдэж, улс орны хөгжил ч түргэссэн. Аймгууд хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдож, эрчим хүчний аюулгүй байдал дээшилж, төмөр замаа монголчууд өөрсдөө анх удаа тавьсан, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж дээшилсэн гээд үр дүнг нь шууд хүртсэн. Гэхдээ л өнөөдөр 57 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгааг мартаж болохгүй. Төсвийн мөнгөөр бүхнийг хийх боломжгүй учраас Монголын төр хувийн хэвшлийнхний дэмжлэгийг авдаг ийм л энгийн жишиг, итгэлцэл. Баялаг бүтээгчид гэж наанаа ая тал засах атлаа цаагуураа гадаадын бэнчинтэй компаниудын гар хөл бологсод Монголын төрд цөөн биш.

Нэгэн томоохон биенесмэний гаргасан тооцоогоор Хятадын компанид 200 тэрбум төгрөгийн ажил ноогдож байхад Монголын компанид 40 тэрбумын ажил ноогддог гэсэн байсан. Концессоор гүйцэтгэдэг зам, эмнэлэг, сургууль, эрчим хүч гэх мэт онцгой салбарын бүтээн байгуулалтад заавал мөнгөтэй данжаад эзэн сууж байх ёстой гэж үү. Цалин, татвар гээд өч төчнөөн хөрөнгө мөнгө Монголд үлдэхгүй, гадагшаа урсаад л элсэнд асгасан ус шиг алга болно. Концессийн гэрээ байгууллаа, зээл авлаа гэж адлуулаад байгаа үндэсний компаниуд ядаж л монголчуудыгаа ажлын байраар хангаж, татвараа тоо ёсоор нь төлж, олон айлын амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг.

Хятадын компани концессоор гүүр барихаар бүх дарга нар уралдан очиж тууз хайчилдаг, үндэсний компани бүтээн байгуулалт хийхээр эд нар чадахгүй, хэчнээн төгрөг цавчсан бол гэж ам уралдан муулж харлуулдаг болжээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг бий. Бид өөрсөддөө энэ янзаар дайсан байж, хувийн хэвшлээ улстөржилтийн хорт утаагаар утдаг хандлагаа өөрчлөхгүй бол манай улсын хөдөлмөрийн ид насны залуус адуу шиг шүдлүүлээд харийн оронд боолын хөдөлмөр хийхээр явсаар л байх болно. Энэ нүүдэл хэзээ ч зогсохгүй. Улстөрчдөөс хариуцлага, шударга ёс нэхэлгүй яах вэ. Энэ бол ардчилсан нийгмийн амин чухал эрх. Гэхдээ энэ дүйвээндээ хувийн хэвшлийнхнийгээ цаламдан унагаж, дахин өндийх сөхөөгүй болтол балбахыг гадаадынхан хараад уйлахгүй нь лав. Ер нь тэгээд гадаадынхан хэчнээн сайхан сэтгэлтэй ч гэлээ Монголыг хөгжүүлэхгүй, зүгээр ашгаа салгаж аваад буцаад ниснэ гэдгийг хэзээ ойлгох юм бэ. Жоомоо алах гээд байшингаа түймэрдчих вий дээ.  

Н.Энхмэнд