Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орон гэж монголчууд бардам дуугардаг. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газруудын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 80 орчим хувийг Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 20-60 жилийн хугацаатай эзэмшдэг ажээ. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний 79.0 хувийг БНХАУ руу, 11.3 хувийг Их Британи улс руу, 4.7 хувийг Щвейцар улс руу, 1.1 хувийг ОХУ руу, 0.3 хувийг Япон улс руу, 0.2 хувийг БНСУ руу тус тус гаргадаг ажээ. Энэ тоон баримтаас харахад газрын доорх баялгаа эзэмшиж ашиглах эрхийг урд хөршийнхөнд “бэлэглэж” бараг бүрэн хараат болоод байгаагаа мэдэрдэггүй юм байна. Нэгэнт л газрын доорх баялгийг нь ашиглах тусгай зөвшөөрлийг хятадууд эзэмшиж байгаа болохоор уул уурхайн бүтээгдэхүүнээ тэд эх орон руугаа л гаргана. Ийм л дүр зураг уул уурхайн салбарт харагдаж байна. Манай сонин энэ оны 018 дугаарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн гол орд газрууд хэний мэдэлд байгаа тухай нийтэлсэн. Тэгвэл үргэлжлэлийг нь хүргэе.
Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт дахь Улаан-Уулын гянтболдын ордын хайгуулын ажлыг 1980 онд улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Тухайн үед ордын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр 16 дугаар судалд С1 зэргээр 8,2 мян.тн, С2 зэргээр18,36 мян.тн, 32 дугаар судалд С1 зэргээр 5,75 мян.тн, 9 дүгээр судалд С2 зэргээр17,51 мян.тн, 8 дугаар судалд С2 зэргээр 10,32 мян.тн, 7 дугаар судалд С2-4,52 мян.тн нийтдээ 63 000 тн гэж тогтоосон байна. Талбайн хэмжээ 37.51 га.
Урьд нь нөөц тогтоогдон хайгуул, ашиглалт эрхэлж байсан энэ ордод одоо бага хэмжээний ашиглалт явуулж байгаа. “Кайнар Вольфрам” компани ажиллуулж, бүтээгдэхүүнээ урд хөрш руу гаргадаг ажээ.
Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд
Улаанбаатар хотоос 76 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрладаг. Гянтболдын баяжмал үйлдвэрлэх бага оврын хүдэр боловсруулах үйлдвэр, тоосгоны үйлдвэр зэрэг барилга байгууламжаас бүрдсэн жижгэвтэр уул уурхайн цогцолборыг 1989 онд анх Унгарын Засгийн газраас олгосон техникийн туслалцааны үндсэн дээр байгуулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг одоо хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэдэлд очсон.
Ширээ уулын гөлтгөнийн орд
Цементийн гол түүхий эд болох гөлтгөнийн дөрвөн том орд манай улсад байдгийн нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ширээ уулын гөлтгөнийн орд юм. Энэхүү ордод 1958-1960 онд эрэл, хайгуул, 1985-1986 онд урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийгдэж, нөөцийг 4450.7 мянган тонн гэж тогтоожээ.
Одоо энэ орд газарт “Түмэнтал” компани MV-005356, “Түмэн-Анд” компани MV-016668, MV-016669, “Түмэнцацал” компани MV-016920, “Монголын Алт“ /МАК/ компани MV-016898 гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдтэй.
“Хулд-Олз” компани 389.23 га газрыг хамарсан XV-008425 хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.
Цагаан цавын цеолитын орд
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших энэхүү орд нь Сайншандаас зүүн өмнө зүгт 45 км-т, Улаанбаатараас 540 км зайд төмөр замын дагуу өндөр хүчдэлийн шугамаас 23 км зайд байдаг дэд бүтэц хамгийн сайн орд газарт багтдаг. Цагаан цавын ордыг социализмын үед геологич Д.Иванжав ахлагчтай судлаачид хайгуул шинжилгээний ажил явуулж, нөөц ба цеолитын клиноптилолитын агуулгыг тогтоосон байна. Орд нь цэрдийн галавын үеийн галт уулын ба тунамал чулуулгуудын үүсэлтэй. Нарийвчилсан судалгаа хийж үзэхэд байгалийн цеолитын төрөл дотроос үйлдвэрлэл, ХАА-д онцгой тохиромжтой клиноптилолит төрөл болох нь тогтоогдсон байна. Ордын 1.6 ам километр талбайд зөвхөн клиноптилолит цеолит тархжээ. Нийт нөөц нь 30-95 хувийн клиноптилолитийн агуулгатай бөгөөд үүний зургаан сая тонн нь 60-90 хувийн клиноптилолитийн агуулгатай юм. Ордын нийт нөөц нь 179 сая тонноор үнэлэгддэг. “Төгрөг нуурын энержи” ХХК орд газрын лицензийг эзэмшдэг ажээ.
Хөх адарын зэс, цайрын орд
Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Хөх адарын зэс, холимог металлын ордын хувьд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байгаа.
Нөөцийн хувьд зэс 96.7 мянган тонн, хар тугалга 43.2 мянган тонн, цайр 18.2 мянган тонн гэж урьдчилан тогтоосон байна. 893.12 га талбайг эзэлсэн Хөх адар-1 нэртэй зэсийн ордын MV-015378 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “И Эй Эм хөх адар” компани 2009 онд 30 жилийн хугацаатай авчээ. Мөн энэ компани Хөх адарын орд дээр XV-008215, XV-008216, XV-009273, XV-013275, XV-015399, XV-015400 гэсэн хайгуулын зургаан тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.
Мөнгөн-Өндөрийн мөнгөний орд
Мөнгөн-Өндөрийн мөнгө холимог металлын орд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршдог. Улаанбаатараас баруун хойш 310 км, Багануурын нүүрсний уурхай болон Отгонцагааны молибден-вольфрамын орд газрын дэргэдэх төмөр замын өртөөнөөс 200 км, Бэрхийн хайлуур жоншны уурхайгаас 90 км зайтай байрладаг. Энэ ордыг 1983-1992 онд нээжээ. Хүдрийн нийт нөөцийг 2.4 сая гаруй тонн, үүнээс мөнгөний гарц нь 478 мянган тонн гэж гэж тогтоосон байна. Нөөц 31,3 сая тонн. Стратегийн ордод нэр дэвших магадлалтай 39 ордод багтахдаа Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байсан байна. Улсын геологийн төвийн ШУТЗ-ийн 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 17 тоот протоколоор хянаж анхааралдаа авчээ. Нөөцийг C2-1050.5, P1-2162.2 гэж үзсэн байдаг. Мөнгө байгаль дээр цэвэр байдлаараа тохиолдох нь ховор. Мөнгөн-Өндөрийн ордын хувьд хар тугалга мөнгөний төрөлд багтдаг аж. Энэ орд дээр хоёр ч компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. “Голденхейлс” компани MV-012085 тусгай зөвшөөрлийг 2006 онд авсан бөгөөд ашиглалтын 30 жилийн зөвшөөрөлтэй. Нийт 231.01 га талбайн эрхтэй. Энд мөн “Эй Ар Ай Эй” компани 173,17 га талбайд MV-010278 дугаартай тусгай зөвшөөрлийг 2035 он хүртэл авчээ.
Төгрөг нуурын нүүрсний орд
Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатараас 130 км-т зайтай Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг орд оршино. Доод цэрдийн настай хүрэн нүүрс Багануураас Шивээ-Овоо хүртэлх нутагт бий. Энэ бүс нутгийг Чойр-Нялгын сав газар гэх бөгөөд бүрэн судлагдаагүй гэдэг. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд энэхүү сав газарт багтдаг байна.
Энэ орд 20-30 км талбайг хамардаг. Гурван тэрбум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй гэсэн геологичдын урьдчилсан таамаг бий. C2+P-3118 сая тонн энэхүү нөөцийг 1980-аад оны хайгуулаар таамаглан тооцжээ. Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй ч энэ нөөцөөрөө стратегийн ордын хоёр дахь жагсаалтад багтсан Төгрөг нуурын бүлэг ордыг одоо маш олон компани хуваан эзэмшиж байна. “Төгрөг нуур энержи”, “Төгрөг тал”, “ТНЭ”, “Монроспром уголь”, Тэгш сайхан”, “Цайдам нуур”, “Цэцэнс майнинг”, “Адамс майнинг”, “TCL” гээд 14 компани лиценз эзэмшдэг аж. Эдгээр компанийн лицензийн талбай, нүүрсний нөөц нь янз бүр. Хоёр л компани бага хэмжээний олборлолт хийж байгаа. Бусад нь эрэл хайгуулын шатандаа яваа ажээ. Мөн ямар ч ажил хийгээгүй компани ч бий гэнэ.