ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боржигинчууд “Боржигин ум марзай”-г өвлөн, хөгжүүлэх талаар чуулав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-12

“Боржигин”-чуудын төв нутаг болох Говьсүмбэр аймагт энэ сарын 03-ны өдөр “Боржигин ум марзай” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Тус хурал боржигин сумдын удирдлагууд, уяачид, уяачдын холбооны тэргүүлэгчдийн болон СББ өвийг өвлөн уламжлагчдын хэлэлцүүлэг гэсэн хоёр салбар хуралдаанаар эхлэв. Уяачдын оролцсон салбар хуралдаанд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, ММСУХ-г үүсгэн байгуулагч, МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр болон боржигин сумдын уяачид оролцлоо. Тус салбар хуралдаанаар Боржигин ум марзай болон боржигины өв соёлыг хэрхэн өвлөж, сэргээн, шинэчлэх талаар хэлэлцэхийн зэрэгцээ “Боржигин-2019” наадмыг зохион байгуулахад боржигин сумдын удирдлагууд болон уяачид хэрхэн хамтран ажиллах талаар тус тус хэлэлцэв.

Салбар хуралдааныг нээж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлэхдээ “Манай ард түмэн олон зуун жилийн турш түүх соёлын арвин их үнэт зүйлсийг бүтээхийн зэрэгцээ тэдгээрийг нүүдлийн соёл иргэншлийн нөхцөлд түгээн дэлгэрүүлж, үеэс үед уламжлан өвлүүлэх өвөрмөц аргыг бий болгосон ард түмэн юм. Бид бүхэн үүний нэг болох “Боржигин ум марзай”-г өвлөн уламжлуулах, түүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, монгол адуу, морин соёлыг хөгжүүлэх талаар малчид, уяачидтай зөвлөлдөхөөр цуглаад байна. Мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Боржигин” наадмаа боржигины өв соёл, зан заншлыг харуулсан цогц хэлбэрээр зохион байгуулахын тулд бусад боржигин сумд болон уяачидтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. Бид 1994 онд анхны “Боржигин” наадмыг хийж байлаа. Өмнөх жилүүдийн наадмуудад дүгнэлт хийж  2019 оны “Боржигин” наадмаа Боржигины өв соёлыг хөгжүүлсэн, боржигинчууд хэрхэн нааддагийг харуулсан сайхан хийе гэж төлөвлөж байна. “Боржигин наадам-2019”-ыг зохион байгуулах аймгийн салбар хороодыг томилж, салбарууд ажилдаа орсон. Төсөв, хөрөнгийн тооцоог ч гаргаж байгаа. Боржигин сумдын удирдлагууд, уяачид та бүхнийг боржигин овогтны түүх соёл, уламжлалаа өвлүүлэхэд идэвхтэй оролцож, боржигин өв соёлоо аялал жуулчлалтай уялдуулан дэлхийд сурталчилсан наадам хийхэд хамтран ажиллахыг уриалж байна” гэв. 

Үүний дараа Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл “Боржигин овогтон холбоо”-ны үйл ажиллагаа, бүтэц, хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар танилцуулав. Тэрбээр “2017 онд болсон Эрдэм шинжилгээний хурлаар дэвшүүлсэн ажлуудын хүрээнд “Боржигин овогтон холбоо”-г албажуулж, тамга тэмдэгтэй, улсын бүртгэлтэй болголоо. 2018 онд долоон хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлөө томилж, үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Удирдах зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Г.Батсуурь, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэг, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Болджав, Боржигин сумдын төвийн тэргүүн П.Амжир, Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн дарга Б.Энхтөр гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөн хяналтын зөвлөлд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнээр ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Энэ хугацаанд бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч, “Боржигин судлал-2017” эмхэтгэлийг хэвлэн гаргасан. Мөн Боржигин морин хуураар хангах ажлыг үргэлжлүүлж байна. Жил бүр үндсэн чиглэлд тусгаж, 2019 онд болох “Боржигин” наадамд 150 морин хуур, 200 уртын дуучин оролцсон тоглолт хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод 21 аймгийн өв соёл, нүүдлийн ёс заншлыг харуулсан “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулсан. Энэ үеэр бид Боржигин найрын дэг, ёс уламжлалыг харуулсан тоглолтыг амжилттай хийсэн нь зохион байгуулагч болон шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. Хойч үедээ боржигин өв соёл, ёс заншлыг өвлүүлэх зорилгоор Боржигин уртын дууны бүсийн уралдаан, өсвөрийн морин хуурчдын улсын уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулж байна. Мөн “Боржигин-2019” наадмын хүрээнд хандив цуглуулах зорилгоор хаан банкны данс нээлгэлээ. Одоогоор 10 гаруй сая төгрөг цугларсан” хэмээн ярив. Энэ үеэр боржигин сумдын удирдлагууд болон уяачид “Боржигин-2019” наадамд зохион байгуулалттайгаар идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдэж, хандив өргөв.

Монгол Улсын Манлай уяач Г.Баттөмөр: 
-Боржигин овогтон бол эзэн Чингис хааны удам гэдгийг түүхийн баримт бичиг нотолдог. Та бид гарцаагүй боржигин овгийн хүмүүс. Он цагийн урсгалд олон янзаар хувирсаар сүүлийн үед жижигхэн ч гэсэн аймаг байгуулагдаж, боржигин овгийн онцлог, ёс заншлыг хөгжүүлж байгаад маш их баяртай байна. Боржигин хошуу бусад хошуудаас олон зүйлээр онцлог байсан гэдэг. Дууны ая, суудаг байшин, найр, наадам зэрэг олон зүйлээр ялгардаг. “Боржигин-2019” наадам үүнийгээ бататгасан сайхан наадам болно гэж итгэж байна. 

Аймгийн алдарт уяач Г.Санжаа: 
-Анхны боржигин наадам хийж байхад би соёолон морь түрүүлгэж байсан хүн. Уяач, малчин бидний хөдөлмөрийг үнэлж, сайхан наадам зохион байгуулдаг уяачдын холбооныхондоо талархлаа ирэлхийлье. Монголчууд бид эртнээс хурдан морины хүүхэддээ тод өнгийн хувцас өмсгөж ирсэн. Хөнгөн нимгэн энэ хувцас нь хүүхдэд тээр болж байсан удаагүй. Гэтэл сүүлийн үед хүүхдийг дайнд оруулах гэж байгаа мэт хар өнгийн элдэв хувцас өмсгөн, том малгай өмсгөчихөөр замаа харахад хүндрэлтэй болж байна. Энэ асуудлыг шат шатны байгууллагууд анхаарч үзээч гэж хүсмээр байна. Манай боржигинчууд үеийн үедээ сайхан наадаж ирсэн ард түмэн. “Боржигин-2019” наадамдаа соёолон морь, 100 литр айраг хандивлана. 
Хуралдааны үеэр төлөөлөгчид монгол адууг тусад нь уралдуулах нь зүйтэй, боржигин овгийн соёл заншлыг харуулсан хөшөө дурсгал, нэрийн брэндтэй болох хэрэгтэй гэсэн горимын саналуудыг хэлж байлаа. 
Үүний дараа тус аймгийн Нийтийн номын сангийн дарга Б.Энхтөр “Боржигин-2019” наадмын бүтэц, зохион байгуулалтын план зургыг танилцуулав. Тэрбээр “Боржигин наадмын онцлогийг харуулж, наадмын талбайг хүрээ хэлбэрээр байгуулна. Энэ нь монголчууд эртнээс хүрээ үүсгэн бууж, нутагладаг  онцлогыг харуулж байгаа юм. Наадам зохион байгуулах бүсийг дөрвөн хэсэгт хувааж, гортигжуулна. Наадмын талбайд наадамчдын асар, бөхийн асар, урлагийн тоглолтын тайз зэргийг наран тойрог хэлбэртэй байрлуулна. Төв асарын чанх хойно Монгол Улсын төрийн далбаа, Боржигин овогтны сүлд болох цагаан шонхор бүхий далбааг байрлуулна. Талбайн голоор зүүнээс баруун тийш чиглэлтэй морины зам байрлах юм. Наадмын төв талбайд Говьсүмбэр аймгийн хүндэтгэлийн гэр болон боржигин 17 сумын хүндэтгэлийн гэрүүд байрлана. Гэрүүд бүгд үхэр тэрэг хэлбэр бүхий суурьтай байхаар төлөвлөж байна. Монголчууд эртнээс зочдоо хүндлэн хоймроо залдаг уламжлалыг бодож төв талбайн чанх хойно зочдын гэрийг байрлуулахаар төлөвлөсөн байгаа. Наадмын талбайн баруун хойно сурын зурхай байрлана. Харин зүүн хойд талд шагайн тайлбайг байрлах юм. “Боржигин-2019” наадмыг аль болох авто машиныг хязгаарласан байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Авто зогсоол наадмын талбайн урд хэсэгт байна.  Түүнээс гадна баруун, зүүн, урд талдаа гурван хүндэтгэлийн хаалгыг байрлуулахаар ярьж байна” хэмээн наадмын нарийвчилсан бүтэц, зохион байгуулалтыг танилцуулав. Наадмын зохион байгуулалтын план зурагтай холбогдуулан сумдын удирдлагууд болон зарим уяачид санал дүгнэлтээ хэлснээр салбар хуралдаан өндөрлөсөн юм. Харин үдээс хойш “Боржигин ум марзай” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэлүүдийг тавьсан юм. Тухайлбал, судлаач Г.Бумцэрэн “Боржигин ум марзай, түүний уламжлагдаж буй шинж байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл тавьсан бол, судлаач Г.Баасансүрэн “Монголчуудын соёлын биет бус өвийн уламжлалд Боржигин ум марзайн эзлэх байр суурь” сэдэвт илтгэлийг тавьсан юм. Энэ үеэр судлаач Г.Бумцэрэнтэй цөөн хором ярилцлаа.

 

Г.Бумцэрэн: Уяачид боржигин ум марзайгаа сурч, хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй

-Боржигин ум марзай гэж чухам ямар биет бус өв юм бэ. Энэ талаар та манай уншигчдад ойлголт өгөхгүй юу. Боржигин өв соёлыг өвлөн тээгчид л нарийн сайн мэдэхээс биш жирийн иргэд энэ талаар мэдэхгүй байж магад?

-Осоржам бурханы зүрхэн тарни ум марзай мам суухаа гэсэн үгийг дээр үеийн уяачид, өвөг дээдэс хэрэглэж байж. Ум марзай мам суухаа гэдэг бол нарны тарни. Нар мандах үед уяан дээрээ арц, хүжээ уугиулж, морьдынхоо хийморь лундааг сэргээж, унаач хүүхдүүд нь ум марзай мам суухаа гэдэг тарнийг Боржигин уртын дууны ая дангаар дуулж, уяагаа тойрдог байж. Энэ бол уяа морио хөнгөрүүлдэг нэг арга байсан. Морь хэдэн хомоол унагаад,  алхаа нь хөнгөрч ирдэг байж. Монгол оронд шарын шашин дэлгэрснээс хойш ум марзайг унаач хүүхдүүд дуулж, уяачид хэрэглэж ирсэн. Ум марзай мам суухаа гэдэг чинь Түвд тарни шүү дээ. Газар газар гийнгоо, зээнгоо гэх мэтээр янз бүрээр ярьдаг. Манай нутагт бол Боржигин уртын дуутайгаа холбоотой, ая дангаар нь уянгалуулж, ум марзайгаа дуулдаг ийм л ялгаа байгаа юм. 

-Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаад дуусахад хүүхдүүд ум марзаийг хагас дутуу уянгалуулаад байх шиг сонсогддог. Нийтэд түгсний нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Яах вэ, түгж байна гэж ойлгож болох л юм. Гэхдээ хүүхдүүдэд зааж өгөх боломж бага байгаа учраас “Ум марзай” гэж эхлээд л орхичхоод байгаа юм. Ум марзай мам суухаа гэдэг тарнийг бүтнээр нь аялгуулбал нэлээд урт. Уртын дууныхаа аятай таардаг болохоор их гоё сонсогддог. Тиймээс боржигин уяачид Говьсүмбэр аймагт цуглаад, онол практикийн бага хурлыг хийж байна. Бүх уяачид Боржигин ум марзайгаа суръяа, мэддэг болъё, цааш нь түгээе гэж ярьж байгаа юм. 

-Боржигин сумдын уяачид, хурдан морь унаач хүүхдүүдийн дунд энэ өв соёлоо тээж яваа, мэддэг хүмүүс олон байгаа байх?

-Цөөнгүй бий. Боржигины 17 сум байна. 17 сумын уяачид, 1950-иад оныхон, түүнээс өмнөх үеийнхэн бүгд мэддэг байсан. Харин 1970-аад оноос хойш бараг тасарчихаад байна. Уяачид нь өөрсдөө ум марзайгаа сайн мэдэхгүй. Дээрээс нь хүүхдүүд нь мэдэхгүй болохоор орхигдчихоод байна. Мэдээж мэддэг настай хүмүүс, зарим залуучууд, хүүхдүүд бий. Гэхдээ нийтээрээ мэддэг, унаач хүүхдүүддээ зааж өгдөг болмоор байна. Шавь сургалтаар юм уу, танхимд суулгаад ч хамаагүй зааж өгмөөр байгаа юм. Морь уяхдаа ум марзайгаа мэдэж байх юм бол уяа хөнгөрч, сайхан болдог. Нөгөө талаар боржигин уртын дуу сурахын эхлэл болдог. Хоолой задалж өгнө. Уран гоё шаглаа, нугалаатай ум марзайлна гэдэг чинь хүүхдийн хоолойг боржигин уртын дуу дуулж сурахын эхний алхам болж байдаг. Дундговь аймгийн Баянжаргалан сумын уртын дууч Р.Хандсүрэн, Т.Шануу гэж хоёр ихэр хөгшин бий. Мөн Шинэбаяр гэж уртын дууч байна. Энэ гурван хүн олон жил Баянжаргалан суманд хүүхдүүдэд ум марзай заадаг, өөрсдөө ум марзайлдаг хүмүүс. 

-Та бүхэн боржигин соёлын нэг томоохон өвөө цаашид өвлүүлэн уламжлуулж, зааж сургахгүй бол тасрах аюул байна шүү дээ?

-Тийм ээ, энэ хуралд боржигины 17 сумын уяачид, Засаг дарга нар ирж оролцож байна. Түүнээс гадна соёлын биет бус өвийг өвлөн тээгч, судлаачид нийлсэн 70 гаруй хүн оролцож байгаа юм. Энэ маш чухал. Өөрсдөө үргэлж хурдан морьтой харилцаж байдаг уяачид өөрсдөө соёлоо сайтар мэдэж аваад, цаашлаад хүүхдүүддээ заагаад өгчих юм бол дэлгэрээд явчихна шүү дээ.