-Автозамыг өдөртөө 2-3 удаа цэвэрлэж, өвлийн халтиргаа гулгаа үүсэхээс хамгаалах ажлыг 35 жил хийсэн зам талбайн мастер Д.Баяржаргал “Үйлчилгээний гавьяат ажилтан” боллоо-
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой болон Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Өчигдөр морин цагт эхэлсэн шагнал гардуулах үйл ажиллагааны салхийг хагалж, өдгөө 30 насны ойгоо тэмдэглэж буй “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Н.Пүрэвдашийг МУГЖ цол тэмдгээр шагнав. Урлагийн салбарт 30 жил зүтгэж яваа энэ хоёр эрхэмгүйгээр “Харанга” хамтлагийг төсөөлөхөд бэрх. Тиймдээ ч ард түмнээ соён гэгээрүүлсэн эдгээр хүндтэй эрхмүүд өчигдөр төрдөө “үнсүүлэв”. Гитарчин Я.Одсүрэн шагналаа гардсаны дараа “Рок урлагийг өндрөөр үнэлсэн, төр засаг, ард түмэндээ баярлалаа. Тэнгэрт байгаа аав ээждээ баярлалаа. Хамтлагийнхан, гэр бүл, хань үр хүүхэд, үе үеийн бүх гитарчиддаа баярлалаа” хэмээв. Харин гавьяатын тэмдгээ энгэртээ зүүсэн хөгжимчин Н.Пүрэвдаш “30 жил хамт байсан монголчууддаа, 87 настай ээждээ, хамтлагийнхандаа баярлалаа. Энэ гавьяа бол хойшид ихийг хийж бүтээ гэсэн урам юм. Тиймээс 40 жилийнхээ ойгоор та бүхэнтэйгээ эргээд уулзана” гэв. Түүхт ойн өдрөөр нийтдээ 18 хүнд салбарын гавьяатаас эхлээд төрийн дээд одон медалийг гардуулсан юм. Тэдгээр шагналын эзэд бүгд л өөр, өөрийнхөө хэмжээнд улс эх орондоо ихийг хийж бүтээсэн гавьяатнууд байсан учраас “шагнал нүдээ олжээ” хэмээн нийтээрээ баярлаж, бахархав.
Тухайлбал, үүр хаяарахаас эхлээд үдшийн бүрий хүртэл Улаанбаатар хотыг цэвэрлэсэн зам талбайн мастер Д.Баяржаргал нь 1984 оноос хойш Нийслэлийн хот тохижилтын газарт ажилласан бөгөөд автозамыг өдөртөө 2-3 удаа цэвэрлэх, хог хаягдлыг цаг хугацаанд нь ачуулж, өвлийн халтиргаа гулгаа үүсэхээс хамгаалах ажлыг 35 жил хийжээ. Мөн нийслэлийн цэвэр цэмцгэр байдлыг нэмэгдүүлэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөж, улсад 42 жил ажиллах хугацаандаа 120 гаруй жолоочийг сургасан хог тээврийн машины жолооч Д.Шаравдорж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, ус дулааны худагт үзлэг хийх ажлыг 34 жил хийсэн Орон сууц нийтийн аж ахуйн газрын машинист Ж.Сүхбаатар, Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр баазын автобусны жолооч Э.Очирхуяг нар “Үйлчилгээний салбарын гавьяат” болж, төрдөө “үнсүүлэв”. Эмэгтэй хүн атлаа энэ улсын хамгийн хүнд хэцүү салбарт бохир усны шугам хоолой, худгийн эвдрэл гэмтлийг засах ажлыг 1982 оноос буюу 37 дахь жилдээ гүйцэтгэсэн УСУГ-ын Бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа ч үйлчилгээний салбарын гавьяат боллоо.
Эдгээр манлайлагчдын сэтгэл зүтгэл, ажилдаа чин үнэнчээр ханддаг хоёргүй сэтгэлийн үр дүнд нийслэлчүүд бид амар тайван, амгалан амьдарч буй билээ. Шагнал жинхэнэ ёсоор нүдээ олжээ. Мөн геологийн салбарын 80 жилийн ойг угтан Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын ахлах референт Д.Болд, “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Ш.Доржсүрэн, “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Г.Дэжидмаа, Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Ө.Доржханд нар “Аж үйлдвэрийн салбарын гавьяат ажилтан” болжээ. Үүнээс гадна есөн давхрын цонхоор унах гэж байсан гурван настай хүүг аварсан ачтан болох Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярт “Шударга журам” медаль гардуулж, онцгойлон баяр хүргэв. Энэ өдөр Төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор нэг, “Алтан гадас” одонгоор нийтдээ долоон хүнийг тус, тус шагнасан юм. Ерөнхийлөгч шагнал гардуулсныхаа дараа нийт манлайлагчдад баяр хүргэж, амьдралд нь сайн сайхныг хүсэв. Тэрбээр, “Та бүхэнд төрийн цол, одон медаль гардан авсанд тань баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манлайлагчдын алдар бадартугай. Мөнх тэнгэрийн ивээлээр Улсын нийслэл Улаанбаатар хот цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.
Б.Эрхэс








