Гинж нь мултарч, шороонд дарагдсан хүүхдийн минь дугуй тагтан дээр жил хэртэй байсан юм. Хүүдээ авч өгсөн анхны дугуй учраас хаяж зүрхэлдэггүй. Хэрэгтэй хүнд нь өгчих юмсан хэмээн хадгалдаг байлаа. Гэтэл фэйсбүүкт “Хүүхэд бүхэн дугуй унах дуртай. Та бүхэнд хүүхдийн эвдэрсэн, хуучин хэрэглэдэггүй дугуй байгаа бол бидэнд хандивлаарай. Бид засч сэлбээд асрамжийн газарт байгаа бяцхан дүү нартаа бэлэг барих гэж болно” хэмээн “Залуу дугуйчин клуб”-ийнхэн нийтэлсэн байхыг хараад тагтан дээрх цэнхэр дугуйгаа санав.
Өнгөрсөн ням гарагийн өглөө тавдугаар сургуулийн хажуугийн шар эмульстэй, хуучны, гурван давхар байрны урд хүүгийн эвдэрхий дугуйг аваад очтол ягаан, ногоон, мөнгөлөг саарал, улаан өнгөтэй 14 дугуйг эгнүүлэн тавьсан байв.
Машиныхаа багажаас хүүгийнхээ дугуйг буулгах гэж байхыг минь харсан 20 орчим насны нүдний шилтэй залуу угтаж ирээд “Өнөр бүл төв рүү явах дугуй мөн үү” хэмээн дугуйг аваад шууд засч эхлэв. Тос маслонд будагдсан засварчин залуугийн хөнгөн шаламгай гар яах ийхийн зуургүй эвдэрхий дугуйг засч ажилладаг болгосон юм. “Залуу дугуйчин клуб”-ийнхэн иргэдийн хандивласан 25 ширхэг дугуйнаас 16 дугуйг засч сэлбээд цэнхэр портер машинд эгнүүлэн ачсанаар, нийслэлээс 30 километрийн зайд байрлах “Өнөр бүл” хүүхдийн төвийн зуны зусланг зорилоо. Хүүхдүүдийн сайн сайхны төлөөх буянтай үйлсийг сурвалжлахаар “Залуу дугуйчин” клубын залуучуудтай манай сонины сурвалжилах баг дөрөө нийлэн давхилаа. Бидэнтэй хамт дугуйтай долоон аялагч явсан бөгөөд асрамжийн газрын хүүхдүүдэд үзүүлбэр үзүүлэх, хуучин дугуйнд нь засвар үйлчилгээ хийж өгөхөөр очсон юм.
Хандгайт орох замдаа “Хүүхэд бүхэн дугуй унах дуртай” аяныг санаачлан зохион байгуулагч “Залуу дугуйчин клуб”-ын үүсгэн байгуулагч Ч.Түвшинжаргалаас клубийнх талаар болон зохион байгуулж буй аяных нь талаар асуухад “Монголын залуучуудын холбооны дэргэд “Залуу дугуйчин” клуб байгуулагдсан. Одоогоор 200 гаруй идэвхтэй гишүүнтэй. Манай клубынхэн дугуй унаж чөлөөт цагаа өнгөрөөхөөс гадна нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг зохион байгуулж, үеийн залуучууд болон дүү нартаа сайн үлгэр дууриалал үзүүлэхийг зорьдог. “Хүүхэд бүхэн дугуй унах дуртай” аянаас гадна Туул голын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг. Манай үйл ажиллагаанд оролцогчид дандаа дугуйтай ирдгээрээ онцлогтой.
Манай клубынхэн анх асрамжийн газрын хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, ном, тоглоом гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг аваачиж өгдөг байсан. Тэгж очихдоо цөөн тооны унадаг дугуйтай очоод хүүхдүүдэд дугуй унахыг зааж өгдөг байлаа. Сүүлйин хоёр жил иргэдийн хуучин дугуй цуглуулан засч өгөх болсон. Нөгөө талаар унадаг дугуйны маш том сурталчилгааг хийж байгаа юм. Аз жаргалтай орнуудын жагсаалтыг тэргүүлж байгаа хотууд унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлсэн байдаг. “Хүүхэд бүхэн дугуй унах дуртай” аянд 80 гаруй хүн нэгдэж дугуй болон сэлбэг бэлэн мөнгөний хандив өргөсөн. Олон хүний хүч оролцоо орсон. Дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасна. Мөн замын түгжрэл буурна. Хамгийн чухал нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийг авч ирнэ. Учир нь нэг машины зогсоол дээр 10 дугуй багтдаг. Үйлчилгээний байгууллагууд автомашины зогсоолгүйгээс болж асар их орлого алддаг. Хүмүүс машины хэрэглээгээ бууруулж дугуй унаснаар авто машинд зарцуулах төсвөө өөртөө болон гэр бүлдээ зарцуулах боломжтой болно” хэмээв.
Номин ногоон өнгөтэй ойн гүн дэх зуслангийн байрнуудын гадаа бид бага үдийн алдад очлоо. Шар, ягаан, ногоон өнгийн тэрлэгийг ижилсүүлж өмссөн бяцхан жаалуудыг холоос харахад зүлгэн дээр буусан эрвээхэй шиг харагдана. Хүүхдүүд биднийг хараад шуугилдан гүйж ирцгээлээ. 2-10 хүртлэх насны 80 гаруй хүүхэд портерын ачаан дээр эгнүүлсэн 16 дугуйнаас нүдээ салгалгүй шулганалдан байв. “Цэнхэр нь минийх шүү. Чи өнгөрсөн жил аваа биз дээ. Үгүй шүү би авна” хэмээн өмчирхөн хэлэлцэх нь тод сонсогдоно. Клубын гишүүд очсон даруйдаа өнгөрсөн жил хандивласан дугуйнуудаа засч байх үед “Downhill Mongolia” клубын залуучууд унадаг дугуйтай үзүүлбэр үзүүлцгээв. Мэргэжлийн дугуйчдын циркийн үзүүлбэрийг харсан хүүхдүүд нэгэн зэрэг “Пөөх, гайхалтай” хэмээн уулга алдаж, алга ташицгаана.
Үзүүлбэрийг шимтэн сонирхож байтал жижигхэн хүүхдийн бяцхан гар ядам, чигчий хуруунаас минь атгалаа. Эргэж харвал, хөх өнгийн цамц, ногоон богино өмдтэй балчир хүү “Эгчээ хоёулаа цуг үзье, өнөөдөр миний төрсөн өдөр. Би 10 нас хүрч байгаа. Таниас ямар гоё үнэр үнэртээд байна. Наашаа ойрт доо” хэмээн өөртөө татаж тонгойлгоод баруун гараараа зүүн хацрыг минь илж байснаа зөөлхөн үнсэх нь тэр. Бяцхан хүүгийн нүдэнд гүнзгий гуниг хурж, горьдлого тээсэн харцтай байхыг хараад нэг хэсэгтээ л сэтгэл минь шимширэв. Бяцхан хүү 10 нас хүрч байгаа гэхэд хамаагүй давжаа биетэй байсан бөгөөд 6-7 настай юм уу гэхээр харагдаж байлаа. Тэр хүү гэнэт ирсэнтэйгээ адил гэнэт гүйгээд явчихсан юм. Хүүг олон хүүхэд дундаас ялгаж харахаар харц гүйлгэх зуураа тэнд байгаа бүх хүүхдүүдийн царайд гуниг хурсан, нийтээрээ давжаа биетэй болохыг анзаарсан юм. Анх ирэхдээ хүүхэд баярлуулна гэхээс тэсгэлгүй яарч хөөрч байсан сэтгэл хормын төдийд уйтгараар солигдов. Бяцхан хүүхдүүд дугуй авахдаа нулимстай бас нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулах нь нүднээ ил харагдана.
“Залуу дугуйчин” клубын хамгийн залуу гишүүн 23 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Б.Инга “Би 2015 онд автомашингүй өдрөөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” парадад орж клубтээ элсэж байсан. Аав, ээжгүй хүүхдүүдэд хоёр дахь жилдээ туслахаар ирж байна. “Өнөр бүл”-ийн дүү нарынхаа баярлаж инээхийг харах л хамгийн гоё байдаг” хэмээн ярьж балчир хүүхдүүдтэй тоглож байсан юм. Хуучин дугуйнуудыг засах ажил дууссаны дараа тав хүртлэх насны 16 хүүхдийн дунд дугуйн уралдаан явуулж, түрүүлсэн хүүхдэд н.Золоогийн гэр бүлээс хүргүүлсэн шинэ дугуйг гардуулж өгсөн юм.
Б.Ариунжаргал: Сайхан сэтгэлийн дэмээр болоод л байдаг юм
Балчир охинд дугуй унахыг зааж байсан “Өнөр бүл” төвийн бага насны хүүхдийн халамж асрамжийн үйлчилгээний нийгмийн ажилтан Б.Ариунжаргалтай уулзаж “Өнөр бүл” хүүхдийн төвийн талаар сонирхсон юм. “Өнөр бүл хүүхдийн төвд 1.6-18 хүртлэх насны бүтэн болон хагас өнчин 185 хүүхэд байдаг. Манай төвийн бага насны хүүхдүүд булчингийн сулралтай, биеийн эрүүл мэнд тааруу биеийн хөгжил сул байдаг. Зуны гурван сар дугуй унаснаар хүүхдүүдийн биеийн хөгжил эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг” гэсэн юм. Б.Ариунжаргал “Залуу дугуйчин” клубийн залуучууд өмнө нь хандивласан дугуйгаа засч сэлбээд өгдөг. Эргэх холбоо сайтай. Манай байгууллага хүмүүсийн сайхан сэтгэлийн буянаар болоод байдаг юм. Гэхдээ эцэг эхийн хайрыг ямар ч сайхан сэтгэл орлож чаддаггүй. Асрамжийн газрын хүүхэд хүсээгүй хүүхдүүд байдаг. Гэдсэнд байхаасаа л холбоос эдийн гэмтэлтэй болсон учир үеийн хүүхдүүдээсээ давжаа болдог. Харамсмаар хувь тавилантай шүү” хэмээн ярьж байлаа. Тоос шороонд дарагдаж, тагтан дээр сул хэвтдэг байсан цэнхэр дугуйг зургаа орчим настай ногоон тэрлэг хөөргөдөж бүсэлсэн хөрслөг бор хүү хамрын хөлсөө бурзайлган цангинатал инээд алдан унаж явааг харахад хөнгөн гуниг тээсэн сэтгэл баярын мишээлтээр солигдсон юм. Цэнхэр дугуйг хүншилвэл ёстой магнай нь гялтайж өнгө орсон мэт харагдаж байлаа.