ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ах чинь машин авсан уу, АТГ-т мэдэгд

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-10

Төрийн албанд ажилладаг хэн нэгний орлого гэнэт нэмэгдэж, мөн авлига хээл хахууль авсан байж болзошгүй хардлага иргэн танд төрсөн бол Авлигатай тэмцэх газарт хандан шалгуулж болно. Аятайхан байгаа биз дээ. Бүр ойр дотныхоо хүмүүсийг ч хэлээд, шалгуулж болно шүү. Бид угаасаа ойр дотныхоо хүмүүсээс эхлээд шударга ёсыг тогтоох ёстой. Аав, ээж, ах, дүү чинь гэнэт хөрөнгөжөөд, машин аваад унаж ирвэл шууд л АТГ-т мэдэгд.  Энэ оны нэгдүгээр сараас банкны зээл хумигдсан. Төрийн албаны цалин дусал төдийнхөн нэмэгдсэн.

Яаж ч бодсон төрийн албанд ажилладаг хүмүүс цалингаараа машин, байр авах үндэслэл байхгүй. Гэтэл төрийн албанд ажиллаж байгаа ойр тойрныхон бүгд л машин унаж байна. Таны ойр тойрныхон хүртэл машинтай байна уу. Тэгвэл нийлээд АТГ-т өгч, шалгуулъя.  Энэ бол ёстой үндэслэлгүй хөрөнгөжих үзэгдэл мөн. Харин УИХ-ын гишүүд, сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнуудын баяжиж байгаа нь үндэслэлтэй. Шалгаад байх шаардлага ч байхгүй. Яаж баяжсан, хаанаас юу “идсэн”, яаж ЖДҮХС-гаас мөнгө зээлж авсан, хэрэн концесс “хуссан” талаараа олон нийтэд ил тод мэдээлж байгаа.

Бие биенийхээ яаж хөрөнгөжсөн талаар ч хангалттай хэлдэг. Зарим нь бүр зусланд барьсан амбаарныхаа үнийг “500 саяхан л байх” гэж зоригтой, ил тод хэлж байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж АТГ-ынхан байцаах, шалгах үндэслэлгүй болчихож байгаа юм. Харин төрийн байгууллагад сая хүрэхгүй төгрөгийн цалинтай ажилладаг хүмүүс машин авсан нь бол учир битүүлэг хэрэг. Тэгэхээр ойр дотныхонд нь “ховлох”-ыг сануулах ч зөв. Үндэслэлгүй хөрөнгөжсөн бол эхнэр, нөхөртэйгээ ч тэмцэцгээе.  Шударга ёс таны гэрээс эхэлнэ.