Монгол Улсад байрлалтай таван зочид буудлаас өнгөрөгч аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 780 гаруй хятад иргэдийг баривчилсан билээ. Тэгвэл эдгээр иргэдийг өнгөрөгч бямба гарагт БНХАУ руу албадан буцаалаа.
Тэдгээрийг очсон даруйд БНХАУ-ын цагдаагийн албан хаагчид хүлээн авч бөгөөд тус бүрээр нь байцаалт явуулж, шалгах юм байна. Эдгээр хятад иргэдийг нутаг буцаахад нийт 100 сая гаруй төгрөг зарцуулсан аж. Нутаг буцах зардлыг нь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас гаргажээ.
800 орчим иргэнийг Монголд авчрах ажлыг зохион байгуулсан толгойлогч гэх 14 хятад иргэнийг яг одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн нэг монгол иргэн байгаа гэнэ. Эдгээр иргэдийг орогнуулж байсан зочид буудал, мөн үүрэн холбооны хоёр оператор компанийг ч шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байцаалтаар цахим казино, мөнгө угаалт байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Баригдсан 800 хятад иргэний 103 нь эмэгтэйчүүд байсан юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим хадлага хийсэн байж болзошгүй эдгээр иргэдийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагууд, ажилтан албан хаагчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлжээ. Мөн эдгээр иргэдийг хилээр гаргах ажлыг хариуцаж явсан цагдаагийн албан хаагчид өнөөдөр эргэн иржээ.