ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

0-11 насны хүүхдийг вакцинжуулах асуудлыг судалж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-08-27

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хүүхдийн вакцинжуулалтын явц болон гуравдугаар тунгийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улс өнөөдрийн байдлаар 12-17 насны 252 мянган хүүхэд вакцинд хамрагджээ.

Өөрөөр хэлбэл, 12-15 насны 180, 16-17 насны 70 гаруй мянган хүүхэд хамрагдсан аж. Энэ нь маш сайн тоо гэсэн юм. Л.Энхсайхан дарга хэлэхдээ “Хүүхэд дөнгөж төрсөн даруйдаа тухайн өдрөө л вакцинд хамрагддаг. Тэр үед л ноцтой урвал өгөөгүй бол цаашдын олон дархлаажуулалтын явцад ноцтой урвал өгөх нь хамаагүй бага байдаг. Бага насны хүүхдүүд ковидоор өвдөх нь бага, мөн хүндрэл багатай байгаа. Эсрэгээрээ томчууд илүү хүндэрч байгаа. Хичээл сургуулийг цахимаар болон танхимаар хичээллэх сонголт байгаа. Эцэг эхийн сонголтоор танхимаар эсвэл цахимаар хичээллэж болно. Эцсийн мөчид л бид сургууль хаах арга хэмжээ авна. Хүүхдийн сурч боловсрох хэрэгцээг цаг ямагт хязгаарлаад байж болохгүй ээ. Нэг хүүхэд өвдсөн тохиолдолд тухайн сургуулийг 9 хоногт хаана. Ингээд дахин өвчлөл нэмэгдээгүй тохиолдолд нээнэ. Энэ нь тав хоног танхим, тав хоног цахимаар гэдгийн ач холбогдол юм. 

Маскаа аваад үдийн цай, хоолоо идэхдээ хоорондоо ярихгүй байх нь зөв гэж чиглэл өгсөн. Коронавирус 10 жил үргэлжилбэл бид 10 жил гэрт нь хориглоно гэж байхгүй ээ. Хүүхдийн хөдөлгөөнийг хорьж, сэтгэцэд нь өөрчлөлт оруулж болохгүй. Тиймээс томчууд бид хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээж, анхаараад явах ёстой” хэмээн  онцолж, хичээл сургууль эхлэх гэж буй энэ үед хүүхдүүдээ вакцинд хамруулахыг эцэг эхчүүдэд уриалав.

Ингэснээр хүүхэд ганцаардахгүй байх, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй, хичээл сургуульдаа хэвийн явах боломж бүрдэнэ гэв. Дэлхийн зарим улс орнууд 0-11 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн ч манай улс судалгаа шинжилгээг сайтар хийж байж шийдэх юм байна. Бусад улс орны туршлага, судалгааны үр дүнг харсны дараа шийдвэр гаргана гэлээ.

Харин дельта вирусаас урьдчилан сэргийлэх хүрээнд дархлаа сэргээх гуравдугаар тунг Монгол Улс хийж эхэлсэн бөгөөд Оксфордын их сургуулийн эрдэмтэд, мэргэжлийн салбар зөвлөлийн судалгааны үр дүнд тулгуурлан сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн хэмээлээ. Өөрөөр хэлбэл, эдгээр судалгааны явцад Астразенека дельта хувилбараас илүү сайн хамгаалж байгаа нь тогтоогдсон байна. Мөн ЭМЯ-ны зүгээс 18.00 цагаас эрдэмтэн судлаачидтай хамтран дельта хувилбарын талаар болон вакцины гуравдугаар тунгийн талаар мэдээлэл хийнэ гэв.