Уг нь дэлхийн улсууд урагшилж хөгждөг атал манайх харин ухарч хөгждөг болжээ. Дэлхий бөөрөнхий болохоор урагшилсан хэд нь тойроод ирнэ гэж бодсон уу, тойроод ирэхээр нь амдаад очно гэж сэтгэсэн үү, ямартай ч ухраад л байх шинжтэй. Тухайлбал, шинжлэх ухааныг шүтэж, лам бөө, шашин шүтлэггүй 70-аад жил явчихаад одоо болохоор жалгын нэг хийд, ургийн нэг бөөтэй болоод орхив.
Мэс засалд орохдоо эмчид биш ламд хандан өдөр үзүүлж, үсээ авахуулахдаа үсчинээс цаг авахын оронд цаг тооны бичиг харж, гадаадын визэнд орохдоо бөөд хандаж сүү өргүүлж, хүүхэд гаргах бүсгүй хүн төмөр бурханаар бөөлждөг гэдэгт итгэх болж. Юу гэдэг билээ, талхлагдсан газар шарилж ургадаг гэдэг шиг хаанаас гаралтай нь бүү мэд элдэв бусын шашинууд Монголоор нэг тархав. Мормон, Мүүн, Бахай гээд үзэл сургаал нь бүү хэл нэрийг нь ч сонсоогүй шашнууд манайд л нутагшиж байна. Өөрөө хэлбэл 21 дүгээр зууны дэлхийн хамгийн шашинжсан орон болоод орхив оо, бид. Бусад улсууд ирээдүйн хөгжлийн тухай сэтгэж, хөдөлмөрлөж байхад манайх харин өчигдрөөрөө бахархаж, өнөөдөр залхуурч, найрлаж, наадамлаж байна.
Дэлхийн талыг эзэлж байсан гэж сагсуурч, дээл, хувцаснаас өөр зүйл өмсөхгүй хэмээн цээжээ дэлдэж, хүнээсээ илүү малтай хэмээн баярхаж, морь мал уралдуулж баярлаж, бөх шүтэж бяралхаж, хөөрөг даалин, ганс хутга, эмээл хусуур үнэд орж байна. Бусдыг цагаан будааны хүүхдүүд гэж доромжилж, үг нийлэхгүй хүнээ хужаа хэмээн зүхэж, өглөөний нар таван цагт мандаж байхад төрийн дарга нь есөн цагт ажилдаа ирж байна. Шинжлэх ухаан техникийн ололт огторгуйн хязгаарт хүрч байхад манайхан малчны хотондоо мориор хүрэх тухай онолдож байна. Урагшилж биш ухарч л хөгжих улс юм байх даа.