“Монгол Улс хорт хавдраар, элэгний өвчлөлөөр, сүрьеэгээр дэлхийд ...дүгээр байрт оржээ” гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоо баримтыг бид хаа нэгхэн сонин, хэвлэлийн хуудаснаас олж уншдаг байлаа. Эсвэл авлига, агаарын бохирдол, архи, тамхины хэрэглээ, араар тавилт, гэр бүл салалт гэсэн цөөхөн хэдхэн ноцтой асуудлаар манай улс дэлхий дахинд дээгүүр байрт ордог байв. Гэтэл сүүлийн үед ийм тоо баримт хэтэрхий олширч, байгууллага бүхэн ямар нэг байдлаар тоон судалгаа гаргаснаа олон нийтэд танилцуулдаг болсон байна. Нэг талаасаа нийгмийн анхаарлыг татах гэсэн, шийдвэр гаргагч нарт хүргэх гэсэн бодол байж болох ч энэ бүхнийг уншиж байгаа нийгмийн сэтгэлзүй ч тэр хэрээр энэхүү тоон мэдээлэлд шууд итгэж, мэдээллийг ямар ч цензургүйгээр хүлээн авдаг болов.
Тодруулбал, таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй, таван эмэгтэй хүн тутмын дөрөв нь турах сэтгэцийн эмгэгтэй, дөрвөн эрэгтэй хүн тутмын гурав нь архины хамааралтай, зургаан хүн тутмын дөрөв нь хорт хавдраар амиа алдаж байна гэсэн сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтууд цахим сайт, телевиз, өдөр тутмын сонины нүүрэнд өдөр өнжихгүй гардаг болов. Энэ бүхнээс ажвал Монгол Улсад өнөөдрийн байдлаар сэтгэцийн элдэв эмгэггүй, суурь өвчингүй нэг ширхэг хүн ч үлдээгүй гэж дүгнэж болохоор байгаа юм. Манай байгууллагад зэрэгцэн сууж байгаа 20 хүнээс гэхэд л дөрөв нь сэтгэцийн эмгэгтэй болж таарах нь.
Мөн бидний гурав нь хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй, зургаан эмэгтэй нь турах хүсэлтэй, эсвэл хоёр эрэгтэй нь архины хамааралтай болж байна. Элдвийн судалгааны байгууллага, эмч мэргэжилтнүүдийн эдгээр тоо мэдээж бодит баримтад тулгуурладаг нь мэдээж байх. Гэлээ гэхдээ шууд ингэж дүгнэх, эс бөгөөс нийгмийн хэсэг бүлэг дээр хийсэн судалгааны дүнгээ нийт монголчуудынх гэж ойлгож боломгүй байгаа юм. Хүн амын тоо бага учраас энэ мэт тоон мэдээллүүд өндөр байж болох ч нийт хүн амын дундах тоо улам бүр л өссөөр байгааг тоохгүй өнгөрч болохгүй нь ээ. Доор бичсэн тоон мэдээллүүдийг уншаад л энэ улсад эрүүл, ямар нэг эмгэггүй хүн үлдсэн үү гэж асуухад хүрснээ нуух юун.