ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Халиун: МСҮТ-ийн сурагчдын овог нэр, банкны мэдээлэл зөрдөг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-11

Улсын хэмжээнд 84 МСҮТ болон Польтехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс 33 нь хувийн, 51 нь улсын хэмжээнд мэргэжил сургалт явуулдаг аж. Зарим тохиолдолд тэтгэлгийн мөнгө олгогдохгүй байна гэдэг асуудал гарч байгаа. Энэ талаар ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаас тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар МСҮТ-д хэчнээн хүүхэд суралцаж байгаа вэ. Жил ирэх тусам элсэгчдийн тоо хэр нэмэгддэг вэ?
-Шинэ тоо мэдээлэл одоогоор гараагүй. 2019-2020 оны хичээлийн жилийн  элсэгчдийн тоон мэдээлэл 15-ны өдрөөр тасалбар болж, арваннэгдүгээр сарын 1-нээс яаманд ирдэг. Энэ жил 24 мянга орчим хүүхдийг МСҮТ-д эхсүүлэхээс одоогоор 75-80 хувьтай байна. Өнгөрсөн жил 35 мянган хүүхэд суралцсан бөгөөд жилд 19-20 мянган хүүхэд төгсөж байгаа.

-Хэчнээн хувь нь төгссөн мэргэжлээрээ ажлын байр­тай болдог вэ?
-Нийт төгсөгчдийн 62 хувь нь ажлын байртай болчихдог. Үүнээс 50 орчим хувь нь өөрийн төгссөн мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа байгаа. 

-МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч?
-2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газрын шийдвэрээр МСҮТ-д суралцаж буй элсэгчдэд тэтгэлэг буюу 100 мянган төгрөг олгодог болсон. Өмнө нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сар бүр 70 мянган төгрөг олгож байсан боловч гурван жил засварласан юм. Улмаар энэ жилээс олгохдоо нэмэгдэж олгож байгаа гэсэн үг. Өмнөх 70 мянган төгрөг олгодог байснаасаа зөрүүтэй зүйл нь юу вэ гэхээр, насны хязгаартай, голч дүн нь чанартай, ирцийн мэдээллийг харж байж өгдөг байсан. Харин мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор Засгийн газраас насны хязгаар тавихгүй, зөвхөн ирцийн мэдээллээр хичээл таслаагүй бол өдрийн ангид сурч буй хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох тэтгэлгийг шийдвэрлэсэн. Энэ мөнгө  нэгдүгээр сарын 1-нээс олгогдоод явж байгаа. 

-Зарим хүүхдүүд тэтгэлгээ аваагүй гэдэг асуудал гардаг?
-Хүүхэд нь гэрийнхэндээ хичээлдээ явлаа гэж гараад сургуульдаа очдоггүй тохиодол бий. Хэд хэдэн удаа тасалсан тохиолдолд ирцийн мэдээ буурч, үүнийг нь хувилаад үзэхээр тэтгэлэгтээ хүрдэггүй. Тиймээс тухайн хүүхэд тэтгэлэг авахгүй байгаа юм. Зарим тохиолдолд өөрсдийнх нь овог нэр банк болон бүртгэл дээр зөрүүтэй байдаг.  Үүнээс гадна иргэний цахим үнэмлэхээ авдаггүй, бүртгэлээ хийлгэдэггүй хүмүүс ч байдаг. Тэтгэлэг авдаг болсноос хойш хувь хүнтэй холбоотой зөрчлүүдийг маш ихээр арилгаж байгаа. Тухайлбал,  банкныхаа дансыг өг гэхээр, хадгаламжийн данс өгчихдөг. Гэтэл тэтгэлгийн мөнгө орох данс нь харилцах дансны дугаар байх шаардлагатай шүү дээ. Эсвэл  зарим сургуулиудад 15, 16  нас хүрээгүй хүүхдүүд байдаг. Тэдэнд итгэмжлэл,  батлан даалт хэрэг болдог ч ар гэрийнхэн нь батламжлаагүй  байж тэтгэлгийг нь нэхдэг тохиолдол ч гардаг. Бусад шалтгаанаар өгөхгүй байх асуудал гараагүй. 

-Дадлагад гарсан хүүх­дүүдэд олгохгүй байх тохиол­дол бий юу? 
-Дадлага манай сургалтын төлөвлөгөөнд байдаг учир тийм зүйл байхгүй. Дадлага сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлийн  цаг орж байвал тэтгэлгээ авна.

-2020 оноос уг тэтгэлгийг 200 мянган төгрөг болгоно гэсэн мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ирэх жилээс боловсролын салбарт мэргэжилтэй ажилтныг олноор бэлтгэх нь хамгийн чухал гэж үзээд дэмжих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Энэ дагуу 2020 оны төсөвт 200 мянган төгрөг  суулгаж байгаа. УИХ-аар эцсийн шийдвэр гарах байх. Хэрвээ батлагдсан тохиолдолд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох байх. 

-Саяхан зөвлөлдөх хурал­даан болсон. Энэ хурал­даанаар ямар, ямар чухал асуудал ярьсан бэ?
-Энэ сарын 2-3-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Энэ зөвлөгөөнөөр хамгийн гол нь мэргэжлийн боловсролын шинэчлэлд ямар зүйл хийх ёстой вэ, хөгжлийн ямар чиг хандлагаар өөрчлөх вэ гэх мэт асуудлуудын ярилцсан. Мэргэжлийн боловсролын дахин нэг шинэчлэлийн үе эхэлчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1990, 2000-аад онд ямар байсан, одоо техник технологи хөгжиж,   аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоотой хэрэгцээ шаардлага юу байна гэдгийг ярилцлаа. Мөн Бодлогын түвшинд хөгжлийн чиг  хандлага хаашаа вэ, тогтвортой мэргэжлийн боловсролыг яаж авч явах нь зөв бэ, Багшийн хөгжил буюу нийгмийн баталгаа, Нийгмийн түншлэл болон хамтын ажиллагаа,  салбарын дундын зохицуулалт гэсэн гурван салбар хуралдааныг хийсэн.

-Салбар хуралдаанаар санхүүжилттэй холбоотой асуудал ярьсан уу? 
-Гурван салбар хуралдаанд санхүүжилттэй холбоотой асуудал ярьсан. Улсын статустай сургуулиуд төрөөс 100 хувь санхүүжилтээ авч байгаа шүү дээ. Хувийн сургуулиуд сургалтын төлбөр буюу нэг хүүхдийн хувьсах зардлыг авч байгаа. Энэ хувьсах зардал 2012 оноос хойш өөрчлөгдөж, 2019 он хүртэл нэмэгдээгүй өдийг хүрсэн. Нэмэгдээгүй долоон жилийн хугацаанд цалин, бараа бүтээгдэхүүн, инфляцийн түвшний өсөлтийг харгалзан үзэж хувьсах зардлыг нэмэх зайлшгүй шаардлагатай байна гэдэг асуудал тавигдсан. Мөн багш нарыг тогтвор суурьшилтай байхад дэмжиж ажиллуулахын тулд нийгмийн баталгаа  гэдэг зүйлд нилээд санал гарсан. Мэдээж цалин хөлс, орон сууц, зээлийн хүүг багасгах, тэтгэмж,  урамшуулал гэх мэт.  ЕБС болон Их дээд сургуулийн багшийн долоо хоногт заадаг цагийн ачаалал, манай багш нарын заадаг цаг гурвуулаа ялгаатай байна. Эдгээрээс мэргэжлийн боловсролын багш нар хамгийн ачаалалтай байна. Тухайлбал, багш нар ЕБС-д ойролцоогоор 19 цаг, дээд  сургуульд 16-17 цаг, МСҮТ-д доод тал нь 22, дээд тал нь 28 цаг хүртэл тус тус заадаг. Энэ ачааллыг бууруулна гэдэг сайдын шийдвэр гарсан. Хурлаас гарсан зөвлөмжийг  ямар түвшинд, хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэг төлөвлөгөөг гаргаж ажиллах юм. Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд тогтоол оруулахаар бэлдэж байна.