ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТАР ТАЛХНЫ Бямбаа: “Атар” талхыг гаргаж авахын тулд бүтэн жил зарцуулсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-24

Тэртээх 37 жилийн өмнө зөвхөн ард түмнийхээ талхны хэрэгцээний нэгээхэн хэсгийг хангах зорилгоор хийж байсан “АТАР” нэрийн бүтээгдэхүүнийг монголчууд андахгүй мэдэх билээ. Энэхүү бүтээгдэхүүний жорыг зохиож, олон түмний дунд  брэнд  болгож,  чадсан “Алтангадас” одонгийн эзэн А.Бямбасүрэн буюу “талхны” Бямбаатай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?

-Сайн. Сайхан хаваржиж байна уу.

-Юуны өмнө Төрийн дээд одон болох “Алтангадас” одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Тэртээх 37 жилийн өмнө “Талх чихрийн комбинат" буюу “Атар” нэрийн  талхтай хувь заяагаа холбосон түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Маш их баярлалаа. Намайг Амарсанаагийн Бямбасүрэн гэдэг. Нийслэлийн I сургуулийг дүүргэсэн. Конкурсын шалгалтаар эхний тавд жагсаж байлаа. Сургуулиа төгсөөд талх, чихрийн мэргэжлийн технологич гэдэг ангид хуваарилагдаж байсан.

-Мэдээж дээгүүр байр эзэлсэн тул сонголт олон байсан байх. Тэр дундаа талх, чихрийн мэргэжлийн технологич гэдэг ангийг яагаад сонгох болсон бэ?

-Тийм ээ.  Тухайн үед маш олон төрлийн инженерүүдийн анги ирж байсан. Хүүхэд байсан болоод тэр байх  чихэр гэдэг үгэнд хууртчихсан /инээв/. ЗХУ-ын Технологийн дээд сургуулийг 1983 онд талх, чихэр, гоймонгийн инженер технологич гэдэг мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсөөд ирсэн жил “Талх чихрийн комбинат" ашиглалтад орохоор тоног, төхөөрөмжөө суурилуулчихсан, бэлтгэлээ хангачихсан байсан. Ажилтан, ажилчид бүртгэж эхэлсэн үетэй зэрэгцэнэ. Намайг  “Талх чихэр” комбинатад хуваарилсан. Миний өөрийн дипломын ажил талх байлаа. Мөн талхны жижиг цехийн төсөл хамт байв. Анх сургуульд явахад Хөнгөн хүнс үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ-д суралцсан. Тиймээс төгсөж ирэхэд шууд хуваарилдаг байсан юм. Надтай хамт төгссөн хоёр найзыг маань нэгийг жигнэмэг, нөгөөг нь чихрийн технологичоор хуваарилсан. Бид их азтай. Улаанбаатар хотод хуваарь авч үлдсэндээ маш их баярлаж байлаа.

-Зах зээлд талхны хэрэгцээ ихтэй. Харин шинэхэн төгсөгч, шинэхэн үйлдвэр хэрхэн хосолж байсан бэ?

-Тухайн үед манайд хүнсний бүтээгдэхүүн маш хомс байсан. Тэр дундаа талх маш ховор байлаа. Хэдийгээр “Атар” талхны үйлдвэр байсан ч цөөн тоогоор үйлдвэрлээд дуусчихдаг. Өөрөөр хэлбэл, задгай, загасан гэх мэт талх л үйлдвэрлэгддэг байв. Талхны олдоц ховор, оочер ихтэй байсан. Тиймээс “Талх чихрийн комбинат"-ыг ашиглалтад оруулахаар бэлдсэн байсан юм билээ. Тэр үед урсгал шугамтай тоног, төхөөрөмжүүд байсан. Удирдлага нарын зүгээс “Та нар толгойгоо ажиллуул. Ийм тоног төхөөрөмжид ямар талх хийж болох вэ гэдгийг сайтар  судла” гэж  үүрэг өгсөн.

-Төхөөрөмжид тааруулж, бүтээгдэхүүн гаргана гэдэг сонголт нь өөрөө том сорилт байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Тэр үед  “Задгай” нэртэй дугуй талх нь маш ховор. Тиймээс миний хувьд бөөрөнхий дугуй загварыг сонгосон. Дугуй талх нь урсгал шугамд таарсан хамгийн төгс зохицол байсан гэж хэлж болно. Тиймээс  “Талх чихэр” комбинат таван урсгал шугамтай,  24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулах  боломжтой тоног төхөөрөмжтэй байсан. Үүнд тааруулсан талхыг бид бүтээх  ёстой байсан юм.

 -Бусад талхыг бодвол маш амттай. Тэр дундаа бага насны хүүхдэд зуурч өгөхөд урсдаггүй. Надад бол тусгайлсан жортой санагддаг?

-Их энгийн жортой шүү дээ. Гурил, давс, исгэгч орно. Өөр юу ч хэрэггүй. Хамгийн гол нь их өтгөн хөрөнгийн аргаар хийсэн. Хөрөнгөө 4-5 цаг исгэж гаргаж авдаг. Ихэнх хөрөнгө нь зуурмагтаа ордог. Тэгэхээр зуурмагт гурилын 30 хувь нь ордог гэсэн үг.  Яг л энэ жороор, бөөрөнхий дугуй хэлбэртэй “Атар” талх  тасралтгүй хийгдсээр, үйлдвэрлэгдсээр ирсэн.

-Урсгал шугам нэг технологи гэхээр хариуцлага, ур чадвар нэлээд шаардах байх. Асар их хүч хөдөлмөр шаардана шүү дээ?

-Тэгнэ. Урсгал шугамаар явдаг учраас маш нарийн технологитой. Ганцхан газар алдахад л өчнөөн тонн гологдол гарна. Тиймээс технологийг маш нарийн баримтлах ёстой болно. Нэг градус, нэг минут ч алдаж болохгүй. Үүний тулд бид бүтэн жил ноцолдсон. Ерөөсөө “Атар” талхыг гаргаж авахын тулд бүтэн жил зарцуулсан  гэж ойлгож болно. Миний хувьд байнга дуудагдана. Ажлын найман цаг гэсэн ойлголт хувийн амьдралд минь байдаггүй байлаа.

Хамгийн багадаа 12 цаг ажиллана. Цаашилбал, 24 цагаар ажиллана. Шөнө хүртэл дуудагддаг. Талх чинь болохгүй байна гэх маягаар дуудлага авч, бүтэн жилийг зарцуулсан. Тэгж явж байж, гаргаж авсан талх минь юм шүү дээ. Хүмүүс их амархан мэтээр ойлгож, ярих нь бий. Гэхдээ нэг ширхэг талх хийх, урсгал шугамаар 40-50 тонн талх үйлдвэрлэх хоёр маш их ялгаатай. Зогсоо зайгүй урсаж байгаа тоног төхөөрөмжөөс бүтээгдэхүүн гаргаж авна гэдэг том  ажил, хөдөлмөр. Гэхдээ үүнийг ганцаараа хийгээгүй. Анх  жорын санаагаа  гаргасан. Харин үүний цаана маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн. Тэр үед ЗХУ-д ч “Атар” шиг талх  хийдэггүй байсан.

-Таны танилцуулсан жор, загвараар бүтсэн талх брэнд болж, монголчуудын хүнсний өргөн хэрэглээ болох юм байна гэж төсөөлж байсан уу?

-Тэгж бодож байгаагүй. Тэр үед нэг ч гэсэн талх үйлдвэрлэж, ард түмнийхээ хэрэгцээг хангах юмсан гэх бодлоос өөр юу ч байгаагүй. Гэтэл тэрхүү бүтээгдэхүүн монголчуудын минь өргөн хэрэглээ болоод зогссонгүй. 

Идэнгэтэй, амттай  талхаар  нэрлэгдэж, брэнд боллоо. Ард түмний хүндлэлийг хүлээсэн бүтээгдэхүүн болжээ. Тэр ч бүү хэл, тасралтгүй 37 жил хэрэглэгдэж байна. Цаашид ч бас хэрэглэх байх. Өтгөн хөрөнгөний аргаар гаргаж авсан ганц талх шүү дээ. Одоо хүмүүс хөрөнгө гэж юу вэ гэж их сонирхох болжээ. Тэгвэл Монголд 37 жилийн өмнө бий болж, түүхийг нь “Атар” талх бүтээж явна.  

-Ажил хийхэд алдаа гардаг шүү дээ. Танд шантрах үе  байсан уу?

-Бага зэрэг алдаа гаргахад  сайд, дарга нар ирж загнана. Сануулга, анхааруулах, донгодох арга хэмжээ хүртэл  авдаг байлаа.

 

Би бүр Ерөнхий сайд асан П.Жасрай  гуайд хүртэл загнуулж байсан /инээв/. Тэгээд бага залуу байсан болоод тэр байх шантрах үе байсан. Улсын зардлаар таван жил сурсан. Түүнийхээ үр ашгийг өг гэж хэлдэг, загнадаг, шаарддаг байлаа. Ямар ажлаас гарах эрх байх биш дээ. Миний хувьд  тасралтгүй  17 жил ажилласан.

 

Хувьчлагдах үед манайх цалингаа тавьж чадахгүйд хүрч байлаа. Цалиндаа 60 мөнгө  буюу янзага, чихэрлэг пиченийг тарааж байсан үе. Хүүхдүүд бага байсан тул  идэх нь  хүн ховор. Тэр үед хүнд хэцүү үетэй нүүр тулсан. Хувьчлагдах үед өргөдлөө өгөөд ажлаас гарсан. Дараа нь “Атар өргөө”  “Стимо” зэрэг компанид ажиллаж байсан. “Стимо”-гийн еэвэнгийн жорыг шинэчилж, борлуулалтыг нэмэгдүүлж байсан.

-Тухайн үед үйлдвэрийн ажиллах хүчин  чадал, ажилчдын тоо  хэр хүрэлцээтэй байсан бэ?

-Гурван ээлжээр дөрвөн бригад ажилладаг байлаа. Нэг бригад 20-30 хүнтэй. Зөвхөн талхны цехэд 90-100-гаад хүн ажиллаж байсан. Ихэвчлэн залуучууд ажилладаг байв. Үеийн залууст зааж, сургах чиглүүлэх, нэг голдиролд оруулна гэдэг хэцүү ажил байсан. Тэр үед талхыг алтан шаргал өнгөтэй, хагархай байх ёсгүй гэх стандартыг тавьдаг байлаа. Жаахан хагархай гарсан бол үйлдвэрийн гологдол гэж үздэг. Гологдлоор гахай хооллодог байсан.  Өөрөөр хэлбэл, шаардлага өндөртэй.

-Талх чихрийн комбинат ашиглалтад ороод “Атар” нэрийн талх зах зээлд гарсан. Хэчнээн хувийг нь хангадаг байв?

-Тухайн үеийн зах зээлийн хэрэглээний 50-60 хувийг нь хангаж байсан байх. Гэсэн хэдий ч талхны эрэлт хэрэгцээ зах зээлд их байсан. Одоотой харьцуулалтгүй их байлаа шүү дээ. 1990 оноос ардчилсан хувьсгал ялаад, хувийн цехүүд нэлээд бий болсон. Тэгж байж хүнсний нэр төрөл нэмэгдэж, талхны хэрэглээг  бүрэн гүйцэт хангасан байх гэж боддог.  

-Таныг “Алтангадас”  одонгоор шагнуулсантай зэрэгцээд ““Атар” талхны хэсэгт нь л  Хөдөлмөрийн баатар өгсөн ч багадна” гэж сэтгэгдэл бичсэнийг харсан уу. Маш гоё сэтгэгдлүүд хөвөрч байсан шүү дээ?

 -Харалгүй яах вэ, би үүнийг уншаад үнэхээр их баярласан. Баг хамт олноороо үнэхээр бахархсан. Монголчуудын хүнд цаг үед  хүнсний хэрэглээг нь хангаж байжээ гэж баярлаж, бахархаж байлаа. Ард түмэн минь намайг сайхан хүлээж авсан. Маш олон хүн надтай ирж, уулзаж  зураг авахуулсан /инээв/. Тэр өдөр би яг л олны танил одууд шиг байсан шүү. Намайг хүмүүс ихэвчлэн талхны Бямбаа, еэвэнгийн Бямбаа гэж дууддаг. Зарим нь бараг овгийг маань ч мэдэхгүй байх.

-Сэдвээсээ жаахан хазайхад, энэ их цаг наргүй ажил хөдөлмөрийн үеэр амьдрал ахуйгаа зэрэгцүүлж явна гэдэг маш хэцүү дээ. Тэр дундаа эмэгтэй хүнд жаахан ахадсан ажил шиг санагддаг?

-Сургууль төгсөж ирсний эхний хоёр жил гэр бүлгүй байсан. Ямар ч ажил, ачааллын ард бол түвэггүй гардаг байлаа. Өөрөөр хэлбэл, хамгийн их цаг завтай үедээ “Атар” талхны жорыг гаргасан байдаг. Дараа нь гэр бүлтэй болсон ч ажил хөдөлмөрт өөрчлөлт гараагүй. Хийдгээ хийж, хариуцдагаа хариуцсан. Байнгын хяналт, анхаарал тавина. Одоо ч тийм байгаа байх. Эгч нь их азтай. Маш сайн ханьтай, дэрсхэн гурван  охинтой. Хүүхдүүдийн цэцэрлэг, сургуульд манай нөхөр хүргэж өгч авдаг. Манай том охиноос ангийн багш нь  нэг удаа “Миний охин битгий эмзэглээрэй ээж байдаг уу”  гэж асуусан гэдэг. Тэгсэн манай охин хариуд нь  “Байгаа, манай ээж талхны дарга” гэж хэлсэн байна лээ.

-Цаг үе ийм байсан хойно аргагүй шүү дээ?

-Би нэг ч удаа хүүхдүүдийнхээ сургуульд очиж үзээгүй. Багшийг ч мэдэхгүй, уулзаж үзээгүй. Эцэг эхийн хуралд нь хүртэл сууж байгаагүй хүн. Манай хүн арын бүх ажлаа амжуулж, авч явдаг байлаа.  Манай хүн Талх чихрийн лабораторид ажилладаг байсан. Тиймээс намайг бодвол ачаалал арай гайгүй. Хоёулаа нэгэн зэрэг анхаарал тавих боломжгүй. Надтай хамт ажилладаг, зовлонг нь мэддэг учраас арын албаа түүртэлгүй, миний оролцоогүй зохицуулдаг. Хүүхэд өвдөх юм бол аав нь аваад эмнэлэгт хэвтчихдэг байсан. Маш сайн хань таарсан. Түүнийхээ хүчинд өдий зэрэгтэй явдаг гэж хэлэх дуртай. Өөр хүн байсан бол энэ олон жил ойлгоод, ажил амьдралаа зохицуулаад явах нь эргэлзээтэй шүү дээ.

-Та “Талх чихрийн комбинат”-аас өөрт хэрэгтэй бүх  аз жаргалаа олжээ?

-Тэгсэн /инээв/. Сайхан хань, үр хүүхэд, амьдралын найз нөхөд, ажил амьдралын гараа гээд миний амьдралтай холбоотой бүх аз жаргал “Талх чихэр комбинат”-тай  холбоотой. Бид хоёр гурван охин,  зургаан зээтэй. Манай том сэтгүүлч мэргэжилтэй. Одоо Италид гэр бүлээрээ амьдарч байгаа. Дунд охин дуурийн дуулаач мэргэжилтэй. Улаанбаатар хотод амьдарч байгаа. Бид хоёрт туслаад   байж байна. Бага охин маркетингийн  менежер мэргэжилтэй. Гэр бүлээрээ АНУ-д амьдарч байна. Үүнээс илүү аз жаргал, баяр баясал гэж юу байхав дээ.  

-Олон сайхан шагналын эзэн болох тугай. Эрүүл энхийг хүсье. Ярилцсанд баярлалаа.