ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оймсон бөмбөгнөөс “од” болсон “Египет Месси”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-29

Гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болсон Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр улстөрч өрсөлдсөн юм. Нэг нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй Ерөнхийлөгч Абдел Фаттах Сиси байсан бол нөгөө нь Мусса Мастафа Мусса байв. Гэвч санал тооллогоор сонгуульд албан ёсоор нэр дэвшээгүй нэгэн эрхэм хоёроор гарч иржээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Сиси 97.08 хувь буюу 21 сая хүний санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол тэрхүү эрхэм сая гаруй сонгогчийн санал авсан байна. Харин Муссад  ердөө 656 мянган сонгогч л саналаа өгсөн байх юм. Сая гаруй египетчүүдийн саналаа өгч дараагийн Ерөнхийлөгчөөрөө сонгохыг хүссэн эл хүн улстөрч биш,  эгэл жирийн  гэр бүлээс гаралтай  алдартай хөлбөмбөгч байсан юм. Тэр бол “Египетийн Месси” хочит Мохаммед Салах.  Түүнийг энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа онцолж байна. 

Өнөөгийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг  болох Мохамед Салах 1992 оны зургадугаар сарын 15-нд Эл Гарбиа мужийн Нагриг  гэх жижиг тосгонд  төржээ. Түүний аавыг Салах Галли гэдэг бол ээжийнх нь нэр одоо ч тодорхойгүй байдаг.  Амьдрал нь ч төдийлөн баян байсангүй. Жижиг тосгоны тааруухан амьдралтай айлын хүү болон мэндэлсэн Мо Салах дэлхийн бусад хөвгүүдийн л нэгэн адил хөлбөмбөгийг зурагтаар  л үзэж өсчээ. Тухайн үед түүнийг өнөөгийнх шиг шилдэг хөлбөмбөгчин болно гэж хэн ч төсөөлөөгүй нь мэдээж. Гэхдээ хөдөө тосгоны бяцхан хүүгийн зүрхэнд дэлхийн хөлбөмбөгийн од болох хүсэл цохилж байсныг үгүйсгэх аргагүй билээ. Түүний бага нас яг л бидний үеийнх шиг байж. Хуучирч, муудсан зурагт жирэлзэн, дүрс нь сайн харагдахгүй ч, антенныг нь аль байдгаар нь аргалан спортын сувагт тохируулж, аугаа Зидан, Францеско Тотти, Кристиано Роналдо нарын гайхамшигт тоглолтыг үздэг байжээ. 

Тоглолт дуусмагц үеийн нөхдийн хамт зүлгэн дээр гүйлдэж, бяцхан ертөнцийнх нь баатар болсон од тоглогчдыг дуурайн тоглодог байсан гэнэ.  Хүү нь хөлбөмбөгт хэчнээн дуртайг эцэг, эх нь мэдэх хэдий ч, нэг бөмбөг худалдан авах  мөнгө тэднийд байсангүй.  Гэсэн ч,  тэр даавууны өөдсүүд  бөөгнүүлэн оймсонд чихэнд түүгээрээ бөмбөг орлуулан тоглодог байсан аж.  Мохамед Салахын бага нас ингэж л өнгөрсөн байна. Хэдий ядуу тарчиг гэр бүлд төрсөн ч түүний амьдралын нэгээхэн хэсэг нь хөлбөмбөг байжээ. Магадгүй хоёр авга ах нь тосгоныхоо өсвөрийн шигшээ багт тоглодог байсан нь ч түүнд нөлөөлсөн байж мэдэх юм.  Харин өсвөр насанд хүрэхдээ тэр эл гайхалтай спортын мөн чанарыг ухаарч эхэлсэн аж.  Ингээд л тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө алхам алхмаар урагшилж, хөлбөмбөг зугаа цэнгэл бус, түүний хүрэх ёстой карьер, амжилт болж хувирсан гэдэг. 

Анхны гоол

Тосгоныхоо хөлбөмбөгийн талбайд байнгын дасгал сургуулилт хийж, сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцдог байсан ч, тэр нь түүнд хангалттай биш байв. Мохамед Салах “Гурав, дөрвөн жилийн турш долоо хоногийн таван өдөр нь сургуулилт хийдэг байсан. Өглөө 09:00 цагт гэрээсээ гарч явсаар байгаад үдээс хойш 14.00, 14.30 цагт сургуулилтынхаа талбайд очдог байлаа. Тэгээд сургуулилт хийж, оройн 18.00 цагт гэр рүүгээ явна. Орой 22.00-22.30 цагт гэртээ харьж, хоол идчихээд унтана.  Өдөр бүрийг л ингэж өнгөрөөдөг байлаа” хэмээн дурссан удаатай. 

Түүний шаргуу, хичээнгүй байдал нэг л мэдэхэд амжилтад хөтлөжээ. Удалгүй тэр “Эл Мокавлун” багт тоглож эхлэв. Чухам энэ үеэс Америкийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Боб Брэдли Мо Салахын гайхалтай хурд, тэсрэлт, зохион байгуулалтыг олж харсан байна. Ингээд тэр 2010 оны тавдугаар сарын 3-нд Египетийн Премьер лигт “Эл Мансура”-гийн эсрэг тоглож, 1-1 харьцаатайгаар тэнцжээ. 2010-2011 оны улирлын туршид Салах талбайд байнга тоглож, 2010 оны арванхоёрдугаар сарын 25-нд Эль Ахли ФС-ийн хаалганд анхны гоолоо оруулжээ.

2011-2012 оны улирлын тоглолтууд ч тэр байнга талбайд гарч байв.  Энэ улирлын тоглолтод баг нь Швейцарын ФС “Базэль” багтай нөхөрсөг тоглолт хийж, 4:3 оноогоор буулган авсан бөгөөд энэ тоглолтын дараа Швейцарын баг түүнд дөрвөн жилийн гэрээ байгуулах санал тавьжээ. Уг саналыг мэдээж тэр зөвшөөрсөн байна. Тус багт ороод анхны тоглолтоо Румыны багтай хийжээ. Энэ  тоглолтод Салах гоол оруулсан байна. Энэ мэтээр тэр очсон багаа Үндэсний аварга шалгаруулах тэмцээний ялагч болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Гэхдээ Салах багтаа тийм ч удаан тогтсонгүй. 2014 онд тэрбээр “Челси”-гийн хөх өмсгөлтэй талбайд гарсан байдаг. “Челси” клубт орсноос хойш анхны гоолоо тэр “Арсенал”-ын хаалганд оруулсан байна. Үүнээс жилийн дараа Италийн “Фиорентина ФС” багт тоглож эхэлсэн бөгөөд тус баг Европын лигт 15 жилийн дараа анх удаагаа хожжээ. Үүнд мөн л Салах нөлөөлсөн хэрэг. Тэр нэг багт тийм ч удаан тогтдоггүй. Харин 2017 оны зургадугаар сарын 22-ноос “Ливерпүүл”-д тоглох болсон юм. Тэр 50 сая еврогоор тус багтай урт хугацааны гэрээ байгуулжээ. Түүний тоглолтын арга барил, чадвар нь Аргентины Лионель Месситэй тун төстэй. Тиймдээ ч түүнийг “Египет Месси” хэмээн хочилдог  байна.

Төрөлх тосгондоо хөлбөмбөгийн талбай, сургууль барьжээ

Хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ М.Салах амьдралынх нь  хамгийн чухал зүйл бол өөрийнх нь гэр бүл гэдгийг тодотгодог. Харин Африкийн хөлбөмбөгийн од 21 насандаа гэрлэжээ. Түүний амьдралынхаа ханиар сонгосон эмэгтэйг Магги гэдэг. Тэдний хурим төрөлх тосгонд нь мусулмань шашны уламжлалын дагуу болжээ. Хуримнаас хойш жилийн дараа Салах 22 насандаа аав болсон юм. Хосууд бяцхан охинтой болсон бөгөөд исламын шашны ариун хотын нэрээр Макка гэж нэрлэжээ. Нөгөөтэйгүүр, М.Салах тун ч өгөөмөр нэгэн гэнэ. Тэр багадаа ганц ширэн бөмбөг ч худалдан авч чадахааргүй ядуу гэр бүлд өссөн бол одоо түүний цалин долоо хоногтоо л 100 мянган фунтаар хэмжигдэх билээ. Тиймээс боломжийнхоо хэрээр тосгоныхоо оршин суугчдад тусалдаг байна.

Тэр төрөлх тосгондоо сургууль барьснаас гадна өөрийн санаачилгаар хөлбөмбөгийн талбай, залуучуудад зориулсан төвийг байгуулж, нээлтийг нь хийж байв. Орон нутаг, египетчүүд 20 гаруйхан настай түүний өгөөмөр сэтгэлийг гайхан биширдэг.  Сонирхуулахад,  2017 оны зун нэгэн дуулиан тарьсан хэрэг болж байв. Тодруулбал, түүний аавынх нь байшинг нэгэн этгээд ухаж, үнэтэй бүхнийг нь хулгайлсан байна. Хулгайчийг ч цагдаагийн алба хаагчид барьж, эрүү үүсгэсэн ч, М.Салах түүнийг суллуулж, бүр ажилд зуучилж өгчээ. Мөн оны арванхоёрдугаар сар болоход тэр үндэсний баатар болж, Египетийн мөнгөн дэвсгэрийг дэмжих зорилгоор 210 мянган фунт стирленгийг улс руугаа шилжүүлж байсан юм. Энэ бүх зүйлээс үзвэл өнгөрөгч гуравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сая гаруй сонгогч саналын хуудаст М.Салахын нэрийг бичин дугуйлсан нь төдийлөн гайхах зүйл биш болов уу. Тэр улстөрчдөөс илүү ард түмэндээ хүндлэгдэж чадсан нэгэн билээ.