ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Амартүвшин: МҮХАҮТ-ын дарга гэдэг албан тушаал, эрх мэдэл биш манлайлал юм

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-25

Монголын бизнесменүүд төртэйгээ ойлголцон эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх үү. Эсвэл төр, хувийн хэвшлийн үл ойлголцол улам даамжирч, эдийн засагт үзүүлэх эерэг үр дүн цэглэгдэх үү гэсэн торгон ирмэг дээр бизнесменүүд зогсож байна гэхэд болно. Бизнес эрхлэгчдийг төртэй холбох хамгийн том гүүр нь болсон МҮХАҮТ  -ын даргын сонгууль удахгүй болох гэж байна. Хэн дарга болохоос бизнесийн эрх зүйн орчны шинэчлэл салшгүй холбоотой гэж гишүүд нь үзэж байгаа. Тэгвэл хувийн хэвшлийн хөгжил улс орны эдийн засгийг өгсөж, уруудахыг тодорхойлох хамгийн том сектор нь болдог. Тэгэхээр удахгүй болох энэхүү сонгууль зөвхөн нэг төрийн бус байгууллагын удирдлагыг бус, нийгмийн хөгжлийн нэгэн гарцыг тодорхойлох сунгаа гэж ойлгож болох нь ээ. Тус сонгуульд бизнесмен залуучуудаа төлөөлөн нэрээ дэвшүүлээд байгаа UFC группын ТУЗ-ийн дарга О.Амартүвшинтэй уулзаж, ярилцлаа.

-Монголын бизнесийн орчин ямар байна гэж та үздэг вэ? 

-Тоон үзүүлэлтээр тайлбар­лана л даа. Төр эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж зарлаад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин хумигдаж, Засгийн газрын хэлээд байгаа тоонд хүрэхгүй байна. Жишээ нь, Бизнес эрхлэх таатай орчин 10 гаруй байраар ухарчихсан байна. Хэрэглээний эдийн засаг өсч буй дүр зураг өнгөрсөн оны сүүлийн улиралд л харагдлаа. Тэр долоон хувийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүнтэй л холбоотой. Татварын суурь нэмэгдсэнтэй холбоотойгоор орлого өсч байгаа ч  бизнесийн орчин эрүүл харагдахгүй байна. Төр, хувийн хэвшил хоёр нэгдсэн ойлголцолд хүрч чадалгүй 30 гаруй жилийг үдлээ. Одоо үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай буйг цаг хугацаа харуулаад байна.

-Бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байгаа асуудал юу вэ?

-Төрийн тогтворгүй байдал бизнест саад болж байна. Манай эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын салбарын үйлдвэрлэл дээр л тогтож байгаа. Бизнес улс төрийн шийдвэрээс дэндүү их хамааралтай болчихсон. Төр бизнест дэндүү их оролцож байна. Төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг олноор байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлдөж эхэлсэн. Төр бизнес хийж байна. Хувийн хэвшлийнхэн төртэй өрсөлдөж чадахгүй шүү дээ. Санхүүжилт, боловсон хүчин, гадаад харил­цаа гээд бүх талаараа төр илүү. Төртэй өрсөлдөх гэдэг хэцүү. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн газруудын ихэнх нь алдагдалтай ажилладаг. Зарлага өндөр байдаг. Үүнийг төсвөөс нөхдөг. Аливаа бизнес эрсдэлтэй байдаг. Төрийн хөрөнгө гэж байхгүй. Тэгэхээр энэ эрсдэлийг татвар төлөгчдийн хөрөнгөөр нөхөж байна. Төр сайн менежер байдаггүй. Мөн засаглал нь хугацаатай байдаг болохоор зөв шийдэл гаргаж чаддаггүй. Нэг дарга ирээд дөрвөн жил болоогүй байхад дараагийнх нь ирээд өөр шийдвэр гаргадаг. Ингэж төрийн бизнес явдаг болохоор сайн менежер байж чаддаггүй.

-Төр хувийн хэвшлийг дэмжихгүй байна гэж бизнесменүүд шүүмжилдэг. Эрх баригчид хувийн хэвшил сайн ажиллах чадвар сул гэдэг. Ийм харилцаатай 20 гаруй жилийг үдлээ. Ойлголцоод явах боломж байдаггүй юм уу?

-Тийм ээ. Ийм шүүмжлэл олон жил төр, хувийн хэвшлийнхэнг дагаж ирсэн. Төр, хувийн хэвшил ойлголцоод явах боломж их бий. Төр хувийн хэвшлээ дэмжээд явбал бизнесийн суурь бааз томорно. Төр ашиг олох сонирхолоо багасгаж, нийтийн үйлчилгээнийхээ чанарт л илүү анхаарах хэрэгтэй. 

-Төр бизнес хийх биш хяналтаа тавих хэрэгтэй гэж ойлгож болох уу. Ер нь төрийн хяналт ямар төвшинд байна гэж боддог вэ?

-Төр хяналт шалгалт хийхдээ захиргаадалтын аргаар оролцдог. Дэндүү захиргаадаж байна. Асуудал шийдэгддэггүй. Үүнээс болж цаг хугацаа алдах гээд хүндрэл их гардаг. Энэ их шахалт дарамт нь авлига, хээл хахууль нэмэгдэх эх үүсвэр болдог.  

-Бизнесийн орчны энэ хүндрэл бэрхшээлийг 20 гаруй жил үүрч, жаргал, зовлонг нь мэдэрч ирсэн хүний хувьд эрүүл болгоход өөрийн хувь нэмрээ оруулья гэж зорьж МҮХАҮТ-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа ойлгож болох уу?

-Болно. Танхим бизнесийн орчинг дэмждэг, бизнесменүүдээ хамгаалдаг, эдийн засгийг эрүүл байлгахын төлөө ажилладаг байгууллага байх ёстой. Энэ шинж чанар алдагдаад удлаа. Дуу хоолойгоо гаргаж чадахгүй болсон. Дөрвөн жилийн өмнө миний хийе гэж бодож байсан ажил яг хэвээрээ байна. Тийм болохоор би танхимын үйл ажиллагааг өөрчилж болдог гэдгийг харуулах гэж нэрээ дэвшүүлсэн. Би Улаанбаатарын танхимын даргаар ажиллаж төр, хувийн хэвшил хоёр нэгдэж ажиллаж болдог юм гэдгийг харуулж чадсан. 

-Улаанбаатарын танхимаа жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

-Нийслэл хотод үйл ажиллагаа эрхлэдэг бизнесменүүд хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дагуу 2015 онд байгуулсан. Засаглалын хувьд маш эрүүл. Тус танхимын дарга хоёр жилийн хугацаатай томилогддог. Улирч сонгогдоно гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр бүх гишүүдэд манлайлах эрх нээлттэй байна гэсэн үг. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг ийм нээлттэй ил тод болгох хэрэгтэй. Улаанбаатарын танхим нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж маш олон асуудлыг шийдвэрлэсэн. 

-МҮХАҮТ төртэй хамтарч ажиллаж чадсангүй гэж үзэж байгаа юм байна. Б.Лхагважав муу ажиллажээ гэсэн үг?

-Танхимын үйл ажиллагаа суларч байна гэдэг муу ажиллаж байгаагийн шинж. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой хүчтэй байх ёстой. Хэрэв сайн ажиллаж байгаа бол би өнөөдөр заавал нэрээ дэвшүүлж өрсөлдөх шаардлага байхгүй. Би дөрвөн жилийн өмнө Б.Лхагважавт ажиллах бололцоог нь олгож байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд өөрчлөлт гараагүй учраас танхимын даргын сонгуульд өрсөлдөж байгаа юм. 

-Танхим нэг намын хараат болчих вий гэсэн  болгоомжлол сонгуулийн сурагтай хамт явах болсон?

-Танхимын даргаар аль нэг намыг төлөөлсөн хүн байхаар тэмцэж чадахгүй болчихдог. Засгийн газар нь бизнесийн эсрэг шийдвэр гаргахад эсэргүүцэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй хайрцагт орчихдог. Тийм болохоор танхим улс төрөөс ангид байх ёстой.

-МҮХАҮТ-ын дарга гэдэг албан тушаал уу?

-Үгүй. МҮХАҮТ-ын дарга гэдэг бол албан тушаал, эрх мэдэл ч биш. Дарга болчихоод гоё харагдаж, нэр хүндээ өсгөх гэж бодоод байх шиг байгаа юм. Ингэж ташаа ойлгож болохгүй. Танхимын дарга гэдэг манлайлал юм.