ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-08

Салхитын мөнгөний ордны 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөлсөн гэхэд болно. Төр өмчөө мэдэж эхэллээ. Монголын Засгийн газар одоо л Үндсэн хуулиа хэрэгжүүлж эхлэх нь гэж иргэд ам сайтай байгаа. Гэтэл гэнэт “Амин билигт” ХХК гэх аж ахуйн нэгж гарч ирээд “"Жи Пи Эф” компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь байна. Бидний өмчийг төр хүчээр буулаасан” гэх мэдэгдлийг гаргаж эхлэв. Үнэхээр төр хувийн компанийн хөрөнгийг булаасан уу. Эргэн нэг харъя.

Дундговь аймгийн Гурван­сайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг ашиглах тусгай зөвшөөрлүүдийг л хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, “Газрын хэвлий дэх баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийнхаа заалтыг л хэрэгжүүлсэн. Харин тэр байшин барилга, техник, тоног төхөөрөмжийг нь хураагаагүй.

Аймаг, орон нутагт ямар ч үр нөлөө үзүүлдэггүй. Газрын доорхи эрдэнэсийг нь хаман гадагш гаргаж хөлждөг ийм бизнес Монголоос өөр газарт байхгүй. Үүнээс гадна, тус ордыг тойрсон, маргаан, буруу гарын бизнес гээд л сураг сонсоход асар их но байх шиг байна. Анх энэ ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан гэх уяач Ш.Мөнгөншагайгаас Хятадын иргэн Ян, Ван авч “Жи Пи Эф” компани байгуулжээ. Яг энэ цэгээс хойш юу болсон нь тодорхойгүй.  

“Амин билигт” ХХК гэгч хаанаас гарч ирсэн гэдгийг ч хүмүүс мэдэхгүй байна. “Жи Пи Эф” компани орон нутгийн төлөөллийн байгууллага болон Засаг даргын Тамгын газартайгаа хэрхэн хамтран ажиллаж байсныг тодруулахаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдийн хурлын дарга Р.Сүхбаатартай холбогдоход “Надад мэдэх зүйл байхгүй. Би уул уурхайн талаар мэдлэг бага гээд хариулт өгөхөөс татгалзав.  

Харин тус сумын Засаг дарга Л.Өлзийбаттай холбогдоход “Энэ уурхай 2016 оноос хойш ажиллаагүй гэсэн. Намай Засаг даргаар томилогдсон 2017 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш энэ уурхай огт ажиллаагүй. “Жи Пи Эф” компани “Амин билигт” ХХК хоёрын маргаанаас болоод зогссон гэдэг яриа бий. Нарийн асуудлыг нь мэдэхгүй. Манай сум иргэдийнхээ санаачилгаар Монголд анх удаа шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажилд “Жи Пи Эф” компани 200 сая төгрөг хандивласан гэдэг. Энэ бол миний өмнөх Засаг даргын үед болсон асуудал.

Өнгөрсөн жил сумын эмнэлэгт эхо аппарат өгсөн. Төрийн дөрвөн албан хаагчийг орон сууцтай болгосон. Энэ бүхэн бол тус компанитай байгуулсан гэрээний хүрээнд хийгдсэн ажил. Манай сумын 20 гаруй иргэн Салхитын мөнгөний орд газарт ажилладаг байсан. Төр тусгай зөвшөөрлийг нь цуцалсанаас хойш энэ хүмүүс ажилгүй болсон. Одоо нэг л хүн галч хийж байгаа. Төр өмчөө мэдэх нь зөв гэлээ. Харин аймгийн удирдлага нь “Салхитын мөнгөний ордын өгөөжийг  Дундговийн иргэд огт хүртээгүй” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Үүнээс гадна “Жи Пи Эф” компани 2016 оноос үйл ажиллагаа явуулаагүй юм бол улсад мөн л ийм хугацаанд татвар төлөөгүй гэсэн үг. Энэ бүхнийг нэгтгээд бодохоор газрын доорхи баялагийг нь авч, гаалийн хилээр экспортолж их хэмжээний ашиг халаасандаа хийчихээд орон нутагт нь хүүхэд чихрээр хуурахтай адил хэдэн төгрөг үнэртүүлж, 20 гаруй хунийг ажлын байраар хангасан нэр зүүгээд эх орныг минь харийнхан цөлмөж суужээ.

Эцэст нь төр тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлахаар өөр эзэн гарч ирээд, “бид 100 хувь хувьцааг нь эзэмшдэг” гэх жүжиг дэглэж эхлээд байна. Салхитын мөнгөний ордыг түшиглэж байгуулагдсан компанийн хэдэн хувийг хэн эзэмшдэг нь одоо хэнд ч хамаагүй. Харин төр өмчөө мэдэх нь л ард түмэнд чухал. Ард түмэн газрын хэвлий дэх баялгаасаа хувь хүртэх боломжийг Салхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар эхэлсэн. Хэрэв энэ шийдвэрээсээ төр буцах юм бол Монголын баялгийг боорлож идэгсэд газар авч улам олшрох нь гэдгийг тус ордыг тойрсон үйл явдал харуулж эхлээд байна.