ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг кино, жүжиг, сурталчилгаанд тоглуулахаас татгалзъя

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-04

-Хүүдээ зодуулсан ээжийг бус хүүхдийг нь ийм болгосон сүлжээг илрүүл, хуулийнхаан- 

Ундааны рекламд дүрсээ оруулчихвал, эсвэл болсон болоогүй уран сайхны кинонд туслах дүр бүтээчихвэл өөрийгөө олны танил буюу “од” болжээ гэдэгт итгэчихсэн залуус өнөөгийн нийгэмд хамгийн болохгүй бүхэнтэй хамт нэрээ бичүүлдэг болов. Тухайлбал, “Single ladies-3” кинонд дүр бүтээсэн Г.Ананд гэх жүжигчин залуу саяхан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зам тээврийн ноцтой осол хийж, ослын улмаас хүний амь нас хохирсон билээ. Тэгвэл цагдаагийн газраас түүний жолоо барих эрхийг нь хасч, Зөрчлийн хуулиар торгох шийтгэл ногдуулаад өнгөрч байгаа бололтой. ЦЕГ-аас “бусдын амь насыг хөнөөсөн үү гэдгийг нь тусад нь зүйлчилж, шалгаж байна” гэж мэдэгдсэн ч нөгөөх л олны танил, урлагийн “од” гэдгээрээ түрий барьж, жил орчим шалгуулаад гараад ирэх нь тодорхой биз. 

Мөн “Унана” гэх дугаар олонд танигдсан дуучин Г.Энэрэл ч гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаад шалгуулж байгаа гэх. Ганцхан энэ жишээ ч бус ард түмнийг соён гэгээрүүлж, урлаг уран сайхнаар дамжуулан хүмүүжүүлж байх ёстой ур­ла­гийнхан “цагаан тахал” гэж нэрлэгддэг хар тамхины хэ­рэгт олноороо холбогдож эхэл­лээ. Сүүлийн нэгхэн сарын хугацаанд гурван ч залуу уран бүтээлч энэ төр­лийн хэрэгт холбогджээ.

Анх­лан “Харанга” хамтлагийн дуу­чин Х.Лхагвасүрэн энэ төр­лийн хэргээр ял эдэлж бай­хад шинэхэн, сонихон зүйл мэт хүлээж авч байлаа, бид. “Энэ хүнд төрийн элдэв шаг­нал өгч болохгүй” хэмээн эсэр­гүү­цэж, олны танил хүн атлаа буруу үлгэрлэсэн гэж түүнийг шүүмжилж байв. Гэтэл араас нь хип хоп хамт­ла­гийн дуучид, репперүүд, жүжиг­чид гэх мэтээр жаг­саалт эцэс төгсгөлгүй үр­гэл­жилж, монголчууд ч иймэр­хүү мэдээлэлд чих нь дөжирч эхэлсэн. Зарим нь хар тамхины хэргээр ял эдлэх бус эсрэгээрээ торгууль төлж гарч ирчихээд “Хар тамхи бол хор хөнөөлтэй зүйл мөн гэдгийг ухаарлаа. Тэрний хүү нь хар тамхины хэрэгт холбогдож байсан шүү дээ, ялаа үүрчих.

Тэрний хүүхдийг шоронд явуул” хэмээн улс төрийн даалгавар гүйцэтгэж явсан удаа ч бий шүү. Энд нэрийг нь цохолгүй өнгөрүүлье. Түүнчлэн, нөгөө нэг нь хоригдох бус эсрэгээрээ ЦЕГ, Монголбанкнаас хамтран зохион байгуулсан “Ятгах тусам нягтал” аяны гол дүрд тоглож байх жишээтэй. Цагдаа нь өөрөө энэ бүхнийг өөгшүүлж, хар тамхичдын толгойг илээд байгаа учраас л өсвөр үе, бидний хүүхдүүд “Миний даган дуурайдаг дуучин, жүжигчин татаж болдог учраас би татаж болно. Цагдаа нь түүнийг тавиад явуулчихдаг учраас намайг ч адилхан явуулна” гэсэн буруу ойлголттой болчихоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 2019 оны байдлаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хадгалж, борлуулсан 169 хэрэг, 294 эзэн холбогдогч бүртгэгдсэний 49 хувь нь 19-25 хүртэл насныхан байсан гэхээр энэ төрлийн хэрэгт дандаа ид хийж бүтээх насны залуус холбогдож байгааг бэлхнээ хэлээд өгч байгаа биз.

Амьдралд дөнгөж хөл тавьж буй 18-хан настай залуу дууг нь дагаж дуулдаг дуучнаа, нэг биш нэлээд хэдэн кинонд дүр бүтээсэн залуу жүжигчнээ хар тамхины хэрэгт холбогдчихоод юу ч болоогүй юм шиг хэргээс мултраад гарч ирснийг хараад юу бодож, ямар зүйлийг төсөөлөх нь тодорхой биз дээ. Тиймээс Монголын цагдаагийн байгууллага тэр дундаа Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн байсхийгээд л тулаантай кинонд дүр бүтээж байгаа аятай багтай баривчилгаа хийснийгээ олон нийтэд цацаж, нийгмийг айдас хүйдэст автуулах бус тийм хэрэгт холбогдсон хүмүүст үүрүүлэх ёстой ялыг нь үүрүүлж гэмээнэ нийгэмд зөв зүйтэй үлгэр дууриал болох учиртай юм.

Гэтэл төрсөн эхийгээ зодож буй жүжигчин залуугийн бичлэгийг гаргалаа гээд Монголын цагдаа ажлаа хийсэн болж харагдахгүйг ойлго. Харин ч эсрэгээрээ нэг хүний алдааг нийтэд нялзааж, нэг хүний араас нэлээд олон хүнийг яллаж байгаа нь зохимжгүй байлаа.  2006 оноос эхлээд л урлагийнхан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зарж борлуулсан, хэрэглэсэн гэх хэрэгт нэр холбогдож эхэлсэн байдаг.

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2006 оны үед залуусын дунд жинхэнэ ёсоор од болж байсан “Ice top” хамтлагийн дуучин Манлай буюу Д.Манлайжаргал, Коби буюу С.Чулуунбаяр, дижи Өөжий нар Монголын нөлөө бүхий бизнесмэн, улстөрчийн хүүтэй хамт хар тамхи татаж байгаад баригдаж, хоригдсон гэх мэдээлэл олны нүдийг орой дээр нь гаргаж байлаа. Төд удалгүй “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэргээр ял эдэлсэн бол “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн ч “хадгалсан” гэх хэрэгт нэр холбогдоод амжсан билээ. Ийнхүү урлагийнхан гэх нэг тогооны “одонцор” залуусын жагсаалт ар, араасаа тасралтгүй хөвөрсөөр 2020 оныг хүргэлээ. Цагдаа тэмцээд барсангүй юу, эсвэл тэд цагаандаа гарсан уу. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар, дуучин Коби, Эгшиглэн буюу Т.Болортуяа нар хар тамхины хэргээр дахин ял эдлэв.

Үргэлжлүүлэн “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior, “Зүүдэнд ч оромгүй явдал киноны гол дүр бүтээж байсан залуу жүжигчин Б.Энхтүвшин, жүжигчин Т.Билэгжаргал, дуучин, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү, “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаяр нараар жагсаалт үргэлжилж байна. Энэ жагсаалт цаашдаа хэд болж нэмэгдэхийг тааш­гүй.

Үүнээс гадна улс төрийн хү­рээнд нөлөө бүхий эрх­мүү­дийн хүүхдүүд ч хар тамхи татдаг, хэрэглэдэг гэх асуу­дал жил бүхэн яригдаж байна. Харин хариуцлага ярьсан­гүй. Алдартай хошин шогийн хамтлагийн жүжигчний хүү ч өндрөөс унаж амиа алдсан гашуун түүхийг бид мартах учир­гүй билээ.

Захиалагч, зөөвөр­лөгч, борлуулагч, хэрэг­лэгч гэсэн гинжин урвалаар ажиллаж ирсэн хар тамхины наймаанд дипломат ажилтан, прокурор, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан хүмүүс ч нэр холбогдож байсан гэхээр энэ төрлийн гэмт хэрэг Монголд улам бүр л хүрээгээ тэлж, мөнгөтэй хөрөнгөтэй залуусыг онилсон бүлэглэлүүд ялаас мултарсаар байх нь тодорхой байх ажээ. Монголын цагдаа хар тамхиар хангаад байгаа бүлэглэлтэй нь бус наана нь байгаа хэрэглэгчтэй тэмцэж, нэг жүжигчин залууг барьчихаад түүнийхээ бичлэгийг олон нийтэд цацаж “оноо авах”, олонд ажил хийсэн болж харагдахаа л чухалд тооцож байна шүү дээ.

Монгол Улс 1999 онд анхлан хар тамхины тухай ярьж эхэлсэн. Тухайн үед ердөө 45-хан хэрэглэгч байдаг хэмээн тоолж байсан бол өдгөө хэрэглэгчийнх нь тоо мянга хол давжээ. Нэг хэрэглэгчийн ард 4-5 далд хэрэглэгч байна гэж үзвэл энэ тоо гуравхан сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий хэтийдсэн тоо биш гэж үү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь ч үл тоодог, хууль хяналтын байгууллага нь агуулгад бус хэлбэрт найдан ажилладаг, хууль нь хар тамхичдынхаа толгойг илсэн, олны танил, урлагийнхан нь түүчээлэн оролцдог ийм гажууд тогтолцоо цаашаа явсаар байвал өсвөр үеэ бид цагаан тахлаас хэзээ ч холдуулж чадахгүйд хүрнэ.

Угтаа төрийн бодлого үүнд хамгийн хатуу үйлчилж, хамгийн багадаа л 20 хүртэлх жилийн ял оноох ёстой юм. Бидний урд хөршид гэхэд л цаазаар явах ял оноож байхад манай улс харин батлан даалтад гаргаад явуулчихдаг хуультай юмсанж. Бүр сурталчилгаандаа тоглуулна гээд бод доо.

Олны танил, урлагийнхан гэдгээр нь зөөлөн хандсаар байвал улам бүр хүрээгээ тэлж, бидний үр хүүхдийг эгнээндээ нэгтгэх нь тодорхой билээ. Илэрсэн хэргүүд нь энэ болохоос тансаг зугаа цэнгэл хэмээн хар тамхиа нэрлэсэн баячуудын хүүхдүүдийн баяр, наадам болгоны цаана хэчнээн хэрэглэгч байгааг ч таах аргагүй. Нэг өрөөндөө цуглачихаад нийтээрээ татдаг ч юм билүү, хэн мэдлээ. Монголын цагдаа та хүүдээ зодуулсан ээжийн бичлэгийг шэйрлэх бус хүүхдийг нь ийм болгосон бүлэглэлийг илрүүл. Урлагийнхан хэмээн толгойг нь илж, рекламдаа урилгаар тоглуулах бус тэдэнд зохих ёсны ялыг нь үүрүүл.

Хамгийн гол нь цагдаа, тагнуул, дипломат албан тушаалтантайгаа холбогдчихсон гэмт бүлэглэл, Монгол Улсын хилээр хар тамхи оруулж ирээд байгаа сүлжээгээ илрүүлээч гэж аминчлан гуйя. Мөн хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчид ч өсвөр үеийг маань айдаст автуулж буй хар тамхины эсрэг нийтээрээ нэгдэж дуу хоолойгоо гаргаж, эсэргүүцэл илэрхийлэх цаг нь болжээ. Хэдхэн өдөр тутмын сонин, цөөн хэдэн мэргэжлийн сайт үүнийг уриалсаар байгаа ч хүчин мөхөсдөж байна.

Хар тамхины хэрэгт холбогдсон, ял эдэлсэн, ял эдлээд гарч ирсэн эсвэл өршөөлөөр суллагдсан ур­лагийн хүмүүсийг компани, аж ахуйн нэгжүүд реклам сур­тал­чил­гаандаа тоглуулахгүй байя. Тэднийг тоглуулсан ком­паний бүтээгдэхүүнийг худал­даж авахаас татгалздаг, эсэр­гүүцэл илэрхийлдэг болъё. Урлагийнхан ч тэднийг уран бүтээлдээ тоглуулахаас тат­галз­даг болчих.

Хэвлэлийн­хэн ч нэвт­рүүлэг, ярилцлагад урихаас тат­гал­зах гэх мэтээр нийтээрээ жигшиж байж л сая тэд юу хийснээ, ямар зүйлд өсвөр үеийг уриалсанаа, ямархуу зүйлд нэр холбогдсоноо мэднэ. Дараа, дараагийн залуучууд ч олны хүндэтгэлийг хүлээж явах, урлагийн тогоонд “чанагдах”-ыг хүсвэл муу муухай бүхнээс хол байх, нийгэмд зөвөөр үлгэрлэх ёстойгоо ухаарна. “Миний найз, миний таньдаг хүн, миний анд найз” хэмээн өрөвдөх тусмаа тэд өр лүү чинь өшиглөх учраас хар тамхиа авч татах мөнгийг нь битгий бэлтгэж өг. Нүүр царайгаараа хоолоо олж идэхээс бус хар тамхи татах ёсгүйг хамтдаа л ойлгуулах ёстой юм.