ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлчүүд уугиж байгаа галт уул шиг орчинд амь тэмцэж байна

O.Admin
2018-12-19

С.ЭРДЭНЭБАТ
Х.БОЛОР

Утаа гамшгийн байдалд хүрээд удаж байна гэж ярьдаг хүн олширсон ч дорвитой шийдвэртэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Гэхдээ өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд 800 гаруй тэрбум төгрөгийг утааг бууруулахад зориулсан гэдгийг энгийн иргэдээсээ эхлээд төрийн тэргүүн хүртлээ бүгд мэднэ. Гэтэл утаа буурах биш улам бүр нэмэгдсээр байна. Эрх баригч нар утаатай тэмцсэн гэх нэрээр судалгаа хийх, зуух тараах гэх мэт ажил хийсэн дүр эсгэж багагүй ашигтай бизнес хийж хөлжчихөөд, нийслэлийн утааг багасгаж чадахгүй болохоор “аргаа барахаар аавынхаа толгойг маажив” гэдэг шиг маск зүү гэж сурталчилдаг боллоо. Харин “утаанбаатар” маань уугиж байгаа галт уул шиг орчинд амь тэмцэн тэлчилж байна. Хотын утаа ямар байдалд байгааг сурвалжлахаар нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн их агаарын бохирдолтой СХД-ийг зорилоо. Өглөөний 8 цаг 15 минут. Тус дүүргийн мод, модон эдлэлийн “Хангай” захын орчимд очлоо. Эндээс “Содон” хороолол 500 орчим метрт байдаг. Гэвч юу ч харагдсангүй. Энэ их утааны үзүүрт “Содон” хороолол бий гэж хэлбэл мэдэхгүй хүн бол итгэхгүй байх. Миний бие мэддэг тулдаа тэнд тийм хороолол байгаа гэж таамаглаж байв. Эндээсээ хөдлөөд СХД-ийн Засаг даргын Тамгын газрыг зорилоо. Бид албаны хүнээс ярилцлага авах гэсэнгүй. Харин жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн  “Агаарын бохирдлын асуудал бол энгийн. Хүүхдээ өргөж явбал бага хордоно. Маск тараана зүүцгээ. Зөв амьсгалаад сурчих” гэсэн үгийг санаад Тамгын газар орчимд нь утаа байдаггүй юм болов уу гэж бодоод очсон хэрэг. Гэтэл СХД-ийн Засаг даргын Тамгын газрын байшин суунагласан цэнхэр утаан дунд харагдахтай, үгүйтэй дайвалзаж байх юм. Ийм их утаа байхад Засаг дарга нь хардаггүй юм уу, эсвэл дарга нарт харагддаггүй утаа юм болов уу. Би буруу хараад байгаа юм болов уу гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрж, тус дүүргийн ойр орчимд амьдардаг иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

 

Л.Дима: Угаартаж үхэхэд ойрхон байна

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Л.Дима

-Ойрын өдрүүдэд утаа бүр нэмэгдчихлээ. Өнгөрсөн жил арай ч ийм байгаагүй. Өглөө оройдоо угаартаж үхэхэд ойрхон байна. Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхэд зөөх үед яг утааны үе байж таардаг. Утаанаас хоргодож такси бариад явъя гэхэд такси олддоггүй. Ийм нөхцөлд хүүхэд, хөгшид гэлтгүй идэр залуу хүн ч эрүүл байх үндэс алга. Монголын төр гэж байгаа бол ард түмнээ ийм байдалд байгааг харах цаг болсон байх. Аргаа барсан үед маскнаас өөр хандах зүйл үгүй байна. Маск авах мөнгөгүй бол утаандаа хордоод явахаас өөр сонголт бидэнд алга. 

 

Д.Балжид: Гэрээсээ гарахаас зүрхшээдэг

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Д.Балжид

-Би сарын өмнөөс өглөө, оройдоо ач хүүгээ сургуульд нь зөөдөг болсон юм. Сургууль, гэр хоёрын хооронд явахад л өдөржин толгой өвдөж байна. Өмнө нь хэзээ ч толгой өвддөггүй байсан. Утаанаас л болоод байна гэж бодож байгаа. Хөгшин хүнд хэцүү юм. Хүүхдээ зөөхөөс бусад үед гэрээсээ гарахаас ч зүрхшээдэг. Сургууль амрахыг хоног тоолон хүлээж байгаа. Хүүхэд ханиаднаас салахгүй, үргэлж бөгшүүлж ханиалгаад байгаа. Тэглээ гээд гэр хорооллын бид нүүрс түлэхгүйгээр яаж амьдрах билээ. 

 

н.Баясгалан: Гамшиг гэж үүнийг л хэлэх байх

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн н.Баясгалан 

-Манай энэ хавь хотын хамгийн их утаатай хэсэг. Бид хүчилтөрөгчөөр биш угаарын хийгээр л амьсгалж байна. Бид үнэхээр хүнд нөхцөлд аж төрдөг. Маск зүү л гэх юм. Зүүгээд ч нэмэргүй байна шүү дээ. Гамшиг гэж үүнийг л хэлэх байх. Хүүхдээ гэрээс гаргах арга алга. Төр засгаас ямар нэг зүйл хийхгүй бол иргэд маш хүнд нөхцөлд байна. 

 

Ц.Эрдэнэцогт: Хүүхэд байтугай том хүн ч тэсэх арга алга

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Ц.Эрдэнэцогт 

-Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл гэж зарласан гэсэн. Жилд уушгины хатгалгаа өвчнөөр 480 гаруй хүүхэд нас бардаг гэсэн статистик мэдээ байдаг юм билээ. Мөн олон зуун ураг эхийнхээ хэвлийд эндэж байгааг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Улаанбаатар хотын утаа хэрээс хэтэрч байна. Ийм нөхцөлд хүүхэд бүү хэл нас биед хүрсэн хүн ч амьд байхад хэцүү гэхэд хилсдэхгүй. Энэ жил өмнөх жилүүдээс илүү утаатай байна. 

...Ингээд тус дүүргийн хамгийн их утаатай цэг болох Толгойтыг зүглэв. Нийслэлийн ерөнхий болов­сролын 65-р сургуулийн орчимд  9 цаг 20 минутад очлоо. Ой дотор битүү манан дунд яваа юм шиг орчин угтав. Энэ цэгийн хувьд нийслэлийн удирдлагууд нэн тэргүүнд анхааралдаа авах ёстой газрын нэг. Гурван мянга орчим сурагчидтай тус сургуулийн орчим газрын хөрсөн дэх тугалгын агууламж хамгийн өндөр гарсан гэж өнгөрсөн жил нийслэл­ийн хөрсний бохирдолын судалгааг хийсэн доктор Х.Мягмаржав тогтоосон байдаг. Мөн яг салхин дээр нь Улаанчулуутын хогийн цэг байрладаг. Тэгэхээр энэ орчимд утаанаас гадна жилийн дөрвөн улиралд хогийн цэгийн үнэр, утаа, химийн хүнд элементээр ирээдүй маань амьсгалж буй орчин юм. Харин оршин суугчид ямар бодолтой явдаг бол... 

 

С.Чимэдцээеэ: Нялх хүүхдээ тэврээд хахаж, цацан явах хүмүүсийг хараад өр өвддөг

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны иргэн С.Чимэдцээеэ

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү утаатай байна. Жил бүр төр засгаас утаанд өчнөөн тэрбум төгрөг зарцуулдаг гэх юм. Тэгээд арилж байгаа нь хаана байгаа юм бэ. Миний бодлоор шинэ залуу гэр бүл болон хөгшчүүдийг орон сууцанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулах хэрэгтэй. Түүнээс гадна гэр хорооллоор инженерийн шугам сүлжээ хийх ёстой. Түүнээс биш шахмал түлш хэрэглээд утаагүй болчихно гэж байхгүй. Шатаж л байгаа бол утаа гаргана гэсэн үг. Тэнэг хүүхэд хуурч байгаа мэт ийм зүйлээр ард түмнийг хуурч, доромжилж болохгүй. Байрны урьдчилгаа бүрдүүлэх боломжгүй болохоор л ард түмэн гэр хороололд утаа гаргаж амьдраад байгаа юм. Тиймээс ямар нэг байдлаар зохион байгуулалт хийж, иргэдийг орон сууцжуулах ёстой. Би төр барьж байгаа олигархиудыг луйварчин гэж хэлнэ. Ард түмний өмч, хөрөнгийг луйвардахаа зогсоогооч, утаанаас болж ард түмэн үхлийн ирмэг дээр байна гэдгийг тэдэнд хандаж хэлмээр байна. Өчнөөн мянган гэр бүлийн байрны урьдчилгаа болох хэмжээний мөнгийг төрийн сэнтийд суусан нэг луйварчин ганцаараа идчихдэг шүү дээ. Үүнийгээ зогсоосон цагт л утаа арилна. Гэр хороололд амьдрал ямар байгааг тэдний хэн нь ч мэдэхгүй. Нялх хүүхдээ тэврээд хахаж, цацаад явж байна. Харахад л өр өвдмөөр. Энэ янзаараа Улаанбаатарт нэг ч эрүүл биетэй хүн байхгүй болох байх. 

 

Д.Цэнд: Хүүхэддээ маск зүүлгээд гарахаас өөр аргагүй

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Цэнд

-Би Нарангийн голоос Толгойт руу хүүхдээ хүргэж өгдөг юм. Арай дэндүү байна. Аргаа барахдаа байгаа хэдэн төгрөгөөрөө таксинд суудаг. Мөнгөгүй бол энэ их утаанд автобус хүлээхээс өөр аргагүй. Өөрөө өнгөрсөн хэрэг гэхэд хүүхэд л хэцүү юм. Маск зүүлгээд, гарахаас өөр аргагүй. Сурагчдын амралт болохыг тэсч ядан хүлээж байна. Гадуур явж байгаад ирэхэд хамрын дотор хар тортог болчихсон байна шүү дээ. Төр засгийн өндөр албан тушаалтнууд энгийн иргэд ийм нөхцөлд амь зууж байгааг мэддэг ч юм уу, бүү мэд. 

 

Б.Мөнхшүр: Утааны маскнаас илүү ханиадны эм авдаг

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны иргэн, эмийн санч Б.Мөнхшүр

Иргэд утааны маскнаас илүү ханиадны эсрэг эм их авдаг. Ялангуяа амьсгалын замыг чөлөөлөх төрлийн эмийг маш их авч байна. Өглөө, оройдоо энэ хавьд замын нөгөө талын барилга бараг харагддаггүй. Ийм нөхцөлд иргэд яаж эрүүл байх юм бэ. Бронхиттой хүмүүст илүү хүнд байх шиг байна. Маск зүүхгүй явж байгаад л ханиалгаад ирэхээрээ эм авдаг. Дүүргүүдийн эмнэлэгт уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхэд дүүрэн байна гэсэн. Бүгд л утаатай л холбоотой. 

...Толгойтоос хөдлөөд тус дүүргийн утаа ихтэй газруудын нэг болох “Содон” хороолол, СХД-ийн Эрүүл мэндийн хоёрдугаар төвийн ойролцоо 10 цаг 45 минутад ирлээ. Энд Баруун, зүүн салаа, Баянхошуу орчмын айл өрхийн утаа салхинд хөөгдөж цугладаг гэдгийг тус дүүргийн оршин суугч болгон хэлдэг гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй юм байна. Их үд бараг болох гэж байхад битүү цэнхэр утаан хөшгөө тайлж амжаагүй байгаа энэ газарт тус дүүргийн хүүхдийн болон насанд хүрэгчдийн нэгдсэн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний төв гээд олон байгууллага аж ахуйн нэгжүүд төвлөрсөн их хөлийн газар. Гэтэл энэ орчимд агаарын чанарын станц байхгүй. Хэдий хэмжээний бохирдол энэ хонхор газарт хуралдаж буйг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Албаны хүмүүс Баянхошуу агаарын бохирдол ихтэй гэж яриад бараг заншчихаж. Бие биенээ дуурайдаг юм уу бараг бүгд ингэж ярьдаг. Гэтэл өндөрлөгт орших Баянхошууны утаа салхинд хөөгдөж “Содон” хороолол, 21-р хороолол, СХД-ийн Тамгын газар, “Орчлон” хороолол орчимд хуралдаж буйг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Мэддэггүй, хараагүй юм шиг л явж ирсэн. Тухайн бүсэд оршин сууж байгаа иргэд ийн ярьж байна. 

 

М.Тэгшзаяа: Ийм нөхцөлд амьдарч байхаар гадаад руу явмаар санагддаг

Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны иргэн М.Тэгшзаяа

Утаа гэж ярихаас ч залхмаар боллоо. Амны гарз шүү дээ. Жил бүр л утаа хэтэрлээ, арга хэмжээ авъя гэж ярьдаг. Өөрчлөгдөж байгаа нь хаана байгаа юм бэ. Гэрээс гараад ирэхэд л хоолой хорсоод, цээж хүндрээд байдаг. Өглөөгүүр бүр хэцүү юм. Ажил, сургуульдаа яарсан хүмүүс өглөөний энэ их утаанд автобус хүлээгээд багадаа л 20 минут зогсож байна.  Тэдгээр хүмүүс дотор масктайгаасаа маскгүй нь их байдаг. Заримдаа ийм нөхцөлд амьдарч байхаар боломж гарвал гадаадад амьдрах юм сан гэж боддог. Эх орноосоо хол ч гэлээ ядаж л эрүүл амьдарна шүү дээ. 

 

Л.Алимаа: Салхи гараасай гэж мөрөөдөж сууна

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Л.Алимаа

-“Содон” хороо­лол баригдсанаас хойш 21 дүгээр хорооллын энэ хавийн утаа эрс нэмэгдсэн. Өмнө нь салхинд хөөгдөөд бас ч учиртай байсан юм. Шөнөдөө толгой өвдөөд унтаж чадахгүй байна. Гэрээс гарахаас ч зүрхшээдэг боллоо. Эндхийн утаанаас айгаад үр хүүхдээ ч гэртээ авчрахгүй байна. Би уг нь ямар ч харшилгүй байсан юм. Гэтэл сүүлийн үед найтаалгаад, хамар амнаас элдэв зүйл гараад байгаа. Монголчууд үнэхээр амь бөхтэй юм. Ийм нөхцөлд тэсээд байдаг. Бидний ганц аврал салхи болоод байна. Салхи гараасай л гэж хүсч суух юм. Аргаа ядахдаа би гарч шүгэлдэх юмсан гэж боддог юм. Бөөнөөрөө гараад шүгэлдвэл салхи гарах ч юм бил үү. Өөрөөр бидэнд аврал байхгүй байна шүү дээ. Зурагтаар шахмал түлш түлэх хэрэгтэй гэж гарч байсан. Гэтэл тэр нь энгийн нүүрснээс хавьгүй үнэтэй болохоор иргэд авч чадахгүй шүү дээ. Ард түмний амьдралд нийцсэн арга хэмжээ авахгүй бол хэрэгжихгүй нь тодорхой. 

 

Б.Нина: Шахмал түлш өндөр үнэтэй учраас авч чаддаггүй

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Нина

-Би нэг их гадагшаа гардаггүй юм. Гарах ч нөхцөл байхгүй байна. Ялангуяа өглөөгүүр гамшгийн хэмжээнд хүрдэг. Тэглээ гээд төр засгаас ард түмнээ бодсон зохион байгуулалт хийхгүй болохоор бид нүүрс түлэхээс өөр яах билээ. Шахмал түлш нь олдохгүй юм билээ. Олдсон ч өндөр үнэтэй болохоор авч чаддаггүй. Гэрээс гарахгүй байгаа ч гэсэн даралт хэлбэлзээд, толгой өвдөөд байх юм. Зун нь зүгээр байсан болохоор утаанаас л болдог байх.

 

П.Баяраа: Тэтгэврийн насандаа хүрэх хүн цөөхөн болох байх

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн П.Баяраа

-Утаанбаатар гэдэг нь ёсоороо болоод байна. Томчууд яах вэ гэхэд хүүхдүүд үнэхээр хэцүү. Ялангуяа утааны бүсэд байгаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд их хэцүү байна. Баруун салаа, Зүүн салааны хойд талын уулыг сэтэлчихэж болдоггүй юм байх даа гэж бодох юм. Тэгвэл ядаж л хойноосоо салхи орж ирнэ. Түүнээс гадна гэр хорооллыг орон сууцжуулаасай гэж хэн хүнгүй л мөрөөдөж байна. Боломж бий гэж боддог. Манай газар Э.Бат-Үүл даргыг байх үед дахин төлөвлөлтөд орсон юм. Одоо хүртэл чимээгүй л байна. Би өдий насалтлаа ханиад хүрч байгаагүй хүн. Гэтэл сүүлийн үед байнгын эмийн хамааралтай болчихлоо. Энэ янзаараа тэтгэврийн насандаа хүрэх хүн цөөхөн л болох байх. Гэтэл төрөөс тэтгэврийн насыг улам уртасгаад байна. Түүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Утааны голомтод гэр цэцэрлэг ажилладаг. Төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол тэнд эрүүл хүүхэд гэж байхгүй болох нь.