Ээлжит сонгуулийн чимээ дуулдаж эхлэх төдийд л төрийн эрхийг барьж буй улс төрийн намуудын “чих зөөлөрч” болсон болоогүй амлалт өгөх уралдаан эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байхдаа “Монгол Улс 2050 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна” хэмээн том амлалт өгч байсныг санаж байна. “Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь” гэгчээр ирэх 30 жилд дэлхийн хэмжээний хот болон хөгжиж, ДАШТ-ийг зохион байгуулах нүсэр том цэнгэлдэх хүрээлэнг барьчих ч юм билүү хэмээн алс хэтийн ирээдүйгээ хэт өөдрөгөөр төсөөлөн мөрөөдөж суухад гэм хор юу байх билээ. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш. Гэвч хөрсөнд буудаггүй энэ мэт амлалтын цаана мөнгө эргэлдүүлж, төсөл хөтөлбөр нэрээр мөнгө идээд байвал хэрхэвч хүлээн зөвшөөрөх асуудал биш билээ. Тэгвэл сүүлийн үед Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд нөгөөх л сонгууль угтсан том амлалтууд дахиад гарч ирэв. Долоон жилийн өмнө амлаж байсан метрогоо ч эхлүүлээгүй атлаа цахилгаан соронзон галт тэрэг, тусгай замын автобус /BRT/, такси үйлчилгээ, агаарын дүүжин тээвэр /Cable car/, агаарын галт тэрэг /skyway/ гэсэн төслүүдийг эхлүүлнэ гэлээ. 2017 оноос тэд ярьж эхэлсэн. Тэр ч байтугай BRT төсөл нь 2013 оноос эхэлж, 2020 он гэхэд эхний тээвэрлэлтээ хийж эхэлнэ хэмээн мэдэгдэж байсан ч төслийн багийнхан өнгөрсөн хугацаанд 400 мянган ам.доллар цалин хэмээн аваад сураг алдарсан асуудлыг ч хэвлэлээр хөндөж байлаа. “ЖАЙКА” буюу Японы олон улсын хамтын нийгэмлэг ТЭЗҮ-г нь гаргаж, 2.8 их наяд төгрөгөөр метро барина ажил хэрэг болж чадаагүй. 2004 оны сонгуулиас хойш ярьж эхэлсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, түгжрэлийг бууруулах талаар түм, буман шинэ санаа гарч, 5-7 шинэ төсөл яригдсан ч нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах, дугаарын хязгаарлалтаар автомашинуудыг хөдөлгөөнд оруулах гэсэн хоёр шийдвэр л урт удаан хугацаанд хэрэгжиж байна. Илүү олныг нуршихгүйгээр өнгөрсөн хугацаанд болон ирээдүйд хэрэгжих гэж буй нийтийн тээврийг шинэчлэх “гоё” нэртэй төслүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Энэ жил ашиглалтад орох байсан метро
ЖАЙКА (JICA) энэхүү төслийн ТЭЗҮ-ийг нь 2013 оны тавдугаар сард хийж дуусгасан. Толгойтоос Амгалан хүртэл 17.6 км урт, нийтдээ 14 буудал газар явах бөгөөд өглөө 06 цагаас эхлээд үдшийн 23 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ хэмээн мэдэгдэж байв. Хамгийн сүүлийн хугацаа нь 2020 онд ашиглалтад орно гэжээ. Төсөлд нийтдээ 44 их наяд төгрөг зарцуулах бөгөөд хувийн хэвшлийн түншлэлээр хийх шийдвэр гарч байлаа. Тодруулбал, хувийн хэвшил мөнгөө гаргаж хийгээд, харин төр дараа төлбөрийг нь төлж барагдуулах гэрээгээр хийхээр ярьж байсан ч хэрэгжсэнгүй.
Тэг зогсолт хийсэн рейлбусын үйлчилгээ
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2014 оны сонгуулийн өмнөхөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг Оросын “Метровагонмаш” үйлдвэрт үйлдвэрлэсэн “РА-2” загварын дизель түлшээр ажилладаг рейлбусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Гэвч энэхүү нийтийн тээврээр хэн ч үйлчлүүлээгүй учраас үйл ажиллагааг нь зогсоож, Хүй долоон худаг руу явуулах зэргээр аргацааж байв. Одоо рейлбусыг Дархан-Улаанбаатарын чиглэлд явуулж байгаа аж. Улаанбаатар хотын төмөр замыг ашиглан нийтийн тээвэрт ашиглах ёстой байсан ч буудлын байршил байхгүй, хаанаас хэрхэн суух нь тодорхойгүй, хэзээ ирэх цаг нь тодорхой бус зэрэг олон ойлгомжгүй асуудалтай тулгарсан гэдэг.
Ажилд нь ахиц гараагүй ч цалингаа авсан (BRT)
“Тусгай замын автобус” буюу BRT төсөл 2012 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй дэлхийн 40 гаруй орнуудад ашигладаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, талууд 2014 онд гэрээнд гарын үсэг зуржээ. Гэсэн ч 2016 оныг хүртэл төсөл гацаанд орсон учраас тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайлтай уулзан санхүүжилтийг гаргаж өгөхийг хүсч, 2019 оны дөрөвдүгээр улиралд нийслэл хот тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно гэж мэдээлсэн юм. Энэхүү төслийн ажлын хэсэг саяхныг хүртэл ажиллаж, ажилчид нь 400 мянган ам.долларын цалин авсан гэх мэдээлэл гарсан билээ. Төслийн зардалд нийтдээ 215.9 сая ам.долларын санхүүжилт яригдаж байлаа. Төсөл одоо зогсонги байдалд ороогүй бөгөөд 2020 оны сүүлээр ашиглалтад оруулна гэж амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл, Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлж, дараагийн ээлжинд төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 буудалтай байхаар төлөвлөжээ.
Хулгайч нарын овоо хараанд өртсөн түрээсийн дугуй
“Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээний төсөл 2018 оны долдугаар сарын 09-нд нээлтээ хийсэн юм. Нийтдээ 150-200 орчим дугуйг иргэдэд түрээслүүлэх бөгөөд 10 байршлаас үйлчилгээ авч байлаа. Хэдийгээр байршил тогтоогч суулгасан учраас хулгайлах боломжгүй хэмээн мэдэгдсэн ч тонох, эд зүйлсийг нь салгаж авах зэргээр бэрхшээлтэй асуудал үүсч байв. Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх маршрут гарсан бөгөөд хамрах хүрээнээс гадагшаа гарвал торгууль нь цаг тутамд 500 төгрөгөөр бодогдож байлаа. Маш цөөхөн иргэд үйлчлүүлж төсөл ашигтай гэхээс илүү алдагдалтай ажиллаж байсан учраас үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байлаа. Тэгвэл хотын дарга өнгөрөгч сард болсон “Нэг хот-Нэг стандарт” уулзалтын үеэр үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
3000 зорчигчийг 16 минутад хотын төвд хүргэх “Cable car”
Эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэнэ. Төслийг Франц улсын “Пома” групп хийж гүйцэтгэхээр яригдаж байгаа. Иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг тав дахин багасгаж, 14 минутад зорчих боломжийг бүрдүүлэх гэнэ. Хотын дарга С.Амарсайхан энэ оны зургадугаар сар гэхэд эхний чиглэлийг явуулж эхэлнэ гэсэн амлалт өгсөн юм.
210 мянган иргэнд үйлчлэх цахилгаан соронзон галт тэрэг
Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдлээ. Нийтдээ 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөжээ. Ингэснээр төв замын ачаалал 68 хүртэлх хувиар буурах бөгөөд 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой аж. Цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд явуулах хоёр, гуравдугаар чиглэл нь хотыг тойрог хэлбэрээр хамарсан болон Шинэ нисэх онгоцны буудал, Налайх, Зуун мод, Майдар Сити чиглэл юм. Иргэдийн хүлээх хугацаа нь 3-5 минут ба өдөрт 210 мянга хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Мөн “Skyway” буюу агаарын галт тэргийг хагас жилийн хугацаанд тавих болно гэдгээ мэдэгдсэн байдаг.
Нийтийн тээврийн хувьсал буюу эко автобус
Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргалаа. Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай. Туршилт амжилттай болсон тохиолдолд цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлнэ. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгчээ.