ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс эдийн засгийн хямралд бэлэн биш

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-07

“Bloomberg TV Mongolia”-ийн Эдийн засагчдын клубээс өнгөрөгч баасан гарагт  “Бизнесийн орчин” форумыг зохион байгууллаа. Тус форум “Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл”, “Монгол Улсад бизнес эрхлэх боломж ба хязгаар”, “Монгол Улсад хөрөнгө оруулах эрх зүйн орчин” зэрэг сэдвийн хүрээнд  өрнөсөн юм. Форумд “Bloomberg TV Mongolia”-ийн эдийн засагчдын клуб­ын гишүүн ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшин­төгс, СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, “Deloitte Onch audit” компанийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн, “Монгол нүүрс” ассоциац­ийн захирал  Ж.Золжаргал, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Н.Энхбаяр, Б.Лхагважав, Д.Ганболд, Ц.Даваадорж  нар оролцож, өөр өөрсдийн байр суурь, санал бодол, гарц гаргалгаа, шийдлийг илэрхийлэв. 

Хэлэлцүүлэг эхлээд “Санхүүгийн хямрал ба Монголын эдийн засгийн эрсдэл” сэдвийн хүрээнд өрнөлөө.

Н.Энхбаяр: 

-АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны дайн багагүй хугацаанд өрнөж байна. Дан ганц худалдааны дайн бус технологийн дайн ч өрнөж байгаа. Харин Монгол Улсын хувьд ямар нөлөөлөл байх вэ гэдгийг маш сайн бодолцох ёстой. Энэ талаар хувийн байр сууриа илэрхийлэхэд ирэх оны төсөв мөнгөний бодлогыг хариуцаж байгаа Монголбанк, Сангийн яам зэрэг байгууллагууд судалгаа хийх хэрэгтэй юм. Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх эсэх нь тоонд суурилагдаж гарна. Гадаад худалдааны талаарх бодит тоон үзүүлэлт нөлөөлөл нь тодорхой болно.  Илүү бодитой болно гэсэн үг.  

Ш.Алтанцэцэг:

-Өмнөх эдийн засгийн хямрал, хүндрэлүүд  өөр өөрийн гэсэн онцлогтой байсан. Үүнийг дэлхийн засагт өрнөсөн мөчлөгүүдтэй  холбон тайлбарладаг. Харин энэ удаа дэлхийн хэмжээний хямрал болох уу, үгүй юу гэдгийг дүгнэхэд эрт байгаа. Хэрвээ боллоо гэхэд хямралын шалтгаан сэдэл нь өмнөхөөсөө өөр байх юм. Үүний гол шалтгаан худалдааны дайн байх болно  гэж ярьж байна. Дэлхийн номер нэг, хоёр эдийн засагтай орнуудын хооронд үүссэн худалдааны маргаан нь цаашид үргэлжлээд хөрөнгө оруулалтын урсгал, дэлхийн нийтийн эдийн засгийн идэвхжилтийг сааруулна гэж үзэж байгаа. Дэлхий нийтээр эдийн засгийн идэвхжил буурна. Харин манай улсын хувьд түүхий эд буюу металлийн үнийн бууралт ажиглагдаж  байгаа. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өндөр. Экспортын 80 хувийг түүхий эд эзэлдэг. Манай улс руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 50 хувь нь ганцхан Оюутолгойн төслөөр орж ирдэг. Энэ нь манай улсын эдийн засгийг гадаад зах зээлийн өөрчлөлт, савалгаа бүхэнд мэдрэмтгий эмзэг болголоо. Экспортоо голчлон гаргаж байгаа Хятад улсын дотоодын импортын эрэлт нь буурвал бид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ одооноос эхлэн бэлтгэх хэрэгтэй. Мөнгөний бодлого, төсвийн сахилга батыг чанд сахих хэрэгтэй. Ирэх оноос ОУВС-гийн хөтөлбөр дуусна. Үүнээс цаашаа үргэлжлэхгүй бол бид яах вэ. Өрөө яаж төлөх вэ. Өнөөдрийн нөөцийн хэмжээ өндөр гэж байгаа боловч 2021 оноос төлж эхлэх өрүүдийн төлөлтийг авч үзвэл, манай улсын хуримтлал хаана ч хүрэлцэхгүй. Санхүүжилтийн эрсдэлийг хааж чадахгүй юм. Тиймээс бодлогын маш сайн хувилбаруудыг хийх хэрэгтэй. Бодлогын шийдвэрээ далайцтай, шуурхай хийх ёстой.  

Б.Түвшинтөгс:

-Манай улсын эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ  нь зах зээлд савалгаатай. Тэгэхээр эдийн засаг нь савалгаатай байна  гэсэн үг. Гаргалгаа нь эдийн засгаа төрөлжүүлэх  гэж хэлээд байдаг. Төрийн бодлогоор эдийн засгийг төрөлжүүлэх нь маш өндөр зардалтай. Үр ашиггүй. Уул уурхайгаас орж ирэх орлогоо сайн удирдаж чадахгүй байна. Ийм байхад төрөлжилт сэдвийн дор дахиад үр ашиггүй зүйлд хөрөнгө цацах вий дээ. Эдийн засаг нь засаглалын хувьд  ирээдүй муутай. Гадаад орчноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид уул уурхайн орон. Ханш нь угаасаа хэлбэлздэг. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулиа сайтар баримтлах ёстой. Үүнийг тултал хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж ирээдүйдээ уул уурхайн салбараас үүссэн хуримтлалыг үлдээх юм. 

Ж.Дэлгэрсайхан:

-Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг харахад эдийн засгийн хямралд бэлтгэсэн зүйл хараахан алга. Төсвөө алдагдалтай баталдаг байдал нь хямрал болоход илүү нэрмээс болно гэж бид харж байна. Экспортод гарч буй гол бүтээгдэхүүн бол зэс, нүүрс. Бид экспортоо их өөдрөг төсөөлөөд байна. Ялангуяа дэд бүтцээ шийдээгүй, тээвэрлэх зардал ихтэй байж төсвөө хэт өндөр төсөөлж болохгүй. Экспортоор гаргаж байгаа зах зээл нь БНХАУ. Тэд импорт­ын хэмжээгээ багасгаж байгаа дохиогоо  аль хэдийнэ өгсөн. 

Ц.Даваадорж:

-Дэлхийн эдийн засагчдын тооцооллоор ирэх жилүүдэд эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэл өндөр болж байна гэж үзсэн. АНУ болон Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулж байна гэсэн дүгнэлт хэвлэл, мэдээллээр их гарлаа. Энэ дайн Монголын эдийн засагт ч нөлөөлөхөөр байна. Харин ямар хэмжээгээр нөлөөлөх вэ, бид юу хийх үү гэдэг асуудлыг эдийн засагчид ярьж байна. Засгийн газрын оруулж ирсэн төсвийг харахад, үүнд бэлтгэсэн зүйл харагдаагүй. Нөгөө л алдагдалтай төсөв. Энэ асуудал эдийн засагчид, судлаачдыг түгшээж байна.  

Б.Лхагвавжав:

-Өнөөдрийн эдийн засгийн 7.3 хувь М.Энхсайханы Засгийн газрын НӨАТ-ын тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Дубайн гэрээний нэмэлтийг хийсэн. Эдгээр ажлын үр дүнгийн жимсийг өнөөдөр амсаж байна. Нөгөө нь  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ОУВС-гийн менежментийн үр дүн. Тэгэхээр үе үеийн Засгийн газрын хийсэн ажлын үр дүн ургацыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүртэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар макро  түвшний  үрийг өнгөрөгч гуравдугаар сард Татварын багц хуулийг батлуулсан. Үүний үр дүн 2021 онд гарч ирнэ. Бусдаар бол үр жимс олж харахгүй байгаа.

Р.Амаржаргал:

-Эдийн засгийн байгаа байдал нь энэ. Бүгдээрээ л эрвийх, дэрвийхээрээ л чармайж байгаа. Үүнийгээ хүн бүхэн зөв хийж байна гэж хараад байгаа. Түүнээс Монголыг сүйтгэх гэж ажиллаж байгаа хүн УИХ-д байхгүй байх. Асуудал нь хуулийн заалтад байна уу эсвэл өөр зүйлд байна уу гэдгийг олж харах ёстой. Ямар өнцгөөс харах нь чухал. Туйлширсан хандлагаасаа холхон байх ёстой. 

Д.Ганболд:

-Манайд ямар нийгэм байна. Тийм л эдийн засаг байна. Энэ бол бодит байдал. Ер нь чаддаг, чаддаг  зүйлээ хийх хэрэгтэй. Манайд хувийн салбараас бусад чаддаг, чаддаг зүйлээ хийж чадахгүй байна. Тухайлбал, хуульч нь эмч, эмч нь багш, инженер нь тогооч хийж байна. Хүн бүр чаддаг чаддаг зүйлээ хийхээс гадна төрөөс хууль эрх зүйн орчныг тогтвортой байх ёстой. Хуулийг биелүүлдэг байх ёстой.

Ж.Золжаргал:

-Төр хяналтаа тавьж чадахгүй байгаа учраас уул уурхайн компаниудаар нөхөн сэргээлтийг хийлгэхгүй байна. Замын асуудлыг шийдэх ёстой Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа учраас тоос манаргаж, бэлчээр талхлагдаж байна.  

...Хэлэлцүүлг­ийн төгсгөлд Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин тогтворгүй, гадны хөрөнгө оруулалтыг тогтоон барих бололцоогүй, татварын дарамт их гэх мэт шалтгаан нь эдийн засаг төдийгүй хөрөнгө оруулалтыг үргээж байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид дурдаж байлаа. Улс төрийн хийсвэр амлалт, эдийн засагтайгаа уялдуулаагүй хөөсөрсөн бодлого нь улс орны хөгжил, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг хэлж байсан юм. Төгсгөлд нь АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал Монголыг тойрохгүй. Тиймээс эдийн засгийн хямрал тулгарахад даваад гарах бодлого байхгүй нь мэргэжлийн хүмүүст айдас төрүүлж байгааг хэллээ.