ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түгжрэх сайхан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-10

“Замын түгжрэл арай л хэтэрхий байна”, “Хамаг залуу нас зам дээр өнгөрлөө” гэж үглэж дуулцгаах боллоо. Яагаад ийм сүржин болчихсон юм бэ, монголчууд. Улаанбаатар хот хэрээс хэтэрсэн түгжрэлтэй болоод 15 жил болж байна. Ямар өнөөдөр гэнэт түгжирч байгаа биш. Арга ядахдаа нийслэлийн удирдлагууд авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд оролцдог болгож, хязгаарласан биз дээ.  Цаашид ч нийслэлийн удирдлагууд ямар нэг арга хэмжээ авч, түгжрэлийг бууруулахаар мөрөөдөж байгаа нь мэдээж.  

Тэгээд ч түгжрэх чинь сайхан. Гэртээ ч харих завгүй ажилладаг залуу гэр бүл өглөө хамтдаа ажилдаа явбал түгжрэл дунд ярих шаардлагатай бүхнээ ярина. Шийдэх асуудал байвал шийднэ. Бүр хэрэлдэх хэрэгцээ байвал хэрэлд. Ганц бие залуучууд нь түгжрэл дунд явахдаа танилц, хоорондоо. Заяаны хань зам дээр гэдэг үгийг манай өвөг дээдэс  зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Тал нутгаар хурдан морьтой дураараа давхиж явсан тэд маань хэзээ нэгэн цагт монголчууд зам дээрээ таг түгжирч, хурдан техниктэй үхэр тэрэгний хурдаар явна гэдгийг мэдэж байж.  Тийм болохоор ганцаараа түгжрээнд бухимдамж явахаар цонхоо онгойлгоод, хүнтэй танилц, залуус минь.

Зарим нэг нь сайхан мөрөөд, хүс, зорилго тавь. Хэдэн жилийн дараа хотын даргын мөрөөдөл биелж, Улаанбаатар маань сайхан болж, цалин мөнгө нэмэгдэхээр хаустай болно доо гэж мөрөөдөхгүй юу. Манай нийслэлийн удирдлагууд залуустаа мөрөөдөх цаг гаргаж өгч байна гээд бодчих. Зарим дарга нар хурлаа замын түгжрээнд хийчихэж болохоор байна. Нисэх, 21 дүгээр хороолол хавьд гэртэй бол харих замдаа хэдэн ч цаг хуралдсан болно.  Манай сэтгүүлчид ч гэсэн түгжрэлийг ашиглаж сурах хэрэгтэй.  Хүнээс ярилцлага авахаар бол орой харих замд нь машинтай зэрэгцээд явчих. Хэчнээн л бол хэчнээн цагийн ярилцлага авч болно. Гэх мэтээр давуу тал их байна. Түгжрэх ч сайхан даа.