ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засаг, засвар хоёрын назгайрал мянга мянган хүүхдийг хүлээлгэсээр...

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-04

Зуны амралт дуусч хичээлтэй нь хичээлдээ, ажилтай нь ажилдаа орж их хотын амьдрал голдиролдоо орох гэж үймсэн энэ үед сэтгэл зовоосон асуудал цөөнгүй байна. Тухайлбал, сургуулийн цэцэрлэгийн хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа энэ үед Нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг, сургууль энэ есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Урсгал болон их засварын ажлаа хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгаж чадаагүй тэдгээр  сургууль цэцэрлэг дээр очиж, юуны учраас, хэний буруугаас болж хугацаандаа ашиглалтад ороогүй асуудлыг сурвалжиллаа. Хичээлийн шинэ жил эхлэхийг хоног тоолон хүлээж буй мянга мянган сурагчдыг гонсойлгосон энэ асуудал нь багш нарын ажил хаялтаас дутахааргүй чухал асуудал мөн боловч өнөөдрийг хүртэл шат шатны байгууллагаас анхаарал хандуулахгүй байгаа юм. Бид өчигдөр өглөөний 11 цагийн үед Баянгол дүүргийн 47 дугаар сургууль дээр очлоо. Хүүхдийн шуугилдах дуу, олны хөлд дарагдсан байх ёстой тус сургуулийн орчин эль хуль байгаа нь туйлын эвгүй сэтгэгдэл төрүүлсэн юм.

Сургуулийн хашаанд шүүр, түмпэн сав барьсан цэнхэр хувцастай үйлчлэгчдээс өөр хүн харагдсангүй. Хаалга нь онгорхой байх бөгөөд ойртож очиход будагны эхүүн үнэр ханхлах аж. Дотогш ороход барилгын ажилчин бололтой хоёр залуу урт цагаан хоолой угсарч байв. Сургуулийн захирал байгаа эсэхийг тэднээс асуухад өрөөг нь зааж өглөө. Захирлын өрөө байрлах давхрын коридорын шалны банзыг урд захаас нь хагас метр орчим хэмжээтэй ховхолж  авсан байв. Учрыг асуувал сантехникийн хоолойг шалан дор суурилуулахын тулд ийн хуулсан гэв. 47 дугаар сургуульд энэ жил хоёр том ажил хийгдэж байгаа аж. Үүний нэг нь 360 хүүхдийн суудалтай, дөрвөн давхар өргөтгөлийн байр юм байна. Тус сургуулийн захирал Ч.Нармандахын хэлснээр энэ ажил 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр дуусах төлөвлөгөөтэй гэв. Харин нөгөө нэг том ажил нь сургуулийн сантехник болон дээврийн засвар аж. Эдгээр ажлуудын явц хэд орчим хувьтай явж байгааг сонирхоход өргөтгөлийн ажил 20 орчим хувьтай, сантехникийн засвар 70 гаруй хувьтай байна. Харин дээврийн засвар хараахан эхлээгүй байгаа хэдий ч энэ сарын 10 гэхэд үйл ажиллагаагаа эхлүүлж, хичээлийн нээлтээ хийнэ хэмээн Ч.Нармандах захирал хэллээ.

Тус сургуулийн 1670 гаруй сурагч засварын ажил дуусахыг хүлээн гэр гэртээ суугаа гэнэ. Төлөвлөгөө ёсоор энэ сарын 10-ны өдөр засварын ажил дуусвал 920 хүүхдийн хүчин чадалтай сургуульдаа 1670-уулаа орж, хичээлийн хоцрогдлоо нөхөх ажилд орно гэв. Үүний дотор 200 гаруй хүүхэд шинээр элсэж байгаа гэнэ. Энэ бол их засварын ажлаа хугацаандаа дуусгаж чадаагүй 18 сургууль, цэцэрлэгийн зөвхөн нэг нь. Манай сурвалжлах баг есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаагаа эхэлж чадаагүй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгт очив. Цэцэрлэгийн ойр орчин мөн л эль хуль. Биднийг гол хаалгаар нь ороход зөрж өнгөрсөн гурван хүний нэг нь тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг байлаа. Тэрбээр одоогоор 260 хүүхдийг хуучин байрандаа хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж байна гэв. Тус цэцэрлэгт нийт 420 гаруй хүүхэд цахимаар бүтгүүлснээс 260 нь ийнхүү цэцэрлэгтээ хамрагдаад явж байгаа аж. Харин үлдсэн хүүхдүүд мөн л засварын ажил дуусахыг хүлээн гэртээ сууж байгаа аж.  

Д.Оюунчимэг эрхлэгчийн хэлснээр гэрээний дагуу урсгал засварын ажил энэ оны есдүгээр сарын 01-ний дотор дуусах ёстой байсан хэдий ч бороо хур ихтэй байсантай холбоотойгоор 14 хоног хойшлогдоод байна гэв. Харин тус цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Грийн ресурс” ХХК-ийн захирал н.Гантулгын хэлснээр энэ оны арваннэгдүгээр сарын 01 гэхэд дуусгах гэрээтэй. “Бид хүлээлгэж өгөх хугацаанаас хоцорсон юм байхгүй. Зам сэтлэх зөвшөөрлөө өгвөл дулаанаа холбоод, ажил ерөнхийдөө дуусч байна. Бид 2018 оны наймдугаар сарын 28-ны зам сэтлэх өдөр хүсэлтээ өгсөн. Зөвшөөрөл иртэл багагүй хугацаа шаардлагатай” гэв. Германд нэг барилгыг багадаа 4-5 жил барьдаг байхад зуны дөрөвхөн сард барина гэдэг боломжгүй болохыг ч тэрбээр тайлбарлав. Тус цэцэрлэгт өргөтгөл барих ажил 2017 оны хоёрдугаар сард эхэлж, өдгөө нэг жил  долоон сарын хугацаа өнгөрсөн аж. Тэгвэл Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн хувьд өргөтгөлийн барилгын ажил гурав дахь жилдээ явж байгааг Боловсролын хяналтын улсын ахлах  байцаагч С.Лхагвадулам мэдээлсэн юм. Засварын ажлыг гүйцэтгэгч, захиалагч хоёрын ажил дуусах гэрээний хугацааны талаарх яриа зөрүүтэй хэдий ч оноос өмнө цэцэрлэг ашиглалтад орох нь дамжиггүй гэнэ.  

 

Сургууль, цэцэрлэгийн засварын ажил яагаад оройтох болов

Зуу зуугаар бус хэдэн мянгаар тоологдох сурагчид хэн нэгний буруугаас болж хичээлийн шинэ жилээ хоцорч эхлүүлж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Гүйцэтгэгч нь ажлаа хугацаандаа дуусгаж чадсангүй юу, тендерийн сонгон шалгаруулалт удааширсан уу, хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдээгүй юу зэрэг олон асуултад  хариулт авахаар бид бүх талын эх сурвалжтай уулзсан юм. Үүний шалтгааныг Нийслэлийн 47 дугаар сургуулийн захирал Ч.Нармандахаас тодруулахад “Тендерийн сонгон шалгаруулалт оройтсонтой холбоотой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин тус сургуулийн засварын ажлыг гүйцэтгэж байгаа “Өвгөн-уул ХХК”-ийн төлөөлөгч бороо хур их орсонтой холбоотойгоор барилгын ажил удааширсан хэмээв. Нийслэлийн 260 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж буй “Грийн ресурс” ХХК-ийн захирал “Тендерийн сонгон сонгон шалгаруулалт оройтсоноос үүдэн барилгын ажлыг хугацаандаа дуусгасан гэсэн юм. Захиалагч, гүйцэтгэгчийн хэлж буйгаас харвал сургууль, цэцэрлэгийн их засварын ажил тендерийн сонгон шалгаруулалт удаашрал, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас болж оройтсон болж таарсан юм. Энэ асуудлын учир шалтгааныг тодруулахаар улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа ажилд хяналт тавьдаг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрыг зорьсон юм.

Дээшээ доошоо хэд хэдэн удаа гүйсний эцэст уг асуудлыг хариуцсан “Барилга захиалагчийн хэлтэс”-ийг олов. Учир явдлаа хэлж, хэнтэй уулзахаа асуухад, тус хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ гэх хүн мэднэ гэв. Хэлтсийн дарга өрөөндөө эзгүй байсан тул утсаар холбогдохоор шийдэн утасны дугаарын эрэлд гарлаа. Хэлтсийн ажилтан нэлээд удсаны дараа дугаарыг өгөх зөвшөөрөл авлаа. Гэвч хэлтсийн даргын утас холбогдоогүй учир мэдээлэл  өгөх өөр хүн гарсангүй. Тус хэлтсийн ажилтнууд даргын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гээд халгаасангүй. Эцэст нь засварын ажил оройтсоны буруутанг олох эрэл мухардаж, хэний буруугаас болж олон мянган сурагч хичээлийн шинэ жилдээ орж чадаагүйн шалтгааныг мэдэж чадалгүйгээр буцлаа. Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулмын мэдээлснээр үйл ажиллагаа нь эхлээгүй 18 сургуулийн эхний ээлж энэ сарын 07-ны өдөр ашиглалтанд орох бол он гарсны дараа сургалтын үйл ажиллагаа эхлэх сургууль ч байгаа аж. Сургууль, цэцэрлэгээ ашиглалтад орохыг хүлээсэн мянга, мянган сурагчид өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт сургуульдаа орж таарна. Харин энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх нь л тодорхойгүй үлдэж байна.