Гэр бүлээрээ Америк оронд амьдарч буй С.Түвшинтөгстэй ярилцлаа. Тэрбээр харь оронд амьдарч байгаа хэдий ч, эхнэрийнхээ хамтаар гурван хүүхдээ өсгөж, түүний хажуугаар өөрсдийнхөө дуртай зүйлийг хөгжүүлэн, олон монголчуудыг хамруулж чаджээ. Түүнтэй АНУ-д хэрхэн аж төрдөг, тэнд оршин суудаг монголчуудын талаар ярилцлаа.
-Америк улсад ирээд хэдэн жил болж байгаа вэ. Хэрхэн аж төрж байна?
-Саяхан л Америкт ирж байсан шиг санагдавч хэдийнээ 18 жил болчихжээ. Эхнэр бид хоёр найм болон 10 настай хоёр хүүхдээ хөтлөөд онгоцноос энэ том гүрэнд бууж байлаа. Ингэж их удна гэж бодоо ч үгүй. Ганц хоёр жил болоод буцна гэж бодож ирсэн л дээ. Тэгээд л Америкийн завгүй амьдралын урсгал дунд хөл алдчихгүйхэн шиг явах гэж үзэж тарсаар өдийг хүргэжээ. Эхнэрийг маань Б.Загдсүрэн гэдэг. Энд ирээд бага охиноо төрүүлсэн. Одоо 12 настай, дунд сургуулийн долдугаар ангийн сурагч. Охин маань усан спортоор хичээллээд найман жил болж байна. Том охин маань Сан Францискод “KPMG” компанид аудитороор ажилладаг. Хүү механик инженерийн мэргэжил эзэмшихээр коллежид сурч байна. Хоёр жилийн дараа төгсөнө. Эхнэр бид хоёр өөрсдөө үүсгэн байгуулсан Хайкинг клубээ ажиллуулахаас гадна, фитнессийн тоног төхөөрөмж угсардаг ажил хийдэг. Үүнээс гадна жимс ногоо тарина гэх мэтчилэн хийх ажил мундахгүй шүү дээ. Фитнессийн тоног төхөөрөмж угсардаг ажлаа 16 жил хийж байна.
-Яагаад анх энэ сонголтыг хийх болов?
-Америкт ирэх болсон онцгой шалтгаан ч гэж юу байх вэ. Гэхдээ олны жишгээр насны залууд юм үзэж нүд тайлья гэсэн бодолтой л ирцгээсэн. Анх ирээд нэг хэсэгтээ шинэ орчиндоо дасах гэж хөглөж л байлаа. Хаа очиж эндхийн систем нь хүнээ дээдэлсэн, хүний төлөө нийгэм байсан учраас тэгсхийгээд болоод явчихсан. Аяндаа энэ нийгмийн ахуй нөхцөлд дасаад амьдарч явна. Буцаад эх орондоо очдог юм билүү гэж өнгөрсөн жил нэг хэсэг догдолж л байлаа /инээв/.
-Тэгээд яагаад буцаагүй юм бэ. Монголд байхдаа ямар ажил хийдэг байсан бэ?
-Эндээс олон ч хүн Монгол руу буцсан. Гэтэл төд удалгүй эхнээсээ буцаад Америкт ирцгээсэн болохоор буцах бодол маань унтарсан гэх үү дээ. Би энд ирэхээсээ өмнө Үндэсний Архивын газарт ажиллаж байсан. Эхнэр маань Олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байсан юм.
-Та хоёрыг хараад байхад их аж ахуйч юм. Ажлаа амжуулахаас гадна үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч байна. Клуб ажиллуулах, уулын аялал ч их хийх юм. Энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ. Мэдээж хүний нутагт асуудал, бэрхшээл их тулгардаг байх. Гэхдээ дуртай зүйлээ хийж чаддаг болохоор түүнээсээ урамшдаг байх гэж бодлоо?
-Яах вэ хүн ажилтай, унхиатай байж л амьдрал өөдрөг байдаг хойно. Ажил, аялалаас бусад цагт эхнэр бид хоёр гэртээ зүгээр суухгүй ээ. Зүгээр суухгүй ч гэж манай хүн угаасаа шоргоолж шиг ажилсаг хүн байгаа юм. Тэгээд дэргэд нь хорин найман жил харж яваа болохоор дагаад л хөдөлдөг ухаантай. Цэцэг навч, ногоо тарихаас эхлээд нэг ёсны амралт л болох юм даа. Мэдээж сайн сайхны хажуугаар асуудал зөндөө л гарна. Асуудал гарлаа гээд урвайгаад байлтай биш. Тийм биз дээ. Давж гарахын төлөө зүтгээд байхад арга нь олддог шүү дээ.
-Эх орноо орхиж, харийн орныг түшиглэн амьдарч байгаа иргэдийг зарим тохиолдолд шүүмжлэх хандлагатай байдаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Одоо цаг өөр болсон шүү дээ. Ялангуяа залуучууд “Зөвхөн Монголдоо” гээд суугаад байлгүй гадагш, дотогш явж амьдралаа бүтээж, чадлаа сорьж, сэтгэлгээгээ илүү нээхийн төлөө зүтгэх хэрэгтэй болов уу. Нэгэнт монгол хүн болоод төрчихсөн хойно Америкт амьдрахаар америк, хятадад амьдрахаар хятад болчихгүй шүү дээ. Гол нь хаа ч явсан чадалтай, чадвартай байж Монгол хүн гэдгээ таниулж, бахархуулж явбал болно гэж боддог.
-Мэдээж Монгол, Америк хоёр орны хөгжил, иргэдийнх нь соёлыг хооронд нь харьцуулшгүй байх. Америкийн иргэдийн хамгийн хүндэлмээр зүйл нь юу вэ?
-Хамгийн тод анзаарагддаг зүйл бол энд хүн бүр багаасаа бусдыг хүндлэх, бусдад саад учруулахгүй байх гэсэн үзлээр хүмүүждэг. Хэн юу хийж байгаагаасаа үл хамаараад ажлаа хийсэн шиг хийж, хууль дүрмийг ягштал баримталдаг. Иргэд нь ийм суртахуунтай байхаар элдэв хүндрэл бэрхшээл бага байдаг юм шиг санагдсан.
-Амьдарч байгаа нөхцөл байдлаа дээрдүүлэх гэж харийн орныг зорьдог шүү дээ. Америк улсад амьдарч буй манай иргэдийн амьдрал хэр байна?
-Америк улсад амьдардаг монголчуудын амьдрал одоогоос арван хэдэн жилийн өмнөхтэй харьцуулашгүй сайжирсан. Америкийн нийгмийн аль ч шатанд амжилттай ажиллаж, амьдарч яваа нь сайшаалтай. Анхны монголчуудынхаа алдаа онооноос суралцсаар одоо шал өөр болсон. Хүүхдүүд ч маш их төрж байна. Зөвхөн манай Сан франциско орчимд гэхэд л 10 орчим мянган монгол хүн байгаа байх. Үүний тал хувь нь энд төрсөн хүүхдүүд байдаг.
-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд аливаа баяр ёслолоор уламжлалт ахуйгаа харуулсан өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Үүгээрээ хүүхдүүддээ өв соёлоо таниулахад ач холбогдолтой байдаг гэж боддог. Хүүхдүүдэд монгол хэлийг нь мартуулахгүй, бас сургах асуудалд хэрхэн анхаардаг вэ?
-Энд өсч байгаа хүүхдүүдийн хамгийн чухал, бас хамгийн хүнд асуудал нь монгол хэлээ сурах хадгалах асуудал байдаг л даа. Гэхдээ монголчууд олонтой томоохон хотуудад монгол сургуулиуд байгуулж амралтын өдрүүдээр хичээллэдэг болсон. Сайн дурын байхаас гадна ямар нэгэн төсөв мөнгөгүй болохоор хангалттай олон хүүхдүүд хамруулах боломжгүй ч маш их тус дэм болж байгаа даа. Манай “Хайкинг” клубээс бас олныг хамарсан гүйлт, алхалтуудыг зохион байгуулдгийн цаад зорилго нь энд байгаа хүүхэд залуусыг хооронд нь танилцуулах, чөлөөт цагаа байгалийн сайханд өнгөрөөж утас, дэлгэцээс хэсэг ч гэсэн хөндийрүүлэх, өөрийгөө сорьж ялан дийлэх чадвар суулгах гээд л хэрдээ л хичээж явна даа, бид.
-Хүүхдүүд хэр идэвхтэй байна?
-Яах вэ. Эцэг, эхчүүд л хүүхдүүдээ жаахан хүчлэхгүй бол тэгсхийгээд л дэлгэц ширтээд суучихна шүү дээ.
-Клубээ танилцуулаач?
-“Nomadic Hiking club” нь 2013 оны гуравдугаар сард АНУ-ын Сан-Франциско хотноо “Эрүүл биед саруул ухаан” уриан дор үүсэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш зургаа дахь жилдээ тогтмол үйл ажиллагаа явуулж, уулын болон явган аялалын ач тусыг сурталчлах, дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна. Сард хоёр удаа хол ойрын явган аялалуудыг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 2000 гаруй хүнийг хамрууллаа. Мөн жилд хоёроос доошгүй удаа өндөр уулын авиралтуудыг амжилттай хийж ирлээ. Энэ их хөдөлмөрөөрөө бид өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид багагүй амжилтад хүрчээ. Калифорни мужид орших 4000 метрээс дээш өндөртэй таван оргилд багаараа 14 удаа амжилттай гарлаа. Клуб маань 2015 онд “The American Alpine Club”, 2017 онд Монголын Уулчдын Үндэсний Холбооны гишүүн болсон. Жил бүрийн есдүгээр сард клубын нэрэмжит бүх нийтийн гүйлтийг уламжлал болгон зохион байгуулж байгаа. Шведийн “Fjallraven” аялалын хувцас хэрэглэлийн компаниас жил бүр зохион байгуулдаг Хойд туйлын бүсэд нохой чаргаар 300 км аялах олон улсын экспедицэд орох эрхийн төлөөх онлайн уралдаанд тус клубын гишүүн Б.Загдсүрэн, Ж.Баасансүрэн, С.Номин, Д.Түвшинбаяр нар Америкаас шалгарч 2015, 2016, 2017, 2018 онуудад дарааллан ялагчаар тодрон Эх орныхоо алтан соёмбот далбааг хойд туйлд мандуулсан амжилт гаргалаа.
-Спортлог гэр бүл юм. Охин нь бас усан спортоор хичээллэж амжилт гаргадаг тухай ярилцлагын эхэнд дурдсан?
-Усанд үнэхээр дуртай хүүхэд байгаа юм. “Far Western” гээд бүсийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрээс дээш бүх холын зайны алт, мөнгө, хүрэл медалуудтай. Өсвөрийн олимпын холын зайн төрлүүдээр мөн мөнгө, хүрэл медальтай. Ер нь ойроосоо илүү холын зайндаа сайн л даа.
-Бүжиглэх дуртай бололтой. Арай бүжгийн клубтэй юм биш биз?
-Бүжгэнд дуртай дуртай /инээв/. Эхнэр бид хоёр бүжиг, диско зохион байгуулж яваад л суучихсан гэхэд бараг болно доо. Эрдэнэтийн 90-ээд оны залуучууд андахгүй дээ. Бидний хэдэн найзууд диско зохиодог байлаа. Тэр үед чинь нэг хэсэг бүх юм задгайраад, нэг л тийм сонин болчихсон байсан үе шүү дээ. Бас Улаанбаатарт Топ тен, өөр юу юу ч билээ диско клубууд их байсан юм. Тэднийг хашраадаг байсан даа /инээв/.
-Америк орныг зорих хүсэлтэй залуучуудад та юу гэж зөвлөмөөр байна?
-Энд залхуурахгүй л бол ажил төрөл, хүссэн бүхэн сайн хийгээд, бизнесээ үүсгээд амьдрал ахуйгаа аваад явах нөхцөл нь илүү бүрдсэн. Хар, шар байна уу, энэтхэг, хятад байна уу хамаагүй. Хууль зөрчихгүй л бол чамайг хэн ч оролдохгүй, дарамтлахгүй, элдэв шан харамж нэхэхгүй. Тийм болохоор л дэлхийн өнцөг булан бүрээс Америк улсыг зорьж ирсээр л байгаа юм.
-Цаашид Монголдоо ирж амьдрах бодол байгаа юу. Монгол орон Америкийн орнуудын хэмжээнд хараахан хүрээгүй ч гэсэн өдөр ирэх бүр хөгжсөөр байгаа шүү дээ?
-Бид монголдоо ирж, очин байгаа. Одоогоор бага охин маань дунд сургуульд сурч байна. Охиноо мэргэжил эзэмшээд амьдралаа аваад явахын цагт хань бид хоёр хаана суурьшихаа шийднэ.