ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хэрүүлийн алим” болсон зургаан настнуудын бүртгэл

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-22

Мест местэндээ том

“Ханаа налаад нэг эгнээнд орж зогсоорой”  хэмээн зандарсан дуугаар сургуулийн жижүүр орилно. Хаалгаар дөнгөж орсон хүн “Хана налж эгнэдэг нь ямар учиртай юм” хэмээн тодруулахад “Хүүхдээ бүртгүүлэх гэж байгаа бол дуугүй л наад ханаа налаад зогс. Өглөөнөөс хойш дугаарласан хүмүүс хана налж зогсож байна. Чадахгүй бол гадаа гар” гэж “даналзав”. Албан тушаал ажлын байрандаа тодорч,  хэн нь эзэн бэ гэдгээ харуулсан энэ эмэгтэй бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн жижүүр. Ноолуулж ноолуулж ноос нь цувсан тэмээ шиг хана налан зогссон эцэг,  эхчүүд цайндаа гарсан сургалтын менежерийг хүлээн зогсох аж. Хүлээж залхсаны дээр уур омог нь дүрэлзсэн хүмүүсийг хараад нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл зохион байгуулалтын хувьд хангалтгүй байгаа нь мэдрэгдэнэ. Бид хичээлийн шинэ жилд нэгдүгээр ангид элсэн суралцах зарим хүүхдийг харьяа дүүргийн сургууль бүртгэхгүй байгаа тухай мэдээллийг сурвалжиллаа. 

Тавдугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежер Г.Нарантуяатай уулзаж,  нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг асуув. Тэрбээр “Энэ жил манай сургууль нэгдүгээр ангид зургаан бүлэгт 290 хүүхэд элсүүлнэ. Хотын төвийн сургуульд хүүхдээ өгөх сонирхолтой эцэг,  эхчүүд их байдаг. Элсэлтийн үеэр төрийн албанд ажилладаг дарга сэтэртэй болгон гуйлгын хүүхэд оруулаад өгөөч гэж захирал багшид ханддаг. Мөн иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж ирж байна. Таньдаг хэн нэгний хаяг руу зөвхөн ээж нь юм уу аав нь шилжиж ирээд хүүхдээ сургуульд бүртгүүлэх гэж зүтгэдэг. Байр түрээсэлж амьдардаг хүмүүсийг байрны эзэнтэй байгуулсан түрээсийн гэрээ болон байрны ордер, хорооны Засаг даргын тодорхойлолт гэх мэт холбогдох бичиг баримтын бүрдлийг хангуулан хүүхдийг нь бүртгэж байна” хэмээв. Тэрбээр мөн “Бага насны хүүхэд харьяаллын бус сургуульд сурах нь эрсдэл дагуулдаг. Холоос зөөх нь дулаанд болоод байдаг боловч өвлийн хүйтэнд төвөгтэй болж, хүүхэд замын ариг даахгүй ядарч эхэлдэг. Энэ сурлагын амжилтад нь нөлөөлдөг” хэмээн ярьж байсан юм. Яриагаа аваад гарч гарч явах үед хүлээж залхсан хүмүүс худлаа нэр барьж бидний цагаас хороосон муусайн сэтгүүлчид хэмээн харааж,  бараг л зодох нь уу гэлтэй ширэв татаж,  хоорондоо ярилцаж байлаа.

Судалгаанд ороогүй хэмээгээд хүүхдийг нь бүртгэхээс татгалзжээ

Бид гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуульд очив.  Үүдний   шатан  дээр 20 орчим хүн халуун наранд шарагдан дугаарлан зогсжээ. Цаашлаад гадна хаалганы жижигхэн халаас өрөөнд 10 гаруй хүн шахцалдан харагдана. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгдүгээр хорооны 40 гаруй байрны үндсэн оршин суугчдын 133 хүүхдийн судалгааг хорооны хэсгийн ахлагч нар гаргаж,  улсын бүртгэгчтэй тулган 23 дугаар сургуулийн захиргаанд өгчээ. Тус хорооны зохион байгуулагч Г.Соёлмандах  “Сургуулийн бүртгэл эхэлснээс хойш уурлаж бухимдсан иргэд хорооны байранд ирж гомдол гаргасаар байна. Засаг дарга амарсан учир ирсэн хүмүүсийг Чингэлтэй дүүргийн Боловсролын газарт өргөдөл, гомдлоо гаргахыг зөвлөн явуулсан. Өнгөрсөн жилүүдэд хэсгийн ахлагч, зохион байгуулагч нар сургуулийн ажлын хэсэгтэй хамт нэгдүгээр ангийн хүүхдийн бүртгэл дээр ээлжлэн суудаг байсан. Энэ жилээс элсэлтийн журманд өөрчлөлт орсон гээд биднийг суулгахаа больсон” хэмээн ярив. Биднийг хорооны зохион байгуулагчаас яриа авч байх зуур Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 26 дугаар байр 11-04 тоотод оршин суугч иргэн н.Нарангарав мөн л хүүхдийг нь бүртгэхгүй байгаа талаар гомдол гаргахаар ирэв. Тэрбээр “Хаврын урьдчилсан судалгаанд ороогүй шалтгаанаар хүүхдийг минь бүртгэхгүй байна. Дүүргийн боловсролын газар гомдол гаргасан боловч газрын дарга н.Байгаль миний гомдлыг буцаагаад сургууль руу шилжүүлж судлаад хариу өг гэсэн. Ингэж байгаад хүүхэд минь сургууль завсардах вий гэж айж байна” хэмээв. Гадна зогсож буй хүмүүс “Бүртгэлийн комисс ямар ч зохион байгуулалт алга. Хоёр өдөр энд өнжлөө. Бараг гурван хүн тутмын нэг нь хүүхдээ бүртгүүлж чадсангүй гэж ууртай гарч ирж байна. Тэгж тэгж хандивын хүүхэд гээд л анги дүүргэлт нь хэтэрчихдэг” хэмээн ярьцгааж байв. Энэ үед нялх хүүхэд тэвэрч 10 орчим насны хүү дагуулсан залуу бүсгүй “Хүүхдээ харьяаллын дагуу Баянгол дүүргийн сургуульд шилжүүлмээр байна. Нялх хүүхэдтэй тул холоос зөөж чадахгүй нь” хэмээсээр шилжүүлгийн бичиг хийлгэж авсан юм. Түүнийг харсан хүмүүс гадны хүүхэд авдаггүй гэсэн нь худлаа л байхгүй юу. Харьяалалын бус хүүхдийг таван сая төгрөгийн хандиваар оруулдаг гэсэн цуурхал сонссон тухайгаа ярилцаж байв. Төрийн өмчийн сургуульд хүүхдээ сургахын тулд хандив өгдөг нь үнэн болов уу. Эргэлзэж анхаармаар санагдав.

Зургаан настнуудын баяр хөөр хормын төдийд нулимсаар солигдов

Эцэг,  эх нь хүүхдээ дагуулж ирэх А/73 тоот тушаалын дагуу аав ээжийнхээ гараас хөтөлж ирсэн бяцхан жаалууд ишиг хурга шиг тонгочин нэг ч зүгээр зогсохгүй гүйлдэнэ. Хөөцөлдөн тоглож байсан хүү дотогш ороод гарч ирэхдээ уруу царайлан “Би тэгээд сургуульд орохгүй юм уу. Буцаад цэцэрлэгт суухгүй шүү” гэж аавынхаа гарыг чимхэн нүднээс нь том нулимс урсан уйлж харагдав. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 38 дугаар байрны 41 тоотод оршин суух иргэн н.Энхбүрэн “Манайх арван хэдэн метр квадрат байранд ам бүл долуулаа амьдардаг байсан. Хоёр жилийн өмнөөс энэ байраа түрээслээд зэргэлдээх байранд хоёр өрөөнд амьдардаг болсон. Бага хүү маань энэ жил нэгдүгээр ангид орох учир харьяаллын дагуу 23 дугаар сургуульд бүртгүүлэх гэсэн боловч та байраа түрээсэлдэг юм байна. Тэгэхээр хүүхдийг нь бүртгэх боломжгүй гээд гаргачихлаа. Байраа түрээслэх нь хүүхэд сургуульд бүртгэхэд ямар хамаатай юм. Тэгээд “Хүүхдээ хаана сургуульд өгөх юм” гэж асуутал  “Захиралтай уулз” гэх юм. Би ямар харьяалалгүй хүн байгаа биш” хэмээн бухимдаж байв. Энэ үеэр бүртгэлийн өрөөний цонхоор эмэгтэй хүмүүсийн чангаар хэрэлдэх дуу сонсогдоно. Бас л хүүхдийг нь бүртгэхгүй гэсэн бололтой шуугиан дэгдэж байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түрээсийн байранд амьдардаг хүүхдийг харьяа дүүргийн сургуульд бүртгэхгүй гэсэн журам байдаггүй бөгөөд эцэг,  эхчүүдийн уур бухимдлыг төрүүлж байна.

З.Тунгалаг: Сургууль ямар ч хандив авдаггүй

 Манай сурвалжлах баг 23 дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежер З.Тунгалагтай уулзаж,  нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр  “Нийслэлийн боловсролын газраас гаргасан А/73 тоот тушаал, Чингэлтэй дүүргийн А/02 дугаар тушаалын дагуу элсэлтийн бүртгэл хийж байна. Хамран сургах тойргийнхоо иргэдээс ирсэн нэрсийн дагуу бүртгэл хийж байна. Байнгын оршин суугчдын хүүхэд болон, ач зээ нарыг  сургуульд бүртгэнэ. Түр оршин суугч, байр түрээслэгч нарын хүүхдийг бүртгэхгүй. Тэд хамран сурах тойргийнхоо сургуульд явах ёстой. Манай сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай онцгой учир хүүхдийн тоог нэмэхгүй,  анги дүүргэлтээ багасгах зорилт, шаардлага тавьж ажиллана” хэмээсэн юм. Сургуульд таван сая төгрөг өгөөд харьяалалгүй хүүхэд оруулж болдгийг тодруулахад “Эцэг,  эхчүүд тийм зүйл ярьж орж ирдэг. Сургуулийн зүгээс ямар ч мөнгө хандив авдаггүй. Энэ асуудлыг санал тавьсан даруйд таслан зогсоодог” хэмээн няцаав.