Монгол Улсад ходоодны хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа нь хоол хүнсний хэрэглээ, буруу хоололттой шууд холбоотой аж. Тэр тусмаа бэлэн гоймон, ширхэгийн хоол /мантуун бууз, хуушуур, пирожки, зайдастай шарсан ороомог/ гол шалтгаан нь болж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн сүүлийн үед бэлэн гоймонгоос өт гарч ирсэн гэх зэрэг таагүй мэдээллүүд яригдах болсноос гадна, бэлэн гоймон, бэлэн бүтээгдэхүүн зардаг сүлжээ дэлгүүрүүд нийслэлийн өнцөг буланд бүрт нээгдэх болов. Сургуулийн насны хүүхдүүдэд энэ сүлжээ дэлгүүрүүд ямар ч хяналтгүй бэлэн бүтээгдэхүүн зарж байгаа гэсэн гомдол ч гарах болжээ. Тиймээс манай сонины сурвалжлах баг бэлэн гоймонгийн хэрэглээ, хяналт, хил гаалиар орж ирж байгаа бүтээгдэхүүнд ямар шаардлага тавьдаг талаар сурвалжилахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг зорив. МХЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжиннямаас манай улсад бэлэн гоймонтой холбоотой ямар нэгэн стандарт байдаг эсэхийг тодрууллаа.
Тэрбээр “Стандарт хэмжил зүйн газраас 2014 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар тогтоолоор түргэн болдог бэлэн гоймон “MNS CAC 249” стандартыг баталсан. Уг стандартад бэлэн гоймонгийн орц, найрлага, хадгалах хугацааны талаарх тайлбар, мэдээллийг монгол хэлээр орчуулахыг заасан байгаа” гэсэн хариулт өглөө. Албаны хүний хэлсэн энэхүү стандарт бодит байдалд хэрэгжиж буй эсэхийг тодруулахаар бид хэд, хэдэн томоохон супермаркет, минимаркет мөн “ТҮЦ”-үүдээр орж үзлээ. Гэвч монгол хэл дээр орц, найрлагын тайлбарыг бичсэн бэлэн гоймон байсангүй. Худалдан авч буй иргэдийн хувьд орц найрлагыг нь анзаарахгүй худалдан авдаг нь илхэн. Анзаарч уншдаг цөөн хэсэг байвч Хятад, Солонгос хэл дээр бичигдсэн орц найрлагыг ойлгож унших нь цөөхөн байдаг аж. Тэгвэл Монгол Улсын хил гаалиар бэлэн гоймонгийн хэчнээн төрөл, хэдэн улс орноос, хэдий хэмжээтэй орж ирдгийг тодруулахаар Гаалийн Ерөнхий газарт хандав. Тэд “Бид энэ талаар мэдээлэл өгөхгүй. Үндэсний статистикийн газраас очиж тодруул” гэсэн хариулт өглөө. Гаалийн ерөнхий газрын мэргэжилтний зөвлөснөөр Үндэсний статистикийн газарт энэ талаарх хүсэлтээ хэлэхэд “Албан бичгээр ханд. Тэгвэл архив ухаж мэдээлэл олж өгч болох юм” гэсэн хариулт өгөв. Иргэний мэдэх эрх, тэр дундаа сэтгүүлчийн мэдээлэл авах эрх нь ардчилсан Монгол Улсад нээлттэй. Гэвч албан тушаалтны амнаас үг унагахын тулд албан бичиг зөөх ёстой гэсэн хариултыг тэд өгч байна. Тиймээс судалгааны байгууллагын дүн хэвлэл мэдээлэлд гарсан тоон мэдээллийг шүүрдэж үзлээ. Манай улс жилд ойролцоогоор 650-700 тонн бэлэн гоймон импортолдог бөгөөд өнгөрсөн жил 637 тонн бэлэн гоймонг оруулж хилээр оруулж иржээ. Бэлэн гоймонг ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсаас аж ахуйн нэгжүүд импортолдог бол хувиараа импорт хийхийг хуулиар хориглосон байдаг аж. 637 тонн гоймонг бэлэн мөнгөөр тооцож үзвэл жилд 1.9 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум 750 сая төгрөгөөр бид хоол биш хор худалдан авдаг гэсэн үг. Өсвөр үе тэр тусмаа мянга мянган залуус хэрэглэсээр байгаа цагт энэ тоо буурахгүй нь тодорхой юм. Бэлэн гоймон нь үнийн хувьд 500-7000 мянган төгрөгийн хооронд зарагддаг гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс 2015 онд сурагчдын дунд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 79.7 хувь нь хоёр өдөр тутамд бэлэн гоймон хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Тэгвэл бэлэн гоймон хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаар тодруулахаар “Нийслэлийн Эрүүл мэндийн төв”-ийг зорьж очлоо. НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр бидний асуултад “Гоймон давсны агууламж өндөртэй. Давс хэт их хэрэглэснээр ходоодны болон улаан хоолойн хавдар үүсэх магадлалтай. Дам утгаараа гоймон хэрэглэснээр хавдар тусах үүсвэр болдог. Нэг уут гоймонд 2000 натри буюу таван гр давс агуулагддаг нь хүн өдөрт хэрэглэх давсныхаа хэмжээг нэг дор авч байна гэсэн үг. Байнга хэрэглэдэг хүн хорт хавдар, яс сийрэгжилт зэрэг өвчнүүдээр өвчилдөг” гэсэн хариулт өгөв. “Архи уусны дараа шараа тайлах гэж бэлэн гоймонг хэрэглэдэг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу” гэсэн асуултад “Архи уусны дараа хүний ходоод цочирсон байдаг. Цочирсон байхад нь давсны агууламж ихтэй гоймонг хэрэглэснээр ходоод улам шархалдаг. Мөн бөөрөнд чулуу үүсгэх, ходоодны хүчил ихэсгэх, шархлаа үүсгэснээр цаашлаад хавдар үүсгэх, цоорох аюулд оруулдаг” хэмээн анхаарууллаа.
....Албаны хүмүүс болон албан байгууллагууд ийм мэдээлэл өгөв. Тиймээс иргэдтэй уулзаж, бэлэн гоймонгийн талаар ямар ойлголттой явдаг, хүүхэддээ хэрэглүүлдэг эсэх, мөн хүүхэд нь хэрэглэж байгаа юу гэдгийг хянадаг эсэх талаар тодрууллаа.
Н.Мөнхзаяа: Хүүхдүүддээ идүүлдэггүй
-Та бэлэн гоймон хэрэглэдэг үү. Бэлэн гоймонгийн талаар эмч нарын өгсөн зөвөлгөөний талаар сонсч байсан уу?
-Хааяа хэрэглэдэг. Эмч нарын зөвлөгөөг сонсч байгаагүй. Сөрөг нөлөөтэй гэдгийг найз нөхдөөсөө сонсч байсан
-Та хүүхэддээ бэлэн гоймон хэрэглэхийг зөвшөөрдөг үү?
-Хүүхдүүдээ идэхийг зөвшөөрдөггүй. Ихэвчлэн ойр орчмынхоо дэлгүүрээс авчихдаг.
-Архи уусны дараа гоймон идэх нь хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг дуулж байсан уу?
-Би өөрөө бол хэрэглэж байгаагүй. Манай гэр бүлийн хүн бол хэрэглэдэг.
-Хэрэглэж байгаа гоймонгоо аль улсаас орж ирснийг нь мэддэг үү?
-Солонгос бичигтэй л гоймонгууд их байдаг шүү дээ.Солонгосоос орж ирдэг байх аа.
-Таны худалдаж авсан бэлэн гоймон монгол бичгээр тайлбартай байсан уу?
-Байдаггүй шүү дээ. Ёстой харж байгаагүй юм байна.
П.Ганзориг: Манай гэр бүл хэрэглэдэггүй
-Та бэлэн гоймон хэрэглэдэг үү. Бэлэн гоймонгийн талаар эмч нарын өгсөн зөвөлгөөний талаар сонсч байсан уу?
-Үгүй. Манай гэр бүлийнхэн ч хэрэглэдэггүй. Сургуулийн хүүхдүүд сургуулийнхаа ойр орчимд л хааяа иддэг байх. Гэртээ бол иддэггүй.
О.Мөнх-Эрдэнэ: Ходоодонд муу гэж сонссон
-Та бэлэн хоол хэрэглэдэг үү?
-Хааяа хэрэглэдэг. Ходоодонд муу гэж сонссон
-Ихэвчлэн хаанаас бэлэн гоймон авдаг вэ?
-Ойр орчмынхоо дэлгүүрээс авдаг.
-Архи уучихаад бэлэн хоол хэрэглэж байсан тохиолдол байгаа юу. Аль улсаас ирснийг нь хардаг уу?
-Хааяа хэрэглэж байсан тохиолол бий. Ихэвчлэн Хятад,Солонгосоос л орж ирдэг байх.
-Таны хэрэглэдэг бэлэн хоолны орц, найрлагыг нь монголоор бичсэн байдаг уу?
-Мэдэхгүй байна.
...Иргэд ийм мэдээлэлтэй байна. Эрүүл мэндэд нь хортой гэдгийг мэддэг ч хааяа хэрэглэдэг, худалдан авсан бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг анхаардаггүй зэрэг нийтлэг алдааг тэд гаргадаг аж. Мөн аль улсаас ирсэн, хугацаа дууссан эсэх зэрэгт ч хяналт тавьдаг хүн бидний дунд цөөхөн. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэрлэсэн хамгийн хортой 10 бүтээгдэхүүний тоонд бэлэн гоймонг нэрлэжээ. Тус байгууллагын судалгаагаар бэлэн гоймон нь тэр чигээрээ нүүр ус агуулж байдаг бөгөөд ямар нэгэн эрдэс бодис агуулдаггүй ба жирэмсэн эхчүүд, тав хүртэлх настай хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогдсон аж. Жирэмсэн эхчүүдэд ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол хүүхдийн бие дэх хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж, улмаар тэжээлийн архаг дутагдалд хүргэдэг талаар судалгаа гарчээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд бэлэн гоймонг хэрэглэхээс эрс татгалзах эсвэл хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ. Нөгөөтэйгүүр, ходоодны хорт хавдар гэх өвчнөөр хүүхэд өвчилж буй хамгийн гол шалтгаан нь бэлэн хоол, хиам, чипс зэрэг хоол, хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэж буйтай холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон. Тиймдээ ч УИХ-ын гишүүд энэ асуудалтай холбогдуулан хууль боловсруулж, насанд хүрээгүй хүүхдэд бэлэн хоол болон түүнтэй адил бүтээгдэхүүн худалдахыг хориглох хууль гаргахад ч болохгүй зүйл алга гэдгийг сурвалжилгын төгсгөлд зориуд онцлохыг хүслээ. Сүлжээ дэлгүүрүүд, шинэ нээгдэж буй газрууд ч өөрсдийн дотоод журмаар энэ асуудлыг шийдэхийг уриалж байна. Өсвөр үе маань ходоод гэдэсний өвчлөлтэй болж, цаашлаад ясны сийрэгжилт өвчнөөр хэдэн зуугаараа өвчилж байгааг хэрхэвч зүгээр хараад сууж болохгүй билээ. Үүнд төрийн зөв бодлого үгүйлэгдэж байна.
Сурвалжилсан: Д.Жамъяндагва
Д.Баттогтох
Д.Отгонтуяа