-Эхлээд тэд чамайг үл тооно, дараа нь шоолно, удалгүй чамтай тэмцэлдэж, эцэст нь чи ялах болно-
Тэнгэрийн доорх бүх зүйлд өгөгдсөн цаг хугацаа бий. Уйлах хийгээд инээх, гашуудах хийгээд бүжиглэх, чулууг шидэх хийгээд цуглуулах, амжилт гаргах хийгээд бүтэлгүйтэх, хаях хийгээд хадгалах цаг байдаг аж. Мянга хичээгээд ч тухайн өгөгдсөн цаг хугацааг үгүйсгэж боломгүй. Яг л Хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднаа гуай 85 насандаа дэлхийн рекордыг шинэчилж, Хөвсгөлийн бяцхан охин зургаан насандаа дэлхийн цээж тооллын аварга болсон шиг л.
Хүн бүр өгөгдсөн цаг хугацаандаа гэрэлтдэг аж. Энэ зарчим дэлхийн зуу зуун тэрбумтны амьдралд адил үйлчилсэн байх. Тэдний нэг нь Хятадын тэрбумтан, “Алибаба” группыг үүсгэн байгуулагч Жак Ма. Тэрбээр Хятадын Ханжоу гэх жижиг хотод 1964 онд төржээ. Эцэг эх нь ухаалаг, авхаалжтай, даруу хүн болохыг бэлгэдэн “Ма Юн” гэж хүүгээ нэрлэсэн ч, Ма тийм байсангүй. Багын зөрүүд, чалчаа хэн нэгэнд дээрэлхүүлэхийг хүсдэггүй зодоонч нэгэн байв. Ядруухан айлын туранхай жижиг биетэй хүүг дээрэлхэх нэгэн мундахгүй их. Гэвч, тэр хэн нэгэнд хүлцэнгүй дээрэлхүүлсэнээс зодуулсан ч хамаагүй эцсийн хүчээ шавхан тэмцэхийг илүүд үздэг байжээ. Энэ тухайгаа “Алибаба” номонд “Би өөрөөсөө том дайснаас хэзээ ч айж байгаагүй. Том биетэй хүүхдүүдтэй ч хайр найргүй зодолддог байсан” хэмээн дурссан байдаг. Түүний энэхүү эрэмгий зан, найз нөхдийнхөө төлөө юуг ч үл тоон тэмцдэг зүтгэл нь хожим амжилтын оргилд хүрэхэд нь нөлөөлсөн гэдэг. “Бага насны маань тэрхүү айхыг мэддэггүй зориг намайг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байх” гэж тэрбээр ярьдаг. Ма тийм ч толгой сайтай хүүхэд байсангүй. Байнга л зодоон хийж, хичээлдээ хоёроос өөр дүн авдаггүй байлаа. Халаас, толгой хоосон ч, гагцхүү түүнд хичээл зүтгэл байлаа.
Хүн тэрэгчнээс англи хэлний багш
Тэр Бээжингийн их сургуульд суралцах мөрөөдөлтэй байжээ. Гэвч, чадсангүй. Тэрбээр эхний жил математикийн шалгалт дээрээ авах ёстой 100 онооноос ганц л оноо авч байсан аж. Улмаар урамгүй гэртээ эргэн ирэхэд аав нь түүнд гурван дугуйтай хүн тэрэг авч өгчээ. Нэгэн удаа Ма гурван дугуйт тэргээрээ төмөр замын буудалд хүн хүргэж яваад Лү Яо гэх зохиолчийн бичсэн “Рэн Шэн” буюу “Хүний хувь заяа” гэх номыг олж авсан гэдэг. Уг номонд эрдэм ухаантай, ирээдүйн их хүсэл мөрөөдөлтэй Гао Жялинь гэх хүн хувь заяаны эргүүлэгт олонтаа унаж сөхөрсөн ч, нугаралгүй шийдэмгий зоригтой тэмцэж буй тухай өгүүлдэг байна. Тэрхүү номын ганц мөр Магийн хүсэл зоригийг бадрааж, амьдралыг өөрөөр харахад нөлөөлжээ. Ингээд дээд сургуулийн элсэлтийн шалгалтад дахин орохоор шийдсэн байна. Энэ бол 1983 он. Өмнөх удаад нэг оноо авсныг бодоход энэ удаа 19 оноо авлаа. Гэвч, элсэлтийн босгыг давсангүй. Эцэг эхийнх нь ч найдвар тасарч эхэллээ. Гэхдээ Магийн хүсэл эрмэлзэл унтарсангүй. Тэр дахин шалгалтад бэлдэж эхэлжээ. 20 насандаа тооны шалгалтдаа 89 оноо авч чадлаа. Гэхдээ л их сургуулийн жинхэнэ ангид элсэхэд оноо дутаж, Ханжоугийн багшийн сургуульд Англи хэлний багш мэргэжлээр суралцаж, 1988 онд төгсчээ. Нэгэнт мэргэжил эзэмшсэн ч, түүний хувьд азгүйтэл дуусаагүй байлаа. 30 удаа ажилд орохоор анкет бөглөсөн ч, тэнцсэнгүй. Хамгийн хачирхалтай нь, КФС анх Хятадад салбараа нээж байхад нь 24 хүн ажилд орохоор бүртгүүлснээс 23 нь тэнцэж, ганц хүн хасагдсан нь Жак Ма байв. Хууль сахиулагч цагдаагаас эхлээд сахил санваар хүртэх гэж үзсэн ч чадсангүй. Харвардын их сургуульд элсэхээр 10 удаа хүсэлт гаргаад ч татгалзсан хариу л сонслоо. Улмаар Электроникийн шинжлэх ухааны их сургуульд англи хэлний багшаар ажиллах болж, 1991 оноос бизнест хөл тавихаар шийджээ. Тэр найзуудтайгаа нийлэн орчуулгын товчоо байгуулсан бөгөөд сарын орлого нь 700 юан, байрны түрээс нь 2000 юан байв. Иймд түрээсээ төлөхийн тулд нэмэлт орлого олох шаардлагатай тулгарч, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа эрхлэх болжээ. Магадгүй энэ үеэс тэр өөрт тохирох зүйлийг олсон байж мэднэ. Учир нь наймаа хийж эхэлснээс хойш түүний азгүйтэл дууссан гэдэг.
Амжилтын эхлэл
“Өрсөлдөгчөөсөө байнга суралц, гэхдээ хуулбарлаж болохгүй”. Энэ бол түүний хэлсэн алдартай үгнүүдийн нэг. 1994 онд Ма Америк явжээ. Тэнд очихдоо интернэт гэдгийг олж мэдсэн байна. Гэвч, түүнд хэрхэн яаж хийх ойлголт, арга туршлага юу ч байсангүй, гагцхүү ямар нэг зүйл хийх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл байлаа. Тэр бизнес хийхийг хүсч байв. Ингэхийн тулд англи хэлний багшийн ажлаа орхихоор шийдэв. Хамт олон нь, найз нөхөд нь интернэт гэгчийн тухай ямар ч ойлголтгүй байсан учраас бүгд л түүний санааг бүтэшгүй мэт хүлээж авчээ. Гэсэн ч тэр зогссонгүй. Багшийн ажлаа орхиж, эхнэр найз нөхдийнхөө хамт “Хятадын шар хуудас” нэртэй вэбсайт хийдэг компани нээжээ. Тэр интернэтэд нэвтэрсэн, компьютер программыг төгс эзэмшсэн хүн байсан уу гэвэл үгүй. Ма энэ тал дээр ямар ч мэдлэггүй нэгэн байсан юм. Харин түүний амжилтын нууц бол тохирох хүнийг олж ажиллуулж чадсанд оршино. Гурван жилийн дараа гэхэд тэрбээр хамтрагчийн хамт таван сая юаны хөрөнгөтэй болж чаджээ. Түүний компани ашиг орлого сайтай болохын хэрээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төрлөө. 1997 онд БНХАУ-ын гадаад худалдааны яамтай хамтарч засгийн газар, яам агентлагийн вэбсайт болон Хятадын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах вэбсайт үүсгэн байгуулжээ. Хоёр жил ажилласны эцэст төрийн байгууллагын хүнд суртлаас залхаж, 1999 онд гадаад худалдааны яамны ажлаас гарч, Алибаба гэх компани байгуулж онлайн худалдааны үйлчилгээ явуулахаар сэтгэл шулууджээ. 2003 онд Алибабагийн хамтрагчдаасаа нууцаар “эрдэнэсийн эрэл” гэх компани байгуулж байсан бөгөөд мөн 2004 онд онлайн төлбөр тооцооны компани хүртэл байгуулж явжээ. Жак Ма нь өөрийн компаний үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд АНУ-ын Үаhоо, Японы Softbank гэх мэтийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, өнөөдрийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн “Алибаба” компанийг хөгжүүлжээ. Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь:
1. Alibaba.com
2. Taobao Marketplace
3. Tmall
4. eTao
5. Alibaba Cloud Computing
6. Juhuasuan
7. 1688.com
8. AliExpress.com
9. Alipay
“Хөх мөрний матар”
Компаниа яагаад “Алибаба” хэмээн нэрлэх болсон тухай сэтгүүлчид түүнээс асуухад "Би Сан Францискогийн нэгэн кофе шопд сууж байхдаа зөөгчөөс нь "Чи Алибаба гэж мэдэх үү?" гэж асуухад "Тийм" гэж хариулж байлаа. Тэгээд Алибаба гэж ер нь их гоё нэр юм байна , компанийхаа нэрийг олчихлоо доо гэж бодсон. Гудамжинд гараад тааралдсан хүмүүсээс “Алибаба ба 40 дээрэмчин, Сесами онгой” гэж мэдэх үү гэж асуухад тэд бүгд мэдэж байсан. “Сесами онгой” гэдэг шидэт үг надад эхлээд бяцхан бизнесийн санаа нээж өгсөн. Түүнийгээ ч Алибаба гэж нэрлэсэн. Тэгээд ч хэлэхэд хялбар. Харин одоо та нар хар даа, энэ нэрийг дэлхий даяар мэддэг шүү дээ” хэмээсэн байна. Түүний хэлдгээр хүн бүрийн мэдэх энэ том худалдааны сайт 2012 оны арваннэгдүгээр сард цахим ертөнцөд нийт нэг их наяд юаны наймаа хийж, Жак Маг “Их наяд юаны тайж” гэдэг алдар дагах болжээ. Түүнчлэн Жак Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай “Хөх мөрний матар” хэмээх баримтат кино хүртэл дэлгэцнээ гарч байв. Жак Ма “Би хүртэл амжилтад хүрч чадсан юм чинь цуцалтгүй тэмцсэн хэн бүхэн амжилтад хүрч чадна гэдэгт би итгэдэг” гэж хэлсэн юм. “Хүн заавал их сургуульд орох мөрөөдөлтэй байх хэрэгтэй, хүнд ер нь мэдлэг хэрэгтэй бус харин суралцах чадвар хэрэгтэй” гэж хэлдэг. Энэхүү цөхрөлтгүй тэмцэл нь өнөөдрийн “Алибаба” компани амжилттай байхад чухал түлхэц болсон төдийгүй Жак Маг мухардлаас гарахад нь байнга нөлөөлж байсан юм. Хүмүүс түүнээс “амжилтад хүрэхэд ямар ид шид хэрэгтэй вэ” гэж асуухад тэрбээр “хүсэл мөрөөдлөө л хэзээ ч орхихгүй байвал боломж бидэнд олдоно” гэж хариулдаг аж.
Эдүгээ 55 насны босго алхсан Жак Ма тэтгэвэртээ гарлаа. Тэр цаашид “Алибаба”-г залуу хүн удирдсан нь илүү сайхан ирээдүйг бүтээн босгож чадна гэж итгэснийх. Гэхдээ Ма компанийг шууд удирдахаа больсон ч, удирдах төвшинд нөлөөллөө хадгалан үлдэх юм. Харин цаашдаа тэрбээр юу хийхийг тааварлан хэлэхэд бэрх. Магадгүй тэртээ он жилүүдэд хувийн бизнесээ хөөхөөр зориг шулуудан орхисон англи хэлний багшийн ажлаа үргэлжлүүлэн хийж ч мэдэх билээ.