ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнээ мартсан газар

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-09-10

Сэндвичэн барилга, угсармал хоёр давхарууд эгнэсэн, нар шарж, улаан шороо шуурсан газар бол Гашуунсухайт хилийн боомт. Салхины исгэрэх чимээ, нүүрс тээврийн том машины нүргээн нь толгой өвтгөнө. Нүүрс тээврийн машины цуваа тэнгэрийн хаяанд хүртэл үргэлжилжээ. 
“Хүнээ мартсан газар гэж үүнийг л хэлэх байх. Үүнээс өөрөөр хэлэх үг алга” хэмээн цагаан толгойтой ах хэлээд ширэв татав.

Тэрбээр удахгүй тэтгэвэрт гарах гэнэ.  Өмнөговийн халуун наранд шарагдаж хүрэн бор царайтай болсон тэрбээр “Монголын баялаг гадагшаа урсаж байна. Энэ боомтоор асар их нүүрс тээвэрлэгдэн гарч, улсад маш их ашиг оруулдаг боловч, энд ажиллаж байгаа хэдхэн хүнийг хүн шиг амьдрах, ажиллах боломжийг хангахгүй байсаар өдийг хүрлээ. Яам, тамгын газар, Засгийн газрын бие бүрэлдэхүүн, Ерөнхий сайд хүртэл ирээд л явдаг. Гэвч байдал яг хэвээрээ. Арай дэндүү” хэмээн бухимдав. 

“Гашуунсухайт боомтод мэргэжлийн хяналтын газрын харъяа хорио цээр мэргэжлийн хяналтын хэлтэст  эрүүл ахуйн халдвар хамгаалал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, байгаль орчин,  авто тээврийн хяналт, хүнсний чанар стандартын хяналт, цацрагийн хяналтын улсын байцаагч болон ариутгагч,  жолооч, тогооч гэсэн орон тоонд 28 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажилладаг. Цалин бага учраас энд ирсэн тогооч нар нэг их удалгүй буцацгаадаг. Мөн  байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоо нь хэтэрхий цөөхөн учраас хил, гаалиар гарч буй экспортын бараа бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавьж чаддаггүй. Гаалийн гүний хяналтын талбай олон болохоор нэг байцаагч гурван уурхайн дунд явдаг. Хилээр гарч буй Монголын баялагт бүрэн хяналт тавихын тулд хилийн хорио цээрийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын орон тоог нэмэх шаардлагатай” байна хэмээн албаны эх сурвалж учирласан юм.

 

Боомтын ажилтнууд гэр бүлээсээ тусдаа амьдарч байна

Тус боомтын мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон бусад төрийн албан хаагчдын  гэр бүл Улаанбаатар хот юм уу, Өмнөговь аймагт амьдардаг аж. Тэд гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсэвч  ажил олддоггүй учраас тусдаа амьдарсаар уджээ. Боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид жилд нэг удаа ээлжийн амралт авах үедээ л гэр бүл дээрээ очдог байна. 

“Гэр бүлээсээ хол амьдардаг учраас залуучуудын гэр бүл төлөвлөлт,  нөхөн үржихүйн амьдрал орхигдох тал их гардаг. Тиймээс энд ажиллаж байх хугацаандаа дараагийнхаа алхмыг байнга харж, бодож, төлөвлөхийг хичээх хэрэгтэй” хэмээн Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Б.Баярнэмэх онцолж байсан юм.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Төрийн хяналт иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд ямар ажил зохион байгуулж ажилласан талаар түүнээс тодруулахад “Аж ахуй нэгж, хуулийн этгээдийн үүрэг,  хариуцлагыг өндөржүүлэх зорилго тавьж ажиллаж байна. Учир нь ажил олгогчид өөрсдийн үүргийг хангалтгүй биелүүлж байна. Компанийн захирлууд өөрийнхөө жолоочийг ч таньдаггүй. Жолооч аж ахуй нэгж хоёрын дунд өмчийн эзэн байдаг. Олон хүний өмчийг өөрийнхөө нэр дээр бүртгэн, тээвэр хийлгэж  буй аж ахуй нэгжийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх ажлыг энэ аяны хүрээнд сайтар хийж байгаа гэв.

Мөн энд ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар торгууль, шийтгэвэр, зөрчлийн тухай хууль ярихаасаа илүү зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажилладаг. Соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулдаг. Хог хаягдал, байгаль орчин, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тал дээр хүн бүр ухамсарлах нь туйлын чухал байна гэсэн юм.

МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс санаачлан боомтын албан хаагч, оршин суугчдын хүүхдүүдийн дунд урлагийн тоглолт зохион байгуулдаг аж. Энэхүү урлагийн тоглолтод оролцогч хүүхдээр дамжуулан томчуудад эерэг хандлага түгээдэг байна. Орчиндоо цэвэр амьдрах, байгаль дэлхийгээ хамгаалах дадлыг урлагаар дамжуулан түгээснээр төрийн албан хаагчдаас эхлэн нийт ард иргэд зөв амьдрах дадалд суралцана хэмээн тус хэлтсийн залуу төрийн албан хаагчид үздэг аж.

Улаан шороо боссон хилийн боомтод ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр ямар бодлого барьж байгааг хэлтсийн даргаас тодруулахад “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн орон тоо хязгаарлагдмал байдаг. Өөрийн ажлын байрыг хялбар орхих хүн хил дээр ирэхгүй. Өнөөдрийг хүртэл тохь алдлаа, муухай байна гэж ажлаасаа гарсан хүн байхгүй. Би ажиллана. Мэргэшиж дэвшинэ, дээшилнэ гэсэн зорилго тавьсан залуучууд энд байдаг. Ариутгагч  хийдэг хүүхэд улсын байцаагч болчих юмсан гэж мөрөөддөг. Улсын байцаагч хийж буй залуу, хэлтсийн ахлах байцаагч болохын төлөө зүтгэдэг. Ахлах байцаагчид нь харин мэргэжлийн хяналтын чиг баримжаагаараа цаашид карьер хөөе гэсэн эрмэлзэлтэй байдаг. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагчид” гэсэн юм. 

Гашуунсухайтад амьдарч буй төрийн албан хаагчид нэг байранд хоёр хоёроороо амьдардаг байна. “Боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид хэдийгээр гэр бүлээсээ хол хилийн зурвас дээр ажиллаж, амьдарч байгаа хэдий ч тэднийгээ битгий зэврээсэй гэж боддог. Тиймээс залуучуудынхаа сурах хөгжих эрмэлзлийг байнга дэмжихийг хичээдэг. Алслагдмал газар амьдарч байгаа гээд цаг үе, нийгмээс хол хоцорч болохгүй хэмээн Б.Баярнэмэх дарга өгүүлсэн юм.  

 

Өдөрт 12 цаг ажиллаад 470 мянган төгрөгийн цалин авдаг

Хилийн боомтод ажиллаж буй төрийн албан хаагчид өглөөний 08:00 цагаас оройн 20:00 хүртэл ажилладаг аж. Тэд хэдийгээр уртасгасан цагаар ажилладаг боловч хилийн болон орон нутгийн нэмэгдэл гэж авдаггүй байна. Тэнд ажилладаг залуу байцаагч “Би өдөрт 12 цаг ажилладаг боловч хөдөлмөрийн гэрээний дагуу гар дээрээ 470 мянган төгрөг авдаг” хэмээн ярилаа. Долоо хоногийн хоёр өдөр нь ажлын найман цагтай байдаг бөгөөд залуучууд ээлжилж гардаг байна. 

 

Хилээр гарч буй бүтээгдэхүүнд нүдээрээ л шалгалт хийдэг

Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын хяналтын байцаагч Н.Буяннэмэх “Хил дээр ажиллаж байгаа байцаагч нар жилд нэг удаа хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөгөө батлуулдаг.  Гашуунсухайт хилийн боомт нь нүүрсний экспортын боомт. Импортоор ямар нэгэн бараа бүтээгдэхүүн орж ирдэггүй. Орж ирсэн бараа бүтээгдэхүүн нь эрсдэл багатай гэсэн ангилалд хамаардаг.  Тиймээс хүн малын халдварт өвчин дамжих эрсдэл бага. Хүндрэлтэй асуудал гэвэл хилээр нэвтэрч буй олон улсын зорчигчийг аль орноос ирж байгаа болон ямар өвчин зовиуртай ирж байгааг нүдээрээ л харж шалгаж нэвтрүүлдэг.  Нарийн үзлэг шинжилгээ хийгээд байгаа зүйл байдаггүй. Бие нь илт муудаад ороод ирсэн хүнийг л анзаарч мэднэ үү гэхээс далд хэлбэрийн өвчтэй хүнийг мэдэх боломжгүй нь л хүндрэлтэй байдаг. Урд хөршид хүний халууныг хэмждэг багаж байдаг. Харин манайд тийм боломж байдаггүй” гэв. 

Гэвч тэнд ажиллаж буй залуучууд тэмүүлэл дүүрэн байдаг аж. Тэд “Бид атгасан шагай мэт эвтэй ажилладаг. Хийж буй ажлын хүнд, хөнгөн нь чухал биш. Бидний үйл ажиллагаа эх орны хилийн амар тайван байдалд хувь нэмэр оруулж байгаа нь л сайхан хэмээн өөрсдийнхөө хийж буй ажлаар бахархаж байв. 

Олон километр үргэлжилсэн нүүрс тээврийн автомашинд  хяналт тавихад  тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар Мэргэжлийн хяналтын тээвэр, авто хяналтын улсын байцаагч Т.Түвшинжаргалаас асуулаа. Тэрбээр “Нүдээрээ шалгаж, биет үзлэг л хийдэг. Үнэнийг хэлэхэд, дэндүү олон машин гарч ордог. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал жолоочийн аюулгүй байдлыг хангах шаардлага байнга тавьж ажилладаг” гэв. Техник технологи өндөр хөгжсөн энэ үед хилээр гарч буй олон зуун ачаа тээврийн машинд нүдээрээ хяналт тавьж байгааг сонсоод харуусал төрж байлаа.

Мөн тэрбээр, “Авто тээврийн үндэсний төвөөс нүүрсний экспортод явж байгаа тээврийн хэрэгслийн зэрэглэлийг тогтоож жолоочийн аюулгүй байдлыг хангахын төлөө шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг явуулахгүй байх хэрэгтэй байна” хэмээж байсан юм. 

Гашуунсухайтын хийлийн боомт дээр эрүүл мэндийн болон яаралтай тусламжийн газар огт байдаггүй бөгөөд тэдэнд хамгийн ойрхон эмнэлэг нь боомтоос 130 км-ын зайд байрлах Өмнөговь аймгийн Ханбогд суманд байдаг аж. 

Тиймээс тэнд ажилладаг хүмүүс Ганц модны боомтод байдаг “Ханбуу” хувийн эмнэлэг үйлчлүүлсээр иржээ. Тус хувийн эмнэлэгт 2007 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардаагүй тоогоор  10000 гаруй монгол хүн үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх тоо баримт байдаг аж.