ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн албаны цензур хатуу, босго өндрийг харууллаа

Б.ОЮУНГЭРЭЛ
2019-11-25

Нэг яамны сайд гарын үсэг зуруулахаар оруулж ирсэн албан тоотуудынхаа алдааг өдөржин улаан балаар засаад сууж байдаг байсан тухай яриа саяхан гарч, сайдыг нь элдвээр доромжлоод өнгөрч билээ. Тэр сайдын буруу юу байх билээ. Албан бичгийг бичиж төлөвлөсөн мэргэжилтэн, газар хэлтсийн дарга нар, сайдын нарийн бичгийн мэдлэг, ур чадвар, боловсрол хэр нимгэнийг харуулсан хэрэг. Төрийн албаны цензур хатуу байж, төрийн босго өндөр байх ёстойг сануулсан хамгийн наад захын илэрхийлэл энэ. Саяхан төрийн албаны шалгалт орон даяар явагдлаа. Төрийн босго өндөр байж, мэдлэг чадвартай, ёсзүйтэй хүн төрд алба хаших ёстой гэдэг зарчмыг Төрийн албаны зөвлөлийнхөн ягштал баримталлаа. Өмнөх жилүүдийг бодвол энэ жилээс Төрийн албаны зөвлөл жинхэнэ утгаараа мэргэжлийн ёс зүйтэй, хуулийн дагуу ажиллаж, төрийн албаны шалгалтыг анх удаа цахимаар авсан. Шалгалт л болсон хойно унасан бүхэн шалтаг тоочиж байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад түүхийн асуултууд их байсныг зарим хүн шүүмжилж байна. Залуус улсынхаа түүхийг мэ­дэхгүйгээр төрд ажиллана гэж байж боломгүй. Шалгал­тан­даа уначихаад гомдоллож байгаа залуу та шалгалтдаа бэлтгээгүй л байна гэсэн үг. Шалгалт өгсөн хүмүү­сийн олонхи нь залуус бай­сан бөгөөд хамгийн залуу нь 20 настай, хамгийн ахмад нь 56 настай байсан бөгөөд 50-иас дээш насныхан илүү өндөр оноог авсан байгаа нь нэгийг хэлж байна. Харин шалгалтын явцад хүмүүсийн оноотой хол­боо­той зарим нэг шүүмжлэл гарсан нь дэд бүтцийн доголд­лоос болсон бөгөөд эхний ээл­жинд орсон цөөн хүн дээр ийм догол­дол гарсан ч тэр дор нь засч залруулсан талаар Төрийн алба­ны зөвлөлийн албаны эх сурвалж хэлсэн. 

Ерөнхий мэдлэгийн шалгалт, монгол хэл бичгийн шалгалт, дүн шинжилгээ хийх чадварын шал­галт гэсэн гурван үе шат­тай­гаар, тус бүртээ босго оноо өгөх журмаар авсан энэ удаа­гийн шалгалтад улсын хэмжээнд 8891 иргэн орол­цохоор бүртгүүлсний 7616 ир­гэн шалгалт өгч 1116 иргэн эх­ний шалгалтдаа тэнцсэн байна. Төрийн албан хаагчийн ёс­зүйн дүрэмд “Ажилтан нь хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хүндэтгэх, шу­дар­га ёс, тэгш байдал, хууль дээдлэх, өргөсөн тангараг, ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж төрийн албан хаагчийн эр­­хэм­­лэх есөн зүйлийг дагаж мөр­­дөж ажиллахад анхаарна” гэж заасан байдаг. Харин ёс­зүйн мөрд­лөгт нь “Хууль ёс, ёс зүй, мэд­лэг, чадвар, шу­дар­­га ёс, соёл­той харилцаа, үнэнч шуурхай байдал, хариуц­­лага, ил тод байдлыг эр­хэм­лэнэ” гэсэн нь бий. Маш эн­гийн бөгөөд хүн хоорондын харил­цаанд байх наад захын зан үйл. Төрийн албан хаагч хүнээс зөв­хөн өөрөөс нь шалт­гаа­лах ийм энгийн дүр­мийг мөр­дөх нь төрийн ал­бан хааг­чийн үүрэг. Гэтэл энэ үүр­гээ биелүүлдэггүй, хэрэг­жүүл­­дэг­­гүй, төрийн албан хаагч нэрийн дор бусдад төвөг уч­руу­лагсад өнөөдөр Монголын төрийн албанд шиг­­чихээд байгаа нь нууц биш. Төрийн албан хаагч, төрийн зарц, төр төлөөлдөг хүний хувьд мэдэж байвал зохих наад захын мэдлэггүй, албан бичиг, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны мэдлэггүй, зөв бич­гийн дүрмээ ч мэддэггүй мэргэ­жил­тэн яаманд бодлого тодорхойлолцоод сууж байдаг эмгэнэл зөвхөн Монголд л бий. Мэдлэг чадварын хувьд төрийн албаны шалгалт өнөөдрийнхөөс ч чанга байх ёстой. Танил тал, ах дүүстээ итгэж уншдаггүй,  сэтгэдэггүй залуус төрийн алба руу зүтгэж байгааг энэ жилийн төрийн албаны шалгалт дүнг нь тавиад өгчихлөө. Маш зөв алхам. Төр цэвэрших, улам илүү мэргэших эхний алхам энэ л байх учиртай.

Боловсролтой гэж биеэ тоодог залууст том сургамж боллоо. Диплом бол тухайн хүний боловсролын хэмжүүр биш. Дипломыг боловсрол гэж үздэг байсан хандлага өөрчлөгдөж байна. Ямар ч аргаар хамаагүй дээд сургуулийн диплом олж аваад, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байгаа залуус олон байна.  Ийм залуус ар, өврийн хаалгаар төрийн албанд ордог, төр, хувийн хэвшлээ ялгадаггүй. Өнөөдөр захын нэг яамаар ороход богино банзал­тай охид, жадайсан костюм­тай үсээ гельдсэн залуус дүүрэн байна.  Албан хэр­гийн харил­цаа, хурал зөвлө­гөөн дээр биеэ авч яваа бай­дал, хүн­тэй харилцах харил­цаа­ны соё­лоос эхлээд тар нь таниг­дана. Тэдний зарим нь төрийн ал­ба­ны шалгалт өгсөн, гэхдээ арын хаалгаар тэнцсэн гэдэгт эр­гэл­зэх хэрэггүй. Харин энэ жилээс төрийн албаны бос­го өндөрсч байна.  Их дээд сургууль төгссөн нь бүү хэл дунд сургуулийн хүүхэд ч үзэж судалсан байх ёстой Монголын түүх соёлынхоо тухай мэдэхгүй, монгол хэлний зөв бичгийн дүрэм мэдэхгүй залуус төрийн албанд орохоор бүрт­­гүүл­­чихээд, шалгалтад нь “улаан нойл”-оо харуулчихаад гом­­дол мэдүүлж, гоморхол тээж явах нь ичмээр. Мэдлэг боловс­­ролын анхан шатны “курс”-ээ ч төгсч чадаагүй, ча­дах­гүй залуус төрд гологдох цаг ирдэг л юм байна. Юм унш, судал, өөрийгөө хөгжүүл, боловсруул залуус аа.