ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяр тэмдэглэж балаг тарих уу, эсвэл...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-02-10

Дэлхий дахиныг айдаст автуулаад буй шинэ төрлийн коронавирус хоногт эх дэлхийн зуун хүнийг “залгиж” эхэллээ. Нас барагсдын тоо 700-д хүрлээ хэмээх түшгүүрт мэдээг сонсоод унтаад сэрэхэд л 812 болчихож. Энэ тоо бол өчигдөр буюу энэ сарын 09-ний өглөөний 09:00 цагийн үеийн мэдээ. Магад өнөөдөр мянгад хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ эрчээрээ хоногт мянга мянган хүнийг энэ аймшигт тахал авч одох аюул энүүхэнд иржээ. 

Гэтэл хажуу хаяанд хоногт зуу зуун хүн аймшигт халдвараар хорвоог орхиж, түүнтэй тэмцсэн эмч, эмнэлгийн ажилтнууд бие засах завгүй живх зүүн тасралтгүй ажиллаж байхад бид цагаан сар тэмдэглэх бэлтгэлээ базааж эхлэв. Зах худалдааны төвүүдэд хөл гишгэх зайгүй шахам түм түжигнэж, бум бужигнаж байх юм.

Вирусийн халдвараар 20 хүн нас барсныг дэлхий дахинаа зарлах үед гудамжинд  амны хаалтгүй хүн нэг ч байгаагүй. Гэтэл нас барагсад мянга дөхөж, халдварласан хүний тоо 40 мянгад хүрч байхад нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 хүний нэг нь л амны хаалттай явж байгаа нь гайхмаар. Гаж гэмээр энэ урвуу сэтгэхүй, үйлдэл нь өнөөх “Монголын хууль гурав хоног” хэмээн хариуцлагагүй, хэнэггүй байдлаа дүрэмчилсэн үзэлтэй л холбоотой болов уу гэхээс өөр тайлбар үнэндээ олдохгүй нь.

Хятад улстай хил залгаа оршдог орнуудад вирусийн халдвар хэдийнэ илэрч, хөл хорио тогтоогоод буй. Ганцхан Монгол Улсад л илрээгүй байгаа нь урьдчилан сэргийлэх ажил өндөр хэмжээнд байгаагийн илрэл болохоос биш бидний хошигноод байгаа шиг вирус монголчуудын хэл амнаас айсандаа биш юм. Ийм цаг үед бид хэл амтайгаа магтаж суухын оронд хүн ардынхаа эрүүлийн манаанд хариуцлагатай зогсож буй Эрүүл мэндийн яам, эмч мэргэжилтнүүддээ талархах ёстой. Тэднийг урмын үгээр тэтгэх учиртай билээ.

Тэд хийх ажилгүйдээ өдөр бүр  вирусийн тархалт, өвчлөлийн талаар мэдээлээд байгаа юм биш. Иргэддээ бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэж, тэр мэдээлэлд тулгуурлан иргэд урьдчилан сэргийлэлтээ сулруурахгүй байгаасай гэсэн л дохио. Харамсалтай нь халдвар хүрээгээ улам бүр тэлж, хажуу хаяанаас зуу зуун хүнийг авч одож байхад бид сар шинийн бэлтгэл гээд санаа амар сууж байж хэрхэвч болохгүй.

Бууз хуушуур, бэлэг сэлтээ базаагаад вирусийн халдварт санаа зовох сөхөөгүй бужигнаж байгаа нь бодит байдал. Аль болох олон хөлийн газраас хол байлгах гэж, нэг газар олноороо цуглахаас сэргийлэх гэж л сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл сар шинийг угтсан хөл хөдөлгөөн энэ янзаараа үргэлжилбэл Засгийн газрын шийдвэр үр дүнгээ өгөх нь бүү хэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдоод л өнгөрөхөд хүрэх вий.

Тийм ч учраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч бямба гарагт сар шинийн баярыг энэ жилдээ цуцлах саналыг иргэн хүнийхээ хувьд гаргасан нь хамгийн нүдээ олсон санал байлаа. Хэдий Засгийн газраас гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг зөвлөсөн ч “тэмдэглэх нь гарцаагүй юм байна” гээд хэдийнэ эхнээсээ бэлтгэлдээ орж, өнөөх аймшигт өвчнийг мартаж орхилоо. Гэр бүлийн хүрээ гэдгийг ах дүү, хамаатан садны хүрээ хэмээн сэтгэж, шинэлэхээр зэхэж буй нь ч нууц биш. Цагаан сар гэдэг угаасаа л ураг төрлийн баяр.

Ах дүү, амраг саднаараа золголт хийхэд л жил жилийн сар шинэ хавтгайрсан өргөн дэлгэр болдог. Гэр бүлийнхээ хүрээнд хийнэ гэсэн болохоор үр хүүхдээ дагуулаад ээж, аавдаа золгохгүй байх аргагүй. Аав ээждээ золгохоор дунджаар таван айлын 40 хүн нэг дор цуглана. Тэр 40 хүн нөгөө талынхаа аав, ээжид ч мөн очих болно. Төрсөн ах дүүгийндээ оролгүй үлдээхэд хэцүү.

Ингээд л хажуухан талд зуу зуун хүн амиа алдаж байхад бид өргөн дэлгэр шинэлж, өнөөх тогтоон барьж байсан урьдчилан сэргийлэлт талаар болох эрсдэл өндөр болно. Тиймээс л ганцхан жил цагаан сараа гэрээсээ гаралгүй өнгөрөөгөөч гэсэн сайдын саналыг дэмжих ёстой юм.

Эрүүл мэндийн салбарыг толгойлж буй хүнийхээ хувьд ч үр хүүхэдтэй эх хүнийхээ ч хувьд Д.Сарангэрэл сайд ийм нөхцөл байдалд цагаан сарыг бүрмөсөн цуцлах шийдвэр гаргах нь зүйн хэрэг. Магадгүй Хятад улс цагаан сараа цуцлаад тэмдэглэлгүй өнгөрсөн бол өнөөдрийнх шиг нөхцөлд байдалд хүрэхгүй ч байсан юм бил үү. Хэрэв Улсын онцгой комисс сургууль, цэцэрлэгийг түр хаагаагүй бол бид өнөөдөр коронавирусийг айлгаж байна хэмээн хошигнож суух байсан ч юм уу хэн мэдлээ. Өдөр бүр, цаг тутамд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай мэдээлэл солилцож, дэлхий дахины нөхцөл байдлыг мэдэж байгаа хүний хувьд түүний санал  хамгийн чухал.

Дэлхий даяар олон улсын хурал цуглааныг цуцалж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь зүгээр ч нэг шийдвэр биш болов уу. Өчигдөрхөн л гэхэд бидэнтэй хил залгаа оршдог Эрээн хотод хөл хорио тогтоож, нэгдүгээр зэргийн онц байдал зарлалаа. Ердөө хилийн нарийхан зурвасын цаахан талд онц байдал зарлаж байхад бид сар шинэ тэмдэглээд сууж байх нь хэтэрхий зохимжгүй бас мэдрэмжгүй үйлдэл болох юм.

Тийм л учраас сар шинийн баярыг цуцлах цагаа олсон  саналыг дуу нэгтэйгээр дэмжих учиртай. Элэг бүтэн, эрүүл саруул байхад баярлах цаг мундахгүй билээ. Хайртай хүмүүстэйгээ олон арван цагаан сарыг хамтдаа тэмдэглэхийн тулд ганцхан жилийг тэсэх ухамсар, сэтгэхүй бидэнд бий. Ердөө ганцхан жил цагаан сараа цуцалж, гэрээсээ гаралгүй цахимаар мэнд мэдэлцээд өнгөрөхөд алдах зүйл юу ч байхгүй.

Одоо харин сайдын саналыг нэн яаралтай албажуулж, Засгийн газраас албан ёсоор сар шинийн баярыг цуцлах шийдвэрийг гаргах л үлдлээ. Магадгүй төрийн шийдвэрийг хараад, бэлтгэл хийх эсэхээ шийдэхээр хүлээж байгаа мянга мянган айл бий. Шинэлнэ гэж хөөрцөглөснийг ч, яах бол гэж хүлээснийг ч аль алиных нь эргэлзээг тайлж төр нэн даруй шийдвэр гаргах нь зүйтэй болов уу. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйдлээ олохгүй гэдэг. Монгол Улс коронавирусийн халдвар тархах хамгийн эрсдэл өндөртэй орноор нэрлэгдээд буй энэ эгзэгтэй цаг үед төр нүдээ олсон, хүнээ бодсон шийдвэр гаргах ёстой. Баяр тэмдэглэж балаг тарих уу эсвэл төртэй, эзэнтэй улс шиг нэг зохион байгуулалтад орж, эрсдэлээс хамгаалах уу гэдэг төрийн шийдвэрээс л хамаарах асуудал боллоо.