ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бид модонд дургүй

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-19

Бид төрөхөөсөө л ой, модонд дургүй ард түмэн л дээ. Тоглоом, шоглоомоор хэлэхэд, дэлхийн талыг эзэлж явсан атал дэлхийн хамгийн ой, модгүй хэсгийг нь сонгож буйраа зассан гэсэн ч буруудмааргүй санагдана. Сүүлд, одоогийн Монголын хилийн дээсийг татахдаа хүртэл модныхоо захаар хиллэсэн байгаа юм. Оросоос ирж буй хүн бүхэн “Мод дууслаа. Монгол эхэллээ” гэдгийг мэднэ дээ. Нээрээ тоглоом ч үгүй хэлэхэд, Монгол руу орж ирэхэд л мод нь багасаад, жижигрээд явчихдаг тал бий.  Уг нь хэдхэн оны өмнө социализмын үед Монгол орны 10 гаруй хувь нь ой, модтой байсан гэдэг.

Гэтэл өнөөдөр нийт нутгийн маань наймхан хувь нь ой модтой гэсэн харамсалтай тоо ч байна. Бидний хэлдгээр зах зээлийн шуургатай үед сайн хийсгэсэн юмдаг уу даа. Зах зээлийн үе гэлтгүй өнөөдөр ч байгаа жаахан ойгоо арчилж, ургуулахын оронд тайрч тасдаж, огтолж, түлж л байна. Тэгээд зогссонгүй улсынхаа нийслэлд мод тарихдаа хүртэл уулнаас ургаа мод авч ирж суулгаж, өнөөхөө үхүүлж, ургасан нэгнийг нь буцаж сугалж, байшингийн шав, засварын ажил хийдэг нь нууц биш.

Гэтэл хажуу хөрш Хятадад гэхэд далайн эргийн хот тосгодоо бүү хэл элсэн цөлөө, говь талаа ойжуулаад, дэлхийн хамгийн ногоон улс болох зорилт тавьчихсан явж байна. Ногоон ой, байгалиараа алдартай Швейцарь, улс бүх модоо тоолж бүртгэлжүүлээд, паспортжуулаад амжжээ. Хэрэв мод тайрахаар бол өөр газар мод ургуулахад гарах зардлыг нь төлж байж, зөвшөөрөл  авч байж, тайрах юм. Хэрэв хууль зөрчвөл дийлэхийн аргагүй торгууль төлж, барьсан барилга байшинг нь хүртэл буулгадаг сурагтай.  Харин бид л хэзээнээсээ модонд дургүй болохоор байгаа жаахан ойгоо хавартаа галдаж, намартаа тайрч, хүний нүд хуурах гэж хотдоо суулгаж, өнөөхөө жилийн дараа сугалж авдаг адтай ард түмэн. Бид тэртээ, тэргүй ой, модонд дургүй. Ой модоор ч ер нь яадаг юм.