ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Ганцэцэг: Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай журам гарсан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-24

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар шатанд явж буй талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Малчин, хувиараа хөдөл­мөр эрхлэгчдийн  тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нө­хөн төлүүлэх тухай хууль 2020 оноос хэрэгжихээр бол­сон. Гэтэл тэтгэвэр тог­тоол­гохоор нийгмийн даатгалын хэлтэстээ хандахад журам ирээгүй гэсэн тайлбарыг  өгч байна. Журам нь хэзээ бат­лагдаж, хууль хэрэгжиж эхлэх вэ?
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даат­галын шимтгэлийг нөхөн тө­лүүлэх тухай хуулийг хэрэг­жүү­лэхтэй холбоотой журмыг Засгийн газар 2019 оны  арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хэлэлцсэн. Бид энэ сарын 22-ны өдөр журмыг албажуулж ХНХЯ-аас авлаа. Хуулийг хэрэг­жүү­лэх­тэй холбоотой программ хангамж,  холбогдох мэдээл­лийг аймаг,  дүүргийн хэл­тэст өгсөн. Өнөөдрөөс /өчигдөр/ нарийвчилсан заав­рыг хүргүүлсэн. Тухайн аймаг, дүүрэг, сумын  нийгмийн даат­галын мэргэжилтэн байцаагч нараас зөвлөгөө авах боломжтой. 1995-2019 он хүртэлх хугацаанд  хувиараа хөдөлмөр эрхэлсэн, мал малла­сан  иргэд татвар төлсөн хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол хэдэн жилээр төлөх талаар зөвлөх юм. 

-Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хэрвээ мал маллаж байсан  үеийнхээ шимтгэлээ төлнө гэвэл малаа тоолуулж байсан  А дансны бүртгэлийг зайлшгүй авчрах шаард­лагатай. Тэр хугацаанд нийгмийн даатгал төлөөгүй бол малчны жилд орно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд  татварын албанд бүртгэлтэй атлаа тухайн хугацаанд татвараа төлсөн байх ёстой гэсэн журамтай. Тухайлбал, 2000-2005 онд татварын байгууллагад бүртгүүлээд, хувь хүний орлогын татвартай адил 13 нэр төрлийн татвар төлсөн баримт нь ТЕГ-ын мэдээллийн  санд байвал хугацааг нь тодорхойлж өгнө.

-Журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Өнөөдөр /2020.01.23/ журам, заавраа явуулна. Хамгийн сүүлийн  хугацаа нь маргааш  /2020.01.24/ гэж тооцож байна. 

-Малчин, хувиараа хөдөл­мөр эрхлэгчдийн тэт­гэв­рийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд хэчнээн хүн хамрагдах вэ? 
-Энэ удаагийн нөхөн төлүүлэх хуульд 88 орчим мянга хүн хамрагдах тооцоо гарсан. Үүнээс 50 хувь нь малчин, 50 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байгаа. 

-Ер нь малчид нийгмийн даатгалдаа хэрхэн хамрагдах вэ?
Нийгмийн даатгал нь албан журмын, сайн дурын гэсэн хоёр хэлбэртэй. Малчдын хувьд  ямар нэгэн байгууллагад гэрээгүй, өөрий малаа маллаад, ашиг шимээр нь амьдардаг, хүн амын онцлог бүлэг учир нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрийг сонгож болно. Өөрөөр хэлбэл төлөх төлөхгүйгээ өөрөө шийднэ гэсэн үг юм. Хэрвээ нийгмийн даатгалд даатгуулах хүсэлт гаргавал сум бүрт ажиллаж буй байцаагч нарт хандах хэрэгтэй. Ингэхдээ нийгмийн даатгалын байцаагчтай сайн дураар даатгуулах гэрээ байгуулж орлогоо өөрөө сонгож тодорхойлно. Жишээлбэл, малчин 500 мянган төгрөгөөс сар бүр шимтгэл төлвөл тухайн даатгуулагч нэг сард 67500 төгрөгийн шимтгэл төлнө. Энэ нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол гэмтлийн даатгалд тус тус даатгуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Гэрээгээрээ малчин сар бүр шимтгэлээ төлж болно. Эсвэл улирлаар, бүтэн жилээрээ ч оны эхэнд төлөх боломжтой. Гэхдээ үүнийгээ гэрээгээрээ харилцан тохиролцоод явах шаардлагатай. 

-Малчид нийгмийн даат­галын шимтгэл төлснөөр ямар давуу талтай вэ. Албан журмаар даат­гуулагчдаас ямар ялгаатай вэ?
-Малчид нийгмийн даатгалын шимт­гэл төлснөөр тэт­гэв­рийн даатгалаас өндөр наст­ны тэтгэвэр, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах эрхтэй болно. Тэтгэмжийн даатгалд даатгуулснаар  хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлэгт эмчлүүлэх,  эмэгтэй малдын хувьд жирэмсний амаржсан тэтгэмж авч болно.Оршуулгын тэтгэмж ч энд багтана. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал энд багтсан гэсэн үг. Малчдын хувьд малаа маллаж байх явцдаа үнээндээ тийрүүлэх, мориноос унах,  өвлийн хүйтэнд осгох, хөлдөх зэргийг үйлдвэрлэлийн осол гэж үздэг. Сумын Засаг даргын тамгын газарт үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох комисс ажилладаг. Энэ комисс ажиллаад үнэхээр тухайн хүн малаа маллаж байгаад осолд орсон учраас үйлдвэрлэлийн осол гэдэг актыг тогтоож өгнө. Ингээд даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг авах бүрэн боломжтой. Мөн олон төрлийн нөхөн төлбөр, рашаан сувилал гэх мэтчилэн хөнгөлөлт эдэлдэг.  Малчин хүн сайн дурын даатгалд  даатгуулснаар албан журмаар даатгуулсан хүмүүстэй ижил хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг авах эрх нь нээлттэй болдог.   

-Малчин гэдгийг нь хэрхэн нотлох вэ?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулинд зааснаар малынхаа ашиг шимээр амжиргаагаа залгуулдаг, жилий дөрвөн улирлын турш  малаа малладаг  хүмүүсийг хэлнэ гэж заасан. Малчин гэдгийг нотлох үндсэн баримт нь малаа жил  бүр  тоолуулсан байх шаардлагатай бөгөөд  бүртгэлийн  А данстай байна.  Тэдний хувьд А данс өөрт нь болон сумдын архивт байдаггүй асуудал гардаг. Үүнээс болж малчин гэдгээ нотлох боломжгүй болох учраас  ХНХ-ын сайдын 2018 оны 77 дугаар тушаалаар сум бүрт орон тооны бус зөвлөл ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тэдгээр орон тооны бус зөвлөхүүд А данс нь олдохгүй байгаа малчны  бусад баримтыг судална. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл  сонинд гарч байсан эсэх, малчны үнэмлэх,  шагнал урамшуулал авсан  гэх мэтчилэн 13 төрлийн баримт бичгээс бүртгүүлж,  өргөдөл гаргана.  Улмаар зөвлөл өргөдлийг нь хүлээж аваад малчин гэсэн тогтоол гаргаж өгнө. Энэхүү тогтоолоо үндэслэж малчны жилээ тооцуулан тэтгэврээ тогтоолгох  боломжтой. Үүнтэй адил хэрвээ А данс нь байхгүй бол тухайн малчин зөвлөлд хандаад тогтоолоо гаргуулна. Ингээд 2000-2005 онд малчин байсан гэдгийг тогтоовол А данстай адилтгаж үзнэ. 

-Ямар нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэвэр авах боломж нээгдэх вэ?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийн өөрчлөлтөөр малчид насны хувьд таван жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой болсон. Тухайлбал, эрэгтэй малчин 55 нас хүрч, нийтдээ 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил нь малчин, хөдөө аж ахуйн  нэгдлийн гишүүн, мал маллаж байсан гэсэн нотлох баримтуудаар тэтгэвэрт гарна. Харин  эмэгтэй малчдын хувьд 50 нас хүрсэн, мөн 20 жил шимтгэл төлөөд 12 жил зургаан сард нь малчнаар ажилласан бол тэтгэвэрээ тогтоолгох боломжтой.