ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аминаас үнэтэй цаг хугацаа байдаггүй юм

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-08-27

Ингэж хэлэхийг хүсч, бусдын өмнөөс бухимдаж, басхүү сэтгэлгүй жолоочийн худал үгэнд эмзэглэх бодол ойрын хэдэн өдөр сэтгэлээс гарсангүй. Учир нь оюутан сурагчдын зуны амралт дуусаж, орон нутгаас нийслэлийг зорих замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж байгаа энэ цагт “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг Авто тээврийн үндэсний төв энэ сарын 13-наас эхлэн хэрэгжүүлж байгаа. Есдүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх нэгдсэн арга хэмжээ орон нутгийн замд есөн цэгт хэрэгжих юм билээ. 2018 он гарсаар Монгол улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 772 бүртгэгдэж, хэргийн улмаас 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр осол хэрэг амь нас нь хохирсон, гэмтсэн хүний тоо буурсан ч орон нутгийн зам болон орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол хамгийн их тулгамдсан асуудал болсоор байна. Учир нь ослын улмаас амь нас нь хохирогсдын 75 хувь буюу 201 нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгдэхээс гадна дийлэнх хувь нь жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Замын эвдрэл гэмтлээс шалтгаалсан осол гэмтэл өдөр өнжихгүй гарч, албан ёсны зөвшөөрөлтэй нийтийн тээвэрт хүртэл итгэхэд хэцүү болсон энэ цагт Авто тээврийн салбарын ажилчид хулгайн тээвэрт хэрхэн хяналт тавьж буй, мөн хариуцлагагүй жолоочийн хайхрамжгүй алдаа хэдэн гэр бүлийн халуун нулимсаар төлөгдөж байдгийг уншигч танд сэрэмж болгон хүргэе үү хэмээж шалгалтын баг бүрэлдэхүүнтэй хамт сурвалжилга хийхээр өнгө­рөгч пүрэв гарагт өглөө эртлэн нийслэлээс хөдөлсөн юм. 

Харин тэр хугацаанд “Аминаас үнэтэй цаг хугацаа гэж байдаггүй юм” гэдгийг дахин дахин хэлэхийг хүссэн учраас сурвалжилгаа ийнхүү гарчиглав. АТҮТ-ийн хяналт, шалгалтын бүрэлдэхүүн энэ удаа Төв аймгийн Лүн суманд байрлах хяналтын цэгт шалгалт явууллаа. Замд ачаа өндөрлөж, татлага татсан “Зил 130” машин ард яваа машинуудад гүйцэж түрүүлэх боломж олгохгүй хэсэгтээ л урт цуваа үүсгэв. Нөгөөтэйгүүр эсрэг урсгалын замд машин тасралтгүй хөвөрч байсан учраас гүйцэж түрүүлэх боломж ч тэнд гарахгүй. Харин жолооч нар ямар нэг байдлаар дүрэм зөрчиж, урд нь орох гэж улайрах нь илт. Нэг урсгалтай замын ирмэг борооны усанд урсаж хөвөөний цагаан шороо зассан замын өргөнтэй дүйцэхүйц болж идэгджээ.

Зуны дунд сараас эхлэн орсон борооны усанд угаагдсан замын тэмдэг цагаан будаг зарим хэсэгт хэдэн километрийн уртад харагдахгүй арилсан байлаа. Улсын нийслэл Улаанбаатар хотыг анх удаа харах гэж алс хол баруун аймгаас зорьж яваа шинэхэн оюутнуудыг тээвэрлэсэн жолооч бидний эхний уулзсан “хууль зөрчигч” байв. Даанч дээ гэсэн бодол салах юм биш. Хууль зөрчсөн, хулгайгаар хүн тээвэрлэж амархан аргаар мөнгө олох гэсэн хүмүүс явган заль гаргаж, хариуцлагаас бултах гэж оролдох нь ичгэвтэр. Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ш.Чадраабал Увс аймгийн номертой микро автобусыг зогсоож, жолоочийн амар мэндийг эрж, журмын дагуу бичиг баримтыг нь шалгав. “37-60 УВА” улсын дугаартай микроны жолооч У хүн тээвэрлэх гэрээ байгуулаагүй атлаа, хууль бусаар зорчигч тээвэрлэсэн зөрчил гаргасан байсан юм. Тэрбээр “Увс аймгийн Малчин сумаас явж байна. Би хүн зөөгөөгүй ээ. Төрлийн хэдэн хүүхдүүдээ сургууль нь авч ирж байна” хэмээн тайлбар өглөө. Гэвч шалгалтын явцад жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй гэдэг нь тодорхой болсон юм. Харин оюутнуудын нэг болох зорчигч Н “Хэд хоногийн өмнө фэйсбүүкээр хот явна гэсэн зарын дагуу холбогдсон юм. Ээж болон үеэлийнхээ хамт суусан. Нэг хүний 65 мянган төгрөгийн зардал төлсөн. Биднээс гадна найман хүн байгаа. Улаанбаатар орох автобусны онлайн тасалбарын  захиалга энэ сарын 27 хүртэл дууссан гэж сонсоод өөр унаа хайсан юм” хэмээн ярилаа. Гэвч АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хөдөлгөөн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн энэ талаар өөр тайлбар өгч байлаа. Тэрбээр, “Билет дуусна гэдэг асуудал байхгүй. Цагийн хуваарийн дагуу хөдөлсөн автобусанд багтаагүй зорчигч үлдсэн бол газар дээр нь зохион байгуулалт хийж дараагийн автобусыг замд гаргаж байгаа” гэв. Эндээс харахад хууль бусаар зорчигч тээвэрлэж буй хулгайн тээврийг өөгшүүлдэг хүмүүс иргэд өөрсдөө гэдэг нь харагдаж байв. Автобус удаан явдаг, эсвэл хүн нь дүүрчихсэн гэх ам дамжсан ярианд итгэж, өөрсдийнхөө амь насыг зөвшөөрөлгүй нэгэнд даатгажээ, тэд. 

 

Гэр бүлээрээ хулгайн тээвэр хийж байлаа

Их үдийн алдад Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийг зорьж буй “0505 ӨВО” улсын дугаартай микро автобусыг зогсоож шалгахад жолооч Ж мөн л нийтийн тээвэрт явах гэрээ байгуулаагүй атлаа зорчигч тээвэрлэсэн, бүр суудлын тоо хэтрүүлсэн, зорчигч ачаа тээврийг хослуулж ачсан зэрэг ноцтой зөрчлүүд гаргажээ. Тэрбээр “Маргааш Өвөрхангай аймагт найранд орох хүмүүс явж байна. Би гэр гэрээс нь очиж авсан. Бүгдээрээ төрөл садангийн хүмүүс” хэмээн мэлзэв. Зорчигчдоос яагаад хот хоорондын нийтийн тээврийн унаанд суугаагүйг тодруулахад 30 гаруй насны эр “Өглөө унтаж байгаад тендерийн найман цагийн автобуснаас хоцорчихжээ. 14.00 цагийн автобусыг хүлээх боломжгүй байсан учраас Өвөрхангай явна гэхээр нь суусан” гэх тайлбар өгч байлаа. Хууль бусаар тээвэр эрхэлж буй жолооч нар худлаа хэлээд өнгөрчих боломжтой гэж боддог нь илт. Гэвч мэргэжлийн байцаагч эрхэлсэн ажлаа ямархуу нэр төртэй хийдгийг нь тэндээс олж харав. Энэхүү микро автобус хэд хоногийн өмнө мөн л зөрчил гаргажээ. Эхний удаа аав нь хууль бусаар иргэдийг тээвэрлэж яваад баригдсан бол энэ удаа хүү нь унаад явж байгааг Улсын байцаагч Н.Батбаяр хэлж байсан юм. Харин жолооч хүү энэ бүхнийг мэдэхгүй хэмээн сэтгэсэн бололтой худлаа хэлж, хэсэгтээ л гүрийж үзсэн ч эцэст нь үнэнд гүйцэгдэв. Зөрчил гаргасан жолооч залууг Зөрчлийн тухай хуулийн 14.6.12-т заасны дагуу 100  мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа. Мөн зорчигчдыг 14.00 цагийн Өвөрхангай аймгийн автобусанд шилжүүлж суулгахаар болсон юм. Дээрх микро автобусанд 80 настай буурлаас эхлээд найман сартай нярай хүүхэд зорчиж явсан юм. Зарим зорчигч нь суусан автобусныхаа зөвшөөрөлтэй эсэхийг ч мэдэхгүй хэмээж байлаа. Иргэдийн сэтгэхүй ийм хэмжээнд байгааг ч шүүмжлэхгүй өнгөрч боломгүй. Өөрийн амь насаа хэнд даатгаж, алсын замд гарах гэж буйгаа мэдэхгүй яваа нь өөрсдийнх нь буруу, өөр хэнийх ч биш гэдгийг дахин дахин онцлоё. Хууль бус тээврийн хэрэгслийн жолооч нар ажил амралтын горимоо хэрхэн зохицуулсан нь тодорхойгүй байдаг. Техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээр хурд хэтрүүлж давхих нь их. Хяналтын цэгүүдийг тойрч шөнө дөлөөр нойр хагаслан ээлжийн жолоочгүй явна. Эрсдэлийг тоочоод ч барахгүй. Бусдын алтан амь тээж яваа гэдгээ мэдэхгүй мөнгөний төлөө улайран зүтгэдэг нь харамсалтай. Аминаас үнэтэй цаг хугацаа байдаг гэж үү. Харуусал тээсэн адгуу хүсэл буцааж болохгүй агшин гээд олон эрсдэлтэй сонголт таныг, таны хайртай хүнийг хохироохыг битгий зөвшөөр. АТҮТ-тэй гэрээтэй зорчигч тээврийн компанийн автобус 24 цагийн хяналттай, хурд хэмжигч GPS-тэй, амь даатгалд хамрагддаг гэдгийг хэвлэл мэдээллээр олон удаа сурталчилж буй. Гэвч тэд илүү хурдан очно гэсэн явцуухан хүсэлдээ хөтлөгдөж өөрийн амиа эрсдэлд оруулдаг нь илхэн. 

 

О.Энхбат: 790 гаруй тээврийн хэрэгслийг нэмэлт үйлчилгээнд явуулж байна

Өнөөдрийн байдлаар АТҮТ нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 60 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан, 966 тээврийн хэрэгсэл, өдөр тутам 74 чиглэлд тээврийн үйлчилгээ явуулдаг аж. Энэ талаар Нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбат ярихдаа “Зорчигчийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулж 790 гаруй тээврийн хэрэгслийг нэмэлт үйлчилгээнд явуулж байгаа. Энэ нь зөвшөөрөлтэй компаниудын хүчин чадал сайн байгааг илтгэж байгаа. Ачааллын хувьд орон нутгаас Улаанбаатарыг зорих зорчигчийн урсгал их байгаа учир хотоос хоосон гарч, цаанаас хүн тээвэрлэн ирж байна” хэмээлээ. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн хууль бус тээврийн хэрэгслийн шалгалтаас гадна 45 хүний суудалтай гэрээт автобуснуудад суурилуулсан GPS-ийн тохиргоо гадны нөлөөгөөр хөдөлсөн эсэхийг ч энэ үеэр шалгалаа. АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлаг­ын хэлтсийн мэргэжилтэн Ж.Батсүх “Баян-Өлгий аймаг орохоор явж буй автобусыг Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хэдэн километр цагийн хурдтай явж байгааг хянах боломжтой болсон. Улмаар хот хоорондын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх зөрчил харьцангуй буурсан” хэмээв. Орон нутгийн шулуун замд тээврийн хэрэгслийн хяналт тавих явцад ямар хүндрэлтэй асуудал тулгардаг тухай тодруулахад “Улсын хэмжээнд Авто тээврийн улсын хяналтын байцаагч 54 ажиллаж байна. Улаанбаатар хотод 14, бусад 40 орон нутгийн шугам замд хяналт шалгалт хийж ажилладаг. Шулуун замд зөрчилтэй тээврийн хэрэгслийг арга хэмжээ аваад явуулъя гэхээр бичиг цаасны, механик ажил маш их хийгддэг. Мөн гурав хоногийн дотор прокурорт өөрийн гаргасан шийдвэрийг хянуулсан байх ёстой гэдэг. Энэ нь шугам замд хөдөө орон нутагт ажиллах явцад техник хэрэгсэл компьютерын хүрэлцээ зэргээс хамааран хүндрэлтэй байдаг. Өмнө нь Авто тээврийн тухай хуулиар шийтгэврийн хуудсыг өгөөд явуулдаг байсан бол Зөрчлийн тухай хуулиар илүү их чирэгдэлтэй, баримт бүрдүүлэлт нь төвөгтэй болсон” хэмээн ярилаа.

Бүтэн нэг өдрийн хугацаанд олон л зөрчил, хайхрамжгүй хариуцлагагүй жолооч нартай таарав. Таны амьдралын үнэт зүйл болох алтан амийг тань эрсдэлгүй тээж, А цэгээс Б цэг хүргэх гэж мэргэшсэн болон сэтгэл зүрхээ өгсөн өөр хэн нэгэн зүтгэж байдгийг энд дахин сануулъя. Монголчууд бид бусдын чин сэтгэлийг үнэлж, өөрөө өөртөө хариуцлага ярих цаг нь болжээ. Яагаад гэвэл таны амь насыг хамгаалах гэж, болзошгүй осол гэмтлээс сэргийлэхийн тулд олон зуун хүн энэ мэтээр сэтгэл тавьж ажилладаг юм. Тэр болгонд та чин сэтгэлээсээ хандаж, нэг удаагийн алдаагаа дахин давтахгүй байхсан. Энэ удаа аргалаад өнгөрчихвөл болно гэсэн мөнгө олох гэсэн ядмагхан хүсэл тань хэдэн хүний алтан аминд хүрч, халуун нулимсаар төлөгдөхийг сануулахыг ч хүсэхгүй байна. Монгол хүн “Мэнд явж ирэв үү хэмээдэг болохоос хурдан явж ирэв үү” гэж асуудаггүй гэдэг. Тиймдээ ч  “Өөрийнхөө төлөө, хайртай хүнийхээ төлөө аюулгүй тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлнэ үү” хэмээн чин сэтгэлээсээ хүссэн АТҮТ-ийн мэргэжилтэн залуусын үгээр сурвалжилгаа өндөрлөе.