Манай улсад сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин газар авчээ. Гэхдээ харин авахаас ухаалаг шүлхий бололтой. Шүлхийтэй тэмцэж буй мэргэжилтнүүдийн ажиллаж буйг харахаар өөрийн эрхгүй тэгж санагдах болов. Өдрийн цагаар юу, юугүй шүлхийтэй тэмцэж машин тэрэгний дугуй руу бодис цацаж байснаа өнөө замаараа шөнө буцаад явахад, цацах бодис ч байхгүй, цацаж байсан хүмүүс нь ч байхгүй болчихсон байх юм. Бодвол шөнийн цагаар тархдаггүй шүлхий юм байлгүй дээ.
Ухаалаг шүлхийтэй байх ийм сайхан. Мөн дарга, цагдаа, түргэний тэрэгний дугуйгаар халдахгүй шүлхий гэнэ лээ. Бусад тээврийн хэрэгсэл дугуй руугаа шүлхий өвчнийг тархаахгүй байх зорилготой ариутгалын бодисыг цацуулаад гарч байхад албаны гэсэн тодотголтой өнөөх хэдэн дохиотой тэрэгнүүд дугуйндаа цацуулах нь байтугай зогсох ч үгүй дохиогоо хангинуулаад одох аж. Тэгэхээр манай ухаалаг шүлхий дарга, төрийн цагдаа, эмнэлгийн машиныг таньж мэддэг, тэдгээрийн машины дугуйгаар дамжиж халдварладаггүй болж таарлаа. Мөн энэхүү ухаалаг шүлхий нь 1000 төгрөгтэй жолоочийг андахгүй таньдаг, тэгээд дугуйгаар нь дамжин халдварладаг болох нь тогтоогджээ.
Тиймээс л манай мэргэжилтнүүд машин болгоныг зогсоож 1000 төгрөгийг нь шалгаж, хурааж буй хэрэг. Тэр ч байтугай нэг сумын нутагт гурван цэг байгуулаад шалгаж, гурвантаа 1000 төгрөгийг нь хураах аж. Мөнгөтэй машинаар дамжиж халдварладаг шүлхийтэй байх хэцүү юм аа. Дээрээс нь ухаалаг шүлхий болсон хойно, вакцин тариулсан малд ч халдварладаг болж таарлаа.Учир нь жилийн жилд л улсын төсвөөс өч, төчнөөн төгрөгийг шүлхийн вакцинд зарах атал хаврын хаварт л вакцин хийлгэсэн мал нь шүлхийтэж орхих юм. Ухаалаг шүлхийтэй байх ийм л аюултай.