ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Энхтүвшин: Замын-Үүдийн чөлөөт бүсэд 15 үйлдвэр байгуулах санал ирсэн

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-03

Дорноговь аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Орон сууцны хорооллууд шил шилээ даган босч, нийтийн эзэмшлийн зам, талбайгаа өнгөт хавтангаар чимсэн нь орчин үеийн хотыг санагдуулам харагдаж байлаа. Тус аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө 2016-2020 оныг бүтээн байгуулалтын жил хэмээн тусгаж, энэ хүрээнд ажлаа төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь ийнхүү Сайншанд хотын өнгө төрх нүүрээ угаасан хүүхэд шиг зүсээ засч буй нь энэ ажээ. Их бүтээн байгуулалтыг удирдан залж яваа Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж, цаг үеийн байдал болон энэ онд хийхээр төлөвлөж буй ажлынх нь талаар хөөрөлдлөө.

-Хөдөө аж ахуй, хаваржилт ямар байна. Зарим аймгуудын хаваржилт нэлээд хүндхэн байгаа сурагтай. Дорноговийн хувьд газрын гарцыг ажиглахад гайгүй харагдах шиг боллоо?

-Зуншлага сайхан болсон. Манай аймгийн нийт нутгаар сүүлийн 40 жил ороогүй хур тунадас орсон. Хонхор болгон л нууртай зуслаа. Хаврын тэргүүн сар гарсанаас хойш хоёр удаа цас орлоо. Малчид хавар цас орохоор зуншлага сайхан болдог гэж ярьж байна. Тэгэхээр зун сайхан болох байх. Өнөө жил өнтэй сайхан хавар болж байгаа. Мал сүрэг маань таван төрөл дээрээ өсөн, 2.1 саяд хүрч, Дорноговь аймгаас улсын аварга малчин тав, аймгийн аварга малчин 50, алтан төлийн эзэн долоо, аймгийн аварга тэмээчин зургаа, аймгийн аварга саальчин нэг, аймгийн 23 алдарт уяач тодорч, малчин түмэн минь төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ. Мөн Дорноговь аймгаас 13 жилийн дараа Монгол Улсын гавъяат малчин цол тэмдгийг Эрдэнэ сумын хоёрдугаар багийн малчин Д.Бат-Өлзий хүртсэн сайхан жил байлаа.

-Энэ онд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Өнгөрсөн 2018 оныг Хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нэлээд олон ажлыг амжуулсан. Ирж байгаа 2019 оныг Гэр бүлийг дэмжих жил болгон зарлаж байгаа. Гэр бүлийн үнэ цэнэ, салалт, архидалтын эсрэг олон сургалтыг явуулж эхлээд байна. Мөн ахмадууд, залууст зориулсан сургалт ч хийнэ. Ер нь архины хамааралтай иргэд рүү их анхаарч ажиллаж ирсэн.  “АА” нийгэмлэгтэй 2016 оноос хамтран ажиллаж байгаа. Уг төрийн бус байгууллага нь хорт зуршлаас ангижрах шалгарсан шилдэг аргыг олон нийтэд ухуулан таниуладаг. Архины хамааралтай иргэдийг уг нийгэмлэгт хандуулан чиглүүлэх зорилгоор аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан “АА” нийгэмлэгийг дэмжих “Мэргэжилтний баг”-ийг Дорноговь аймагт анх байгуулсан. АА-гийн үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд тайлбарлан таниулах, мэдээ мэдээлэл түгээх “Мэргэжилтний баг” нь анх АНУ-д байгуулагдан амжилттай ажиллаж ирсэн. Монгол Улсын хэмжээнд анх удаа Дорноговь аймаг АА нийгэмлэгийг дэмжих “Мэргэжилтний баг” байгуулан ажиллаж эхэлсэн. Ийнхүү архидалтын эсрэг арга хэмжээг эрчимжүүлсэнээр гэмт хэрэг 20 хувь буурсан. Замын-Үүдэд хамгаалах байр ашиглалтад оруулсан. Өнөө жил Сайншандад хамгаалах байр барина. Мөн боловсролын салбарт их анхаарч байгаа. “Шинэ Монгол” сургууль, МУИС-тай гэрээ байгуулж хамтран ажиллаж, багш нараа сургалтад хамруулж байгаа. Матметикийн олон кабинетуудыг байгууллаа. Зүүн бүсийн болон улсын матметикийн олимпиадыг аймагтаа зохион байгуулсан. 800 дээш оноо авсан хүүхдийг урамшуулдаг. Олимпиадад сурагчдаа сайн бэлтгэсэн багшийг нэг сая төгрөгөөр шагнадаг болсон. Тестын олон машин авчирч сургуулиудад тараалаа. Хүүхдээс шалгалт аваад тэр дор нь хариуг нь гаргадаг болсон. Эрүүл мэндийн салбарт нэлээд зүйлийг хийлээ. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Бөөрний аппарат гурвыг авчирч эмнэлэгт өгсөн. Сумын эмнэлэгүүдийн боловсон хүчний асуудалд нэлээд анхаарч байгаа. АУИС-д суралцаж байгаа оюутануудтай гэрээ байгуулж, 2016 онд 15, 2017 онд 15, 2018 онд 15 хүүхдийн сургалтын төлбөрийг нь өгсөн. Тэд төгсөөд төрөлх сумандаа ажиллах гэрээтэй. Ийм гэрээ байгуулсанаар сумдын эмнэлгийн эмч, сувилагч нар орон нутгийн иргэд болж тогтвор сууршилтай ажиллах болсон. Өмнө нь дандаа өөр аймгийн хүмүүс байсан. Ингэж хүмүүсийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарч ирсэн. Өнөө жилийн хувьд гэр бүлийн хөгжлийг төлөвшүүлэхэд зориулсан олон арга хэмжээг төлөвлөөд байгаа. 

-Хүнээ эрүүлжүүлж, хөгжүүлж, төлөвшүүлэх чиглэлд олон ажил хийжээ. Тэгвэл өнөө жил бүтээн байгуулалтын томоохон ямар төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

-Дорноговь аймгийн нийт хүн ам 70 мянгад хүрч, өрсөлдөх чадвараа ахиулан 21 аймгаас дөрөвдүгээр байрт эрэмбэлүүллээ. Өнгөрсөн онд аймгийн эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болоод нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн ч нэмэгдсэн байна. Аймгийн импортын татвар 50, экспортийн хураамж дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн нь дорноговьчуудын хөгжлийг тодорхойлж байгаа том үзүүлэлт. Манай аймгийн хувьд улсаас татаас авдаггүй бие даасан, зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлдэг цөөхөн аймгуудын нэг. 2018 оны орон нутгийн төсвийн орлого 28.5 тэрбум төгрөг болж, төлөвлөгөөгөө 2.3 хувиар давуулан биелүүллээ. Бид улсын болон орон нутгийн төсвөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг орон нутагтаа татах зорилгоор Канад улсад болсон уул уурхай эрхлэгчдийн зөвлөгөөн, БНХАУ, БНСУ-д болсон олон улсын аялал жуулчлалын форумд орон нутгаа сурталчилж ажилласны үр дүнд улсын эдийн засагт нөлөөлөхүйц улсын чанартай бүтээн байгуулалтууд Дорноговь аймагт хэрэгжиж байна. Тухайлбал, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, авто зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, гадаад, дотоодын зах зээлд мал, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх малын гоц халдварт өвчингүй эрүүл хорио цээрийн бүс, Бүс нутгийн ложестик төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг дотоод, гадаадын нийт 2.9 их наяд төгрөгийн томоохон төслүүдийг аймагтаа амжилттай хэрэгжиж байна. Манай аймгийн хөгжлийн нэг гарц бол аж үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих бүрэн боломж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсэд 15 үйлдвэр барих санал ирлээ. Саяхан манай аймагт Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шинэ цэвэрлэх байгууламж барих гэрээнд гарын үсэг зурлаа. Цэвэрлэх байгууламж барих сургаар ган бөмбөлөг, арьс шир, ноос, хуванцарын болон хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд байгуулах санал ирсэн. Үйлдвэр гэдэг усаа дагадаг юм байна. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усыг цэвэрлэж, саарал ус болгон үйлдвэрлэлдээ ашиглахаар ийнхүү олон санал ирж байна 

-Хөгжлийн өөр ямар гарц байна вэ?  

-Нөгөө нэг гарц нь аялал жуулчлал. Манай аймагт жилдээ 120 мянган жуулчин ирдэг. Үүний гурван мянга нь л гадаадынхан. Энэ тооноос харахад, бидэнд гадаадын аялал жуучлал л хэрэгтэй байна. Ялангуяа ёс заншил, шашин шүтлэг ойролцоо, газар зүйн байршлийн хувьд ч тохиромжтой ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтыг татах сонирхол их байна. Би аймгийнхаа аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуйн нэгжүүдийг дагуулж, Хятад улсын Шар мөрний дагуух аялал жуулчлал эрхэлдэг амралтын газрууд,  түүх дурсгалт газруудаар туршлага судлуулсан. Яаж аялал жуулчлал хөгжүүлдэгийг газар дээр нь үзүүлсэн. Тэнд сүүтэй цай, ингэний хоормог, тэмээ унах аялал гээд бидний бүх л хэрэглэж, эдэлдэг зүйлийг жуулчдад үзүүлж байна. Жилд гурван сая жуулчин ирдэг гэнэ. Эдгээр жуулчид өвөрмонгол нь ийм байдаг юм байна. Одоо ар монголыг өдөртөө очоод үзье гэдэг санал тавьдаг гэнэ. Би үүнийг ажил хэрэг болгохоор олон удаа “нэг өдрийн аялал нээж өгөөч” гэсэн санал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тавьсан. Одоо хүртэл шийдэж өгөөгүй. Төмөр замын удирдах газрын дарга нартай 2016 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гишүүнтэй хамт очиж уулзаад хоёр Рэйлбусыг Дорноговь-Замын-Үүд-Эрээн чиглэлд аялуулахаар тохирсон. Н.Цэрэнбат сайд хил нээж өгье гэсэн. Өвөрмонголын жуулчид аймагт ирээд нэг хоноод л буцахад болно. Ийм маршрут нээх гэж би гурван жил хөөцөлдөж байна. Замын-Үүдийн боомтыг 20 цаг хүртэл ажилладаг болгоод өгөөч гэсэн хүсэлт ч тавьсан. Энэ асуудал шийдэгдвэл тус боомтод өдрийн аялал жуулчлал хөгжих боломжтой. Гэтэл энэ хоёр саналын аль нь ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Аймагт 40 жуулчин ирэхэд л бүх дэлгүүрийн мөнгөн аяга дуусч байсан. Тэгэхээр жуулчид гэдэг их хөрөнгө оруулалт байгаа биз. Бид үнэхээр өдрийн аялал жуулчлалын гарцыг нээж чадвал дотоодын жижиг дунд үйлдвэрүүд хөгжинө. Үндэсний үйлдвэрүүд дэлгүүрээ нээнэ. Хятадууд гангарах дуртай. Ноолууран эдлэл их хэрэглэдэг болчихоод байгаа. Аялал жуулчлалыг татвал ноос, арьс, шир, чулуугаар юм хийдэг хүмүүс их байна. Тэдний үйлдвэрлэл хөгжинө. 

-Аймгийн ЖДҮ эрхлэгчдэд зээл олдож байна уу. Ажилгүйдэл ямар түвшинд байна?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сан орон нутагт зээл олгох эрх олгоно гэсэн. Тэгвэл хэдэн аж ахуйн нэгжүүддээ хувааж өгөх юмсан гэж бодож сууна. Зээл өгч үзэлгүй гурван жил болчихлоо. Ажилгүйдэл 2016 онд 13, 2017онд долоо, 2018 онд дөрвөн хувь болж буурсан. Бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр иргэд маань ажилтай орлоготой болж байгаа.

-Танай аймаг үйлдвэр олонтой болохоор татварын орлогоороо аймгийнхаа төсвийг бүрдүүлдэг болов уу гэж таамаглаж байна?

-Татварын орлого давж биелэсэн. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа. Гэрээндээ орон нутагт татвар төлдөг болох шаардлага тавьдаг. МАК-иас эхлээд аж ахуйн нэгжүүд орон нутагт татвар төлдөг болсон нь эерэг үр дүн авчирч байгаа. Татварын орлого өнгөрсөн жил 16 хувиар нэмэгдсэн. Аймаг доторх авто зам, талбайгаа өөрийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Өнгөрсөн жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мөн хоёр цэцэрлэг барьсан. Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд сүүлийн гурван жилд орон сууцны гурван цогц хорооллыг барьж, ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн намар дөрөвдүгээр хорооллын барилгын ажлын 40 хувийг эхлүүлээд орхисон. Дулаарахаар ажил эхлэж энэ жил ашиглалтад орно. Орон сууц барих аж ахуйн нэгжид аймгаас газрыг нь шийдвэрлэж, инженерийн шугам сүлжээг нь татаад өгчихдөг болохоор нэг ам метр талбай нь 650 мянган төгрөг байгаа. Мөн багуудын өрхийн эмнэлгийн байр тавыг ашиглалтад оруулаад байна. Өнөө жил гурвыг барина. Өрхийн эмнэлэг, багийн даргын өрөө, хурлын танхимтай байхаар төлөвлөсөн цогцолбор барилга юм. Сумдуудаа хөгжүүлэх, хот суурин газар шиг тохитой аж төрөх нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс сумдыг нэгдсэн уурын зуухтай болгож байгаа. Сумын сургууль, эмнэлэг, төсөвт байгууллагуудыг төвлөрсөн сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн.

-Сумын төрийн байгууллагууд бүгд л тус тусдаа уурын зуухтай байдаг. Үүнийг нэгдсэн сүлжээтэй болгосон гэсэн үг байх нь. Ингэж төвлөрсөн инженерийн сүлжээнд холбохын давуу тал юу вэ, санхүүжилтийг нь яаж шийдэж байна?

-Бид Эрдэнэ сумыг төвлөрсөн инженерийн сүлжээтэй болгох ажлыг амжилттай эхлүүлсэн. 3-4 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдсэн. Аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр  уурын зуух барьж, инженерийн сүлжээг холбож, үйл ажиллагааны зардлаа төрийн байгууллагаас авч тодорхой хугацааны дараа ашгаа нөхөх хэлбэрээр явж байгаа. Урд нь цэцэрлэг сургууль гээд бүгд л өөрийн гэсэн уурын зуухтай байсан. Гэтэл одоо нэгдсэн сүлжээнд холбогдоод ирэхээр нүүрсэндээ зарцуулдаг мөнгөө халаалтынхаа зардалд өгөөд хотынхон шиг тохилог орчинд боловсон бие засах газартай, халуун хүйтэн устай болоод ирэхээр амьдралын хэвшил өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад сумдад 4-8 айлын орон сууцнуудыг барьж эхлээд байгаа. Цаашид ч барина. Сумандаа хот суурин газрынхан шиг тохилог амьдрах орчинг бүрдүүлэхгүй бол хот руу дээд сургуульд явсан хүүхдүүд маань дөрвөн жил болчихоод тэндээ шингэж, орон нутагтаа ирэхгүй байна.