ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадал 35МВТ-аар нэмэгдлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-08

Эрчим хүчний хэрэглээ жилд  дунджаар 50-80 мвт-аар нэмэгдэж байгааг саяхан салбарын сайд онцолж байлаа. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэхүү хэрэглээг хангах нь эрчим хүчний салбарын гол зорилгын нэг. Тэгвэл энэхүү зорилгын хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д 35мвт-ын хүчин чадал бүхий шинэ турбингенераторыг суурилуулж, өнгөрөгч бямба гарагт нээлтээ хийлээ. 

Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Энэхүү турбингенератор ашиглалтад орсноор жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангана. Ингэснээр зөвхөн Дархан-Уул аймгийн цахилгааны хангамж төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн онцолж байв. Энэхүү төслийг Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийжээ. Тодруулбал, манай улсын төсвөөс 10.45 тэрбум төгрөгийг гаргасан бол ХБНГУ 20 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгож, санхүүжүүлсэн байна. 

Тус аймгийн Дулааны цахилгаан станц нь тус бүр 12 мвт-ын хүчин чадал бүхий дөрвөн турбингенератортой бөгөөд энэ нь 1954 оноос өнөөдрийг хүртэл 55 жил ашиглаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа нь дуусаад 20 орчим жил болжээ. Гэвч үе үеийн инженер техникийн ажилчдын хүчээр засварлан хэрэглэсээр байгаа бөгөөд цаашид 10-15 жил ашиглах боломжтой гэдгийг тус станцын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Нямдаваа онцолж байлаа.

Харин 35 мвт-ын хүчин чадал бүхий энэхүү шинэ турбингенератор нь 2015 онд үйлдвэрлэгдсэн аж. Энэхүү турбиныг суурилуулснаар өртөг зардлыг хэмнэхээс гадна эрчим хүчний хэрэглээг найдвартай хангана гэдгийг тус цахилгаан станцын Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан мэдээлэв. Тухайлбал, хуучин турбинууд нь нэг мвт цахилгаан эрчим хүчийг 9.1 тонн уураар үйлдвэрлэдэг бол шинээр суурилуулсан турбингенератор нь долоон тонн уураар үйлдвэрлэдэг байна. Ийнхүү нэг мвт тутамд хоёр тонн уур хэмнэснээр төдий чинээ нүүрс болон усыг хэмнэх юм байна.  Энэ талаар Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа. 

М.Жаргалсайхан:  Хүчин чадал нэмэгдсэнээр импортын эрчим хүчийг хязгаарлаж, өртгийг бууруулна

-Шинэ турбингенератор суурилуулснаар эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна ямар давуу талууд бий болох юм бэ?

-Дарханы дулааны цахилгаан станци 48 МВт-ын хүчин чадалтай. Шинэ турбин ашиглалтад орсноор манай станц 83 МВт-ын хүчин чадалтай болж байгаа юм. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хэрэглээг хангахад шинээр суурилуулсан турбингенератор чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас өндөр үнээр авах импортын эрчим хүчийг хязгаарлана гэсэн үг. Түүнээс гадна дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хөгжиж байгаагийн илрэл. Мөн компанийн санхүүд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ. Компанийн хүчин чадал нэмэгдэхэд өөрийн өртөг багасдаг. Энэ утгаараа маш том давуу талыг үүсгэж байгаа юм. 

-Импортын эрчим хүчийг хязгаарлана гэж байна. Тэгэхээр гаднаас өндөр үнээр эрчим хүч авах нь багасхаар дагаад хэрэглэгчдэд очих өртөг, тогны мөнгө буурна гэсэн үг үү?

-Би энэ асуудлыг ярих эрхгүй. Тусдаа бодлого баримталдаг газар бий. Тэд нарийн тооцоолол гаргаад, энэ жил танай станц тэдийг үйлдвэрлээрэй гээд, заагаад өгчихдөг. Тухайлбал, Монгол Улсын жилийн хэрэглээг тооцоолж, гаднаас хэр их эрчим хүч авах вэ, дотоодын станцууд хэдийг үйлдвэрлэх вэ гэдгийг нарийвчлан гаргадаг. 

-Ашиглалтын хугацааны хувьд хэр урт юм бэ. 2015 онд үйлдвэрлэсэн турбин гэж байна?

-Одоо ажиллаж байгаа дөрвөн турбиныг Харбинд үйлдвэрлэсэн. Харин шинээр суурилуулж байгаа 35 МВт-ын хүчин чадалтай турбиныг Калугинд үйлдвэрлэсэн. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай турбин юм. Багадаа 55 жил асуудалгүй ажиллах боломжтой гэж харж байгаа.  Ер нь аливаа турбины ажлын цаг нь 120 мянган цаг байдаг. Харин манай хуучин турбинууд 400 мянган цаг ажиллаж байна. Тэгэхээр ийм хэмжээний ашиглалтыг даана гэж бодож байгаа. Гол нь боловсон хүчин хэр ашигласнаас л шалтгаална. Зөв ашиглаж чадвал насжилт төдий чинээ урт байна. Харин техник ашиглалтын дүрэм зөрчөөд байвал насжилт багасна гэсэн үг. 

-Тог тасраад дахин эрчим хүч гаргах хүртэл дөрвөн цаг шаардлагатай байдаг гэж сонссон. Ийм асуудал гаргахгүйн тулд батарей хуримтлуулагч суурилуулах арга байдаг юм билээ. Дулааны цахилгаан станцид батарей хуримтлуулагч ашиглах боломжтой юу?

-Энэ нь мэргэжлийн хэлээр бол өөрийгөө хамгаалах хамгаалалтын систем юм. Системийн хэмжээнд тог тасарч, савалт үүсэхэд турбинууд зогсдог. Энэ үед эрчим хүчний систем уналтад орж, бусад станцууддаа нөлөөлдөг. Ийм үед өөрийгөө хамгаалдаг схем манайд бий. Тухайлбал, хэт өндөр ачаалал авч, давтамж нь 40 герц руу ороод ирэхэд станцууд автоматаар зогсож эхэлдэг. Үүнээс сэргийлж, бид өөрийн дотоод хэрэгцээгээ аваад үлдчихдэг юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн Дарханы дулааны цахилгаан станц системээс тусдаа, дангаараа ажиллана гэсэн үг. Бусад станцуудад ч мөн ийм хамгаалалтууд байдаг. 

-Нээлтийн үеэр дараагийн төслийн талаар ярьж байх шиг байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Одоо ажиллаж байгаа дөрвөн турбины ажлын цаг нь дуусчихсан гэдгийг өмнө нь хэлсэн. Одоо бол ямар ч асуудалгүй ажиллаж байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ металын ядаргаа гэж зүйл бий. Үүнээс үүдэн гэнэтийн аваар осол гарах вий гэсэн үүднээс шинэчлэх талаар ярьж байгаа. 

-Эрчим хүчний хүчин чадал 35 мвт-аар нэмэгдэж байгаа учраас тог тасрах асуудал байхгүй болно гэж ойлгож болох уу?

-Бүх станцууд цахилгаанаа үйлдвэрлээд нэг шугаманд өгдөг юм. Эндээс хэрэглэгчид авдаг. Тэгэхээр тог тасрах асуудал станцаас хамаарал багатай гэсэн үг. ТЭЦ-4 зэрэг томоохон станцууд доголдох үед цахилгаан тасрах хэмжээнд хүрдэг. 

-Тийм учраас батарей хуримтуулагч чухал юм биш үү. Станц бүрт байх ёстой гэж ойлгож байна?

-Батарей хуримтлуулагч бол станц нам зогссон үед нэг удаа ашиглаад явах боломжтой. 

...Харин Дарханы дулааны цахилгаан станцын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Нямдаваа хэлэхдээ “Энэ төслийг анх 2002 оноос инженер, техникийн ажилчид санаачилж байсан. Эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо, Сангийн яам зэрэг бодлогын түвшний байгууллагуудын дэмжлэг тусламжаар энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Энэхүү турбин ашиглалтад орсноор манай станцын өртөг зардал багасч, урт хугацаанд ашигтай ажиллах боломж нээгдэж байгаа юм. Есөн тонн уур хэрэглэж байсан бол долоо болж буурснаар маш их хэмнэлт гарна. Гол нь зарцуулж байгаа нүүрсний хэмжээ буурна. Өндөр чанартай уур гаргаж авахын тулд маш их ус, химийн материал зарцуулдаг. Энэ бүгдэд хэмнэлт гарна гэсэн үг. Мөн ажиллах хүчний зардлыг бууруулж байгаагаараа давуу талтай юм. Энэ станцын Гүйцэтгэх захирлын үүргийг биелүүлж байх үедээ энэхүү төслийн гол ажлыг нугалалцаж явснаараа бахархаж байна” хэмээн ярьсан юм.
Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлснээр үнэ тарифаас илүү тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах нь чухал гэдгийг салбарынхан онцолж байлаа. Манай улсын хувьд эрчим хүчийг дэлхийн нийтийн жишгээр буюу яг адилхан технологиор үйлдвэрлэдэг хэдий ч 2-3 дахин хямд үнээр нийлүүлдэг гэдгийг албаныхан мэдээллээ.