-Их гүрний ард түмэн өнөөдөр, маргааш ч бүтээж, хөгжиж, хөдөлмөрлөж, үлгэрлэсээр байна-
Арваннэгдүгээр сарын 23: Хамт олныхоо төлөөлөлтэй хамт явж байгаа учраас тоглох, наадах цаг гарах нь тодорхой хэмээн даалуугаа хэрэг болгон цүнхэлж, орой үдшийн цагаар буудалдаа амрах зуураа уншина хэмээн хэдэн ном цүнхнийхээ булан руу шидчихээд өглөө эртлэн нисэх буудлын хүлээлгийн танхимд очлоо. Өглөөний 06.20 минутад Чингис хаан олон улсын нисэх буудлын хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Хамт явах хүмүүсээ хүлээх зууртаа хайртай, хамгийн дотны хүнээ үдэн гаргаж, угтан авч буй хүмүүсийг харж суух нь тун ч сонихон. Ээжийгээ, эхнэрийгээ үдэж буй эрчүүд, ханийгаа хүний нутаг руу ажилд явуулж буй залуухан гэргий, бяцхан үрсийн инээд, хайр гээд тэнд ертөнцийн хамгийн гэгээн сайхан цаг мөч сүлэлдэх нь хэчнээн сайхан. Тусгаар улс гэдгээ тунхагласан түүхт өдөр, мөн Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” гээд хоёр өдрийн бүтэн амралт тохиосон энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд бидний хэдэн сэтгүүлчид Бээжин-Шанхай гэсэн маршрутаар аялах завшаан тохиолоо. МИАТ-ийн “ОМ-223” нислэг 08.40 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Бээжин хотноо 10.45 цагт газардлаа. Биднийг Жасмин гэх цэвэрхэн англи хэлтэй хөтөч бүсгүй угтаж авсан бөгөөд “Бээжин хотноо тавтай морил” хэмээн инээмсэглэн угтлаа.
Албан томилолт, ажил, заримдаа аялалаар гээд өнгөрсөн хугацаанд Бээжин хотыг 10 гаруй удаа зорьжээ. Очих бүртээ л цоо шинэ мэдрэмж, өөр өнцөг, өмнө үзээгүй зүйлээ олж нээдэг учраас энэ удаагийн аялал ч тэр хэрээр хүлээлт үүсгэсэн. Аялалын хугацаа богино, хөтөлбөр шахуу учраас өдрийн хоолоо идсэн даруйдаа л алдарт Цагаан хэрмийг /The great wall/ үзэхээр нисэх буудлаас шууд хөдлөв. Нисэх буудлаас цаг гаруй явсаар Хятадын үзэсгэлэнт газар нутаг, хүн төрөлхтөний гараар бүтсэн дэлхийн долоон гайхамшгийн нэг “Цагаан хэрэм”-д хүрч очсон юм. Хөтөч бүсгүй бүх зүйлийг зохицуулж, орох тасалбар, өгсөх автобус, бүр хэрэм рүү гарах агаарын кабелийн асуудлыг хүртэл зохицуулжээ. Ийнхүү дэлхий дахинд хүний гараар бүтсэн алдартай гайхамшигт байгууламж дээр гарч ирлээ. Хятадын цагаан хэрмийг нүүдэлчин ард түмний довтолгооноос хамгаалахаар 2000 жилийн турш барьсан гэдэг бөгөөд нийтдээ 8851 км урт. Үүнээс найман хэсгийг нь голчлон авч, өдгөө ч сэргээн завсарлах ажил хийгдсээр байгаа гэнэ лээ. Мөнхүү 6259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үздэг. Биднийг очих үед цаг агаар сэрүүхэн хөл хөдөлгөөн ч багатай байлаа. Жилдээ 10 сая жуулчин зорьж очдог энэхүү үзэсгэлэнт байгууламжийг үзэхийг хүсвэл жуулчдын хөл тасарсан үед буюу арав, арваннэгдүгээр сард очсон нь дээр юм билээ. Урт дараалал очерт зогсохгүйгээр хүссэнээрээ хүнгүй шахам хэрмийн булан тохой бүрт зургаа авахуулж амжина. Badaling, Mutianyu, Jinshanling гэх хэсгүүд олны дунд алдаршсан бас хамгийн үзэсгэлэнтэй газрууд нь бөгөөд бидний зорьж очсон нь “Mutianyu” гэх хэсэг байсан юм. “Badaling” гэх хэсэг нь хамгийн их жуулчид очдог хэсэг учраас хөтөч бүсгүй зориуд хөл хөдөлгөөн багатай газрыг сонгосон гэдгээ хэлж байв. Мөн цаг агаар халуун биш сэрүүхэн, монголчуудын хувьд тааламжтай учраас ядрах, өлсөх, мөн халууцах, цангах асуудал ч гарсангүй. Цаг хугацаа ч хангалттай. Тиймээс хэрмийн доогуур байрлах сувинерийн дэлгүүрээр хэсч, мөн нэг хүн суугаад өөрөө жолоодох боломжтой Тоббоганаар /Tobbogan/ бууж ирцгээв. АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн гэргий Мишель Обама ч Цагаан хэрмээр аялахдаа Тоббоганаар бууж ирсэн түүхийг хөтөч бүсгүй бидэнд сонин болгон ярьж өглөө. Энэхүү нүсэр байгууламж руу хэдхэн минутад гарч, мөнхүү хэдхэн минутад бууж ирэх боломжийг хамгийн сонирхолтой хэлбэрээр шийдсэн нь жуулчид сэтгэл ханамжтай байх нөхцлийг бүрдүүлжээ. Манай улс ч Богд хан уулынхаа нэг амыг ийнхүү тохижуулж, Монгол Улсыг үзэхээр ирсэн жуулчдад Улаанбаатар хотыг дээрээс нь харах боломжийг бүрдүүлж өгөхөд болохгүй зүйл алга.
Арваннэгдүгээр сарын 24: Бээжин хотод тун ч сэрүүхэн өдөр болсон. Намрын зэвэргэн салхитай өдөр таарсан ч өглөө эртлэн босож, автобусандаа сууцгаан аялалын хоёр дахь өдрийн маршрутад оров. Бээжингийн өмнөд хэсэг Фэнгтай дүүрэгт байрлах дэлхий дахины алдарт уран барилга, сүм хийд, гүүр зэргийг жижигрүүлж барьсан “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн” /World park/ эхний очих газар байв. Ерөөс зуны улиралд бол эдгээр газрууд жуулчдын хөл дарагддаг гэхэд болно. Хаана ч очсон хөл хөдөлгөөн ихтэй учраас очерт зогсох, халууцах, ядрах асуудал танд тулгарна. Харин биднийг очих үеэр хөл хөдөлгөөн эрс татарсан, дараалалд зогсох ч шаардлага байсангүй. Мөн хүссэнээрээ зургаа авахуулж, Эйфелийн цамхаг, Гизагийн пирамид, Таж Махал, Парисын Эх дагины сүм, Парисын цамхаг, Цагаан ордон, Лондонгийн гүүр, Колизей болон бусад олон зүйлсийг нэг дороос үзэж, зургаа авахуулсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах хэсэгт таны зургийг авч өгөх хүмүүс байдаг бөгөөд таван минутын хугацаанд угаагаад, бүр түлхүүрийн оосорт хийгээд авчрах ажээ. Ийм үйлчилгээ аялал жуулчлалыг дагаж хөгждөг нь жам учраас мөнгөтэй л бол Цагаан хэрэм, Дэлхийн парк, Усан акквариум гээд хаана ч өөрийнхөө гэрэл зургийг энэ мэт сонирхолтой байдлаар мөнхөлж, дурсгал болгон худалдаж авах боломжтой гэдгийг дуулгая. Мөн гадаа нь эдгээр гайхамшигт барилгуудын сувинерыг зардаг мухлагууд ажиллаж байдаг ч энэ өдөр сэрүүхэн байсан учраас хаалттай байсан юм. Мөнөөх л энэ бүхнийг эх орондоо хийчихдэг бол гэсэн бодол төрсөн хэвээр. Монгол Улс дэлхийд хамгийн томд тооцогдох цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн ам бардам ярьсаар нэлээд олон жилийг өнгөрүүллээ. Гэвч, очоод үзэхээр тэнд нь дугуйн зам, хэдхэн хөшөөнөөс өөр зүйл байдаггүй нь худлаа биш л дээ.
Тиймээс төр засгаас энэ талаар илүү анхаарч, компани нэг бүрт үүрэг даалгавар өгч, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядахдаа нэг ширхэг ч гэсэн бүтээн байгуулалт хийх үүрэг өгчихөд буруудах зүйл алга юмсан. Бээжин хотод байх паркийг гүйцдэггүй юм гэхэд хөдөө орон нутгаас зорьж ирэх хүмүүс нь үзэх харах зүйлтэй байх багахан хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тийм ч их мөнгө зарлагадахгүй. Хөрөнгө мөнгө хаяж, бүтээн байгуулалт хийчихсэн цагт төлбөрөө төлөөд үзэх, тоглох, орж үзэх хүн гарч ирэх нь мэдээж билээ. Үүнээс гадна Бээжин хотод хаа сайгүй байдаг зүйл бол усан акквариум. Бүр амьтны хүрээлэнтэйгээ хамт байрладаг томоохон хэсэг ч бий. Бидний хувьд орой нислэгтэй учраас Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнтэй ойрхон байрлах усан акквариум үзэж, сонирхов. Тэнд гадна, дотны жуулчид их байсан. Мөн амралтын өдөр таарсан учраас гэр бүлээрээ амарч буй хүмүүс дүүрэн байх ажээ. Ерөөс хятадын ард түмэн олдсон нэг цагийг ч гэр бүлдээ зарцуулдаг гэр бүлсэг хүмүүс гэдгийг олон ч удаа зорьж очихдоо харсан. Тэдний хувьд үр хүүхэддээ цаг гаргах, тэдний төлөө бүхнээ зориулах нь хамгийн үнэ цэнтэй зүйл байдаг. Магадгүй хүүхдийн тоо цөөхөн учраас тийм байх хэмээн боддог ч цаг хугацаагаа гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг энэ зан чанараас суралцахад гэмгүй билээ. Тухайлбал, бидний зорьж очсон акквариумын тунел хэсэгт амралтын орчин тохижуулж, тэнд нь хүүхдүүд “Немо” үзэцгээж, ээж аавууд нь эргэн тойронд усаар хүрээлэгдсэн орчинд амарч тухлан сууцгаах ажээ. Далайн яст мэлхий, аварга загас гээд зүсэн зүйлийн амьтад бүхий акквариумыг бүхэлд нь тухтай үзэхийг хүсвэл хамгийн багадаа л танд 3-4 цаг хэрэг болно.
Арваннэгдүгээр сарын 25: Анх удаа хөл тавьж буй Шанхай хотод өглөө мөн л сэрүүхэн, бага зэргийн бороотой өдөр байв. “Дорнын Нью-Йорк” нь Хятад улсын дөрвөн том хотын нэг. “Шанхай” гэдэг нь “Тэнгисийн мандал дээр” гэсэн үг бөгөөд Дорнод Хятадын Тэнгисийн эрэг дээр байрладаг билээ. Худалдаа, санхүүгийн хамгийн том төв болон хөгжсөөр байх ажээ. Энэ өдрийн аялалд Шанхай хотноо Мэдээлэл, технологийн чиглэлээр хоёр дахь жилдээ суралцаж буй Б.Буд гэх даруухан бор хүүгээр газарчлуулав. Тус улсад өдгөө Монголын 600 гаруй оюутан суралцдаг бөгөөд саяхан Консулын газраа нээгээд байгаа. Ер нь уншигч та англи хэлний дунджаас дээгүүр мэдлэгтэй л бол Шанхай, Бээжин хотоор төвөггүй аялчихна. Тэр дундаа Шанхай хотын хятадуудын англи дуудлага маш цэвэрхэн учраас ойлголцоход асуудал гарахгүй. Диснейлэнд дотроо ч англи хэлтэй хүмүүс олон ажилладаг юм билээ. Бээжин хотоос Шанхай хүртэл 700 гаруй км бөгөөд хурдан галт тэрэг, хувийн машин, автобус, онгоц гээд юугаар ч очиж болно. Эртнээс захиалгаа өгчихвөл өглөөний нислэг нь хямдхан байдаг гэдгийг хөтөч оюутан маань хэлж байсан юм. Бид энэ өдөр дэлхийд хэмжээгээрээ хоёрдугаарт, баригдсан тоогоороо зургадугаарт бичигддэг “Шанхайн Диснейлэнд”-ээр бүтэн өдөр аялах завшаан тохиов. Хотын төвөөсөө нэлээд зайдуу байрлах ч автобус, метро гээд унааны асуудалд санаа зовох зүйл байхгүй юм билээ. Мөн нэг хүний 399 юаны тасалбараар дотор ороод тоглохоос гадна нэг удаа хоол идэх боломжтой. Энэхүү том бүтээн байгуулалтыг 2016 онд албан ёсоор нээснээс хойш олон арван сая хүн зорьж очжээ. Нийтдээ долоон том сэдэвчилсэн бүсэд хуваагддаг бөгөөд тун удахгүй “Зэрлэг амьтдын хот” гэх сэдэвчилсэн бүс ашиглалтад орох аж. Өнгөрөгч нэгдүгээр сараас бүтээн байгуулалт нь эхэлжээ.
Диснейлэндийг барьж байгуулахад нийтдээ 5.5 тэрбумыг зарцуулсан. АНУ-ын “Уолт Дисней” компани Хятадын “Шэнди” корпорацитай хамтран 2011 оноос хойш барьж, таван жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулжээ. Диснейлэндийн үүдээр ороод л зуны дэлгэр цагт бол хаа сайгүй урт очер дараалалтай тулгарах юм билээ. Мөн эмх цэгцтэй дарааллыг бий болгох үүднээс төөрдөг байшин шиг урт нарийнхан хашлагуудыг сэдэвчилсэн парк, тоглоом бүрийн үүдэнд барьсан нь харагдана. Гэхдээ бидний хувьд мөн л хүн бага, бага зэргийн хүйтэн өдөр очсон учраас нэг тоглоом дээр хамгийн ихдээ цаг орчим очерлож орж байлаа. Мөн паркийн тоглоомыг тэр чигт нь цахим орчноор хянаж болдог бөгөөд хэдэн минутын очертой байгаа, хаана байрладаг, ямар давуу талтай гэдгийг нь харж болно. Хятад дугаартай бол QR кодыг нь уншуулж, бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд очер харгалзахгүй нэвтрэх зэрэг давуу тал ч бий болдог гэдгийг хятад хөтөч бүсгүй хэлж байсан юм. Карибын тэнгисийн дээрэмчдийн жүжигчилсэн тоглолт үзэж, Дэлхийн алдарт хүүхэлдэйн баатруудыг булан тохой бүрт нь барьчихсан гол дундуур олуулаа завьтай аялж, орчин цагийн галзуу хулгана буюу “Tron” киноноос сэдэвчилсэн нүсэр байгууламжийг нэгхэн минутын дотор туулж, адерналин ялгаруулаад амжив. Мөн Диснейлэндийн хамгийн гоё хэсэг нь гэж хэлж болох Дэлхийн долоон гайхамшгийг 3D-гээр үзсэн нь хамгийн оргил мэдрэмжийг өгсөн шүү. “Алиса гайхамшгийн оронд”, “Алладин”, “Питер Пэн” гэх мэтээр олон ч үлгэрийн кинонуудаас сэдэвчилсэн байгууламж бүрт хүүхдийн аз жаргалтай инээд дүүрэн байх ажээ. Диснейлэндийн ихэнх тоглоом 12 см-ээс дээш өндөртэй хүүхэд тоглохоор стандарт заасан учраас хүүхдээ зургаагаас дээш настай үед нь дагуулж явах нь илүү боломжтой юм шиг санагдсан. Мөн тэнд нэг өдрийн аялал хангалтгүй. Сэдэвчилсэн парк, тоглоом нэг бүрийг үзнэ гэвэл хамгийн багадаа л хоёр өдрийг Диснейлэндэд зарцуулахаар төлөвлөж аялалд гараарай. Мөн хаа сайгүй л урт очер дараалалд зогсох шаардлага тулгарч мэдэх учраас идэх, уух зүйлээ сайтар бэлтгээрэй гэж зөвлөе. Диснейлэндэд яг одоо шинэ жил “ирчихсэн” байна лээ.
Арваннэгдүгээр сарын 26: Бээжин, Шанхай хотоор бүтэн гурван өдөр аялахдаа бид нэг ширхэг ч хог олж харсангүй. Хүн бүхэн дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн нь болдог гэдгийг тэндээс харж болно. Шанхай хотод өнөөдөр ч их бүтээн байгуулалт хийгдсээр байгаа ч аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хүн амьдрах таатай орчныг бүх талаар хангасан байх нь нүдэнд илхэн. Аялалын гурав дахь өдрөө хотын төвд байрлах “Лааны тосон музей”-г /Madame Tussauds/ үзэхээр очиход барилгын их засвар хийгдэж байсан юм. Гэтэл барилгыг тойруулж битүү төмрөөр хамгаалалт хийсэн байх бөгөөд ургасан модыг ч нэгбүрчлэн сайтар хамгаалсан байх ажээ. Дэлхийд ердөө зургаахан байдаг “Лааны тосон музей” нь хотын төвдөө ойрхон. Тэнд мөнхийн залуугаараа инээмсэглэх дэлхийн алдарт ододтой зургаа татуулж, “гар барив”. Тэндээс гараад Нанжин Лү худалдааны гудамжаар алхлаа. Шанхайн худалдааны гол төв болох энэ гудамжинд км орчим газар автомашин явахгүй бөгөөд олны хөлд дарагдсан орчин цагийн болон хуучны төрхөө хадгалсан дэлгүүрүүд нь шөнөөр ч ажилласаар байдаг. Пудунг дүүрэг нь уран барилгын гол төв хэмээн нэрлэгддэг аж. Таван өдөр дөрвөн шөнийн аялалын сүүлчийн үзэх зүйл маань Шанхай хотын төвд гэрэлтэх “Дорнын гэрэлт сувд” буюу радио, телевизийн цамхаг байлаа. Азидаа хоёрдугаарт, дэлхийд зургадугаарт ордог 468 метр өндөр цамхагаас Шанхай хотыг тэр чигээр нь дурандаж, мөн шөнийн Шанхай буюу “Азийн Нью-Йорк” хотыг тольдлоо. Алдарт “бөглөө онгойлгогч” буюу 100 давхар шилэн барилгын дэргэд нь зогсож, Шанхай хотын алдарт гурван өндөр барилгыг 268 метрийн өндрөөс тольдох, эргэлддэг ресторанд нь тухалснаар бидний аялал өндөрлөж, Бээжин хот руу эргэж нислээ.
Арваннэгдүгээр сарын 27: Өмнө хэлсэнчлэн, Бээжин хотод очих бүртээ нэг шинэ зүйлийг таньж мэдэж, өөр нэг өнцгийг олж хардаг. Яг л тэр мэдрэмж энэ удаа ч төрсөн. Тэр тусмаа Шанхай хотноо анх удаа хөл тавихдаа илүү ихээр мэдрэв. Барууны орнуудын колонид олон жил болсон атлаа хятад дүр төрхөө хэвээр нь хадгалж, Европ хэв маягийг орчин цагийн Хятад соёлтой төгс хослуулж чадсан энэ хотод дахиад ч үзэх олон гайхамшигт бүтээн байгуулалт үлдсэн. Алдарт Пү мөрний баруун эрэг дагуу байрлах аялал жуулчлалын “The Bund” цогцолбор, Yu Yuan парк, Шанхайн усан парк, Шинжлэх ухаан технологийн музей, Жөү-Жуан тосгоны усан суваг гэх мэтээр олон зүйлсийг эргэж үзнэ гэдэгтээ итгэлтэй байна. “Дээд уруулдаа ч хүргэмгүй, дэргэдэх хүндээ ч өгөмгүй” гэдэг шиг ирсэн жуулчин бүхэн нь халаасаа тэмтэрч, хамгийн сайхнаар амарч, тухалж, аялж зугаалж, эцэстээ сэтгэл хангалуун үлдэх төгс орчныг бүрдүүлж чадсан “Дорнын Нью-Йорк” хотод дараа заавал эргэж очихоо бид амлав. Шинэ найз нөхөд, шинэ танил, орчлон ертөнцийн булан бүхэнд хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээн байгуулалтыг үзэж танилцсан дөрвөн өдрийн аялал Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр” өндөрлөж, эх орондоо газардлаа. Хүний нутгийн сайхныг үзэх бүртээ “Миний эх орон яагаад ингэж хөгжиж болохгүй гэж, ийм болгохын тулд хичээх ёстой, яагаад энийг хийж чадахгүй байгаа юм бол” гэсэн гэмгүй атаархал ямагт төрдөг юм билээ. Гурван сая гаруй хүн амтай ч сайрхах түүхтэй эх орондоо энэ байтугайг бүтээж чадна аа гэсэн итгэлээ харин хэзээд алдахгүй байх нь чухал. Бидний дэргэд мөнхийн хөрш орших Их гүрний ард түмнээс суралцах зүйл ч их байна. Тэр тусмаа хятад хүний гараар бүтээсэн гайхалтай бүтээн байгуулалт, тэр бүхнээ хамгаалж, хайрлаж, түүгээрээ мөнгө хийж байгаа хөдөлмөрч занг нь ч бишрээд барахгүй нь. Олдсон цаг хугацаа бүхнээ хамгийн аз жаргалтай өнгөрөөж чаддаг, мөн хөдөлмөрлөж, бүтээж чаддаг ард түмнээс авах зүйл мөн ч олон байна даа. Хэн нэгнээс, аль нэг улсаас хараат бусаар бүтээж, хөдөлмөрлөж, хөгжсөөр байна, тэд. Хэдийнэ их гүрэн болчихсон атлаа үүндээ ханахгүй бүтээсээр, хөдөлмөрлөсөөр байх ажээ.