Одоогоос таван сарын өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд хуралд суухаар орсон УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан билээ.
Олон улсын авторалли уралдааныг Монголд зохион байгуулах ажлын хэсгийн хуралд суухаар хамгаалагчаа гадаа нь үлдээгээд орсон ч Төрийн ордны хоёр давхрын гонхноос унасан байдалтай нас барсан байдаг. Ажлын цаг дууссан хойно болсон энэхүү ослыг цагдаагийн байгууллага олон сар шалгаж, олон хүмүүсээс мэдүүлэг авсан.
Мөн тухайн үед АН-ын зүгээс улс төрийн зорилготой хэрэг хэмээн үзэж, ОУПХ-ноос тусламж хүсч байсан ч таван сар өнгөрчихөөд байхад хэрэг огтхон ч ахиц гараагүй юм. Тиймээс ар гэрийнхэн нь цөхрөнгөө барж, иргэдтэй нэгдэж төрөөс амийг нь нэхнэ хэмээжээ.
Тухайлбал, түүний дүү болох НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийнхэн нь аргаа барж сууна. Ард түмэнтэйгээ хамтарч амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” хэмээжээ. Тэгвэл талийгаачийн амиа алдсан хоёр давхрын гонхны хэсэгт шилэн хаалт хийжээ. Гэвч эрдэнэт хүний алтан амийг ийм зүйлээр хаацайлаад өнгөрч болохгүй учраас хэргийн үнэн мөнийг олох, ар гэрийхнийх нь эргэлзээг тайлах нь чухал байгаа юм.