ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Ганцэцэг: 2020 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нөхөн даатгалд хамрагдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-14

 Малчдын нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Малчид нийгмийн даат­галдаа хэрхэн хамрагдах вэ?

-Нийгмийн даатгал нь албан журмын, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Малчдын хувьд  ямар нэгэн байгууллагад гэрээгүй, малаа маллаад, ашиг шимээр нь амьдардаг.Хүн амын онцлог бүлэг учир нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрийг сонгож болно. Өөрөөр хэлбэл төлөх төлөхгүйгээ өөрөө шийднэ гэсэн үг. Хэрвээ нийгмийн даатгалд даатгуулах хүсэлт гаргавал сум бүрт ажиллаж буй байцаагч нарт хандах хэрэгтэй. Ингэхдээ нийгмийн даатгалын байцаагчтай сайн дураар даатгуулах гэрээ бай­гуулж, орлогоо өөрөө сонгож тодор­хойл­но. Орлогын хэмжээ нь одооны мөрдөж буй хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөг, дээд хэмжээ болох  3.2 сая төгрөгийн хооронд орлогоо өөрөө тодор­хойлно. Жишээл­бэл,  малчин 500 мянган төг­рөг­нөөс сар бүр шимтгэл төлвөл тухайн даатгуулагч нэг сард 67500 төгрөгийн шимтгэл төлнө. Энэ нь тэтгэвэр, тэт­гэм­жийн, үйлдвэрлэлийн осол гэмтлийн даатгалд тус тус даат­­гуулж байна гэж ойлгох хэрэг­тэй.

-Хугацааны хувьд яаж төлөх вэ? 

-Гэрээгээрээ малчин сар бүр шимтгэлээ төлж болно. Эсвэл улирлаар, бүтэн жилээрээ ч оны эхэнд төлөх боломжтой. Гэхдээ үүнийгээ гэрээгээрээ харилцан тохиролцоод явах шаардлагатай. 

-Малчид нийгмийн даат­галын шимтгэл төлснөөр ямар давуу талтай вэ. Албан журмаар даатгуулагчдаас ямар ялгаатай юм бэ?

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлснөөрөө тэтгэв­рийн даатгалаас өндөр наст­ны тэтгэвэр, тахир дутуу, тэжээг­чээ алдсаны тэтгэврийг авах эрх­­тэй болно. Тэтгэмжийн даат­­галд даатгуулснаар  хөдөл­­мө­рийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэ­лэгт эмчлүүлэх,  эмэгтэй малч­­дын хувьд жирэмсний амарж­­сан тэтгэмж авч болно. Ор­шуул­­гын тэт­гэмж ч энд баг­­тана. Үйлд­вэр­лэлийн осол, мэр­гэж­лээс шалтгаалах өвч­ний даат­гал энд багтсан гэсэн үг. Малч­дын хувьд малаа мал­лаж байх явцдаа үнээндээ тийрүү­лэх, мориноос унах,  өв­лийн хүй­тэнд осгох, хөлдөх зэр­гийг үйлд­вэр­лэлийн осол гэж үздэг. Сумын Засаг даргын там­гын газарт үйлдвэрлэлийн ослыг суд­лан тогтоох комисс ажил­ладаг. Энэ комисс ажиллаад үнэ­­хээр тухайн хүн малаа мал­­лаж байгаад осолд орсон бол үйлдвэрлэлийн осол гэдэг актыг тогтоож өгнө. Ин­гээд даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, тэжээг­чээ алдсаны тэтгэмж, хөдөл­мөрийн чадвараа түр алд­саны тэтгэмжийг авах бүрэн боломжтой. Мөн олон төрлийн нөхөн төлбөр, рашаан сувилал гэх мэт хөнгөлөлт эдэлдэг.  Малчин хүн сайн дурын даатгалд  даатгуулснаар албан журмаар даатгуулсан хүмүүстэй ижил хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг авах эрх нь нээлттэй болдог. 

-Группт орсон хүний тэт­гэм­жээс нийгмийн даат­га­лын шимтгэл авдаг уу. Зарим иргэдээс ийм гомдол ирдэг?

-Нийгмийн даатгалын  сан­гийн орлого, зарлага,  тэтгэ­вэр, тэтгэмж бүгд татвараас чөлөөлөгдчихсөн. Нийгмийн даатгалын байгууллагаас тэт­гэв­рийг нь олгодог учраас ямар нэгэн татвар ногдуулахгүй. Харин тухайн тахир дутуугийн тэтгэвэртэй хүн  ажил хөдөлмөр эрхлээд,  байгууллагатай гэрээ байгуулсан бол цалингаас нь нийгмийн даатгалын шимт­гэлийг суутгана. Хэдий груптэй байсан ч гэсэн суутгадаг. Групп­тэй хүн ажиллаж болно шүү дээ. Ажиллавал байгууллага нь цалин олгохдоо албан журмын даат­гуу­лагч болж байгаа учир шимтгэлийг нь төлөөд, өөрөөс нь суутгаад явна.  Тэгэхээр тэт­гэ­вэр авагчын тэт­гэ­вэр нэмэгдэх боломжтой. Нөгөө талаас ажиллаж байх хуга­цаан­даа хуулиар тогтоосон бусад төрлийн тэтгэмжийг авах бо­ломжтой. Группын мөнгө­нөөс нийгмийн даатгал, тэтгэ­вэр авна гэсэн ойлголт огт байхгүй. 

-Малчид нийгмийн даатгал төлөлтөндөө хэр хандаж бай­на. Хэр их хүндрэл гардаг вэ?

-Малчдын хамаарал хангалт­гүй байна. 2019 оны есдүгээр сарын байдлаар нийт 43652 мал­чин нийгмийн даатгалд хам­рагд­сан. Өнгөрсөн оны мөн үе­тэй харьцуулахад 4000-5000 хүнээр  өссөн л дөө. Яагаад  ин­гэж нэмэгдэж байгаа гэхээр, тэд­ний тэтгэврийн насыг  нааш­луулж таван жилийн өмнө тэтгэвэр тогтоолгодог болсонтой холбоотой. 

-Малчдад нийгмийн даат­галд хамрагдахын давуу та­лыг сурталчилан таниулах асуу­­далд хэр анхаарч байгаа бол? 

-Нийгмийн даатгалд даат­гуулахад ямар ач холбогдолтой гэдэг талаар малчны хотод очиж сурталчилах шаардлага байна. Ирэх жилээс бид малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нөхөн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлнэ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэв­рийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хууль юм. Энэ хуу­лиар, өмнө нь нийгмийн даат­галд даатгуулаагүй байсан хугацаандаа малчид нэг удаа  шимтгэлээ нөхөн төлөх боломж бий болж байгаа. Тиймээс энэ хуулиараа нөхөөд төлчихнө гэсэн байдлаар малчид  хандаж байна. 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс нөхөн даатгалдаа хамрагдах боломжтой юм. 

-Малчин гэдгийг нь хэрхэн нотлох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэм­жих тухай хуульд зааснаар малын­­­­­хаа ашиг шимээр амьжир­­­­­гаа­­­гаа залгуулдаг, жилийн дөрвөн улирлын турш  малаа малладаг  хүмүүсийг хэл­­нэ гэж заасан. Малчин гэд­гээ нот­лохын тулд мал тоо­луул­­сан тооллогын бүртгэл буюу А данстай малчин тухайн жилийн­­хээ дансанд бүртгэлтэй бол мал­чин гэж үзнэ. Улмаар  шимт­­гэ­­лээ төлөөгүй бол нөхөн тө­­лүүлж болно. Туслах малчин гэ­дэг утгаараа хүн нь өөрөө хариу­­цаж төлөх үү, хөлсөлж бай­­гаа малчин төлөх үү гэдэг нь ту­хайн хүмүүсийн асуудал. Мал­чин л бол энэ хуулийн заал­тад хамрагдана. 

-Ямар нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэ­вэр авах боломж нээгдэх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийн өөрчлөлтөөр малчид нас­ны хувьд таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломж­той болсон. Тухайлбал, эрэг­тэй малчин 55 нас хүрч, нийт­дээ 20 жил нийгмийн даат­га­лын  шимтгэл төлсөн,  үүнээс 15 жил нь малчин, хөдөө аж ахуйн  нэгдлийн гишүүн, мал мал­лаж байсан гэсэн нотлох барим­туу­даар тэтгэвэрт гарна. Харин  эмэгтэй малчдын хувьд 50 нас хүрсэн,  мөн 20 жил шимт­гэл төлөөд 12 жил зургаан сард нь малчнаар ажилласан бол тэтгэврээ тогтоолгох боломж­той. Зарим малчдын хувьд А данс нь олдоогүй хүнд­рэл хууль хэрэгжих  явцад гарч байна. Тухайн үед малаа тоо­луул­сан тооллогын бүртгэл архивт байх ёстой байтал, суманд малчдын А данстай хол­боо­той мэдээлэл бараг байх­гүй гэж болно. Нэгэнт малч­ны тэтгэвэр тогтоох ёстой,  хууль эрхзүйн орчин бүрд­чихсэн байхад малчид архивт материал байхгүйгээс болоод тэтгэврээ тогтоолгож чадах­гүй байна. Улмаар ХНХЯ-ны сайдын тушаалаар малчнаар ажил­­ла­­сан жилийг тогтоох орон тооны бус зөвлөлийг ажил­­луул­­лах дүрэмтэй. Хуульдаа ч байгаа. Дүрмийн дагуу сум бүрт,  ЗДТГын даргаар ахлуулсан  орон тооны бус зөвлөл ажиллаж байгаа.