БНХАУ-ын 500 гаруй иргэд Монголын үүрэн холбооны оператор компаниудын сим бүхий 10 мянган утас, хамгийн сүүлийн үеийн 1000 ширхэг комьютерээр тоноглож, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллийг бид өчигдөр шөнө хүргэсэн билээ.
Тэгвэл Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран өчигдөр шөнө дөрвөн зочид буудлаас тэднийг баривчлан саатуулжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион буйлдинг", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байжээ. Өнөөдөр өглөөний байдлаар “Ориентал” зочид буудлын гадна цагдаагийн албан хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсаар байсан юм.
Энэ талаар албан ёсны мэдээллийг ЦЕГ болон ТЕГ-аас өгөөгүй байгаа. Харин Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Тагнуулын болон Цагдаагийн Ерөнхий газар ажиллаж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй. Цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн тул прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байна" гэжээ. Эдгээр иргэд, Монгол Улсад аялал жуулчлалын визээр нэвтэрсэн байж болзошгүй байна. Энэ талаарх албан мэдээллийг тун удахгүй хүргэнэ.