-Сумын төвийн спорт цогцолборын барилга 600 сая төгрөгийн төсвөө 2.4 тэрбум болгож нэмэгдүүлсэн-
Улсын төсвөөс авах мөнгө нь жил тутам нэмэгдсэн ч барилгын ажилд нь ахиц гардаггүй, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт сэг болоод буй “царцаасан” барилгын тухай нийтлэлээ энэ удаад орон нутгийн төсөл хөтөлбөрөөр үргэлжлүүлье. 2013, 2014 оны улс төрийн хамгийн халуун сэдэв болж, олны анхаарлыг татаж байсан эдгээр “царцсан” барилгууд, тэр дундаа төсөвт өртөг нь хоёр, гурав дахин нэмэгдсэн барилгын жагсаалтыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа нэр бүхий байгууллагуудад үүрэг өгснөөр гаргаж байлаа.
Н.Алтанхуягийн Засгийн газрын эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, төсвийн мөнгөөр туйлж буй цүнхтэй компанидын үнэн төрх илэрч эхэлснээр АТГ-аас 110 төсөлд шалгалт хийсэн байдаг. Улмаар 110 төслөөс 2013-2014 онд улсын комисс хүлээж аваад ашиглалтад өгчихсөн зургаан төсөл, ажлаа дууссан ч дахиад мөнгө авахаар төсөвт орж ирсэн байсныг илрүүлж байсан юм.
Мөн Аудитын газрын дүгнэлт, АТГ, Мэргэжлийн хяналт, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны хамтарсан ажлын хэсгийн шалгалтын дүн мэдээнд үндэслэж, улсын хэмжээнд байгаа нийт царцсан барилгаас нэр бүхий 29 барилгын нэрийг олон нийтэд нээлттэй мэдээлсэн.
Тэдгээрийн нэг нь эдүгээ ч хэл амны бай болж буй Хан-Уул дүүрэг дэх 300 ортой төрөх эмнэлгийн байр. 2010 онд анх төслийг батлуулахдаа 19 тэрбумаар барина хэмээн тооцож байжээ. “Нийслэл өргөө” компанийн авсан төсөл, дөрвөн жилийн дараа буюу 2014 онд 32222.8 тэрбум болж төсөвт өртөг нь нэмэгдсэн ч ажил нь ахиагүй.
Харин 2013 он гэхэд тэд улсын төсвөөс 13 тэрбумыг хэдийнэ авчихсан байжээ. Улмаар, төсвийн мөнгө идсэн уусан хэргээр дарга цэргийг нь шалгаж, олон жил зөвхөн гадна нуруу нь боссон сэг хэвээр явж байна. Эдүгээ ч бахь байдгаараа, ямар ч анхаарал хяналтгүй орхигджээ.
Энэ барилга 2018 оны улсын төсөвт байхгүй. Учир нь, 2015-2016 оны үед концессын гэрээгээр барих төслийн жагсаалтад төрөх эмнэлгийн барилгыг оруулж, төслийг улсын төсвөөс хассан байдаг юм.
Гэвч, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэдэн арван тэрбумаар тоологдох тендерийг өөрийн танхимын сайд нарт өглөө гэх дуулианы үеэр өнөөх л дуулиант төрөх эмнэлгийн байрны тендерийн маргаан дахин гарч ирсэн юм. Төрөх эмнэлгийн барилгын тендерийг АН өгсөн, МАН өгөөгүй гэх маргаан үргэлжилсээр, дахин гацаанд орж, барилга ч сэг хэвээр үлдэв.
Цаашлаад, “Химон констракшн” буюу Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Ш.Энхтөрийн удирддаг компанийн Дархан-Уул аймагт барих 2200 хүний суудалтай спорт цогцолборын барилга 10 жилийн дараа ч улсын төсвөөс мөнгө авсан хэвээр байх юм. Улсын арслан Н.Батсуурийг түрүүлэхэд зургаан өрөө байраар мялааж байсан Ш.Энхтөр УИХ-ын гишүүн Я.Содбаатартай арван жилийн нэг анги гэдэг.
Тэгвэл, энэхүү компани 2010 онд анх төслийг авахдаа 11 тэрбумаар барина хэмээжээ. 2013 он болоход улсын төсвөөс 10 тэрбумыг авсан ч, 2014 оны төсөвт дахин орж ирэхдээ 21 тэрбум төгрөг болж төсөвт өртөг нь хоёр дахин нэмэгдсэн нь 2014 онд АТГ-аас гаргасан жагсаалтад багтаж байлаа.
Тэгвэл тэр цагаас хойш дөрвөн жил өнгөрчихөөд байхад, 2018 онд төсвөөс дахин 4.7 тэрбум төгрөг авна хэмээгээд оруулчихаж. Компанийн тухайд өөрчлөгдөж, “Нэмэхбар” ХХК гүйцэтгэлийг хийж байгаа аж.
Өмнөх дугаарт хөндсөн 2011-2013 онуудад дараалж дөрвөн тендер авсан Хөвсгөл аймгийн “Төмөр хүлэг” компанийн Булган аймгийн сумдад сургууль, цэцэрлэгийн барилга барих төслөөс 2018 оны улсын төсөвт Тэшиг сумын сургуулийн барилга нь тунаж үлджээ.
Бусдыг нь тэд хэл амтайхан барьж дууссан бололтой юм. 2012 оноос хойш төсвөөс мөнгө авч, улмаар энэ оны улсын төсөвт 200 сая төгрөг суулган оруулж ирсэн сургуулийн барилгыг энэ ондоо дуусгана хэмээсэн ч итгэх боломж алга. “Арвис интернэшнл” компанийн 2011 онд тендерийг нь авсан Геронтологийн төвийн барилга мөн л төсөвт өртөг нь хоёр дахин нэмэгдэж, долоон тэрбум төгрөгт хүрсэн.
Санхүүжилтийнхээ 91 хувийг авсан атлаа барилгын ажлаа 40 хувьтай л гүйцэтгэсэн, тус компанийн захирал Ё.Пүрэвдаваа гурван жилийн өмнө Г.Шийлэгдамбыг сайд байхад “улс дэд бүтцийг шийдэж өгөөгүй” гэсэн тайлбар хийгээд зогсч байсныг нуух юун. Энэ барилга ч 2018 онд дахин санхүүжилт авна.
Цаашлаад, “Хөвсгөл геологи” компанийн 2012 онд 3.5 тэрбумаар барина хэмээн авсан Ханхэнтий чуулгын байрны төсөв 8.3 тэрбум болон өссөн. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ч шүүхээр дамжиж, маргаан дагуулсаар буй Ховд аймгийн Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам гэх мэтээр орон нутгийн хэмжээнд нийт 43 төсөл хөтөлбөр хамгийн олон жил улсын төсвөөс мөнгө авч байна.
Мөн л Ховд аймгийн Манхан суманд баригдах спорт цогцолборын барилга 2012 онд 600 сая төгрөгийн өртөгтэй баригдахаар орж ирсэн ч 2.4 тэрбум төгрөг болж өртгөө нэмжээ. Энд зөвхөн долоогоос дээш жил төсвөөс мөнгө авсныг онцлов. Цаашлаад дөрөв, таван жилээр авч буйг дурьдвал эндээс ч том тоо гарах нь ээ.
Барилга тойрсон луйвар нүднээс далд хэрхэн үргэлжилж, төрийн томчуудын бужигнаан дундуур хэрхэн мөнгө идэж буйг энэ хэдхэн жишээнээс харж болно. Энэ улс уг нь өөрийн гэсэн төртэй бол авсан тендерээрээ “сэг” босгочихоод, эсвэл “цүнх” барьж орж ирээд баруун солгойгүй тендер зохицуулж, төрөөс олон жил мөнгө аваад явж буй компани, түүний эзэд, тэдний ард буй улстөрчдөд хариуцлага тооцохсон.
Яг л Н.Алтанхуягийн үед эхлүүлж байсан “царцсан” барилгын хэргийг У.Хүрэлсүх үргэлжлүүлэн хянаж, төсвийн замбараагүй байдалд бага ч гэсэн хяналт тавихсан.
Д/д | Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал | Хугацаа | Өртөг | 2018 онд санхүүжих |
1 | Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ | 2012-2019 | 9.948.4 | 2.250.0 |
2 | Сургуулийн дотуур байрын барилга, 75 ор /Архангай, Хангай сум/ | 2012-2018 | 657.2 | 107.2 |
3 | Сургуулийн барилга, 960 суудал /Баянхонгор, Баянхонгор сум/ | 2012-2019 | 5,274.0 | 1,000.0 |
4 | Эрүүл мэндийн төв, 14 ор /Баянхонгор, Баянцагаан сум/ | 2013-2018 | 1,183.5 | 983.5 |
5 | Сургуулийн барилгын өргөтгөл, 240 суудал /Булган, Тэшиг сум/ | 2012-2018 | 950.0 | 200.0 |
6 | Сургуулийн барилга, 640 суудал /Булган, Булган сум, 1 дүгээр сургууль/ | 2012-2018 | 4.300.0 | 1.032.4 |
7 | Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга /Говь-Алтай, Есөнбулаг сум/ | 2012-2018 | 982.6 | 952.6 |
8 | Сургуулийн барилга, спорт заалын барилга, 960 суудал /Говь-Алтай, Есөнбулаг сум, ЭМШУИС-ийн харьяа Анагаах ухааны коллеж/ | 2013-2018 | 5,184.7 | 1,882.0 |
9 | Сургуулийн барилга, 960 суудал /Говь-Алтай, Есөнбулаг сум/ | 2012-2018 | 5,426.9 | 1,713.4 |
10 | Цэцэрлэгийн барилга, 75 ор /Говь-Алтай, Тайшир сум/ | 2013-2018 | 875.9 | 338.4 |
11 | КОНЦЕСС: Алтай-Дарви чиглэлийн 98 км хатуу хучилттай авто зам | 2015-2020 | 117,042.0 | 32,324.4 |
12 | КОНЦЕСС: Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам | 2015-2020 | 176,405.4 | 48,715.8 |
13 | Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эмнэлэг, 100 ор /Дорноговь, Замын-Үүд сум/ | 2013-2018 | 4,056.0 | 633.0 |
14 | Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжих Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл /Дорноговь, Замын-Үүд сум/ | 2011-2018 | 16,335.0 | 1,271.9 |
15 | Төрөх эмнэлэг, 50 ор /Дорноговь, Сайншанд сум/ | 2011-2018 | 3,524.4 | 850.0 |
16 | Сумын төвийн шинэчлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын төвийн барилга /Дорноговь, Замын-Үүд сум/ | 2013-2019 | 5,844.1 | 600.0 |
17 | Аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга /Дорнод, Хэрлэн сум/ |
2011-2018
|
6,541.0 | 1,176.9 |
18 | Сургуулийн барилга, 640 суудал, /Дорнод, Баян-Уул сум/ | 2012-2018 | 3,957.7 | 625.5 |
19 | Эрүүл мэндийн төв /Дундговь, Дэлгэрхангай сум/ | 2012-2018 | 1,099.5 | 799.5 |
20 | Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Их-Уул сум/ | 2013-2018 | 970.0 | 750.0 |
21 | Засаг даргын Тамгын газрын барилга /Завхан, Тэс сум/ | 2013-2018 | 1,200.0 | 500.0 |
22 | Хөгжимт жүжгийн театрын барилга, 800 суудал /Завхан, Улиастай сум/ | 2011-2019 | 9,960.0 | 3,000.0 |
23 | Соёлын төвийн барилга, 400 суудал /Өвөрхангай, Уянга сум/ | 2010-2018 | 1,402.0 | 157.8 |
24 | Багуудын цогцолбор төв /Өмнөговь/ | 2011-2018 | 660.0 | 45.0 |
25 | Соёлын төвийн барилга /Өмнөговь, Манлай сум/ | 2012-2018 | 1,381.0 | 181.0 |
26 | Соёлын төвийн барилга /Өмнөговь, Ноён сум/ | 2012-2018 | 895.0 | 105.4 |
27 | Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв /Өмнөговь, Даланзадгад сум/ | 2012-2019 | 7,247.7 | 2,163.3 |
28 | Соёлын төвийн барилгын дуусгал /Өмнөговь, Номгон сум/ | 2012-2018 | 519.0 | 519.0 |
29 | Цэцэрлэгийн барилга, 75 ор /Сэлэнгэ, Шаамар сум, Дулаанхаан тосгон/ | 2012-2018 | 1,287.6 | 584.1 |
30 | Цэцэрлэгийн барилга, 100 ор /Сэлэнгэ, Мандал сум/ | 2012-2018 | 771.2 | 93.0 |
31 | Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Сэлэнгэ, Мандал сум, Хэрх тосгон/ | 2010-2018 | 582.0 | 97.5 |
32 | Сургуулийн барилга, 320 суудал /Төв, Эрдэнэ сум/ | 2012-2018 | 2,960.0 | 291.3 |
33 | Баруун Монголын уламжлалт соёлын төвийн барилга /Увс, Улаангом сум/ | 2012-2018 | 3,406.2 | 410.4 |
34 | Спорт цогцолборын барилга, 500 суудал /Ховд, Манхан сум/ | 2012-2018 | 2,458.0 | 332.7 |
35 | Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төслийн 103.3 км хатуу хучилттай авто зам /Ховд/ | 2012-2019 | 31,460.0 | 1,500.0 |
36 | Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж /Ховд, Жаргалант сум/ | 2010-2018 | 5,000.0 | 710.0 |
37 | Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хөвсгөл, Мөрөн сум/ | 2013-2018 | 5,000.0 | 929.7 |
38 | Сургуулийн барилгын комплекс, 320 суудал /Хөвсгөл, Улаан-Уул сум/ | 2012-2019 | 3,238.0 | 800.0 |
39 | Ханхэнтий чуулгын барилга /Хэнтий, Хэрлэн сум/ | 2011-2018 | 8,353.7 | 1.3 |
40 | Сургуулийн дотуур байрын барилга, 150 ор /Дархан-Уул, Шарын гол сум/ | 2012-2018 | 1,502.0 | 252.0 |
41 | Аврах гал унтраах ангийн барилга /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ | 2013-2018 | 2,089.4 | 184.3 |
42 | Спорт цогцолбор, 2200 суудал /Дархан-Уул, Дархан сум/ | 2010-2020 | 21,443.0 | 4,700.0 |
43 | Сургуулийн барилга, 640 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг/ | 2013-2018 | 4,486.0 | 221.0 |
/Төсөвт өртөг нь нэмэгдэж, хамгийн олон жил төсөвт дараа болсон орон нутагт хэрэгжиж буй төслүүд /2018 оны төсөв/