ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх жил утаанд зарцуулах 137 тэрбумаар 10000 янданг цөөлөх боломжтой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-08

Дэлхий дахины улс орнууд хүний хэлээр ярьдаг, хүнд үйлчилдэг робот бүтээж, агаараар автомашины гүүр барьж, автозамын түгжрэлд саатдаггүй нийтийн тээвэр бүтээж эхэлчихээд байхад Төв Азийн цээжинд “Азийн бар улс болно оо” гэж бардамнадаг монголчууд түлсэн нүүрсэндээ угаартан амиа алдацгааж байх юм. Даанч харамсалтай, эмгэнэлтэй биш гэж үү. 

XXI зуун гарчихаад байхад түүхий нүүрсээ ч халж чадаагүй хэвээр суугаа гэхээр л Монгол Улс минь дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхахгүй юм гэхэд хэзээ араас нь алхам урагшлах бол доо хэмээн халаглах сэтгэл төрдгийг нуух юун. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гуравхан сая иргэнээсээ хэдэн зуун мянгыг нь утаагаар хордуулан “хөнөөлөө”.

Төрж амжаагүй нялх үрс эхийнхээ хэвлийд эндэж, төрсний дараа нялх үрс нь уушгины хүнд өвчнөөр шаналж, эмнэлгийн шалан дээр эрүүл мэндийн үйлчилгээ авч байгааг зүгээр л харж суусаар энд хүрэв. Зөвхөн сүүлийн 10 жилд гэхэд утааг бууруулахын тулд 750 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Эндээс 175 мянган зуух тараасан ч ихэнх нь хөдөө орон нутаг руу зарагдаад дуусчээ. Ердөө 20-30 хувь нь Улаанбаатар хотод байгаа гэсэн тоон мэдээг өнгөрөгч онд Азийн хөгжлийн банкнаас танилцуулж байлаа.

Мөн 258 автобусыг дизель, хийн түлшээр хослуулах, 210 мянган тонн коксжсон нүүрс боловсруулах үйлдвэр барих зэргээр хий дэмий мөрөөдлийн төсөлд тэрхүү мөнгө нь хийссэн юмдаг. “Цэвэр агаар сан” гэгчийг байгуулсан ч хэдэн дарга нь утаанд зориулах мөнгийг хувааж идчихээд өдгөө ял эдэлж байгааг нуугаад яах юм бэ. 2012 онд мөн л Гандан орчмын айл өрхийн янданд шүүлтүүр тавьж туршлагагүйтсэн атлаа өнгөрөгч онд мөн л янданд шүүлтүүр тавихад зориулан 54 тэрбум төгрөг төсөвлөж байсан “гэгээн” мөрөөдөлтэй төртэй билээ, бид.

Харин өнгөрсөн жилээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй гэсэн шийдвэр гаргаж, сайжруулсан түлш хийж худалдаанд гаргасан ч тэр нь хортой, хоргүй гэсэн хэрүүлийг нийгэмд дэгдээчихэв. Итгэж худалдаж авах хүн ч олдохгүй болох нь ээ, энэ байдлаараа. Учир нь сайжруулсан түлш хэрэглэж байсан 40 гаруй иргэн угаарын хийнд хордож, таван хүн амиа алдав. Нэг насаараа гал түлж амьдарч буй иргэд юун дээр алдаж, яагаад гэртээ юу ч мэдэхгүйгээр амиа алдсаныг өнөөдрийг хүртэл тодорхой болгоогүй ч түлшнээс ямар нэг асуудал байгаагүй, түлэх явцдаа алдаа гаргасан байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Хүний алтан амь юугаар ч хэмжишгүй үнэ цэнтэй зүйл учраас эдгээр хүмүүсийн үхэлд ямар нэг байдлаар төр буруутай. Сайжруулсан түлшнээс болоогүй байлаа ч сайхан амьдруулна гэж өнгөрсөн 29 жил молиго үмхүүлсэн улс төрийн нам бүхэн энд буруутай. Эцэстээ иргэддээ “үнэгүй орон сууц өгнө” хэмээн 10 мянгаар нь гудамжинд цуглуулан даапаалж байх юм. Ээлжилж төр барьсан 29 жилдээ иргэн нэг бүрийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа, таван хүний үхлээр улс төр хийн, бие биедээ шаардах хуудас шидэлцэн, даажигнаж байх юм, тэд. Бид яасан тайван амгалан болчихсон юм бэ. 

Залуу гэр бүлийг дэмжээч, Ерөнхий сайд аа 

Хэдхэн өдрийн өмнө олон нийтэд танилцуулсан 2020 оны төсөвт утааг бууруулахад зориулж 137 тэрбумыг төсөвлөжээ. Нөгөө яндангийн шүүлтүүрийн 54 тэрбум түүний дэргэд бараг л “үдийн цай”-ны мөнгө байжээ. Даанч дээ, Сангийн сайд аа. Яагаад хаширдаггүй юм бэ, яаж доромжлоод байна вэ. Ерөнхий сайд аа, та сэрж үзээч. “Урин дулааны цаг дуусч өвөл эхлэх болохоор угаасаа хүмүүс олноор угаартаж амиа алддаг юм аа” гэж танай намын хурган дарга доромжилж байна билээ, иргэдийг. Хариуцлагын сэлмээ сугалахгүй юм уу, та.

Зуухаа галлаж чадахгүй учраас үхсэн нь тэдний буруу гэж хэлэх л дутуу байна. Ийм төртэйдөө ичиж байна, бид. Ичсэндээ уйлмаар, уурламаар болж байх юм. Өнгөрсөн 10 жилд зарцуулсан 750 тэрбум, ирэх жил зарцуулах 137 тэрбумаар хэчнээн айлыг орон сууцанд оруулах байсныг эдийн засагчдаар бодуулаад үзээч, улстөрчид өө. Зах зээлд эзэнгүй байгаа, борлогдохгүй байгаа 36 мянган орон сууцыг худалдаж аваад иргэддээ түрээслүүлэх, эсвэл урьдчилгааг нь шийдэх байдлаар зохицуулж яагаад болдоггүй юм бол. Жилийн өмнө яндангийн шүүлтүүрийн асуудал яригдаж байх үед энэ санааг мөн л гаргаж тавьж байлаа. Олон арван хэвлэл яг л энэ сэдвийг хөнддөг. Ажлын байр нь баталгаатай залуу гэр бүлийн урьдчилгааг шийдэж, банкны зээлд хамруулж болно.

Тэдэнтэй гэрээ байгуулаад жил бүхэн хүүгүй төлөхөөр гэрээ байгуулаад явах бүрэн боломжтой. Эсвэл түрээсийн орон сууц хэлбэрээр түрээслүүлээд ашиг олох олон зуун гарц гаргалгааны талаар хэвлэлийнхэн хөнддөг. Гэвч төр нь дандаа нүдэн балай, чихэн дүлий явж ирлээ. Нөгөө л яндантайгаа, шүүлтүүртэйгээ, нүүрстэйгээ зууралдсаар... “Утааны эсрэг тэмцэнэ ээ” хэмээн хөхөө өвлийн хүйтнээр хэдэн зуун эцэг эхчүүдийг гудамжинд цуглуулж байсан ТББ-ын тэргүүн гэх нэг хүүхэн төрийн мэдлийн “Тавантолгой түлш” компаний ТУЗ-д орж суучихаад “2012-2016 онд ч угаартаж хүн үхсэн юм билээ ш дээ” хэмээн хээвнэг бичиг оруулаад сууж байх юм. Бид доромжлуулж ханаагүй юм уу. Төрийн толгойд суусан улстөрчид нь утааны эсрэг жил бүхэн 100 гаруй тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг ч 500 мянган төгрөгийн үнэтэй яндангийн шүүлтүүр, гэрийн туурга, бүрээс, үүдний амбаар, дулаан баригч, шахмал түлш гэсэн ичмээр, эмгэнэмээр зүйлсэд энэ мөнгийг зарцуулж, дийлэнх хэсгийг нь хэдхэн дарга нар хувааж идээд дууслаа. Гэтэл...

8000 мянган айлын урьдчилгаа төлбөрийг шийдэх боломж бий

Арилгах гэж 10 гаруй жил яриад ч дийлж чадахгүй байгаа утаанд зарцуулах мөнгөөр хэдэн сургууль, цэцэрлэг барих боломжтой талаар хэвлэл бүхэн хөндсөөр бараг улиг болсон доо. Энд дахин бичээд яах билээ. Тэгвэл энэ мөнгөөр хэчнээн айлыг орон сууцанд оруулж, хэдэн яндан цөөлж болох талаар багахан тоо бодоцгооё. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэсэн.

Ердөө 972-хон айл орох энэхүү бүртгэлд нийтдээ 35.058 иргэн бүртгүүлсэн тоон мэдээ байгаа. Тэгэхээр 36 мянган баригдсан орон сууцанд 35 мянган иргэн орно гэж тооцвол эрэлт, нийлүүлэлт хоёр блансаа барьж байгаа биз. Мөн 3000-4000 айлын нэг орон сууцанд ахмадуудыг бүрэн хамруулах боломжтой талаар НОСК-ийн дарга Б.Сүхбаатар хэлсэн байна билээ. Эдгээр иргэд урьдчилгаагаа төлөх, эсвэл түрээслэх боломжтой гэж бодсон учраас бүртгэл хийлгэсэн.

Тэгэхээр төр нь барилгын компаниудтайгаа ярилцаж тохироод түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлвэл зах зээл хангалттай бий. Метр квадрат нь 1.4 сая төгрөгийн өртөгтэй 39 мкв орон сууцны 30 хувийн урьдчилгаа нь 16.3 сая төгрөг болно. Тэгэхээр 1000 айлын урьдчилгаа нь 16 тэрбум 380 сая төгрөг болж байна. 8000 мянган айлын урьдчилгааг шийдлээ гэхэд 131 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо гарав. Тэгэхээр нэгхэн жилд утаанд зарцуулж, хий дэмий үрж буй энэхүү мөнгөөр жилдээ 8000 янданг арилгаж, тэр хэрээр утаагаа бууруулж болох аж.

Цаашлаад, 137 тэрбумаар метр квадрат нь 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 3000-4000 айлын орон сууц барьж, эсвэл барилгын компаниудаас худалдаж аваад боломжийн нөхцөлтэйгөөр борлуулах гарц ч бас бий. “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажилд тэр мөнгөө бүтнээр нь өгчих. Бас л 8000 айл цэвэр, бохир усанд холбогдсон амины орон сууцтай болчихно. Эзэмшил газартаа өөрийн хүссэн амины орон сууцаа барьчихна. 500 мянган айлд цахилгаан халаагуур суурилуулаад өгчих. Шөнөдөө үнэгүй шахам хаягддаг эрчим хүчээ ашиглуулчихъя.

Шөнийн тарифаа шударгаар тогтоож, Эрчим хүчний яамны алдагдлыг нь жил бүхэн нөхөөд байвал иргэд шөнөдөө цахилгаан халаагуураа ашиглаад амьдарч бас болох билээ. Энэ мэтээр маш олон гарц бий. Гэтэл “Төрийн мөнгө уйлдаггүй” гэсэн хүнийрхүү сэтгэлээр хандаж, шахаа бас дахин шахаа, тендер бас дахин тендер гэсэн зарчмаар ажилласаар л. Ардчилсан нам төр барьж байхад хүн үхэж байсан юм, Ардын нам төр барихад үхэж яагаад болдоггүй юм гэсэн хөгийн арчаагүй, барьцсан улс төр хийсээр ирэх зуунтай золгох вий дээ.