-Хийсэн нь баалуулж доромжлуулдаг энэ цагийн араншинд тэдний хэд нь гомдож явдгийг мэдэхгүй. Гүтгэж доромжилж байгаадаа харин хэн нь баярлаж бахархаж явдгийг би мэднэ ээ-
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнийн говийг зорилоо. Багын хэдэн найз хүүхнүүдтэйгээ Хонгорын элс, Ёлын ам, Дүнгэнээгийн хавцлыг үзэж, говийн цэнгэг агаараар уушгиа сэлгэлээ. Их хотын стресс нүргээнийг түр ч атугай мартахаар холыг зорьсон бид Дундговь аймгийн төв Мандалговиор дайрч, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоноглоод өглөө эрт Баяндалай сумыг зүглэж, Хонгорын элсийг зорилоо. Зам сайхан, машин саадгүй алсын зам дурайх нь сайхан. Энэхэн зуур нэг үеэ бодвол орон нутгийн зам, аймгийн төвүүд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон нь дотоодын аялагчдаас гадна гадаадын жуулчдад цаг зав, хөрөнгө түлш хэмнэсэн сайхан боломж гарсанд хэрэндээ л олзуурхаж, найзууддаа ярьж явав. Хоёр найз маань Өмнөговь бүү хэл, говь нутаг үзээгүй байсныг ч хэлэх үү, шинэхэн засмал замаар давхиж яваадаа сэтгэл хангалуун гэж жигтэйхэн. Би, бид энэ замыг чинь тавьсан, энэ юу ч биш хоёрхон жилийн хугацаанд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, 2500 гаруй км зам тавьсан юм чинь гэж онгироод авлаа.
Тийм ээ, бид зам яаж барьдгийг үзүүлсэн, чадсан. 2012-2014 онуудад А.Гансүх сайдын баг буюу Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга мэргэжилтнүүд, авто замчид, замын компаниудын чадвар чансаа, ажлын хариуцлага, сахилга бат дэндүү чанга байж билээ. Би тэр үед Сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсны хувьд дэндүү сайн мэднэ ээ. Зам барилгын ажил эхэлсэн өдрөөс эхлээд гэрийн бараа харна гэж үгүй. Өнөөдөр Хөвсгөлд, маргааш Сүхбаатарт, нөгөөдөр Өмнөговьд тууж явна. Сайд, Төрийн нарийн, дэд сайд гурав орон нутгийн замын ажлыг шалгах, заавар зөвлөгөө өгч, чанар, ажлын явцыг шалгахаар гарч өгнө. Аль алиныг нь дагаад л явна. Ямар сайндаа л нөхөр маань яаман дээр, зам зуурт солих хувцас хунар дөхүүлж, зарим үед “Буудалдаа ирж хонох болж байна уу” гэж тоглоом хийж байх вэ дээ. Буудалдаа гэдэг нь гэртээ ирэх нь үү гэж байгаа нь тэр. Сайд өнөөдөр замын ажил дээр очоод үүрэг даалгавар өгсөн л бол зөрөөд хоёр гурав хоногийн дараа Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа юм уу, дэд сайд Х.Ержан, Сайдын зөвлөх Ж.Бямбацогт очиж биелэлтийг нь шалгана. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, хэлтсийн дарга Н.Батсуурь хоёр бол хэдэн мэргэжилтнээ дагуулаад хавраас намар хүртэл бараг л орон нутгийн зам дээр амьдарчихна. Хөвсгөлийн Уньт, Тариалан чиглэлийн замыг шалгахаар нэг удаа явлаа. “Энэ замын залгаа мэдэгдэж байна, тэр хөвөөг жаахан тэгшилмээр юм уу” гэж үг нэмэхэд сайд “зам дагаж давхиж байгаа гэсэндээ бас юм анзаардаг л юм байна” гэж байна. Айж бас ичиж билээ. Нэг замын ажил руу хэд очсоноо ч санахгүй байх жишээтэй. Бодоод байх нь ээ, том ажлын ард гарлаа гэцгээж сайд, дарга нар, замчид маань бие биедээ л баяр хүргэж байснаас биш шоудаж, рекламдаагүй нь миний буруу байж. Хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто зам барьж, зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон их бүтээн байгуулалтын ажлыг гардан хийж гүйцэтгэсэн хүмүүс нь өнөөдөр чив чимээгүй, чичлүүлсээр байгааг хараад дуугүй сууж чадахгүй нь.
Намайг ажиллаж байх тэр үед маш олон ажлыг Зам, тээврийн яамныхан, А.Гансүх сайд хийсэн. Одоо ч амны бай болоод байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг ч тэр үед энэ яамныхан нугалсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд нь байсан. Төмөр замын ажилтай танилцах гэж очоод “Ямар аймаар их ажил хийгээ вэ, бид шороо овоолсон гээд байдаг, үгүй юм байна таминь, үлдсэн мөнгийг нь хурдан шийдэж өг өө, Эдийн засгийн хөгжлийн сайд аа. Юу юугүй дуусч байгаа юм байна” гэж уулга алдаж байсныг нь өөрийн нүдээр харж, чихээр сонсч явсан хүний нэг нь би л дээ. Хэвлэлийн хуудас, телевизийн камерт ч бичигдсэн дээ. Манай “задгай цагаан” бас Засгийн газар “Мөнгийг нь гүйцээгээд өгчихвөл, энэ нөхөд төмөр замаа бариад дуусгачих юм байна. Эд сайн нэртэй болчихож магадгүй, больё чи минь” гэцгээсэн, үнэн. Дараа дараагийн Засгийн газрын гишүүд нь ч энэ бүтээн байгуулалтыг хийчихэж гэж баталдаг, ярьдаг. Тийм ээ, 1000 төгрөг өгчихөөд 1800 төгрөгийн үнэтэй талх аваад ир гээд хүүхдээ дэлгүүр явуулдаггүй шиг мөнгийг нь дутуу өгчихөөд 267 км төмөр зам нэхээд байдгийг л ойлгодоггүй юм. Харин үүнийг харлуулагчид, троллууд мөнхийн сэдвээ болгон маажсаар суугаа нь ч үнэн.
Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосноор хэчнээн сум замтай болсныг хэлэх юм биш. Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртгөөр гадаад, дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх компанийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин механизм нийлж хоёрхон жилд 2500 км зам барина гэдэг аль ч Засгийн газрын түүхэнд байгаагүй том амжилт байсан юм шүү. Түүхэнд тодоор бичигдэх энэ бүтээн байгуулалтын эзэд нь өнөөдөр муу нэртэй болж, амжилтыг нь, түүхийг нь булааж байгаа нь дэндүү харамсмаар. Хойшид ийм бүтээн байгуулалт гарна гэж итгэж өгөхгүй л байна. Энэ бол зөвхөн миний л бодол.
Хар л даа. Өнөөдөр Дархан-Улаанбаатарын замын шинэчлэлийн ажил ямархуу төрхтэй байна. 204-хөн км зам тавих гэж бүтэн хаваржин зунжин намаржин болж байна. Ажлынхаа 50 хувийг ч хийгээгүй байх жишээтэй. Мөнгө нь бэлэн байхад зохион байгуулалт, хариуцлага, сахилга бат нь хаана байна. Ерөнхий сайд нь үүрэг чиглэлээ өгчихсөн байхад замын салбар хариуцсан сайд нь, зөвлөх нь, дарга нар нь сонгуулийн шоундаа бэлтгээд юун зам, юун бүтээн байгуулалт. Дархан-Улаанбаатарын зам дагуух сум суурин газрууд сэглээд хаясан замын шороонд дарагдаж, авто осол зөрчлүүдийн тоо ихэссэнээс өөр юм алга. Магадгүй ирэх жилийн сонгуулийн өмнө дуусгаж, шоудаж магад. Би Борнуурынх. Зундаа хэд хэдэн удаа сум руугаа давхичихаад байсан, энэ зун хойшоо зүглэж ч чадаагүй.
“Сүүлийн гурван жилд дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байна. Ажил хийж байна гэж хэлж чадахгүй нь, хэцүү байна” гэж Зам, тээврийн салбарынхан маань ярьдаг болсон байна лээ. Би энэ салбарын гурван ч сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласны хувьд энэ салбарын хаана ч очсон, хэнтэй нь ч танимхайран уулздаг болохоор зовлон нь сонсогдоно оо, бас. Зам, тээврийн гурван сайдын хэвлэлийн албанд зүтгэснээрээ би азтай сэтгүүлч. 2008 онд Цэрэндашийн Цолмон, 2012-2014 онд Амаржаргалын Гансүх, 2015-2016 онд Мөнхчулууны Зоригт гэсэн гурван сайдын Ажлын албанд багтаж ажиллах хэцүү бөгөөд хүндтэй ажилд томилогдсон маань ховорхон завшаан. Сүүлд А.Гансүх, М.Зоригт сайд хоёртой кофе ууж суухад энэ салбарт дэд сайдаар очоод удаагүй байсан Б.Цогтгэрэл тэнд таарч, дөрвүүл сууж байтал Цогоог надад үг хаяхад “Манай Оюунгэрэл энэ салбарын гурван сайдын хэвлэлийн төлөөлөгч хийсний хувьд энэ яаманд, энэ яамны аль ч салбарын хаалгаар шууд орох эрхтэй хүн шүү” гэж хэн нь ч билээ, хэлсэн. Энэ бол ямар ч шагналаас том үнэлгээ байлаа. Гурван өөр араншин, гурван өөр арга барил, гурван өөр туршлага чадвар, гурван өөр өнгө байсан, тэд. Гэхдээ тодоос тод өнгө нь 2012-2014 онд л гэрэлтсэн. Тэр баг өнөөдөр ч ажиллаж байсан бол 204-хөн км зам “үдийн будаа” байх байсан биз. Болдогсон бол тэр багийг энэ салбарт нь буцааж авчраад томилж шийтгэмээр. Харин тэр үеийн Зам, тээврийн яамны хүчирхэг багийн бүрэлдэхүүнд багтаж, түүхэнд байгаагүй гаргасан амжилт, хийсэн бүтээснийг нь бага рекламдсан би нээрээ муу сэтгүүлч юм уу даа. Хийсэн бүтээсэн нь баалуулж доромжлуулдаг энэ цагийн араншинд тэдний хэд нь гомдож явдгийг хэн мэдэхгүй. Гүтгэж доромжилж байгаадаа харин хэн нь баярлаж бахархаж явдгийг би мэднэ ээ.