Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас өсвөрийн “Боржигин уртын дуучид, морин хуурчид”-ын бүсийн уралдааныг энэ сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Говьсүмбэр аймгийн “Боржигин” чуулгад болсон энэхүү уралдаанд Боржигин сумдын морин хуурч, уртын дууч хүүхдүүд оролцож, авьяасаа сорин өрсөлдсөн юм. “Боржигин уртын дуучид, морин хуурчид”-ын уралдаан 10-14, 15-18 гэсэн хоёр насны ангиллаар болсон. Морин хуурчдын 10-14 насанд таван хүүхэд өрсөлдсөн бол 15-18 насанд хоёр хуурч өрсөлдлөө. Харин Уртын дуучдын 10-14 насны ангилалд найман хүүхэд өрсөлдсөн бол 15-18 насанд зургаан дуучин оролцлоо. Тэмцээнийг “Боржигин” чуулгын морин хуурч, Б.Шижир-Эрдэнэ, уртын дууч, СТА Ш.Энхбаяр, удирдаач, СТА М.Амгаланжаргал нар шүүн явуулсан юм. Уралдаанд оролцсон хүүхдүүд эхний шатанд Боржигин уртын дуу дуулж, өрсөлдөх ёстой байсан. Харин хоёрдугаар шатанд “Бор борын бялзуурхай”, “Дөмөн”, “Ар хөвч” гэсэн гурван дуунаас нэгийг нь сонгож дуулах байв.
Морин хуурчдын хувьд эхний шатанд өөрийн сонголтоор нэг ая тоглох бол хоёрдугаар үед “Үүлэн бор”-оор өрсөлдлөө. Уралдаанд нийтдээ 25 хүүхэд оролцсон нь бага тоо боловч оролцогчдын ур чадвар сайн байлаа. Тэр дундаа 15-18 насны ангилалд оролцсон хүүхдүүд хоолойны цараа, дуулах ур чадвараараа эрхгүй ялгарч байлаа. Тэмцээний дараа Ерөнхий шүүгч уртын дууч, СТА Ш.Энхбаяраас энэ жилийн уралдааны онцлогийг асуусан юм. Тэрбээр “Энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн жил гэхэд насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан. Энэ жилийн тухайд хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Оролцоо жаахан муу байлаа. Цөөн хүүхэд ирлээ. Гэхдээ оролцсон хүүхдүүд өөр өөрийн хэмжээнд хичээж, сайн уралдлаа” хэмээн ярьсан юм. Тэмцээний дүн гарч, нас насны ангилалд түрүүлж, байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахын өмнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан үг хэлсэн. Тэрбээр “Боржигин өв соёлыг өвлөн тээгчдээс сурч, дараачийн өвлөн тээгч болох эрхэм зорилготой хүүхдүүд энэ тэмцээнд оролцлоо гэж би ойлгож байна. Энэхүү тэмцээнийг манай Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг. Цаашид илүү өргөн дэлгэр болгож, баяжуулах нь бидний үүрэг. Өнгөрсөн жил бид өргөн хүрээтэй зохион байгуулж байсан.
Энэ тэмцээнд идэвхтэй оролцсон хүүхдүүд, шавь нараа бэлтгэж оролцуулсан багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээн хэлсэн юм. Түүний дараа “Боржигин уртын дуучид, морин хуурчид”-ын бүсийн уралдаанд түрүүлсэн, медальт байр шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулсан юм. “Боржигин уртын дуучид”-ын 10-14 насны ангилалд Сүмбэр сумын I сургуулийн сурагч Үүрийнтуяа тэргүүн байрт шалгарсан бол мөн сургуулийн сурагч Ө.Энхжаргал удааллаа. Харин гуравдугаар байрт Сүмбэр сумын V сургуулийн сурагч Т.Энхмаа шалгарсан юм. Энэ насны морин хуурчдын уралдаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын IV сургуулийн сурагч П.Хүчитбаатар тэргүүн байр эзэлж, Сүмбэр сумын I сургуулийн сурагч Б.Цэрэнбат дэд байрт шалгарлаа. Гуравдугаар байрт Баянтал сумын IV сургуулийн сурагч Г.Нандинхүү орсон юм. Боржигин уртын дуу төрлийн 15-18 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн иргэн Б.Түвшинзаяа ур чадвараараа бусдаасаа илүү гарч, түрүүллээ. Харин хоёрдугаар байрт Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн сурагч З.Мөнх-Эрдэнэ шалгарсан бол Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэн У.Хандсүрэн гуравдугаар байрт шалгарлаа. Тэгвэл морин хуурын төрөлд Шивээговь сумын III сургуулийн сурагч Г.Нармандах тэргүүн байр эзэлж, Сүмбэр сумын I сургуулийн сурагч Ц.Мөнххүлэг удааллаа. Энэ насны ангилалд хоёр л хүүхэд өрсөлдсөн юм. Уралдааны дараа морин хуурын төрөлд түрүүлсэн Г.Нармандах, уртын дууны төрөлд түрүүлсэн Б.Түвшинзаяа нартай цөөн хором ярилцлаа.
Г.Наранмандах: Морин хуур тоглохоор тайвшрал өгдөг
-Өсвөрийн “Боржигин морин хуурчид”-ын уралдааны 15-18 насны ангилалд оролцож, түрүүллээ. Сэтгэгдлээ хуваацахгүй юу?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд баярлалаа. Боржигин өв соёл, морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, өв сангаас суралцуулах зорилготой энэ тэмцээнд түрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ тэмцээнд оролцохын тулд би сар бэлтгэсэн. Сарын турш сайн хичээсэн болохоор түрүүлж чадлаа.
-Морин хуурыг хэзээнээс сурч эхэлсэн бэ?
-Гурван жилийн өмнөөс сурч эхэлсэн. Би Шивээговь сумын гуравдугаар сургуульд суралцдаг. Манай суманд морин хуур заах багш байдаггүй болохоор аймгийн төв рүү ирж заалгадаг. “Боржигин” чуулгын морин хуурч багшаар заалгаж, сурч байна. Багш маань бидэнтэй үе тэнгийн юм шиг сайхан харилцаж, морин хуур зааж өгдөг. Тиймдээ ч гурван жилийн хугацаанд ихийг сурч, сайжирч байгаа.
-Морин хуур сурахыг хүссэн шалтгаан юу байв?
-Аав, ээж хоёр минь морин хуур сур гэж хэлсэн. Би ч өөрөө хөгжимд, тэр дундаа ардын уламжлалт хөгжмийн зэмсэг сурах сонирхолтой байсан. Морин хуур тоглоход үнэхээр гоё. Тайвшрал өгдөг. Одоо би нот хараад, ямар ч ая тоглож чадна.
Б.Түвшинзаяа: Дэлхийд гайхуулдаг өв соёлоо өөрсдөө сонирхохгүй байна гэдэг харамсалтай
-Юуны түрүүнд баяр хүргэе. Хэзээнээс уртын дуу дуулж эхэлсэн бэ. Яагаад уртын дуугаар хичээллэх болсон бэ?
-Баярлалаа. Би найман настайгаасаа хойш уртын дуу дуулж байгаа. Миний багш СТА Ш.Өлзийбат гэдэг хүн байсан юм. Бурхны оронд одоод багагүй хугацаа өнгөрлөө. Уртын дууны уралдаанд тэргүүлж, багшийнхаа нэрэмжит шагналыг хүртсэндээ баяртай байна. Намайг хоёрдугаар ангид байхад “Боржигин” чуулгад уртын дууны дугуйлан хичээллэж эхэлсэн юм. Дугуйлангийн багш манай аав, ээж хоёртой нэг нутгийнх байсан. Манай эмээ уртын дуучин хүн байсан. Багаасаа эмээ шигээ дуучин болох мөрөөдөлтэй байсан юм. Тэгээд л уртын дууны дугуйланд явж эхэлсэн.
-Удмын дуучин юм байна шүү дээ. Аав, ээж нь бас гоё дуулдаг байх. Эмээ нь хэн гэж дуучин бэ?
-Манай эмээг н.Содномдулам гэдэг. Сум, орон нутагтаа сайхан дуулдгаараа алдартай хүн. Уг нь эмч мэргэжилтэй ч насаараа уртын дуу дуулсан. Залуудаа соёлын төвд ажилладаг байсан гэнэ лээ.
-Уртын дуучин болох мөрөөдөлтэй гэсэн. Цаашдаа уртын дуугаараа дагнах уу?
-Тийм ээ. Уртын дуучин болох мөрөөдөлтэй. Одоо СУИС-ийн кино найруулагчийн ангид сурч байна. Гэхдээ уртын дуугаа орхихгүй, мэргэжлийн түвшинд хүрч чадахгүй юм гэхэд өөрийн хэмжээнд сурсан зүйлээ дүү нартаа зааж өгнө.
-Яагаад уртын дууны ангид ороогүй юм бэ. Кино найруулагч болох нь мөрөөдлийн бас нэг хэсэг байсан уу?
-Уртын дууг мэргэжил болгох, өвлөж явах үүднээс дугуйлангийн хэмжээнд сурах хоёр мэдээж маш том ялгаатай. Би эмээ, багш хоёроосоо багагүй зүйл сурсан гэж боддог. Цаашдаа ч уртын дууг суралцсаар байх болно. Гэхдээ зөвхөн нэг зүйлд биш өөр чиглэлд ч гэсэн өөрийгөө сориод үзье гээд кино найруулагчийн ангийг сонгосон.
-Уртын дуу сонсоход хамгийн түрүүнд ямар ч хүнд үзэсгэлэнт байгаль, хөдөө хээр нутаг, найр наадам санаанд буудаг. Яагаад ч юм тайван байдал мэдрэгддэг шүү дээ. Таны хувьд уртын дууны онцлог юу вэ. Дуулахад бусад төрлийн дуунаас юугаараа өөр вэ?
-Би ч гэсэн яг л тийм мэдрэмжийг авдаг. Тиймээс уртын дуунд дуртай. Сонсоод л тайвширдаг. Энэ шидэт нөлөөлөл нь яг юундаа байна гэдгийг хэлж мэдэхгүй. Яагаад ч юм хүний сэтгэлийг анагаах увидас байдаг шиг санагддаг. Бусад төрлийн дууг бодвол дуулахад хүнд юм шиг санагддаг. Хоолойны цар, хүрээ, чадал илүү шаарддаг гэж ойлгож болно. Уртын дуу дуулж чаддаг бол, ямар ч дууг дуулчихна гэж боддог. Уртын дуу дуулаад сурчихвал амьсгаагаа зөв авах, зөв хуваарилж сурах гэх мэт урлагийн хүнд байх ёстой бүх зүйлд хэрэгтэй. Уртын дуу Монгол үндэсний язгуур урлагийн нэгдүгээрт бичигддэг учраас бид өвлөн авч явах үүрэгтэй.
-Уртын дуучин, нийтийн дуучныг бодоход хоолойны чадал зэрэг дуучин хүнд тавигдах шаардлага нь илүү өндөр байдаг. Ялгаа нь юундаа байна вэ?
-Хоолойны цар хүрээний хувьд маш том ялгаатай гэж боддог. Уртын дуу дуулснаар хоолой маш сайн тэлдэг. Уртын дууг зөв сайхан дуулж сурсан хүн ямар ч дууг дуулж чадна гэж эмээ минь хэлдэг байсан юм. Үнэхээр ч тийм юм шиг санагддаг.
-Уртын дуучин кино найруулагч болох нь байна шүү дээ. Цаашдын зорилго юу вэ?
-Тийм ээ. Мөрөөдөх сайхан шүү дээ. Магадгүй би уртын дууны тухай эсвэл багш нарынхаа тухай хөрөг нэвтрүүлэг хийгээд явж байх ч юм билүү. Эхний ээлжинд сургуулиа төгсөөд, сайн найруулагч болохын тулд хичээнэ дээ.
-Уртын дуу дуулдаг хүмүүс, уртын дуучид цөөрөөд байх шиг санагддаг. Ялангуяа залуу үеийнхэн уртын дуу сонирхож, сонсохгүй байх юм?
-Миний хамгийн их харамсаж явдаг зүйл. Дэлхийд гайхуулдаг өв соёлоо залгамжилж авч явах ёстой хүмүүс өөрсдөө түүнийгээ мэдэхгүй, сонирхохгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Залуучууд бүү хэл урлагийн сургуулийн оюутнууд уртын дуу сонсохгүй байна шүү дээ. Энэ асуудлыг шат шатандаа анхаарах ёстой зүйлийн нэг болсон гэж боддог. Үгүй бол бидний дэлхийд гайхуулдаг уртын сайхан дуу устахад ойрхон байгаа гэхэд хилсдэхгүй. Уртын дууны ангийг төгссөн ч өөр төрлийн дуу дуулаад явж байгаа уран бүтээлчид маш их байна. Магадгүй хоолойны чадал шаарддаг учраас тэр байх. Нөгөө талаар эрэлт хэрэгцээнээс шалтгаалдаг байх. Уртын дуу дууллаа гээд сонсох хүн цөөн гээд тэгдэг байж болох юм.
-Урлагийн хүн байна гэдэг амаргүй. Аав, ээж нь хэр дэмждэг вэ?
-Аав, ээж хоёр намайг бүх талаар дэмждэг. Миний мөрөөдсөн, төлөвлөсөн юм бүхнийг дэмжиж, ар тал болж байдаг. Хэрвээ би уртын дуу сонирхохгүй, урлагийн хүн болохгүй гээд тэс өөр чиглэлээр сурна гэсэн ч аав, ээж минь дэмжих л байсан байх.