ЦЕГ-аас өсвөр насны хүүхэд, оюутан залуусыг цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” аяныг эхлүүлээд буй. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жил “UNFRIEND” аяныг хэрэгжүүлж байсан. Эхлээд удаагүй байгаа “Зөвийг түгээе” аян түүний үргэлжлэл гэж ойлгож болох уу?
-Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа. Иргэдэд цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, цахим орчинд зөв мэдээллийг олон нийтэд түгээх, буруу ташаа мэдээллийг ялгадаг байх зорилгоор “Зөвийг түгээе” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус аяныг ЦЕГ, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа. Энэхүү аяны хүрээнд мэдээлэл, контент, цахим хичээлүүдийг явуулж эхэлсэн. Их, дээд сургууль, хувийн хэвшил болон төрийн байгууллагад бэлтгэсэн сургагч багш нараар дамжуулан цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах, цахим хаягаа хэрхэн хөтлөх талаар сургалт зохион байгуулна. Мөн цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газарт хяналт шалгалт явуулах юм. Энэ бүхнийг сурталчлахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж хүргэж байна. Аян эхлээд 14 хоног болж байгаа бөгөөд давхардсан тоогоор хоёр сая орчим хүнд хүрсэн. Харин 15 орчим мянган хүнд биечилсэн байдлаар сургалт зохион байгуулсан. Цахим орчинд цацагдаж буй мэдээллийн 40 орчим хувь нь худал, ташаа, бусдыг төөрөгдүүлсэн мэдээлэл байдаг гэсэн судалгаа бий.
-14 хоногийн хугацаанд хэр үр дүн нь мэдрэгдэж байна вэ?
-Энэ аяныг зохион байгуулахад үр дүн нь гарч эхэлсэн. Тухайлбал, цахим гэмт хэргийн хохирогч хаана хандахаа мэддэггүй, ямар нэгэн этгээдийн дарамтад байдаг, айдгаасаа болоод мэдээлэл өгч чадахгүй ард нь үлддэг. Мэдээлэгдэхгүй үлдсэний улмаас нөгөө этгээд ял завшиж үлддэг байсан бол аян эхэлсэнээс хойш мэдээлэх байдал нэмэгдсэн. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн цахим мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголт сайн боллоо. Цахим сүлжээнд бусдыг доромжлох, гүтгэх, залилан мэхлэх, өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татах гэмт хэргүүд ихээр бүртгэгддэг. Үүнд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо хэрхэн нөлөөлөх, тэд юуг анхаарах вэ гэдэгт голлон анхаарч байна.
-Танайхаас энэ талаар сургалт авъя гэвэл нээлттэй гэсэн үг үү?
-Нээлттэй. Манай НЦГ, дүүргийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, байцаагч нар, мөн бэлтгэгдсэн 30 орчим багш сургалт явуулна. Цахим сүлжээнд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болдог. Нэгдүгээрт, иргэд сонжоо гэдэг зүйлийг битгий ашиглаач ээ гэж хэлье. Тухайлбал, “Та индиан нэрээ олно уу, хөгшин, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, амьтан байсан бол яах вэ” гэх мэтчилэн сонжооны ард ямар нэгэн байдлаар таны мэдээллийн 70 орчим хувийг хулгайлж, хакердаж байдаг. Зарим сонжоо руу нэвтрэхэд нууц дугаар нэхэхэд хийчихдэг. Гэтэл энэ нь мэдээллээ алдаж байна гэсэн үг. 2019 оны наймдугаар сард ийм байдлаар хүний мэдээллийг аваад сар гаруйн хугацаанд өөр гар утсанд тухайн хүний зураг, нэрээр хаяг нээсэн байсан. Улмаар энэ хүний талаар судлаад, бусад хүмүүсээс мөнгө гуйж эхэлсэн тохиолдол гарсан. Цахим хаягийг нь хакердаад нийтдээ 24 сая төгрөгийг авсан байдаг. Үүнд иргэд сэрэмжтэй байх шаардлагатай. Хоёрдугаарт, цахим хаягны нууц дугаараа утасны дугаараар, нэрээр, регистрийн дугаараараа хийдэг нь буруу. Ер нь бол нууц дугаараа жилд 2-3 удаа шинэчилж байхыг зөвлөж байна.
-Цахим гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүс ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байна. Нөгөө талаас энэ гэмт хэргийг үйлдэж байгаа нь ямар хүмүүс байдаг вэ?
-Манай улсад 2.1 сая хүн фэйсбүүк ашигладаг. Иргэд ихэвчлэн 3G, 4G сүлжээгээр цахим орчинд нэвтэрдэг бөгөөд 70 хувь нь 14-28 насны иргэд байна. Энэ хүмүүс цахим сүлжээ ашиглахыг хаанаас сурдаг вэ гэвэл, эргэн тойрноосоо суралцдаг. Гэтэл энэ мэдээллийг тавихад ийм аюултай гэдгийг хэн ч зааж өгдөггүй. Харамсалтай нь ихэвчлэн хүүхдүүд хохирогч болдог. Мөн эмэгтэйчүүд онлайн худалдаагаар бараа захиалаад мөнгөө шилжүүлчихдэг. Залилуулахаас гадна бараа нь зураг дээрх шигээ байдаггүй гэх мэт тохиолдол их байна. Мөн бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилдог, нэр хүндэд халддаг гэмт хэргийг эмэгтэй хүмүүс ч үйлдэж байгаа.
-2019 онд хэчнээн хүн энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн бэ?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар цахим гэмт хэрэг улсын хэмжээнд 580 гаруй, зөрчил 840 орчим бүртгэгдсэн. Үүний ихэнхи нь айлган сүрдүүлсэн, гүтгэсэн, доромжилсон, залилсан, өсвөр насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэг бүртгэгдэж байгаа.
-Цахим орчинд буруу мэдээлэл түгээдэг, ёсзүйгүй үйлдэл гаргадаг, бусдыг турхирдаг хэсэг хүмүүс байгаа. Тэд нийгэмд, залууст маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаардаг вэ?
-Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд Цахим гэмт хэргийн мэдээлийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гээд зүйлчлээд өгчихсөн. Мөн 16 дугаар зүйлд Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаарх заалт бий. Үүнд хүүхдийг садар самуунд уруу татах, зураг явуулдаг, санал тавьдаг гэх мэт зүйлүүд багтана. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс баригдах уу үгүй юу гэдэг нь цаг хугацааны л асуудал. Интернэт гэдэг нэг том торонд фэйсбүүк, твитер бүгд байдаг ч таны ёсзүйгүй мэдээ мэдээлэл, зургийг таны хүүхэд, дүү чинь үзэж байгаа шүү гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тухайн мэдээллээс болж хүүхэд, өсвөр үеийнхэн буруу зүйлд уруу татагдах, гэмт хэрэг хийх сэдлийг авч байгаа шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Ийм төрлийн мэдээлэл түгээсэн хүмүүсийн хаягийг олж илрүүлдэг, устгадаг. Тухайн этгээдийг олж Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг.