ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хааны эрэлд-2018” 16 дахь жилдээ

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-18

Тэртээ 2003 онд буюу 15 жилийн өмнө Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “Хааны эрэлд” сургуулилт  зохион байгуулж эхэлсэн билээ. Анх Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхэлсэн тус сургуулилт, 2006 оноос Олон улсын сургууль болгон өргөжиж, эдүгээ таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон энхийг дэмжих ажиллагааны томоохон сургуулилт болоод байгаа юм. Тэгвэл энэ жилийн “Хааны эрэлд 2018” сургуулилт өнгөрөгч долоо хоногт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хуваарийн дагуу эхэллээ.

Энэ үеэр “Хааны эрэлд” сургалт жилээс жилд өргөжин тэлж, дэлхийн олон орны  оролцохыг хүсдэг, том сургалт, дадлагын талбар болсныг харж болохоор байлаа. Тухайлбал, энэ жилийн сургуулилтад Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож  байгаагаас харж болно. Өнгөрөгч долоо хоногт болсон "Хааны эрэлд 2018" энхийг дэмжих олон улсын хамтарсан сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайдууд зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй 26 улсын  бие бүрэлдэхүүнтэй мэндчилснээр албан ёсны үйл ажиллагаа эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшилд хүрч байжээ. Олон зууны тэртээ монголчууд Евро-Азийн бараг бүхэлд нь хамарсан амар амгаланг тогтоон сахиулж, орчин үеийн ертөнцийн суурийг цутгаж явсан юм. Монголын амар амгалангийн жилүүдэд Евро-Азийг дамнасан худалдааны сүлжээ сэргэж, улс хоорондын өртөө, шуудан харилцаа тогтож, соёл мэдлэгийн солилцоо нэн эрчимтэй явагддаг байлаа.

Чухам энэ үест худалдаа,  банк, буухиа шуудангийн инновациуд дэлгэрч, өрнө дорнын технологи мэдлэгийн солилцоо өргөжиж, улс хоорондын харилцааг илүү шуурхай, илүү үр дүнтэй болгож байсныг эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан. Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг.

Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдон үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг. Хааны эрэлд олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхитай болсон юм.

Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг  гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлдэг “Хааны эрэлд” сургуулилтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн албан хаагчиддаа энэ сургуулилтад оролцуулсан бүх улс орнуудын удирдлагад Та бүхнээр дамжуулан талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлэн байдгийг илэрхийлье.

Хааны эрэлд олон улсын сургуулилтад амжилт хүсье” гэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон БХЯ, ЗХЖШ, Монголд суугаа ЭСЯ-ны удирдлага, олон улсын төлөөлөл, албаны хүмүүст хүндэтгэл үзүүлэн Монгол Улсын хүндэт харуул, Зэвсэгт хүчний цэрэг, БНХАУ, Япон, БНСУ, АНУ тэргүүлсэн цэргийн жагсаал болж, хүндэтгэлийн зураг даруулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

“Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилтын Монгол талын удирдагч, бригадын генерал Л.Гансэлэм “Хааны эрэлд 2018” сургуулилтын онцлогийн талаар хэлэхдээ “Энэ жилийн хувьд Катар улсын цэргийн салаа анх удаа оролцохоор ирсэн нь онцлог. Мөн Бутаны вант улс анх удаа ажиглагчаар оролцлоо. Манай улсын хувьд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх  наймдугаар ээлжийн мотобуудлагын батальоны таван салаа оролцож байгаа нь бас онцлогтой.  Бид өмнөх жилийн сургалтын хөтөлбөрийн адил команд штабын сургууль, ротын хамтарсан сургууль, салаадын тактикийн хээрийн сургууль, чадавхийг нэмэгдүүлэх сургалт, эмнэлэг-хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ.

Мөн эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаагаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн материаллаг баазыг түшиглэн зорилтот бүлгийн 1500 гаруй иргэнд олон улсын цэргийн хамтарсан баг эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, анхан шатны тусламж үзүүлнэ. Энэ бол иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ач холбогдолтой ажил юм” гэв. Харин АНУ-ын талын удирдагч, хурандаа Мондэлл “Монгол нутагт хөл тавиут л дотно сайхан сэтгэгдэл төрдөг. Цаг агаарын хувьд миний амьдардаг Аляска мужийн цаг агаар, уур амьсгалтай ижил учраас тийм таатай байдаг байх.

“Хааны эрэлд” сургуулилт бол орон орны цэргийн албан хаагчид хамтран ажиллаж, харилцан дадлага туршлагаа солилцон, бие биеэсээ суралцах хамгийн том боломжийг бий болгодог. Жил бүр энэ сургуульд оролцох улс орны тоо нэмэгдэж, цар хүрээ нь улам өргөжин тэлж байгааг бид бэлхнээ харж байна. Энэхүү үзүүлэлт бол тус сургуулийн үнэ цэнэ, нэр хүнд, ач холбогдлыг илэрхийлж буйн хэрэг. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй, тийм болохоор аливаа сургалт, дадлагуудад холбоотнуудтайгаа хамтран идэвхтэй оролцож, НҮБ-ын хамтын ажиллагаанд бэлэн байх ёстой гэж ойлгож байна” хэмээн онцолж хэлсэн юм.

Мөн эл дашрамд дурьдахад Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв жилээс жил ирэх тусам өргөжин тэлж, материал, техник хангамжийн хувьд олон улсын төвшинд хүрэхэд ойртож буй нь ажиглагдсан юм. Тухайлбал, энэ жилийн хувьд л гэхэд хээрийн байрлалын гал тогооны байрыг шинээр барьж байгуулсан аж. Цэргийн албан хаагчид, бие бүрэлдэхүүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мини театр, бильярдын өрөөг өргөтгөсөн аж.

Энд сургуулилтад хамрагдаж буй олон орны цэргийн албан хаагчид чөлөөт цагаараа, хуваарийн дагуу соёл урлагийн арга хэмжээнүүд зохиогддог байна. Тухайлбал, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолтоос эхлээд,  монгол дууны караоке, олс таталт, гар тулааны үзүүлэх тоглолт, диско үдэшлэг, хөгжөөнт тоглоомууд зохиогдох бөгөөд мөн орой бүр оролцож буй орны соёлын өдрүүд болох хуваарьтай аж. Ийнхүү орон орны цэргийн албан хаагчид энхийг сахиулах сургуулилт хийхийн хажуугаар Монгол орны байгаль, хөгжил цэцэглэлт, түүх, соёл, өв уламжлалт ёс заншилтай танилцаад буцдаг байна.