Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний шалтгааны талаар Хэвлэлийн хүрээлэнгээс судалгаа хийжээ. Тэгвэл энэ асуудлын гол шалтгаан нь юу байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахаас тодрууллаа.
-Жендэрт суурилсан хүчирхийлэл гэх ойлголтын талаар тайлбарлаач. Гэр бүлийн хүчирхийлэл энэ төрлийн хүчирхийлэлд орох уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл жендэрт суурилсан хүчирхийлэл мөн. Энэ ойлголтын шинжлэх ухааны тодорхойлолт нь хүйсийн чиг баримжаа, хүйстэй холбоотой нийгмийн хүлээлт, тэрхүү ойлголтдоо суурилан өөрийн хүсэл зорилгоо хэн нэгэнд хүчээр тулгах, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд хүчээр хохирол учруулахыг жендэрт суурилсан хүчирхийлэл гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн эр нөхөртөө халамжтай байж, гэрээ цэвэрлэж, хоол хийх ёстой гэсэн хэвшмэл ойлголтод тулгуурлан тийм байгаагүйнх нь төлөө нөхөр нь хүч хэрэглэх, биед нь халдах, сэтгэл санааны дарамтад оруулах нь жендэрт суурилсан хүчирхийлэл болно. Зөвхөн эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй нь ийм үүрэгтэй гэх хэвшмэл, буруу хүлээлтээс үүдээд бие мах бодийн болон сэтгэл санааны хохирол учруулахыг хэлж байгаа юм.
-Жендэрт суурилсан хүчирхийллийг шалтгаан нь юу байна вэ. Энэ талаарх судалгаа байдаг уу?
-Тодорхой нэг зүйлээс шалтгаална гэхэд хэцүү. Гэхдээ нийгмийн хэвшмэл буруу ойлголт, түүнээс үүдэх хүлээлт, хувь хүний гэр бүлийн хүмүүжил зэргээс ихэвчлэн шалтгаалдаг. Эрэгтэй хүн гэрийн хаан байх ёстой, харин эзэгтэй нөхрөө хүндэлж, хүүхдээ асарч, хоолоо хийх үүрэгтэй гэсэн нийтлэг ойлголтоос үүдэн, тэр хүсэл нь биелэхгүй бол хүчээр бий болгохыг эрмэлзэж эхэлнэ. Энэ нь даамжирсаар жендэрт суурилсан хүчирхийлэл болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жендэрийн тухай буруу ойлголт, жендэрийн тэгш байдлын тухай ойлголттой холбоотой.
-Хүчирхийлэл их байгаа нь жендэрийн талаар буруу ойлголттой холбоотой гэсэн үг үү?
-Ихэнх тохиолдолд гол шалтгаан нь энэ байдаг. Жендэр гэдэг ойлголт манай нийгэмд бас нэгэн хэвшмэл, сөрөг агуулгыг бий болгоод байна. Жендэр гэхээр хэдэн амбицтай эмэгтэй эрхээ хамгаална гэсэн нэрийдлээр улс төрд орох гэсэн асуудал гэх нийтлэгойлголт бий болоод байгаа юм. Гэтэл энэ нь угтаа бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд ижил тэгш эрхтэй, ижилхэн боломжтой байх ёстой гэсэн асуудал юм.
-Иргэдийн жендэрийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, жендэрийн тухай буруу ойлголт, буруу хүлээлтийн талаар таниулах, сурталчилах үйл ажиллагаа хэр хангалттай байдаг вэ. Иргэд мэдээлэлгүй учраас буруу ойлголттой байдаг байх?
-Хүүхэд байхаас нь эхлээд хэвшмэл ойлголтыг бий болгохгүйн тулд боловсролын тогтолцоонд авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Сургуулийн орчинд ч хэвшмэл буруу ойлголтууд байдаг. Тухайлбал, охидын боловсролыг хөвгүүдийнхээс илүү чухалчилж үзэх ойлголт хэвшмэл болох тийшээ хандаж байна. Санаатай болон санамсаргүйгээр хүүхдийн тархинд ийм мэдээллийг суулгаж байгаа нь ирээдүйд тэр хүн мөнөөх буруу хүлээлттэй хүн болж, жендэрийн хүчирхийлэгч юмуу хохирогч болох үндэс болдог. Хэвшмэл ойлголт гэдгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Тиймээс бага насны хүүхдэд мэдлэг боловсрол олгохдоо нийгмийн өмнө бүх боломж нээлттэй шүү гэдгийг маш сайн ойлгуулах ёстой. Үүний тулд багш, сурган хүмүүжүүлэгчдээс гадна эцэг, эхчүүд өөрсдөө энэ талаар зөв ойлголттой байх ёстой. Хүүхдэд зааж, сургахаас илүү байгаа орчин нь зөв бол тухайн хүүхэд зөв бодолтой, зөв хүн болно.
-Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс давуу эрхтэй байна гэдэг нь өөрөө хэвшмэл ойлголт болоод байна уу. Ер нь манай улсын хувьд жендэрийн асуудал хэр байдаг юм бол?
-Хэвлэлийн хүрээлэнгээс өнгөрсөн оны сүүлээр энэ асуудлын хүрээнд олон нийтийн санал асуулгын судалгаа явуулсан. Судалгаанаас үзэхэд, эрэгтэйчүүд уужуу, саруул ухаантай, алсыг хардаг учраас төр засгийн эрхийг эрэгтэйчүүд барих ёстой. Эмэгтэйчүүд нямбай, хөдөлмөрч учраас эмч, багш зэрэг ажлуудыг хийвэл илүү зохимжтой гэсэн хэвшмэл ойлголт байгаа нь харагдсан. Монголд жендэрийн асуудал байхгүй гэж ихэнх хүмүүс ойлгодог. Эмэгтэйчүүд хаа сайгүй л ажил хийж байна гэдэг. Гэвч судалгаа хийгээд үзэхэд хүн бүрт өрх гэрийн эрэгтэй хүн хаан байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байгаа юм. Хэвшмэл ойлголт түгээмэл байна гэдэг нь хүлээлт байна гэсэн үг. Хүлээлт байна гэдэг нь дарамт байна гэсэн үг. Эндээс гэр бүлийн харилцаа үүсч, хүчирхийлэл үүсэх нөхцөл болж байгаа юм.