ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жаргахдаа ч, зовохдоо ч хамтдаа л байхсан даа, монголчууд минь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-31

Монголын сагсан бөмбөгийн спортод од болон гялалзаж байсан залуухан тоглогч О.Дөлгөөн агсныг хүний нутагт хүнд өвчнөөр шаналж байх үед монголчууд бид нэгэн зүрх сэтгэлээрээ нэгдэж нийлсэн нь саяхных юм шиг санагдаж байна. Цохилох зүрхтэй хүн бүхэн тэр хүүгийн төлөө залбирч, боломжоороо мөнгө хандивлаж, эмчилгээнийх нь мөнгийг босгож чадсан ч харамсалтай нь залуу хүүгийн өвчин хэтэрхий хүндэрсэн учраас аварч чадаагүй юм.

Гэлээ гэхдээ л тэр үед цөөхөн хэдэн монголчуудынхаа төлөө халуун сэтгэлээр нэгдэж чадсан ахан дүүсээрээ олон хүн омогшиж, баярлаж байсан нь тодорхой. Хүүгийн аав, ээж хоёр ч элэг нэгт монгол ахан дүүсийнхээ төлөө баярлаж байсан нь дамжиггүй. Өвдөж зовохын цагт түшээд босгоод ирдэг чин сэтгэл гагцхүү бидэнд л бий. Үр хүүхдийнхээ төлөө өмнөөс нь ч үхэж чадах халуун сэтгэл ч миний ард түмэнд байдаг юм. Зүдэрсэн нэгнээ түшдэг, зовлон ирсэн ч хамтдаа л зүтгээд гардаг халуун сэтгэлээ харин цагаас цагт, хоногоос хоногт гээсээр байна уу хэмээн заримдаа эмзэглэх бодол ч төрөх болов.

Хэдхэн өдрийн өмнө дэлхий нийтийг түгшээсэн шинэ төрлийн коронавирусийн сургаар хөл хорио тогтоож эхлэхэд халуурсан хоёр хүүхдээ онгоцны буудал дээр орхиод зугтсан хятад аав, ээж хоёрын тухай мэдээллийг дэлхий нийтээрээ жигшин, шэйрлэцгээж байлаа. Бид ч бас тэдэнтэй адилхан хятад хүний дотор “эрээн” зан үргэлж нуугдаж байдаг хэмээн шүүмжлэв. Гэвч Монгол Улсад орж ирээгүй байгаа өвчний сургаар тэр хоёроос тийм ч их ялгараад байхааргүй амин хувиа хичээсэн зан гаргаж байна, бид. “Зах, худалдааны төвийг шаардлагатай бол хязгаарлана” гэсэн нэгхэн албан тушаалтны үгэнд итгэж 10, 20 шуудайгаар нь гурил авч, нөөцлөв. Хүнсний лангууг хоослох нь холгүй аашиллаа. “Маск зүү, гараа ариутга” гэсэн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг лавшруулж сонсоогүй шахуу л гарч давхиад хэдэн зуугаар нь маск, гар ариутгагч нөөцөлж, бусдынхаа боломжийг хулгайлж байх жишээтэй.

Угтаа зовлон ирэх цагт зөвхөн би л амьд үлдэж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзэл бидэнд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм байна. Эсвэл магадгүй зовж сураагүй ч ард түмэн байх. Японы Фүкүшима хотод дэлбэрэлт болж олон зуун хүн ундны ус, хоол тэжээлийн дутагдалд орж байхад ч тэд атгахан будаагаа найртай хуваан идэж, очерлож зогсож байгаад л олсноо хуваан авч байлаа. Хятадууд ч САРС, МЕРС зэрэг олон ч халдварт өвчний үед амны хаалтаа хүртэл эв найртайгаар хүргэж, чадаж байсан юм.

Тэрбум гаруй хүн амтай атлаа нэг хүн нэгийг л авах ёстой, үлдсэн маск нь миний араас үйлчлүүлэх хүнд хэрэгтэй гэсэн хүн ёсны хандлага гаргаж чадсан учраас олон ч удаагийн халдварт өвчнийг эрсдэл багатай даван туулж ирсэн биз. Гэтэл бид яаж байна.

Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлна гэгчээр сургаар нь баахан сандралдаж, хүн чанар, мөн чанараа таниулав. Зовлонгоор баяжих хүсэлтэй хүмүүс хэдэн зуугаараа байдгийг ч харуулж байна. Бусдын аз жаргал, өвчин зовлонгийн төлөө ч залбирч чадахгүй хувиа хичээсэн ард түмэн гэдгээ харуулж байна.

Австралид түймэр болж байхад ном уншиж, залбирч байсан монголчууд мөнхийн хөрш орон нь хэдэн зуун иргэнээ алдаж байхад ганц ч үг дуугарсангүй. “Сайхан сэтгэлээр хандив өгье, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээ явуулъя” гэсэн эрдэмтэн хүнийг хүртэл “хятад цустай” гэх мэтээр доромжилж байна, бид. Даанч дээ, монголчууд минь.

Нэгнээ гэсэн халуун сэтгэл маань хэзээ, хаана гээгдчихсэн юм бэ. Нэг дэлхийд амьдарч буй хүн төрөлхтөн гэдгээ хэзээ ойлгох вэ, хэдүүлээ. Мөнхийн хөрш орныхоо ахан дүүсийн төлөө залбирч сүйд болохгүй юм гэхэд монгол хүндээ хэзээ хайртай болох вэ. Эх нутгаасаа тусламж эрж суугаа 31 монгол иргэнээ “тэнд нь үүрд орхи” гэж бичих арчаагүй, амин хувиа хичээсэн зан ч биднээс гардаг болсон гэхэд итгэхгүй нь.

Би 50 маск л авч байвал, түүнийгээ дамлан зарж ашиг олж байвал бусад нь үхэх, өвчин тусах нь хамаагүй гэсэн бэртэгчин зангаа ганцхан өвчнөөр харуулав. Гамшиг жинхнээсээ нүүрлээд ирэхэд нүүрээ буруулан зугтах хүн дэндүү олон болсныг харж байна. Хөх толбот монгол хүмүүсийн хүн чанар гээгдсэнийг харж байна. Уйтай байна. Бид чинь дэндүү цөөхүүлээ шүү дээ. Жаргаж дуулах, зовж уйлахдаа ч хамтдаа л байхсан, элэг нэгтнүүд минь. Бусдын аз жаргал, баяр гунигийг хуваалцаж чаддаг, бөөрөнхий дэлхийн багахан эд эс гэдгээ мэдэрч бусдын төлөө ч залбирч сурцгаая. Олсноо хувааж хүртдэг, олуулаа биш цөөхүүлээ гэдгээ ямагт санаж явахсан. Би эх орондоо хайртай. Эрдэм мэдлэг, спорт, урлаг, оюун ухаанаараа дэлхийд манлайлж буй олон монгол хүний нэг гэж хэлэгдэж яваадаа би хайртай. Энэ дэлхийн хаана ч очсон “би монгол хүн” гэж ам бардам, сэтгэл тэнүүн хэлж чадахын тулд эх орондоо ядахдаа хүн шиг хүн байцгаая.